sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор “Альфа Асиа” компанийн ерөнхий захирал Г.Гантуяаг урьж ярилцлаа.
 
УЛСАА ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД БИЗНЕСИЙН САЛБАРАА ДЭМЖ
 
-Цаг хугацааны хувьд жил ирэх бүр хүний хөгжил, нийгмийн байдал өөрчлөгдөж байна. Жишээлбэл, 10 жилийн өмнөхтэй бизнесийн орчныг харьцуулбал гарах дүр зураг нь сонирхолтой байх болов уу. 2007 оны үеэс ямар ч бизнес эрхэлсэн амжилттай байх боломж байсан.
 
Учир нь эдийн засгийн хувьд өсөлтийн жилүүд байлаа. Харин сүүлийн 2-3 жилийн хугацаанд амжилттай яваа бизнесийг унагахгүй юмсан гэж хичээсээр өнгөрүүлсэн байх. Мэдээж энэ нь хүн бүрийн ярьж байгаа эдийн засгийн хямралтай холбоотой. Түүнчлэн гадны хөрөнгө оруулагчид манайд орж ирэх нь зөв эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлдэг. Уг нь бизнесийг ямар ч үед зөв төлөвлөгөөгөөр удирдвал өсөлт гарч болно. Гэхдээ манай улсын хувьд бизнест улс төрийн оролцоо хэт өндөр хэмжээнд байгаа нь хүндрэл учруулдаг юм. Яагаад гэвэл, гадны хөрөнгө оруулагчдын хувьд бизнест төрийн бодлого болон хууль эрх зүйн орчин нь тогтвортой байгаа нөхцөлд хөрөнгөө оруулна шүү дээ.
 
Аливаа зүйлийг амжилттай байлгах гарц бий. Гэвч түүнийг хэрхэн хийх вэ гэдэг чухал. Жишээлбэл, Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Ю улсаа хөгжүүлэхийн тулд бизнесийн салбараа бодлогоороо дэмжсэн байдаг. Тухайлбал, гарааны бизнест хөл дээрээ босох боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд тодорхой хөнгөлөлтийг гадны улс орнууд өөрийн нөхцөл байдалд тохируулан хэрэглэдэг. Япон болон Сингапур улс эхлэлтийн бизнес эрхлэгчдийгээ эхний хоёр жилийн татвараас бүрэн чөлөөлдөг юм билээ. Гэтэл манайд аж ахуйн нэгж байгуулсан бичиг баримтаа авсан тэр өдрөөс л татвар төлж эхлэх эрх зүйн орчин бүрддэг. Ер нь улсын эдийн засагтаа эерэгээр нөлөөлөх бизнесийнхнээ бодлогоор дэмжих нь хөгжлийн хөшүүрэг болно гэж хардаг.
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ БА ОРОН СУУЦЖУУЛАХ ХӨТӨЛБӨР
 
-Манай компани үндсэн үйл ажиллагаанаасаа гадна сургалт зохион байгуулдаг. Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийнхэнд сургалт явуулж ирсэн. Төр, хувийн хэвшил хоорондын харилцаа ямар байх ёстой вэ гэдэг сургалтын явцад тодорхой харагддаг. Төрийн байгууллагын хувьд дарангуйлагч хэлбэрээр бус үйлчилгээний байгууллага гэдгээ ухамсарлан ажиллах нь бизнесийнхнийг дэмжих нэг хэлбэр. Нөгөө талдаа татварын орчныг хэдийд хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь судалгаатай байх учиртай. Саяхан бүх төрлийн татвар өссөн. Энэ нь бизнест ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй байсан. Гэвч төрөөс энэ цаг үед татвар нэмэх нь тийм ч зөв шийдэл биш гэж харж байгаа. Жишээлбэл, нийгмийн даатгал нэмэгдсэнээр ямар үр дүн гарах вэ гэдгээ тодорхойлоод түүнийг олон нийтэд таниулах хэрэгтэй.
 
Сингапур улсын хувьд 1973 онд орон сууцжуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн 1990 он гэхэд зорилгодоо хүрсэн байдаг. Ингэхдээ нийгмийн даатгалын сангаас эх үүсвэрийг нь гаргах тогтолцоотойгоор хэрэгжүүлсэн юм билээ. Тухайн үед нийгмийн даатгалын шимтгэл нь 25 хувьтай байсан бөгөөд үүгээрээ орон сууцтай болгох хөтөлбөрөө өндөр үр дүнтэйгээр гүйцэтгэсэн юм. Гэтэл бидний төлж буй нийгмийн даатгалын шимтгэл юунд зарцуулагдаж, ямар үр дүн гарч байгаа вэ гэдэгт хүмүүс эргэлзээтэй ханддаг. Магадгүй шимтгэл төлөгч хувь хүн тэтгэвэрт гарах үед авах хэдэн төгрөгөөс илүү бодит үр дүн байхгүй. Тэгэхээр Сингапурын жишээг бид хэрэгжүүлж болно гэж боддог. Хэрэв үүнийг хэрэгжүүлбэл, утаанаас салах тухай ярьж хэдэн арван тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүн гарахгүй байгаа тухай баалуулахгүй байх боломжтой юм.
 
Энэ дашрамд нэг зүйлийг хэлмээр байна. Сүүлийн жилүүдэд бизнесийнхэн улстөржиж байна гэх шүүмжлэл гарах болсон. Бизнес эрхлэгч эрсдлийг үүрч ашиг олохын төлөө ажилладаг. Харин төрийн бодлого шийдвэр үүнийг нь боомилсон шийдвэр гаргавал өөрсдийн дуу хоолойгоо хүргэх нь зайлшгүй. Тиймээс зарим тохиолдолд яалт ч үгүй улс төрийн нөхцөл байдалд уялдуулан тайлбар хийх шаардлага гардаг гэдгийг олон нийт ойлгодог байгаасай гэж хүсдэг.
 
 
 
НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ДОРВИТОЙ ШИЙДВЭР ГАРГАЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ
 
-Би Сингапур улсын жишээг илүүтэй ярьж байгаа нь энэ улсад бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. Энэ үедээ тус улсын Ерөнхий сайд Ли Куан Югийн улсаа хөгжүүлэхийн тулд хийж байсан алхам, бодлого шийдвэрийнх нь талаар нэлээд судалсан юм. Ли Куан Ю улсаа маш хүнд үед нь удирдаж байсан шилдэг удирдагч юм билээ.
 
1965 он гэхэд Сингапур Малайзаас усаа авдаг, цэргийн хүч нь гадных, олон үндэстний мөргөлдөөн гарч байсныг түүний дуртгалд тэмдэглэсэн байдаг. Тэрээр энэ хугацаанд хэвлэл мэдээллээр нэлээдгүй муучлуулж, ард түмэндээ гоочлуулдаг байсан гэдэг. Энэ бүхний цаана тасралтгүй тулалдсаны эцэст гарсан гэдэг. Ер нь Сингапур өөрийн гэсэн байгалийн баялаггүй ч хөгжлийн өндөр төвшинд хүрсэн гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл энэ улс яаж хөгжсөн бэ гэдэг нь миний сонирхлыг татсан хэрэг. Харин тухайн улсын удирдагч нь төрийн тоглолцоо, улс төрийн системийг маш сайн тогтоож өгсөн юм билээ. Тухайлбал, салбар бүрийг багц багцаар нь хувааж хуваарилан хөгжүүлсэн байна. Тэр дундаа эдийн засгийн хүндрэлтэй байсан ч боловсролд анхаарлаа хандуулан хөрөнгө зарцуулсан байдаг. Ирээдүйн удирдагчдаа олон жилийн өмнөөс бэлтгэсэн. Нөгөө талдаа Ли Куан Ю өөрийн ойр тойрны болон төрөл садны холбоотой байсан ч хамаагүй улсын хөгжил, ирээдүйд халтай зүйл хийсэн бол хайр найргүй шүүдэг байжээ. Тиймээс түүнийг харгис удирдагч гэдэг байсан юм билээ. Миний хувьд энэ нь зөв тогтолцоо гэдэгт эргэлздэггүй. Яагаад гэвэл, өнөөдөр нэг хүний амьдрал дээшилж, тойрон хүрээлэгч хэдхэн хүнд нөлөөлөх үү эсвэл улсын хэмжээнд хүртээмжтэй зөв бодлого явуулж улсаа хөгжүүлэх үү гэдэг сонголт байна шүү дээ. Тэгэхээр улсын удирдагч, төрийн бодлого тодорхойлогчид нийтийн эрх ашгийг төлөө шийдэмгий шийдвэр гаргаж өнөөх төрийн төмөр нүүрийг харуулах нь зүйтэй юм.
 
ЭДИЙН ЗАСГИЙН “СОЛОНГЫГ” ЗӨВ СОНГО
 
-Эдийн засгийг солонгоруулах тухай ярьж байгаа нь зөв. Гэхдээ солонгорохтойгоо зэрэгцэн сарних тохиолдол бий гэдгийг мартаж болохгүй. Манай улсын хувьд гадаад орчин дахь түүхий эдийн үнийн уналтыг дагаж савлахаас сэргийлэхийн тулд барьж авах солонгоо зөв тодорхойлох нь чухал. Ерөнхийдөө улс орныг хөгжүүлдэг гурван арга бий. Нэгдүгээрт, байгалийн баялаг. Үүгээр бид хөгжих боломжтой. Хоёрдугаарт, оюунлаг байдал. Манай улсын залуучууд дэлхийн томоохон компаниудад оюуны хүчээ зарцуулж байгаагаас харвал үүнийг ашиглан хөгжих боломж бий. Гуравдугаарт, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх боломж ч бас байна. Тэгэхээр солонгоруулахын тулд олон салбарт хүч тарамдах хэрэггүй юм. Харин аль салбарыг нь хөгжүүлснээр улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр болж, улсаа хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлох нь чухал. Миний бодлоор аялал жуулчлалын салбараа дорвитой хөгжүүлэх нь илүү өгөөжтэй байна гэж хардаг. Учир нь Монгол гэдэг нэрнээс илүүтэй Чингис гэхээр гадныхан таньдаг. Үүнийг ашиглах нь зүйтэй юм болов уу. Хэрэв аялал жуулчлалыг эдийн засгийг солонгоруулах салбар гэж тодорхойлон төр бодлогоороо дэмжиж хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллавал олон боломж бий. Магадгүй энэ салбар нь фокус алдахгүй, сарнихгүйгээр хөгжих хөшүүрэг байхыг үгүйгэх аргагүй шүү дээ.
 
ХӨГЖИХИЙН ТУЛД АХУЙГААСАА САЛАХ НЬ МАШ ЧУХАЛ
 
-Бизнесийн салбарынхан ард түмэнд хэрэглээний соёлыг түгээдэг гэвэл буруудахгүй. Учир нь одоогоос 30 орчим жилийн өмнө эмэгтэйчүүд ямар ариун цэврийн хэрэглэл хэрэглэдэг байсан бэ гэдгээс л харж болно. Тэгэхээр бизнесийнхэн зөвхөн ашиг олохын төлөө бус хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлдэг гэж боддог. Эцсийн дүндээ хувь хүн өөрийн хийж байгаа зүйлээ чин сэтгэлээ маш сайн хийснээр гарах үр дүн эерэг байна. Энэ нь тодорхой хэмжээгээр хөгжлийг авчирч байдаг юм.
 
Бид өнөөдөр хөгжих тухай ярьж байна. Гэтэл ахуйгаасаа салж чадаагүй тохиолдолд ямар ч үр дүнд хүрэхгүй. Жишээлбэл, өдөр тутамд зарцуулагдах хэрэглээний мөнгө, өр зээл гэх мэт олон асуудал хувь хүнээс эхлээд төрийн хэмжээнд ч яригдсаар л байна. Тиймээс бид ахуйгаасаа салж чадахгүй тулга тойрсон асуудлаа хэлэлцсээр улсаа хөгжүүлж, өндөр хөгжилд хүрэх цаг хугацаагаа алдсаар байгаа юм. Тэгэхээр одоогийн тулгамдсан жижиг асуудлыг шийдвэрлэхийн төлөө өөрийн чадах бүхнээ хийх хэрэгтэй.
 
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин