sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор СЭЗИС-ийн захирал, доктор, профессор Д.Батжаргалыг урьж ярилцлаа.
 
ДЭД БҮТЦЭЭ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
 
Улс орнуудын хөгжсөн түүх замналыг харвал хоёр хэсэгт хувааж болдог. Нэгдүгээрт, газарзүйн байршлаараа далайн эрэг дагасан улс орнууд далайн тээврийг ашиглан хөгжсөн түүх сүүлийн 400-500 жилд хүчтэй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, эх газарт байдаг уул уурхайн баялаг, түүхий эдийг худалдаалж, үйлдвэрлэл хөгжсөн тухайн улс орныг түүхий эдээр хангах зэрэг олон зүйлийг бий болгосон гэсэн үг. Хоёрдугаарт, эх газартай ойрхон байдаг Их Монгол Улс Евразийн бүс нутагт зам харилцаа, холбоог сайтар бий болгосон учраас хөгжлийн явц хурдан байсныг тухайн үеийн түүхэнд тэмдэглэсэн байдаг юм. Тухайлбал, торгоны замыг дагасан олон улсын худалдааны томоохон бүс байхын зэрэгцээ дэг журамтай байсан юм билээ. Мөнгө болон татварын бодлого, морин өртөө, хууль, олон улс хоорондын харилцан итгэлцэл хүчтэй байсан учраас найман зууны тэртээ Евразийг хамарсан их хөгжил явагдсан гэж үздэг. Түүний дараа нэг хэсэг Монголын эзэнт гүрэн сарнихтай зэрэгцэн хөгжил далайн эрэг рүү шилжсэн гэж болно. Тодруулбал, Европ, Энэтхэг, Хятад, Япон, Солонгос, Америкийн хөгжлөөс харагддаг. Ер нь улс орны хөгжил нь дэд бүтцээс шууд хамааралтай. Гэхдээ эрчим хүчний уг сурвалж маш чухал. Манай улсын хувьд найман зуун жилийн тэртээ эрчим хүчийг гал, морь малынхаа хүчээр орлуулж ирсэн. Мэдээж оньсон хөдөлгүүрт техникийг мартаж болохгүй. Хол газар тээвэр хийхийн тулд уурын хөдөлгүүрт онгоц гарсан байдаг. Мөн галт тэргээр тээвэрлэдэг байсан юм. Тэгэхээр манай улсын дэд бүтэц ямар төвшинд байна вэ гэдгээ эргэж харах хэрэгтэй. Бидний хувьд цөөн хүн амтай, тархай байдлаар суурьшиж амьдардаг учраас зам харилцаа, холбоог чухалчлах нь зүйтэй. Магадгүй аль болох богино хугацаанд мэдээлэл солилцохын тулд юу хийх ёстой вэ гэдгээ тодорхойлох ёстой. Түүнээс гадна энэ бүхэнд шаардагдах өртөг нь хямд байх хэрэгтэй. Түүнчлэн мэдээллийн үнэн зөв байдал хамгийн чухал гэдгийг ойлгох учиртай. Аливаа мэдээллийг хийж байгаа төрийн түшээд, албаны эх сурвалж, хүмүүсийн ам дамжин ярьж байгаа нь өөр хоорондоо зөрүүтэй байх нь итгэлцлийг үгүй болгодог аюултай. Итгэлцэл байхгүй бол ямар ч ажил явахгүй. Тэгэхээр хөгжлийн тухай ярих хэрэггүй болно гэсэн үг.
 
БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТУЛГУУР
 
Хөгжингүй улс орны тулгуур нь бизнесийн харилцаа юм. Харин бизнес гэдэг нь харилцан итгэлцэл дээр тогтдог. Тухайн орны бизнес хэр амжилттай явж байгаагаас улсын эдийн засаг хамаарна. Учир нь тухайн улсын санхүүгийн зах зээлийг бүрдүүлж буй хэсэг нь бизнесийнхэн. Тэд үйл ажиллагаагаа явуулахдаа итгэл дээр суурилж ажилладаг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн үйлдвэрлэл эрхлэхийн тулд мөнгөө банкаар дамжуулж эргэлдүүлнэ. Үүний тулд банк тухайн харилцагчийн мөнгийг найдвартай хадгална гэсэн итгэлтэй байх учиртай. Мөн тодорхой хэмжээгээр хөрөнгө бий болгож буй юм. Түүнчлэн хэн нэгэнтэй харилцан худалдаа эрхэлж, хамтарч ажиллахдаа итгэл гэдэг зүйлийг хамгийн том барьцаагаа болгодог. Тэгэхээр манай улсын хувьд үнэн зөв, итгэл дааж байсан үе бий. Харин орчин цаг өөр болсон байна. Манайхан “манж зан” гэж хэлдэг шүү дээ. Энэ нь итгэлцлийг үгүй хийж байгаа нэг шалтгаан. Өмнө нь монголчууд хэрэв амласан л бол түүнийг заавал биелүүлдэг бичигдээгүй хуультай байсан. Үүнийг нь дэлхийн бусад улс үндэстнүүд бишрэн дагадаг байжээ. Яахав түүхэнд тэмдэглэгдсэнээс харвал, монголчууд Чингис хааны үед төр нь ард түмэндээ итгэдэг, ард түмэн нь төрөө дээдэлдэг байсан гэсэн байдаг. Энэ харилцан итгэлцэл алга болсон үед хөгжлийн тухай ярих нь илүүц.
 
ИТГЭЛЦЭЛ БА ДЭГ ЖУРАМ
 
Тэгэхээр улсыг хөг­жүү­лэ­хийн тулд итгэлцэл чухал гэсэн үг. Мэдээж үүнийг дагаад дэг журам сахих учиртай. Олон хүн нэгдэж, нэг баг, нэг аймаг, сум болж ирэхийн цаг дэг журамтай байлгахын тулд хууль баталсан байдаг. Олон зуун жилийн туршид хуулийг цаг үетэйгээ нийцүүлэн шинэчилж батлахын тулд олон арга замыг эрэлхийлсний дүнд өнөөгийн парламент бий болсон юм.
 
Мөн монголчуудын соёл иргэншлийг огт өөрөөр харах цаг болжээ. Учир нь ардчилсан нийгэм, зах зээлийг өөрсдийн амьдарч ирсэн соёл уламжлалтайгаа хольж, нэг зүйл мэтээр ойлгож байгаа нь буруу. Бидний өвөг дээдсийн амьдарч ирсэн уламжлал бага багаар алдагдсаар байна. Байгалийн хатуу ширүүнийг сөрж давдаг ухаантай ард түмэн шүү дээ. Гэхдээ бий болгосон зүйлийг нурааж, сүйтгэж байсан нь үгүй. Харин ч хамгаалж ирсэн түүхтэй. Гэтэл өнөө цагт өмнөхөө үгүйсгэдэг, амин хувиа хичээдэг, хэт эд баялагт шунадаг сэтгэхүй хөгжлийг чөдөрлөж байна гэвэл хилсдэхгүй. Тэгэхээр энэ хоёр нийгмийн, амьдралын хэмнэлийн ялгааг сайтар тунгаах хэрэгтэй. Үүний дараа юуг хэрхэн хийх вэ гэдгээ тодорхойлох нь зүйтэй юм. 
 
УЛСЫН ХӨГЖИЛ ЗӨВХӨН ТӨРИЙН ТОГТОЛЦООНООС ХАМААРАХГҮЙ
 
Одоогийн нийгмийн байдал ямар байгаа тухай ярихаар зөвхөн төрийн тогтолцооны тухай хэлэлцэх юм. Улсын хөгжил зөвхөн төрийн тогтолцооноос хамаарахгүй. Жишээлбэл, хувь хүний цусан хангамж сайн байснаар эрүүл байх үндэс болно. Тэгвэл үүнийг улсын төвшинд харах гээд оролдоё. Улс орны хувьд цусан хангамж нь эдийн засаг байдаг. Тэгэхээр эдийн засагт мөнгөний эргэлт сайн байх хэрэгтэй. Тэгэхээр цусан хангамжийг сайтар эргэлдүүлэхийн тулд хүний араг яс бат бөх байх учиртай гэвэл улсын эдийн засгийг эргэлтэд оруулахад хамгийн чухал зүйл нь дэд бүтэц гэж ойлгож болох юм.
 
Гэхдээ дэд бүтэц, эдийн засаг хоёрыг хөдөлгөх хүч нь төр эсвэл хувийн хэвшил биш. Эдгээр байгууллагуудад хувь хүн ажилласны үр дүнд хөдөлмөрийн бүтээмжээр бий болдог зүйл гэдгийг ч бас сайтар тунгаах учиртай. Тиймээс аливааг хийхдээ хэн юуг хийх вэ гэдэг хуваарилалт оновчтой зөв хийх нь чухал. Жишээлбэл, төр юу хийж болох вэ, юуг хийж болохгүй вэ гэдэг маш тодорхой байх ёстой. Ер нь улсаа хөгжүүлье гэж байгаа бол дээрх шийдлүүдийг нэн тэргүүнд хиймээр байгаа юм. Монгол Улсын хувьд газар нутаг, байршил, байгалийн баялаг гээд бусад орнуудын хувьд атаархмаар олон давуу тал бий. Үүнийгээ ашиглан хөгжих боломжийг бүрдүүлэх алхмуудыг цаг алдахгүй хийх хэрэгтэй. Бүр тодруулбал, Монгол Улс бүх зүйлийг зүй тогтоцтойгоор хийснээр устах аюулын ирмэгт байгаа байгаль, тасрахад тулсан соёл иргэншлээ хамгаалах болно. Жишээлбэл, соёл иргэншлийг тээж явдаг зүйл нь үндэсний хэл. Гэтэл бид өдгөө эх хэлээ төгс мэдэхээ больсон. Үүнийг нэн түрүүнд хамгаалах учиртай. Мөн монгол ахуйгаа мэдэхгүй болсноор олон үнэт зүйлсээ алдаж байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Үнэн хэрэгтээ бид хэл соёл, монгол ахуй, түүхээ мэдэхгүй болж байгаа учраас Монгол гэх зургаан үсэгтэй үг алга болчих гээд байна шүү дээ.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин