sonin.mn
ЗХЖШ-ын ЭДЦХАХ-ийн Цэргийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн тасгийн дарга, бодлогын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.НЯМЖАРГАЛтай ярилцлаа.
 
Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцооны талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
  -Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг  дэмжих  ажиллагаанд энхийг сахиулагчдаа оролцуулснаас хойш 15 жилийн хугацаанд гүйцэтгэх үүргийн хэлбэр, цар хүрээ байнга өргөжин тэлж ирсэн. Тухайлбал, бие даан үүрэг гүйцэтгэгч офицерууд НҮБ-ын цэргийн ажиглагчаас холбогч офицер, цэргийн зөвлөх, хүчний төв штабт штабын офицер, хэлтсийн дарга, бүсийн штабын дарга, бүсийн командлагч гэсэн албан тушаалуудад ажилласан. Мөн НҮБ-ын ЭСАГ-т энхийг сахиулах ажиллагаа хариуцсан офицероор нэг офицер амжилттай ажиллаж албан томилолтын хугацаагаа дуусгаад эх орондоо ирээд байна. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хүчний командлагч, түүний орлогч гэсэн өндөр албан тушаалуудад ажиллах боломж тун ойрхон байгаа.
 
     Зэвсэгт хүчний ахлагч нар 2015 оноос эхлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хүчний төв штаб болон секторын штабуудад штабын ахлагчаар үүрэг гүйцэтгэж эхэлсэн нь бидний хүрсэн амжилтын нэг. Манай ахлагч нар олон үндэстний цэргийн штабт гадаадын цэргийн алба хаагчидтай хамтран ажиллах боломжтой. Түүнчлэн цэргийн багийн хувьд анх 2003 онд эвслийн цэргийн ажиллагаанд рот хүртэл хэмжээний бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байсан бол өдгөө 850 хүнтэй мотобуудлагын батальон үүрэг гүйцэтгэж байна. НҮБ-ын ЭСАГ-ын Стратегийн хүч бүрдүүлэх албаны ажилтан ноён Жамес Д’Эрколе тэргүүтэй ажлын хэсгийг хүлээн авч уулзсан. Уулзалтын явцад Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд инженерийн болон тусгай хүчний ротыг үүрэг гүйцэтгүүлэх боломжид урьдчилсан байдлаар үнэлгээ хийх талаар харилцан санал бодлоо солилцсоны дараа Зэвсэгт хүчний инженерийн анги салбар, тэдгээрийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй танилцуулах хөтөлбөрийн дагуу дараагийн ажил явагдаж байна. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээс хойшхи 15 жилийн хугацаанд Конго, Баруун Сахар, Ирак, Афганистан, Сьерра-Леон, Косово, Чад, Этиоп, Гүрж, Судан, Өмнөд Судан зэрэг улсад давхардсан тоогоор 14000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Эдгээрээс 500 гаруй нь эмэгтэй цэргийн алба хаагчид байна. Эмэгтэй цэргийн алба хаагчид мотобуудлагын батальоны штабт хүний нөөцийн офицер, тагнуулын офицер, батальоны бүрэлдэхүүнд ротын захирагч, хамгийн сүүлд цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэж, ажиллагааны тодорхой туршлагыг хуримтлуулснаас гадна НҮБ-аас тавигддаг жендерийн эрх тэгш байдлыг хангах шаардлагыг хэрэгжүүлэхэд өөрийн улсын хувь нэмрийг оруулж байгааг өндрөөр тэмдэглэсэн байдаг. Мөн манай цэргийн алба хаагчид тухайн ажиллагааны газар оронд тавигдсан үүргийг чанарын өндөр түвшинд, сахилга зохион байгуулалт маш сайтай гүйцэтгэдэг гэдгийг дэлхийн олон улсын удирдлага бидэнд байнга мэдэгддэгт сэтгэл хангалуун байна. Мөн тухайн ажиллагааны удирдлага, нутгийн ард иргэдээс байнга талархал хүлээдэг. Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Судан Улс, Бүгд Найрамдах Өмнөд Судан улс, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Ард Улс, Абией муж, Баруун Сахар зэрэг дэлхийн халуун цэгт манай 1280 орчим энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж байна. 
 
Энхийг сахиулагчдыг хэрхэн сургаж бэлтгэдэг вэ?
 
-БХЯ, ЗХЖШ-ын удирдлагаас энхийг дэмжих ажиллагаанд бэлтгэгдсэн тодорхой хүний нөөцийг бүрдүүлэх, түүнчлэн тэдгээр бүрэлдэхүүнийг удирдах, даргалах бүрэлдэхүүнийг бэлтгэх, материал хэрэгслийн зохих нөөц бүрдүүлэх шинэ зорилт, шаардлагууд тавигдаж, үүнийг биелүүлэхийн тулд гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулах болсон.
 
 Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос зохион явуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлж, 2016 онд 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан.Тус сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын  энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг таван гол арга хэмжээний нэг болсон бөгөөд манай энхийг сахиулагчдыг бэлтгэдэг үндсэн сургалтын нэг юм.
 
Монгол Улсын Зэвсэгт хүчин нь “Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвүүдийн холбоо, УАГБ-ын “Түншлэгч орнуудын боловсрол, сургалтын төв, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга хөтөлбөрийн хамт олонтой байнга нягт хамтран ажилладаг. Манай энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд эдгээр байгууллагуудын оролцоо нэлээд чухал байдаг юм.
 
Зэвсэгт хүчин тухайн жилдээ Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу АНУ, БНЭУ, Катар, ОХУ, Япон болон бусад улсын Зэвсэгт хүчинтэй хамтран олон улсын болон хоёр талын хамтарсан нийт 15-20 сургалт, дадлагыг амжилттай зохион явуулж, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх мэргэжлийн ур чадварыг байнга нэмэгдүүлж байна.
 
Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцсон ач холбогдлын тухайд...
 
 -Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт улам бүр хөгжиж шинэ шатанд гарч, улс орныхоо гадаад нэр хүндийг олон улсын тавцанд үлэмж өсгөсөөр байгаа нь Монгол Улс дэлхийн улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах, энх тайвнаар зэрэгцэн оршиж энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг хэрэгжүүлэн улс орныхоо тусгаар тогтнолыг улс, төр дипломатын аргаар хангах төрийн бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг болсоор байна.  Энэ нь олон улсын хэмжээнд цэргийн ажиллагааг төлөвлөх, цэргийн баг, анги, салбарыг удирдах түвшний офицер, ахлагч нарын мэргэжлийн ур чадвар дээшилж байгаа нь цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага болон цэргийн ангиудын штабыг олон улсын цэргийн төлөвлөлтийн штабын бүтцэд үе шаттайгаар шилжүүлэхэд бодит нөлөө үзүүлдэг. 
 
Мөн Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны арга ажиллагаанд сургагдаж, болзошгүй гамшиг осол, хямралт байдал тохиолдсон үед үүрэг гүйцэтгэх сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилт нэмэгдсээр байна.
 
Одоогийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчин Абией, Афганистан, Баруун Сахар, БНАКУ, БНСудан Улс, БНӨСУ зэрэг улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах зургаан ажиллагаа, Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд цэргийн баг болон цэргийн алба хаагчдыг оролцуулан НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсад энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ бодитоор, нэр төртэйгээр гүйцэтгэн, үндэсний аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах үндсэн үүргийг хариуцлагатай биелүүлж байна.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин