sonin.mn
Энэ удаагийнхаа “Зочин”-ы хойморт БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хурандаа Х.Өзбекийг урьж ярилцлаа.
 
-Монгол оронд анх хөл тавьж байх үеийн тань сэтгэгдлээр яриагаа эхлье?
 
-Би Монголд ирэхээсээ өмнө цахим орчноос авсан мэдээллийнхээ хүрээнд бага зэрэг ойлголттой байлаа. Гэвч онгоцны буудалд буугаад л Монголын тухай буруу ташаа мэдээлэл интернэтэд байж гэж ойлгосон. Учир нь намайг огт өөр орчин угтсан. Хүмүүсийн найрсаг дотно харилцаа, эелдэг зочломтгой зан чанар гээд л... Тийм болохоор надад гадаадын улс оронд амьдарч байна гэсэн хүнийрхүү бодол төрдөггүй, яг л Туркт байгаа мэт тийм сайхан өөриймсөг сэтгэгдэл төрдөг шүү.
 
-Та Монголоор муугүй ярьж байна шүү. Хэл судлахад багагүй цаг зарцуулжээ дээ?
 
-Ирэхдээ нэг ч монгол үг мэддэггүй, “Сайн байна уу”, “Баярлалаа” ч гэж хэлж чаддаггүй байлаа. Тэгээд МУИС, ҮБХИС-ийн ГХСТ-д хэлний бэлтгэлд суралцсан. Долоо хоногт 2-3 удаа монгол хэлний хичээл заалгаж, хувиараа ч судалж эхэлсэн. Үүнийхээ үр дүнд анхан, бэлтгэл дунд, дунд, ахисан дунд шатны дамжаа дүүргэж гэрчилгээгээ гардан авсан. Энэ гэрчилгээ бол надад байгаа хамгийн эрхэм нандин зүйлүүдийн минь нэг. Харамсалтай нь нутаг буцах хугацаа маань болчихлоо. Хэрэв тийм биш байсан бол гүнзгий шатны дамжааг дүүргэх байлаа.
 
-Хэл судлаачид монгол хэлийг нэлээд хатуу хэл гэж дүгнэдэг. Танд ямар санагдаж байна? Сурахад хэр бэрхшээлтэй байв?
 
-Монгол хэл, турк хэлийг гарал үүсэл нэгтэй хэл гэдэг боловч монгол хэл илүү хэцүү, хатуу юм. Олон хүнээс зүгээр нэг хэцүү биш, “аймаар хэцүү” хэл гэж сонсож байсан. Үнэхээр үнэн юм. Тухайлбал, “ирж байна гэнэ ээ” гэсэн гурван үг турк хэлэнд нэг үгээр илэрхийлэгдэнэ, бас хоолойн угаар хэлэгддэг үгийг дуудахад их хэцүү. Энэ мэт зөндөө бэрхшээл байдаг.
 
-“Bayram”-ынхаа тухай манай уншигчдад сонирхуулбал?
 
-Үндэсний баяр наадмуудаа бид “Bayram” гэдэг. Хамгийн том баяруудын нэг нь “Ramadan Bayram”. Энэ үеэр бид нэг сарын турш мацаг барьдаг. Дараа нь хүмүүс бие биедээ чихэр, амттан бэлэглэдэг. Тийм учраас “Чихрийн баяр” ч гэж нэрлэгдэх нь бий. Мөн “Sacrifice Bayram” буюу өргөлийн баяраар бид ядарч зүдэрсэн хүмүүст тусладаг. Тиймээс хонь, үхэр төхөөрөөд түүнийхээ гурав хуваасны хоёрыг бусдад зориулдаг юм.
 
-Танд монгол үндэсний хувцас бий юу?
 
-Надад дээл малгай, хантааз, гутал гээд бүгд бий. Гэр бүлээрээ цагаан цэнхэрдүү өнгөтэй дээл захиалж хийлгэсэн.
 
-Та монгол хоолонд хэр дасан зохицов? Ямар хоол танд таалагддаг вэ? Гэр бүлийнхнээ гарынхаа монгол хоолоор дайлдаг уу?
 
-Бууз, хуушуур, банш, хорхогт дуртай. Харамсалтай нь идэж л чадахаас хийж чаддаггүй юм аа.
 
-Чөлөөт цагаараа монголын үзэсгэлэнт газруудаар аялсан байх...
 
-Тийм ээ. Хөвсгөл, Увс, Архангай, Өвөрхангай, Хар хорин, Тэрэлж гээд олон газраар аялж монголын хөдөөгийн амьдралтай танилцсан. Хот бол яахав ээ, хөл хөдөлгөөн ихтэй, ажил буцалсан л газар. Харин хөдөө бол үнэхээр сэтгэл татам. Жинхэнэ монгол ахуйг тэндээс л мэдэрсэн. Сүүтэй цайнаас эхлээд байгаа бүхнээрээ дайлдаг, зочломтгой, сайхан сэтгэлтэй хүмүүс, хөдөөгийн үзэсгэлэнт байгаль монголын нэг баялаг юм. Бас хөдөөний айлаас гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг олж харсан шүү.
 
-Монгол ахуйтай танилцаж явахдаа морь, тэмээнээс холуур өнгөрөөгүй байх гэж бодож байна?
 
-Тэгэлгүй яахав. Морь унах нэг мэдрэмж, морь унаад гол гатлан давхих бас нэг өөр мэдрэмж шүү. Би Тэрэлжид очихдоо морь унаж гол гатлан давхидаг. Үнэхээр гайхалтай. Морьтойгоо гол гаталж үзээгүй монгол хүн бараг байхгүй л болов уу, хэрэв тийм хүн байгаа бол заавал морь унаж гол гатлан давхиж үзээрэй гэж хэлэх байна.
 
-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?
 
-Эхнэр, хоёр хүүхэдтэй. Охин 15, хүү 13 настай. Хоёулаа “British school”-д суралцдаг. Шинэ газар ирэхэд хүүхдүүдэд их хэцүү байдаг шүү дээ. Гэтэл манай хүүхдүүд маш хурдан дасан зохицсон. Цөөнгүй Монгол хүүхэдтэй найзалдаг, тэдэнтэйгээ кино үзэх, хоол идэх зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Одоо буцах дөхөж байгаа болохоор хүүхдүүдийн маань сэтгэл зүй жаахан тиймэрхүү байгаа. Хүүхдүүд маань монгол хэлээр маш сайн ойлгодог, надаас илүү. Гэвч ярихдаа муу.
 
-Монгол Улсад Турк улсаас суугаа анхны Цэргийн атташегийн хувьд та хоёр орны харилцаа хийгээд монгол цэргүүдийн тухай ямар бодолтой байдаг вэ?
 
-Турк улс Монгол Улсыг гуравдагч хөрш гэж чухалчилдаг. Тийм учраас атташегийн алба байх ёстой гэж үзээд хоёр жилийн өмнөөс энэ албыг байгуулсан. Хоёр орны харилцаа эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгаа. Тэр тусмаа Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа илүү өргөжин хөгжиж байна. Цэрэг техникийн тусламж, боловсон хүчин, хамтарсан сургалт дадлага гэсэн гол гурван чиглэлээр хамтын ажиллагаатай. Цаашид ч улам илүү өргөн хүрээнд хөгжих болно. Миний хувьд монгол цэргүүдээр ямагт бахархдаг. Учир нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээ төлөөлөн манай оронд суралцаж байгаа цэргийн алба хаагчид амжилттай сайн суралцдаг, ур чадвар, тэсвэр хатуужил, албандаа хандах хандлага, биеэ авч яваа байдлаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энхийг сахиулагчид монгол цэргүүд байдаг болохоор бахархахгүй байх аргагүй.
 
-Монголоос ямар бодол тээж эх нутгаадаа буцах гэж байгаа тань сонин байна?
 
-Монголд ирээд удаагүй байлаа. Гадуур гарах ажил зөндөө. Нэг удаа хэтэвчгүй, мөнгөө халаасандаа задгай хийчихээд явж байсан юм. Миний мөнгө цуваад л унаад байж. Хорь, арав, таван мянгатын дэвсэгртүүд... Би мэдээгүй. Гэтэл араас нэг хүн хүүе гэж дуудаад мөнгө чинь гээгдээд байна гээд унагасан мөнгийг минь цуглуулаад авчраад өгөхөд үнэхээр сайхан санагдсан. Магадгүй чимээгүй өөрөө авчихыг үгүйсгэхгүй. Бас таксины жолооч нар яг л үнэнчээр мөнгө авдаг. Гадны хүнийг мэдэхгүйгээр нь далимдуулаад нэмж авч бас л болно шүү дээ. Энэ мэтээр маш найрсаг, үнэнч шударга, хамгийн гол нь эвдрээгүй сайхан ард түмэн гэдгийг надад мэдрүүлсэн. 
 
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд тань амжилт хүсье!
 
Ахмад Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо" сонин