sonin.mn
...Мунхаг хүн дээрээ шүдтэй үхэр мэт, ховдоглон идэгчид үсгүй гахай мэт, зусарчид сүүлгүй нохой мэт болой!
Чингис хаан
 
Дорно дахины төрт ёсны алтан дүрэм нь “Хоёр ёсны сургааль” болой. Монгол төрийн дэг чухам энэ л сургааль дээр цогцлонхон тогтнож байв. Бурхны шашин нь аль эрт Хүн гүрний үеэс монгол орноо нэвтэрчээ. Харамсалтай нь манай түүхчид бүр хожим Анхдугаар Богдын үед дэлгэрсэн мэт сурталдаж ирсэн билээ. Алунгоо эхийн “Гэрлийг шүтэх ёс”, “Тэнгэр заяат хаад ноёд, хутагт хувилгаадыг тодруулах ёс” зэрэг нь чухамдаа Бурхны шашны нарийн дэг жаягтай байв. Төрийн их цагаан сүлд, цэргийн хар сүлд, “Хоёр ёс”-ны алаг сүлд зэрэг нь цөм өөрийн дотоод шүншиг, тахилга тамлагын дэг дүртэй байжээ. Чингис хааныг хүртэл тухайн цаг үеийн тохиолоор “Очирваань бурхны амилсан дүр” хэмээн өргөмжилсөн нь олны сэтгэлийг далай мэт хураахад тун их нөлөөлсөн буй за. Дээд монголчуудын оюуны их шүтээн Сүмбэ хамбо Д.Ишбалжир (1701- 1788) “Галбарвасан мод” зохиолдоо “Чингис хаан бодит учрал хэмээгч сүсэглэн шашны өглөгийн эзэн номун хаан болов” хэмээжихүй.Ийн эзэн хаан их гүрнийхээ төрийн бодлогод “Хоёр ёсны сургааль”-ийг бүрэн нийцүүлж, монгол дахь бурхны шашны дээд үеийн түүхийг яруу тодоор өвлүүлж үлдээсэн аж. Монголын эзэнт гүрний 37 их, бага хаад 450 шахам жилийн туршид улс үндэстнийхээ толгойд төр, шашныг хослуулан тэтгэн зохиож иржээ.
 
Алтан ургийн язгуурын цог зальт хөвүүн Дарнадын хувилгаан Г.Занабазар (1635-1723)-ыг Анхдугаар Богд Жавзундамба хутагтад тодруулан шороон туулай жил Ширээт Цагаан нуур хэмээх газар 1639 онд үл урвах Очирт исэрт нь өлмий батад баясган залсан түүхтэй. Энэ тухай “Өндөр Богдын намтар” зохиолд “...Хаан ширээ зохиох шүтэн барилдлага төгссөн учир хойд зүгийн шашин, амьтан (төр)- ий жаргаланг төгсгөж, орь залуу сайн хувьтны цогийг мэдэрхүй болсон болой” гэж өгүүлсэн нь буй. Ийн гэгээнтэн Богд хаант улсын анхдугаар хаан болжээ. Хүүгээ эзний исэрт завилсанд түшээт хан Гомбодорж ихэд бахдан V далай лам Авгаанлувсанжамцаар “Улаан сувдан эрхи” хэмээх төрт ёсны шаштир номлол зохиолгон, заяа тэгшитгэн барьж байсан сайхан мэдээ ч бий.
 
Манжийн хаант төрийг гадаад түшиг улс болгон сонгож, хатуу болзолтойгоор зэрэшэн оршиж эхэлсэн түүхтэй. Тэр болзолд "Монгол нутагт шашны суртал үгүй Хан үндэстнүүд тариа хагалах байтугай хөл гишгэхгүй байх. Монгол эмс Хан үндэстний эртэй дэр нэгдэхгүй байх..." тухай гэрэгэ бичигт тов тодорхой тусгасан биз. Магадгүй үүний үрээр Монголын ариун дагшин газар шороо, нүүдэлчин хүн зоноо 220 гаруй жилийн туршид хамгаалж чадсан юм билүү хэн мэдлээ. Чингээгүй аваас магадгүй тухайн цагт 200 мянга хүрэхтэй үгүйтэй хүн амтай ядуу буурайгийн туйлд хүрсэн монголчууд харгана мэт шивээлэх заналт дайсныхаа хөлд тэсэх байсан гэж үү.
 
1921 оны мандсан хувьсгалаас бүр эрт төр, шашныг салган тусгаарласан нь монгол төрийг сандаан ганцаардуулсан туйлын зохисгүй үйлдэл болсон тухай билгүүн төгөлдөр номын мэргэд гаслан хэлэлцсэн буй. Өөрөөр хэлбэл монгол төрийн гүн бат, хүчирхэг байх амин чанар нь суларч, үндэстэн мөхөх нигууртайг V Далай лам айлдсан гэдэг. Үүний үрээр Занабазар гэгээнтэн төр шашныг хослуулсан асрал, нигүүслэлийн таалал юуг зохион барьж, монголыг маань Энхжингийн орон болгон арга, билгийн хутгийг түгээн дэлгэрүүлжээ. Анхдугаар Богдыг өргөмжпөн залсан түүхэн үйл явдлыг шинэ цагийн зарим монгол түүхчид “Богд Жавзундамба зөвхөн шашны тэргүүн байв”, “Тэр бол монголын хаан биш”, “Монгол их хаангүй”, “Эх орноосоо урвагч Занабазар”... хэмээн элдвээр цоллож ирвэй. Тэр цагийн он жилүүдийн долгист Занабазар гэгээнтэн монголчуудынхаа энэ болон хойд насны сайн үйлийг болгоож, алдарт “Жанлав цогзол” (Атистэдийн дээдийг хайрлагч) номоо зарлиглан Халх Ойрдын өөр хоорондоо өс санасан цуст тэмцлийг зогсоож, эв эеэ хичээн сахихын  чухлыг сануулсан болой. Олныг амгалан сайханд уриалсан эл зохиол өдгөө хүртэл монголын сүм, хийдүүдэд байнга уншигдаж байх. Хэдхэн номын сүлд болон орших бөлгөө. Чухамдаа эл номоор буяны тоог хүрдлүүлэн дөнчүүр хүргэж чадваас Монгол Улс хэнд ч үл дийлдэн, мандан бадрах ялгуун цаг ирнэ” хэмээх үлгэр айлдвар бий.
 
Тэртээ нэгэн цаг дор төрийн мэргэд Өндөр гэгээнд хандаж “Эл хорлонт цаг дор бидэн амар түвшин байхын төлөөнөө аль орныг түшвээс өлзийгөө хайрлах бол оо” хэмээн асуужээ. Гэгээнтэн хариуд нь “Умрын цагаан орос хааны төр түвшин жаргалтай ч бурхны шашин үл дэлгэрсэн буюу. Хан гүрний ард олон өнөр, бурхны шашин эс дэлгэрсэн учир тэдний хувцасны энгэр буруу болой. Зүүн урдын Манж хааны төр бат, түүн дээр бурхны шашин машид дэлгэрсэн буюу. Хаань өмсгөл нь тэнгэрийн хувцас лугаа адил. Эд агуурс тэргүүтэн нь хурмаст, лусын эрдэнэ лүгээ адил дутуу гүцүү үгүй. Хааны буян ихтэй тул тэр зүг зохист Халх хотлоор манжийн хааны төрийг түшмүй” гэжээ.
 
Дэлхийн түүхээс мөшгөхгүй аливаа нэгэн жижиг хийгээд хот улс өөр нэгэн хүчирхэг орныг түшин тогтнох явдлууд бишгүй их байдаг. Тухайн цаг  үед Занабазар гэгээнтэнд цөвүүн цагт түшиг тулгуур болохуйц аль нэгэн улсын ивээлд багтах нь чухал байлаа. Учир нь Чингисийн байлдан дагуулалтын хөлд тахлуулсан улс гүрнүүд Монголыг тастан хаяж, голомтыг нь самрах аятай цаг үе тулж ирсэн хэрэг. Иймийн учир Богд хаан монгол үндэстнээ мөхлөөс аврах арга замыг билэг оюундаа тольдсон хэрэг. Буруу шийд гаргаваас олон Монголчуудын амийг үрж, газар орон дайн самууны хөлд тахлагдах, эд өлгийн асар их хохирол сүйтэл амсах, хүчтэний өмнө машид мөхөсдөхийн зовлонг эдлэх байлаа. Үүнийг гэтлэх үүднээс манжийн төрийн ивээлд багтан, хол ойрын нүүдэлчид цагийн сайнаар айлсав. Тийн Манжийн хаант төрийг гадаад түшиг улс болгон сонгож, хатуу болзолтойгоор зэрэгцэн оршиж эхэлсэн түүхтэй. Тэр болзолд “Монгол нутагт шашны суртал үгүй Хан үндэстнүүд тариа хагалах байтугай хөл гишгэхгүй байх. Монгол эмс Хан үндэстний эртэй дэр нэгдэхгүй байх...” тухай гэрэгэ бичигт тов тодорхой тусгасан биз. Магадгүй үүний үрээр монголын ариун дагшин газар шороо, нүүдэлчин хүн зоноо 220 гаруй жилийн туршид хамгаалж чадсан юм билүү хэн мэдлээ. Чингээгүй аваас магадгүй тухайн цагт 200 мянга хүрэхтэй үгүйтэй хүн амтай ядуу буурайгийн туйлд хүрсэн монголчууд харгана мэт шивээлэх заналт дайснуудынхаа хөлд тэсэх байсан гэж үү. Үнэндээ тухайн цагт гаргасан Гэгээнтний лүндэн тэнгэрийн аврал ч байсан байж болох.
 
Тэртээ хожим 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын томоохон зүтгэлтнүүд, халуун эх орончид “Манж чин улсаа сэргээн мандуулна" хэмээн улааны үзэл суртал, хятадын хар цэргийн эсрэг зэвсэг агсан мориндоо мордоод дарагдсан сэтгэл шимшрэм гунигт  түүх монголоо гэсэн хэн бүхэнд нэгийг бодогдуулах биз ээ. Өдгөө ч бид эртний улбаат “Хоёр ёсны дэг”-ийг умартснаас үүдэн төр нь дааж давшгүй лай ланчгийг өөр дээрээ хурааж, аргын ухааны үзэл санаа нь үндэстний оршин тогтнох чадварыг улам бүр доройтуулсаар байна. Дан ганц аргын ухаан дээр оршин тогтнох төрийг “Эрх зүйт төр, “Ардчилсан төр”, “Хууль цаазат төр", “Ухаалаг төр” гэж мянгантаа цоллож, түмэнтээ тунхаглаад ч урагш явахгүй нь ертөнцийн зүй тогтлынх бус бидний харалган алдаа юм. Ямар сайндаа л үндэстний сэхээтнүүд минь “Энэ монгол чинь нүүдэлчдийн эх орон. Барууны элдэв сонгодог хэв маяг огт тохирохгүй” хэмээн гасалж суухав дээ. Зарим нам, улс төрийн хүчнүүд аргаа бархын эрхээр “Төв үзэл”, “Нагаржунайн онол”, “Ерөнхийлөгчийн засаглал” гэж хашгирсан нь ерийн нэг тохиол бишээ.
 
Үнэндээ ард түмэн маань төрийн дээд эрх баригчдаасаа “Билгийн ухаан”-ыг нэхээд байгаа хэрэг шүү дээ. Өөрөөр хэлбэл төр, шашныг зөв зохистой хослуулан хүчирхэгжих ёс хийгээд хоёр ёсны сургаалиа ой санамжаараа уриад байгаа үйлдэл. Аливаа нийгэмд аргын тогтолцоот төрийн үзэл баримтлал хэт давамгайлаад ирэхээр оюуны үнэт зүйлс үгүйрч, нийгэм илүү ихээр цэрэгжин, цагдаажиж, нийгмийн сэтгэл зүйн хувьд ахуйг хэт шүтсэн төлөв байдал бий болж улмаар сэдэрдэг ажээ. Ийм зовлонг бид хангалттай амсаж туулсан. Ардчилсан үндсэн хуулиндаа бид төр, шашны үйл ажиллагааг тов тодорхой заачихсан учир дахин улиглах нь илүүц биз ээ. Дорнын соёлтой манай улсад төр нь тусдаа, шашин нь тусдаа байх зохист боломж хэр байдаг тухай эрдэмтэн мэргэдээсээ улс төрчид нь ичиж зоволгүй асууж, өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх цаг болжээ. Зүрх сэтгэл оюун ухаан нэг хүнд цулаараа оршин байж л тэр хүн эрүүл энх, зөв боловсон амар амгалан аж төрөх авай. Түүн лүгээ Их эзэн Чингис хаан (1162-1227) маань “Сэтгэлийг нь эзлэвээс бие хаа холдох...” гэсэн билээ. Эзлэгдсэн улс орныхоо шашны дэг ёсыг хөнддөггүй байсан нь ч учиртай. Магадгүй үүнд монголын эзэнт гүрний байлдан дагуулалтын нэгэн гайхалтай нууц оршдог биз ээ.
 
Өнөөгийн монголчууд өөрсдийгөө “Бид шашинтай шашингүйн дунд мунхарсан улс” хэмээн хувь заяатайгаа эвлэрэх маягтай. Үнэндээ төрт ёсыг маань түшигч шажин номоо бид мухар сүсгийн хэмжээнд аваачаад хаячихсанд хамаг учир оршиж буй хэрэг. Нөгөөтэйгүүр шашныг дэлгэрүүлж байна гээд Жагар, Түвд мэт шашинжина гэвэл бүр ч утгагүй. Монгол нутгийн энд тэндгүй хутагт хувилгаад тодроод цөөнгүй он улирчээ. Тэд өнөө, маргаашгүй эрийн цээнд хүрнэ. Эднээс төрийн их хувилгаан тодорсу. Их эзэн Богд мөнх тэнгэрийн чанадаас морилсу. Ийн ерөөн залбирахын учир бий. Монголын өв соёл бол тэр чигээрээ Бөө, Буддагийн шашин болой. Нүгэл нь хүртэл буян шиг үзэгддэг болсон энэ нийгмийн царайг бодохоос ингэх нь зохист.
 
Би гэдэг хүн урт дуу, уран хууртай монголын их хээр талд төрсөн билээ. Ажаа, ижий минь овоо хайрхан, мөнх тэнгэр, бурхан багшдаа мөргөн залбирч золгохдоо “Төрийн минь сүлд өршөө” хэмээн шившдэг. Ямар нэг учир байгаа болоод л бид ингэж залбирдаг биз. Би ч гэсэн тэр л үлгэрээр улс монгол, гал голомтоо тэнгэр бурхандаа даатган мөргөж л явна. Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сар, уул усны их тахилга, төрийн цагаан болон цэргийн их хар сүлдээ цэнгүүлэх ёслол гээд олон олон үйл бүтээлийг бид нугалсаар ирсэн байх юм. Алтан соёмбоо төрийнхөө сүлдэнд дээдлэх атал шашнаас ангид хэмээн мунхаглаж яаж зүрхлэнэ. Энэ улс гүрэн маань мөхөж үгүй болох тэр л цаг ирэх хүртэл “Хоёр ёсны сургааль” монголд минь бодитоор оршсоор л байх болно. Учир иймийн тул эх болсон зургаан зүйл, хамаг амьтан (хүн төрөлхтөн)-ы тусын тулд наян настай буурлаас авахуулаад нярай салиа үр минь хүртэл сэтгэлдээ гэрэл гэгээ цуглуулсаар л байдаг. Алдарсан зам мөрөө эргэн харж, гэгээн алсад төв ухаанаа бадрааж явах үлэмж сайхан даа.
 
Алтан унжлагат Тахиа жилийн Зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр Авгаржин Жа.БАЯРАА хураан тэрлэвэй