sonin.mn
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулгад төрийн тамгыг хүлээлгэн өгч, албанаасаа бууснаас хойш юу хийж байгаа тухай олон нийт сонирхон хүлээж байсан нь мэдээж.
 
Ингэхдээ хилийн чинадад ажиллах уу, Монголдоо байх уу гэсэн хоёр асуултад тэрбээр “Монголоосоо холдохгүй ээ” гэдэг хариулт өгснөөр тодорхой нэг таамаглал дэвшүүлэх боломжийг олгосон. Гэсэн ч улс төрд эргэн ирэх эсэхийн тухайд цаг хугацаа болон олон олон хүчин зүйлээс шалтгаалах тухай бүдэг, бадаг тайлбар өгсөн нь бий. 
 
Тэгвэл тэрбээр 2008 онд үүсгэн байгуулсан “EBI” бодлогын судалгааны хүрээлэнгийнхээ үйл ажиллагааг өнгөрсөн 20 орчим хоногийн хугацаанд идэвхжүүлж, дэлхийн өнцөг булан бүрт бакалаврын төвшинд суралцаж буй гадаад оюутнуудын Монголыг судлах сонирхлыг хөглөж, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор долоон улсын есөн оюутныг сонгон шалгаруулсан байна. 
 
Энэ нь ирээдүйн монгол судлаачдыг бэлтгэх, дэмжих зорилготой бөгөөд тэрбээр Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа монгол судлалыг дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хөгжин дэлгэрэхэд чамгүй санаачилга гарган, “Монгол судлаачдын их хурал”-ыг өнгөрсөн жил өөрийн ивээл дор өргөн дэлгэр зохион байгуулж байснаас нь улбаатай бололтой. 
 
Харин дээрх хөтөлбөрт хамрагдах есөн оюутны хувьд арав хоногийн турш манай улсын түүх, ёс заншил, ардын урлагтай танилцаж аялах бөгөөд энэ сарын 7-ны өдөр Монголын үндэсний музейд уг арга хэмжээний нээлт болох ажээ. 
 
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин