sonin.mn
Ерөнхийлөгчийн сонгууль анх удаа дахин санал хураалтаар шийдэгдэхээр боллоо. Энэхүү хоёрдугаар шатны өрсөлдөөнд АН-ын Х.Баттулга, МАН-ын М.Энхболд нар үлдсэнийг Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр өглөө албан ёсоор зарлалаа.
 
Өчигдөр өглөө /2017.6.27/  хүмүүсийг сэрэхэд Х.Баттулга тэргүүлсэн хэвээр, харин М.Энхболд хоёрдугаарт орж, С.Ганбаатар гуравдугаар байрт ухарсан байсныг мэдсэн. Хэдийгээр МАН-ын нэр дэвшигч цаасан дээр ялсан гэж байгаа ч дээр хэлснээр навс ялагдсан нь гарцаагүй үнэн юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ардчилсан сонгуулийн түүхэнд анх удаа МАН-ын дарга унаж байгаа юм. 1997 онд МАХН-ын дарга Н.Багабанди, 2005 онд МАХН-ын дарга Н.Энхбаяр ялалт байгуулан Ерөн­хий­лөг­чөөр сонгогдож байсан.
 
 
Ийнхүү гурав дахь удаагаа МАН-ын дарга М.Энхболд нэр дэвшсэн ч өмнөх түүхийг түүчээлж барахгүй нь бололтой. Тэр ялагдсанаас ялгаагүй. Зөвхөн М.Энхболд биш МАН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж байгаа хэрэг. Хэдийгээр сонгуулийн дүн эцэслээгүй ч МАН-ын дарга хүн ийм хэмжээнд өрсөлдөнө гэдэг ялагдал л гэсэн үг.
 
Яагаад гэвэл МАН өнөөдөр төр, засгийн эрхийг үнэмлэхүй эрх мэдлээр барьж байгаа. Ийм л намын дарга нэр дэвшсэн. Тиймээс ард түмэнд, сонгогчдын саналыг төвөггүй хамж авах бүрэн боломж МАН-д байлаа. Гэвч тэгсэнгүй. Тэгэхгүй байх бүх угтвар нөхцөл хэдийнэ бүрдсэн байв.
 
Угтаа энэ нь МАН-ын өнгөрсөн нэг жилийн туулж өнгөрүүлсэн замтай холбоотой юм.
 
НЭГ. ДАВХАР ДЭЭЛТЭЙ, МЭРГЭЖЛИЙН БУС ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАВ
 
2016 оны зургадугаар сарын 29. УИХ-ын ээлжит сонгууль болж МАН-аас нэр дэвшсэн 65 хүн ялалт байгуулав. Ингэж бүтэн дөрвөн жилийн турш Монголын улс төрд захалж гүйсэн МАН төвийн тоглогч болоод буцаж ирэв. Яг үнэндээ МАН-ын энэхүү үнэмлэхүй ялалт энэ намын сайных бус, 2012-2016 онд төр барьсан АН-ын дөрвөн жилийн ажилд ард түмний тавьсан дүн байсан юм. Гэвч МАН-ынхан үүнийг тэр үед ойлгоогүй. Ялалтын шөнөөс цээжээ дэлдээд эхлэв. Уг нь сонгуулийн үеэрх тэдний хэд хэдэн амлалт ард түмэнд гайгүй сайн таалагдаад байв.
 
2016 оны долдугаар сарын 5. УИХ-ын анхдугаар чуулган болж, МАН-ын дарга М.Энхболдыг УИХ-ын даргаар сонголоо. АН-ын, МАН-ын хашир гишүүд М.Энхболдыг Ерөнхий сайд бус УИХ-ын дарга болсонд ихээхэн гайхаж буйгаа илэрхийлж байсан. Ерөөс ялсан намын дарга Ерөнхий сайд болж, хариуцлага, эрх мэдэл хоёрыг хамтдаа үүрч ирсэн. Энэ жишгийг орхиж М.Энхболдыг УИХ-ын дарга болох сонголтыг хийсэн бөгөөд гишүүдийн 80 гаруй хувь дэмжээд хүссэн суудалд нь суулгав. Яг эндээс л М.Энхболдын өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд ийм үнэлгээ авах шалтгаан нөхцөлийн суурь тавигдсан юм.
 
2016 оны долдугаар сарын 8. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томиллоо. Ингээд МАН-ын даргын идэвхтэй дэмжлэгээр Ерөнхий сайд болсон Ж.Эрдэнэбатын гаргах шийдвэр олон хүлээлтэд хариу өгөх учиртай болов.
 
2016 оны долдугаар сарын 21. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-д Засгийн газрыг бүтцээ оруулж батлуулав. Үүгээр Монгол Улсын Засгийн газар 13 яам, 16 сайдтай байхаар болсон юм. Мөн энэ чуулганаар Засгийн газар дэд сайдтай байна гэж батлуулав. Энэ мэдээ олон нийтийг гонсойлгосон. Учир нь энэ үед МАН-ын гол амлалтуудын нэг болох дан дээлтэй, Мэргэжлийн Засгийн газар байгуулахыг олон нийт чих тавин хүлээж байлаа.
 
2016 оны долдугаар сарын 22. УИХ-ын чуулганаар Мэргэжлийн Засгийн газрын 11 сайдыг томилгоог баталлаа.
 
2016 оны долдугаар сарын 29. Засгийн газрын дөрвөн сайдыг баталлаа. Ихээхэн хүлээлт дунд бүрдсэн Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газрыг олон нийт тийм ч таатай хүлээж авсангүй. Учир нь нэр бүхий хэд хэдэн сайд давхар дээлтэй, мэргэжлийн бус болж таарсан юм. Үнэмлэхүй эрх мэдэлтэй МАН энэ шүүмжлэлийг тоосонгүй. Эндээс  МАН-ын амлалт эхнээсээ нурж эхлэв.
 
2016 оны наймдугаар сарын 3. Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг томиллоо. АН-ын Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед төсөв хэмнэхээр цомхотгосон дэд сайд нарыг МАН эргүүлэн авчирснаар амлалтаасаа ухарсан үйл явдал болов.
 
ХОЁР. ХЭЛ АМ ДАГУУЛСАН ХИЙТЭЙ ТОМИЛГООНУУД
 
МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын дарга болж, Ерөнхий сайдаар өөрийн хүн Ж.Эрдэнэбатыг томилуулснаар хийтэй томилгоо ар араасаа цуварсан. Хэдийгээр томилгооны эрх мэдэл М.Энхболдод төвлөрч байсан гэх боловч Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нар гээд тал талаасаа томилгоонд хутгалдаж тэр хэрээрээ сонгуулийн үеэрх “Мэргэжлийн Засгийн газар байгуулна” гэх лоозонг унагасан юм. Засгийн газарт ч ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд, ХХАА-н сайд, ХНХ-ын сайд, Эрүүл мэндийн сайд нарыг тойрсон элдэв шүүмжлэл өрнөсөн. Одоо ч тасраагүй. Тэрчлэн “Мантууш” хэмээх тусгай хамгаалалттай газрын асуудалтай компаниараа олны танил болсон “Сөүл” группийн захирал Д.Өнөрболорыг  БХБ-ын сайдаар томилуулахаар зүтгэж мэргэжлийн бус олон томилгоонд санаархсан нь олны итгэлийг сулруулахад хүргэв.
 
Ингээд яамдын газар хэлтсийн дарга, агентлагийн дарга нарын томилгоонуудыг эргэж харвал дээрх амлалт хэрхэн нурсныг харж болно.
 
Түүнчлэн Улаанбаатар хотын удирдлагуудыг томилохдоо  нийтийн санаа бодол, ядаж МАН доторх үзэл бодлыг ч харгалзаагүй гэдэг.
 
2016 оны долдугаар сарын 6-нд НИТХ-ын анхдугаар хуралдаан болж НИТХ-ын даргаар Ц.Сандуйг сонгов. Мөн өдөр Ерөнхий сайд захирамж гарган Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Су.Батболдыг томиллоо. Энэ томилгоо тааруухан сонголт байсныг цахим шүүмжлэлээс харж болно. Улаанбаатарыг өнөөдөр шоглосон элдэв нэршил нь өнөөх томилгоотой холбоотой.
 
ГУРАВ. МАН-ЫН АМЛАЛТ VS “МЭРГЭЖЛИЙН” ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
 
Чухамдаа МАН-ын нэр хүнд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын нуруун дээр явааг тэд ойлгодог болов уу. Энэ Засгийн газар ингэж асуумаар болтол ажиллаж байгаа.
 
2016 оны сонгуулийн үеэрх МАН-ын амлалт үнэндээ л гоё. Нэхэн саная л даа.
 
-Хүүхдийн 20 000, оюутны 70 200 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно.
 
-Татвар нэмэхгүй. Шинэ төрлийн татвар нэмж бий болгохгүй.
 
-Төсвийн зардлыг танаж, алдагдлыг буруулна.
 
Үүнээс гоё амлалт ч зөндөө бий. Энд дурдсан нь Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын шууд эсрэгээр биелүүлсэн нь юм. Бусад амлалтыг энд яриад ч хэрэггүй. Шилний цаадах чихэр гэсэн үг.
 
Өнөөдөр хүүхдийн 20 000 төгрөг, оюутны 70 200 төгрөг байхгүй болсон. Долоон төрлийн татвар нэмсэн. Үүнд архи тамхи, шатахуунаас гадна ард түмний унаа болсон “Приус” машины таварыг 50 хувиар нэмэхээр болсон юм. Шинээр татварууд бий болгосон. Хадгаламжийн хүүнээс татвар авах зэрэг Монголд байгаагүй татварыг Мэргэжлийн Засгийн газрын үед бий болгов.
 
Үүнээс гадна төсвийн тодотголын үеэр нийтэд ил болсон нэг асуудал бий. Засгийн газар нууцаар хэд хэдэн концессын гэрээ байгуулсан нь ил боллоо гэцгээж байв. УИХ дахь МАН-ын гишүүд хүртэл гэнэт мэдээд ихээхэн сандарч байлаа. АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай 2017 оны тавдугаар сарын 18-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “...МАН-аас УИХ-д сонгогдсон нэг гишүүн концессын гэрээтэй холбоотой дүгнэлтийг бидэнд өчигдөр авчирч өгсөн. МАН-ын бүлэг Засгийн газрын баталсан найман концесстой холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, ажилласан, дүгнэлт гаргасан байгаа. Ардын намын 65-ын бүлэгт  эх орноо боддог ганц гишүүн байгаад баяртай байна.
 
Найман концессын асуудал байгаа, нийт 807 тэрбумын өртөгтэй. Засгийн газар 2016 оны 37 дугаар тогтоолоор 2018 оны төсвийн жил хүртэл барих, шилжүүлэх концесс байгуулахгүй гэсэн ч Оюутолгой, Цагаан суварга руу эрчим хүч татах нэрээр МАК компанитай холбоотой концесс байгуулах зөвшөөрлийг өөрсдөө гаргасан.
 
Концессыг ам.доллараар байгуулахаар гэрээнд тусгасан. Энэ хулгайгаас болж, төрд хохирол учирч байгааг тоогоор хэлье.  2020 он гэхэд 327.3 тэрбум, 2021 онд 216.2 тэрбум, 2020 оны төсөвт 540 тэрбум төгрөгийн ачаалал тус тус төсөвт өгөхөөр ийм хулгайг хийх гэж байна. Энэ бол байж боломгүй зүйл.
 
Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар тогтоол гарсны дараа МАК компанитай байгуулсан гэрээгээ дахин өөрчилсөн байгаа.
 
Энэ Засгийн газар Монгол Улсын Засгийн газар уу, МАК гэж компанийн Засгийн газар уу гэдгийг асуугаад байдгийн хариулт юм.
 
Би урьд нь хэвлэлийн хурлаар үзүүлж байсан, сайд Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат  нар биедээ   “Лексус-570” бэлэглэсэн байсныг харуулсан.  Үнийн дүн 150 сая гээд худлаа дүн тавьчихсан байгаа.
 
Зөвхөн хулгай хийхийн төлөө Засгийн газар байгуулсан байна. Энэ Засгийн газрын сайд нар нь хулгай хийхийн төлөө Засгийн газарт орсон юм шиг аашилж байгаа бол Ардчилсан нам зүгээр хараад сууж чадахгүй, холбогдох байгууллагад нь хандана” гэсэн байдаг.
 
ДӨРӨВ. 60 ТЭРБУМЫН ТАЛААРХ БИЧЛЭГИЙН НААНА, ЦААНА...
 
МАН-д гай болж байгаа нэг томоохон асуудал яалт ч үгүй 60 тэрбумыг босгох тухай ярианы бичлэг юм. Өнөөдрийг хүртэл эвлүүлэг л гээд байгаа. Өөрсдөө үүндээ итгэсэн байж ч болох юм. Гэвч ард түмэн итгэхгүй байна.
 
Энэ бичлэг анх 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын өмнөхөн ил болж байлаа. Сонгууль болж, МАН ялсны дараа “...Эвлүүлэг байжээ” гэсэн хуулийнхны дүгнэлт гарсан байдаг. Түүнээс хойш таг чиг байсаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн бүхэл бүтэн 90 минутын бичлэг болж задрав.
 
Зүй нь, МАН ийм асуудалд үнэн ч, худал ч нэр холбогдсон М.Энхболдын нэрийг Ерөнхийлөгчид дэвшүүлдэг нь алдаа болсон. Түүний оронд Ө.Энхтүвшин, эсвэл Ц.Нямдорж нэр дэвшсэн бол арай өөр дүн үзүүлнэ. Үүнийг ажиглагчид, судлаачид хэлээд байгаа юм.
 
Ингээд нэгэнт 60 тэрбумын тухай ярианы нэг “гол дүр” МАН-ын дарга М.Энхболд нэр дэвшиж байгаа болохоор намынхан нь бичлэг задруулсан этгээдийг намнах гээд хөөцөлдчихөв. Иргэн Г.Доржзодовыг хамгаалалтад авах гээд барьж чадалгүй Америкийн иргэний гэрт оруулчихав. Ингээд хэд хоног гадаа нь сахисан байх. Нөгөөх Г.Дожзодов нь “...Ж.Мөнхбат намайг саунд дуудаад сая доллар өгье. Аваад дуртай улс руугаа яв гэсэн” гээд мэдэгдчихэв. Энэ мэтээр МАН-ынхан өөрсдөө 60 тэрбумын бичлэгийн асуудлыг гал дээр тос хийх шиг өрдсөн.
 
ТАВ. СОНГУУЛИЙН БЯЛУУРАЛ: БИЧЛЭГ, МЭТГЭЛЦЭЭН, ОДУУД...
 
Энэ сонгуулийн үеэр бичлэг гээч юм “...Больё” гэтэл гарч ирлээ. Байсгээд л нэг бичлэг задарсан байхыг үзнэ. 60 тэрбумын тухай 90 минутын ярианаас эхлээд Хотын фракцын олон хүн УИХ-ын дарга М.Энхболдод ууттай “юм” бариад зогсдог бичлэг байх. Тэр бичлэгт СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан байсан  нь даарин дээр давс нэмэх гэгч болсон.
 
Үүнээс гадна удтал хүлээлгэсэн мэтгэлцээн олны сэтгэлд хүрэлгүй, тавилттай жүжиг боллоо гэсэн дүн тавиулсан. Энэ мэтгэлцээний үеэр МАН-ын дарга М.Энхболдод тавьсан “найртай сайхан” асуултуудыг өнөөх “Сөүл” Д.Өнөрболор ч бус М.Энхболд даргын хамаатан, УИХ-ын гишүүн нэгэн эмэгтэй бэлдэж өгсөн гэж байна.
 
Түүнчлэн нэр дэвшигч М.Энхболдод сонгуулийн сурталчилгааны хугацаанд Монголын урлаг, спортын бүх “од” хүмүүс хайр зарлаж, зарим нь М.Энхболдын хэлснээр яваад амжилтад хүрлээ гэх зэргээр алиа марзан PR хийсэн нь бас л алдаа болж хувирсан.
 
ЗУРГАА. Ж.ЭРДЭНЭБАТ, Ц.САНДУЙ НАР ОГЦРОХ УУ?
 
 Эцэст нь, 2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн АН-д дүн тавьж, дөнгөж бүлэг байгуулахтай үгүйтэй гишүүдийг УИХ-д үлдээсэн. Яг түүнтэй адилаар МАН-ын өнгөрсөн нэг жилд хэр зэрэг, яаж ажилласныг л дүгнэж буй юм. Тэр тусмаа Ерөнхийлөгчид нэр дэвшсэн МАН-ын дарга М.Энхболдод ийм хэмжээний санал өгч дүнгээ тавьж байгаа юм.
 
Тиймээс МАН-ын өнөөдрийн уналт нь Ерөнхий сайд болж үүргээ биелүүлж, хариуцлага хүлээгээгүй, Ерөнхийлөгчид нэр дэвшээд эрх баригч намын дарга шиг амжилт үзүүлж чадаагүй М.Энхболд, түүний итгэлийг хүлээсэн ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд намынхаа амлалтыг хөсөр хаясан Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ж.Эрдэнэбат, танхимынх нь гишүүд, 60 тэрбумын бичлэг ил болуут “...Юун гуя” гэдэг шиг гарч ирээд намаа балласан, нийслэлийг нэг гарт зангидаж чадаагүй Ц.Сандуй, Су.Батболд, сонгуулийн сурталчилгааны үеэр алиа марзнаар дүүрэн сурталчилгаа явуулсаар дуусгасан PR зөвлөхүүд гээд олон хүний “хүч хөдөлмөр”, суурь дэвсгэрээс болсон байгаа юм. 
 
Одоо хариуцлагаа хэн, яаж хүлээх вэ. МАН-ын дотоодод энэ талаар нэлээд ширүүн ярьж эхлээд байна. Нуугаад байхааргүй болсон байна. Юутай ч Засгийн газар огцорч магадгүй байдал нэгэнт үүссэн байна. Бас НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас эхлээд ажлаа өгч, хариуцлагаа хүлээх тухай яригдаад эхэллээ.
 
МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалтаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал хүртэлх бүтэн жилийг бүрэн зураглавал ийм авай.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин