sonin.mn
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг Цагаан нуур гэдэг газар зусч байгаа Асгат сумын нэгдүгээр багийн, аймгийн сайн малчин Сарангэрэлийн Сумъяажавын үхэр сүрэгт гурван ихэр тугал төржээ.
 
Үнээ ихэрлэх нь ховор тохиолдол ч ийнхүү гурван ихэр гарах нь аймгийн тухайд анхны тохиолдол болж байгаа юм. Гурван ихрийн эх нь хоёр дахь удаагаа тугаллаж байгаа бөгөөд өнгөрсөн жил хоёр ихэр тугал гаргаж байжээ. Гурван тугалын хоёр нь эр, нэг нь охин юм байна. 
 
Үнээ ихэрлэх нь буянт мал өсөхийн бэлгэдэл хэмээн малчин С.Сумъяажав билэгшээж байлаа. Тэрээр арваад жилийн өмнө мал маллаж эхлэхдээ 20 гаруй үхэр, 20 гаруй адуу, 10 гаруй хонь, нийт 60 орчим малтай тусдаа гарч байсан бол уйгаггүй хөдөлмөрийнхөө үр шимээр 2012 онд мянгат малчин, 2015 онд аймгийн Сайн малчны болзол хангасан байна. 
 
Т. Одончимэг
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг