sonin.mn
“Алтан хальс” олон улсын индепентенд кино наадамд энэ жил 52 орноос 268 бүтээл ирсэн нь тус наадмын хүрээ өргөжин тэлж, олон улсад танигдах болсныг илтгэж байв. Наадмын хүндэт зочдоор Берлиний олон улсын кино наадмын “Алтан баавгайн”-н эзэн, Каннын “Шилдэг кино зохиол”-ын шагналт, Германы нэрт найруулагч Фатих Акин, ОХУ-ын халимаг гаралтай найруулагч Элла Манжеева нар хүрэлцэн ирсэн билээ.
 
Тус наадмын уралдаант хэсэг шалгарсан бүтээлүүдийн нэг нь Б.Ууганбаяр найруулагч “Урвуу цохилго” кино байв. Төгсгөлийн мөчид “Амьдралаас, гэрэл гэгээнээс амсч үз! Авах зүйл чинь ердөө л энэ байдаг юм” гэсэн, хэний ч билээ нэг найрагчийн шүлгийн мөр санаанд харвав. Зарим талаараа утга санаа нь тус мөрүүдтэй дүйцэх ч гэлээ илүү нарийн учир шалтгааны оролцоотойгоор киноны үйл явдал өрнөх шиг санагдана.
 
Монголын кино урлаг үргэлжид ийм уйтгартай, намжмал, нэгэн хэвийн байхгүй бөгөөд цаашид олон улсад өрсөлдөх хэмжээний бүтээлүүд төрөх болно гэсэн итгэлийг Б.Ууганбаяр найруулагчийн “Урвуу цохилго” кино төрүүлнэ.
 
Сүүдэрт нуугдах хүсэл
 
Бурхан биднийг яг одоо энд мэдэрч болох зүйлсээс илүүтэйгээр өөр ертөнцийг буй болгохын төлөө бүтээсэн шиг санагддаг. Зүрх сэтгэлийн гүндээ бид “Яг одоо амсч буй мэдрэмж маань бүхий л зүйл биш” гэдгийг ухаардаг. Тиймдээ “Урвуу цохилго” киноны гол дүрийн, биеэ үнэлэгч бүсгүйд сэтгэл зүйн таагүй нөхцөл байдал төрөлхөөс нь заяагдсан хараал мэт үйлчилж байсныг найруулагч камерийн огцом шилжилт, чичиргээнтэй байдлаар давхар илэрхийлжээ.
 
Бараг өрөөнөөсөө цухуйдаггүй болов уу гэмээр биеэ үнэлэгч хүүхэн. Хаалга тогших олон эрсийн гарыг бугуйн дахь цаг юм уу, зүүлтээр нь хэмжиж болно. Тэдний хүсэл тачаалыг хазаарладаг зүйл нь ханын цаг. Мөнөөх цаг тал бүр тийш туяаран цацарч буй нарны хэлбэртэйг үзэгчид анзаарсан байх. Магадгүй тийм дээ өдөр, шөнө, ертөнцийн зүй тогтолыг ганцхан ханын цагаар илэрхийлчих шиг санагдахад найруулагчийн чадварыг сайшаах хүсэл төрнө. 
 
Цонх ширтэн бодлогоширч зогсох биеэ үнэлэгч бүсгүй өөрийнх нь дотор амьдралын гэрэл гэгээнд тэмүүлэгч өөр нэгэн эмэгтэй амьдран буйг мэдэрдэг. Тиймдээ ч цонхоор ширтэж, наранд алтран харагдах ертөнцийг ширтэн чимээгүй зогсоно. Гэвч өөрөөсөө хэрхэн чөлөөлөгдөх арга замыг олсонгүйгээр барахгүй сүүдэрт нуугдах хүсэл биеийг могой адил ороож, өдөр хоног урсан өнгөрсөөр л...
 
Хэнээс ч илүү “би”
 
Гол хэсэг рүүгээ ороё. Урлагийн аль ч төрөл хэлбэрээс илүү утга санаанд анхаардаг. Гэхдээ зарим нэг урсгал, чиглэлийг хасаад шүү дээ. Кино ч мөн ялгаагүй. Харин тэрхүү утга санааг үзэгчдээс хэдий чинээ хол нууна, тэрхүү бүтээл үнэ цэнэтэй болдог.
 
“Урвуу цохилго” кино энгийн сонирхогчдод юу хэлэх гээд байгаа нь сайн ойлгогдохгүй байж мэдэх юм. Сүүдэрт нуугдаж суусан эмэгтэйн амьдрал нэгэн өвгөн гарч ирснээр зохиолд зөрчил үүсгэж кино цааш үргэлжилнэ. Өнөөх өвгөн, залуухан, царайлаг хүүхэнтэй унтахыг урьтал болгосонгүй бөгөөд ирэх болгондоо түүнд сарнай авчирч өгнө. Биеэ үнэлэгч хүүхэн өвгөний нүд рүү ширтэж байгаад дэлбээнүүдийг нь ширхэг бүрчлэн тасдана. Дэлбээнүүд хөлийнх нь дэргэд унадаг. Учир нь алхаж буй замд нь ямар нэгэн сонголт байхгүй, амьдрал цаашид нэгэн хэвийн үргэлжилсээр байх болно гэдгийг илтгэсэн мэт санагдана.
 
Гэвч бүсгүй эцэст нь “би, хэнээс ч илүү” гэдгээ ухаарна. Түүнд гэрэл гэгээ тусгаж буй өвгөнийг ойлгож өгсөн сарнайг авч үнэрлэнэ. Түүнтэй унтахыг хүссэн залуу хаалга тогшиход бүсгүй ямар нэг зүйлийн тухай бодон суусаар л байна. Эцэст нь хаалга руу очсон боловч үүдээ нээсэнгүй. Тэр өөрийн доторх амьдар луу тэмүүлсэн нэгнийг сэрээжээ.
 
Дэргэд нь орших хоосон сандал, түүнийг үзэхүл бүсгүй өөрийг нь аврах, ойлгох, аар саархан дарамттай бодлоос нь чөлөөлж өгөх нэгнийг хүлээж байсан нь тодорхой. Тэр хүн нь сарнай бэлэглэгч өвгөн байв.
 
“Үнэнийг хэлэхэд миний бүтээлүүдэд хайр гэдэг эсрэг дүр юм. Хайр үргэлж зовлон дууддаг. Хүн хайргүйгээр амьдарч чадахгүй, хамт ч бас байх аргагүй. Үүнтэй ижил миний кинонд жаргалтай төгсгөл гэж бараг үгүй” хэмээн хэлсэн алдарт найруулагч Кшиштоф Киесловски хэлсэн байдаг. Харин Б.Ууганбаярын найруулсан “Урвуу цохилго” үүнд олон талаараа дүйцнэ гэж итгэнэм. Учир нь биеэ үнэлэгч бүсгүй өвгөнтэй хайрлаж дурлалцсангүй, түүнд жаргалтай төгсгөлийн эрэлд гарах хиймэл санаа ч байсангүй.
 
Эмэгтэй байрнаасаа нүүж, гарч явах замдаа сандал дээрээс сарнай олдог. Зугуухнаар авч, сарнайг үнэрлэж, чин сэтгэлээсээ инээмсэглэж, сарнайгаа нэг гартаа дээр гэгч нь өргөөд явж оддог. Тэр жинхэнэ өөрийгөө чөлөөлж чадсан. Чөлөөлт бүхэн “нисэх” шиг гайхалтай мэдрэмж төрүүлдэг зүйл болохыг төсгөлөөс нь мэдэрч болно. Эцэст нь “хэнээс ч илүү, би” гэдгээ ухаарна. Тийм л зарчим амьдралын хуулиар үйлчилсний эцэст хүн бүхэн өөрсдийн ертөнцийг нээж амжилтанд хүрдэг гэдгийг уншигчид андахгүй мэдэх болов уу.
 
Ганц л өдөр
 
Хүн аливаа зүйлд амархан дасч уйддаг. Харин тэд ганц л өдөр үүрд амьдардаг. Өглөөнөөс авахуулаад хийсэн зүйлээ бүгдийг нь давтан хийдэг. Дахиад хэдэн зуун мянган жил ч ингэж л амьдрахад бэлэн. Тэд уйддаггүй. Тиймээс энд ямар нэг онцгой зүйл нуугдаж байна гэсэн үг. Үүнийг “Урвуу цохилго” киноны төгсгөлөөс та олж болно. Учир нь амьдрах хэчнээн сайхан болохыг, өөрийгөө аврах, оршин буйгаа мэдрэх нь хүний мөн чанараас илүү чухал ухагдахуунтай зүйл болохыг ухаарна.
 
Мөнхүү тус киноны дүрүүд нэг ч үг хэлдэггүй бөгөөд зөвхөн гэрлийн тасалданги авиа л сонстоно. Сайн сайханд тэмүүлэх гэрлийн тасалданги авиа шүү.
 
Б.Алтанхуяг
Эх сурвалж: Монцамэ агентлаг