sonin.mn
Х.Баттулга ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөр бидний дэмжих ажил огтхон ч багасахгүй, харин нэмэгдэх төлөвтэй. Монголоо гэсэн хүн гарч ирснээр нам дамнасан улс төрийн томчууд, олигархууд түүний эсрэг тасралтгүй тэмцлийг өрнүүлэх юм байна. Ерөнхийлөгчөө өмгөөлж хамгаалцгаая!
 
Зарим хүн за одоо амлалт нэхээд суучихна даа, зээлийг маань хурдан төл, сайн ташуурдна даа, шахна даа гэх. Бид чинь авах идэхээс өөрийг эс мэдэгчид биш билээ л. Хамтдаа Монголынхоо төлөө тэмцнэ, Монголоо сэргээн мандуулна, бүтээн босгоно гэж Х.Баттулгыг сонгосон. Тэр боломжийг гаргаж өгөөсэй л гэж түүнийг ерөнхийлөгч болгосон. Би л лав хувьдаа энэ хүнээс ийм тийм юм авна нэхнэ гэж огт бодохгүй юм. Монгол маань л болж бүтэж байвал болох нь тэр. 
 
Өндөр албан тушаалд очингуутаа хүн өмнөхөөсөө төрөл арилжсан мэт хувьсаж, үг яриа бөөрөнхий агаад, хий сүржин, нөгөө яриад хэлээд байсан шударга ёсны зүйлс нь ор мөргүй алга болохыг олон удаа ажиглаж байсан. Тэгвэл Х.Баттулга гэдэг хүн хаана ч нэг л байр суурьтай, хэлдэг юмаа л хэлдэг аж. Хийх ч байх гэж найдаж байна. Сонгуулийн өмнө тэрбээр 60 тэрбумын асуудлаар хууль хяналтын байгууллагуудад хандсан, тэгвэл өчигдөр тангаргийн ёслол дээр “Ахан дүүс ээ” гэж ард түмнээ хэлэн эхлүүлсэн үгэндээ  “Төрийн албыг наймаалдаг аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ” гэсэн.  Товчхон тэр үгэндээ ард түмний хүлээсэн бүхнийг л хэлсэн дээ. Одоо бушуухан ажилдаа ормоор байна, хэлсэн ярьснаа хэрэгжүүлмээр байна л гээд байсан. 
 
Миний хувьд Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдсоныг шударга ёсны төлөө тэмцлийн боломж нэмэгдлээ гэж юуны өмнө харж байгаа. Шударга ёс тогтвол бусад асуудлууд шийдэгднэ. Ерөнхийлөгчтэйгээ хамтдаа шударга ёсны төлөө тэмцэцгээе, хувьсгалт өөрчлөлтүүдийг хийцгээе! Ахан дүүс нь байцгаая!
 
Ч.Мөнхбаяр