sonin.mn
Цөлх ухаан бол болхи ухаан биш,  цөхөрсөн сэтгэл  ч биш
 
Орчин цагийн хөгжлийн чиг хандлага, янз бүрийн онол сургаал, үзэл суртал , шашин,  номлол хүмүүсийн  сэтгэлийг тал тал тийш нь самгардуулж байгаа цагийн бусгаа энэ үед цөлх ухааны үнэ цэнэ өндөрсөж байна. Ямарч гэсэн хүн төрөлхтөн хэмнэлтэй хэмжээтэй юм хэрэглэж яваагаа хэзээ ч умартах ёсгүй юм байна. Энэ ойлголт орчин үеийн хронобиологи ,экологийн  үндсийг агуулсан глобальчлалын асуудал бөгөөд энэ нь эргээд интерграцчилах асуудалтайгаа уялдаж байдаг. Өөрөөр хэлбэл глобалчлал интерграцчилалын цаана цөлх ухаан нуугдана гэсэн нэгэн санаа.
 
Хүний тогтношиход гол зохицуулга болсон вегататив-ургал мэдрэлийн парасимпатик ба симпатик үйл ажиллагааг дагасан сэтгэл хөдлөлийн гол хоёр хэмнэл байдаг.  Парасимпатик сэрэхүйн “хайр”ын нөөцтэй байх боломжийг хангах бол симпатик сэрэхүйн чиглэлийг нь ашиглан зорьсон зорилготой, тохиолдох бүхнийг өөрийн биеийн бяр, сэтгэлийн бядаар давах чадалтай, өөртөө  итгэлтэй, ямагт ургашлах зориг эрмэлзлэлтэй, бахархах юмтай, цөлх ухаантай байх боломжтой юм.
 
Хайр нь  аядуу зөөлөн халамжлан хамгаалах арга бол  цөлх ухаан нь хориглон хамгаалах чиглэлтэй. Монгол хүний нутаг орон, эрхлэх хөдөлмөр цөөхүүлхэн хүмүүсийн хувьд  хоёр дахь арга нь бас их үүрэгтэй Үүнийхээ хүчээр одоо ийм газар нутагтай, хэл яриа, бичиг үсэгтэй улсын дайтай тусгаар улс яваа. Энэ нь өнөөгийн хэт нийгэмчлэгдсэн  амьдралын хэв маягтай  яг тохирохгүй ч үүнийг нэг нүүдэлчдийн соёл иргэншил гэж хүндэтгэн үздэг.
 
Аливаа бүхэн амар хялбар аргаар бүтэхгүй. Амьдрал гэдэг хурам дутамдаа цаг хугацаатай уралдаж байх учир үйл бүхэн сайн сайхан байдаггүй. Хорвоогийн сайн муу, сайхан муухай  ээлжилж л таарна  Амьдрал өөрөө ийм л юм.  “Уурласан бүхэн дайсан биш инээсэн бүхэн нөхөр биш” манайхан сургадаг. Энд өөрийн гэсэн сэтгэлийн дэнс хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эхлээд уужуу тайвуу давхар ухаанаар бодож,  дараа нь гүйлгүү ухаанаар болгоож боломгүй цагт цөлх ухаан зарах үе гардаг. Цөлх ухааны хамгийн эхний үе нь тэсвэр тэвчээр юм  Стрессс –зочирдол гэж их ярих болсон доо
 
Тэсвэр тэвчээр муутай хүн л хариу урвал зочирол. зочирдолд амархан ордог  Энэ зууны тэргүүн соён гэгээрүүлэгсдийн нэг Шри Шри Рави Шанкари “Стресс хоёрхон минут үргэлжилдэг” гэж сонинд ярилцлага өгсөн байна. Хоёрхон минут л хүлээж тэнцэж, тэсвэрлэж өнгөрөөх хэрэгтэй байх нь . Хүний амьдралын хугацаатай жишиж үзвэл мөн бага хугацаа яа.  Тэгтэл энэхэн хурамд л амьдралаа орвонгоор нь эргүүлчихдэг тохиолдол гардаг нь харамсалтайяа. Үүнд хүргэдэг цаг бусын сэтгэлийн хөөрлийг хэн хүнгүй дарж чаддаг байх хэрэгтэй.
 
“Уурлаж хэрэлдсэн хүмүүсийн ухаантай нь бууж өгдөг” гэдгээр хэн нэг нь буулт хийж зөөлрүүлж, зүгшрүүлж сэтгэлээ залах засах  бөхлөх,  зүүн гараараа баруун гараа барих хүртэлх аргуудад дадах нь зүйтэй. “Мэсийн үзүүр гурван хуруу сунадаг” гэдэг юм. Түүнийг яаран бүү барь. Хүн ганцаараа хэрэлдэнэ зодолдоно гэж үгүй. ”Мууг дагавал могойн хор” гэсэн сургаал бий Муу хүмүүс сайныгаа муу үйлд түлхэж оруулах нь цөөнгүй байдаг . Өөрийгөө хамгаал. Амиа давхар бодож бай.  Хүний муу харц, муу хэл ам, муу санаанаас болгоомжилж яв.  Уур уцаартай хүмүүс зараа шиг арзайн өрвөлзөж, орчноо тэмээ шиг сэвсэлж сөрөг энергээр шүршиж булж  байдаг. Тийм хүмүүсээс зай барьж бай.
 
Стрессийг дандаа саармагжуулах арга юм уу  эсвэл хүний сэтгэлийг хүлцэнгүйгээр барьж байх арга нь нугасны хаа төгсгөлд хөх толботой монголчуудын хувьд бүрэн зохистой ч арга биш байж болох юм. Амьдралд хатуу зөөлөн нь зэрэгцэж л байх болохоор хатуу зүйлийг давж гарах омог зоригийг монгол хүний хувьд өөрөөр хатуухан сануулсан байдлаар сургаж цөлх ухаан суулгадаг биз ээ  Хүүхдээр хурдан морь унуулдаг, аян жинд дагуулдаг,  алдууд мал эрүүлж хөдөө хээр хонуулдаг зэрэг нь хүнийг насан туршид нь бөөцийлөх гээд байдгаас өөр арга юм л даа.  Энэ бол байгал цаг уур, эрхлэх хөдөлмөртөө зохицсон монголчуудын ясны цөлх ухаан залах арга. байдаг.  Жишээ нь муухан шиг юм хийвэл ээж минь “Ургаш муутийг усан дотроос түймэр авдаг” гэж  зүйрлэн зэмлэдэгсэн.
 
Иймэрхүү сургаал нь муу амлаад муу ёрлоод байгаадаа биш, болдог, болж болох юманд сэтгэлийн хат суулгаж, цөлх ухаантай өсгөдөг арга юм. Монголчууд хүүхдийг эмээлгэхээс гадна хэрсүүжүүлэх аргыг их хэрэглэдэг.Тэгтэл өөрсдөө томоо сууж, хэрсүүжээгүй хүмүүс одоо хэрхэн үр хүүхдээ өсгөх вэ гэдэг том асуудал тулгарч байна. Ядаж хүүхдийг багаас нь “зөөлөн үг тоохтой, хатуу үг даахтай” болгож өсгөмөөр байдаг.  “Хатуу үг сонсгож  хааяа зандарч бай” гэж хэлчихдэг хүндээ би. Зарим хүмүүсийн номлолд таарахгүй ч байж магаддаггүй дээ .  Монголчууд “ хал нь гаднаа хайр нь дотроо” гэдэг дээ. Ингэж болзошгүй зүйлд жаахан хүч өгч хэрсүүжүүлж өсгөдөг. Юу юугүй гоморхоод л уйтгар гуниг гутралд автчихдаг өнөөгийн бие биенээ дуурайсан жүжиг кино шиг амьдралаас цөлх ухаанаар хамгаалах хэрэгтэй болсон байна. Энэ нь нөгөө талаас хэр баргийн юм даахаар өег өөдрөг сэтгэлийн тэнхээтэй өсгөх шаардлага гараад байна гэсэн үг
 
Их хайрыг сансрын хөлгийг хөөргөхөд ашиглах халуун цөмийн түлштэй адилтган зүйрлэвэл түүний ажиллагааны явцад үүсэх хөлгийг жинэхэн хөөргөх лугаа хүч нь зориг  болдог. Өөрөөр хэлбэл хайрын эрчим эсрэг тэнцвэржих эрчимээ талсжуулж  зориг болгодог Энэ нь хүнийг зоригжуулж тодорхой нарийн эрчимүүдийг татаж шингээж зорилготой амьдралд хөтөлдөг. Ийм хүн хүнээс сайхан муухай үг сонсох болоод  аливаа эерэг сөрөг сэтгэлийн хүчний нөлөөлөлд дагаад автаад байхгүй өөртөө дотроо жишиж дүгнэх хэмжүүртэй байдаг. Хүн бүр гарамгай хүн байх албагүй ч гол нь хүн байх, болбол хүн шиг  хүн байх хэрэгтэй. Хүнийг хүмүүжүүлэх сургах нь ийм л агуулгатай байх учиртай. Үүнд уламжлал, шинэчлэл аль аль нь хэрэгтэй.
 
Цөлх ухаан бол хүний амьдралын  орон зай цаг хугацааны мэдрэмжийг уян уужуу тайвуу болгодог. Иймд гадгаш дотгошоо дасан зохицох чадвар сайтай болгодог. Өөрөөр хэлбэл цөлх ухаан бол орон зай цаг хугацааны боломжийн төсөөлөл , баримжаа мэдрэмжтэй болгох зам мөр юм. Энэ замаар явахад хамгийн гол нь хүнд төдийлөн их нарийн боловсрол шаардагдахгүй , өөрт байгаа болоцоогоо дайчилж өөрийн оюун ухаанаа ашиглахад л байгаа юм Тэгээд л монголчууд “.жаргалд сэрэмжтэй зовлонд тэсвэртэй” бай гэж цаг ямагт сургаж ирсэн байна
 
Цөлх ухааны хамгийн энгийн төсөөлөл бол мөрөөрөө явах , мөрөө хөөхтэй болно ч гэдэг. Эс тэгвэл олон салаа амьдралын зам мөртөө будилж мэднэ. Цөлх ухаан бол зам мөр, мөрийн хөтөлбөр, бодь мөрийн зэрэг гэдэг шиг нэгэн янз “мөрөө хөөхтэй болгох” ухаан залах ухаан юм. Монголчуудад “мөрөө хөөхтэй болгох” арвин их арга ухаан бий. Түүнээс суралц. Тэнд хүүхдээ “хадны мангаагаар” айлгах бидний эмээ нарын бор аргаас эхлээд   айж  эмээхийн мэдрэмжтэй өсгөх, аливаа ажил үйлсэд хянамгай хэрсүү хандах, тэнгэр газартаа бие сэтгэлээ даатган ариусган бясалгах хүртэл  асар их арга ухаан бий
 
Аливаа ая таагүй нөхцөл байдал, ая зангаас зоригтой гарч бай. Үүний гол арга бол өөртөө үнэнч байх, үнэн ярих. Үнэнч явах нь эрх чөлөөтэй мөрөөрөө явах гол арга юм.  Өөрийгөө бүү хуур.  . Хуурах арга бол ойр зуурын хэрэглэдэг сэтгэл заслын хамгийн ядуу арга. Худалч хуурам хүмүүс эхлээд өөрийгөө хуурч өөрийгөө итгүүлдэг “Худалч хүний нээрэн олон…Хуурамч хүний хөөрхий олон” гэдэг дээ .Худлаа ярьдаг хүмүүс аюултай , тийм хүмүүс худлаа ярьж чаддаг учраас хүнийг гүтгэж чадна , пиар |PR| хийж  чадна .Ийм хүмүүс явж явж даамжирсаар хэцүүхэн цалманд   өөрсдийгөө оруулдаг аюул бий.
 
Ямар нэгэн зовлон бэрхшээлийн цаана түүнийг ялан дийлсэн бахархал, жаргал ирдэгийг хүмүүс мэдэрч тэвчээр гаргадаг. Тэр нь ахиад нэгийг давах бэлтгэл болдог.  Түүний цаана их бага хэмжээгээр зориг хүч өгч амьдралын баяр баясгалан авчирч байдаг. Олон төрөл ёг болон бие хамгаалах урлаг, шашин, аль ч ард түмний тайтгарах амирлах ийм зан үйл нь  сэтгэлээ ариусгах тайвшруулах ,бие сэтгэлийг нийлэмжтэй    хөглөх, өөрийгөө номхотгон, саад бэрхшээлийг даван туулж, улмаар амирлахуй бясалгахуйд хүрэх зорилготой.
 
Урам хугарах ,итгэл барагдах, тэвчээр алдагдхаар юм амьдралд зөндөө таарна Үүнд дандаа бухимдаж цухалдаж зочирдол- стресст орж амьдрал эрсдэж явдаг замаас аль болохоор зайлахад сэтгэл бөхлөх , залах засах , сэтгэл хөглөх сайхан монгол сургаал зан үйлээ ашиглаж сур. Энэ хүмүүст хоол шиг хэрэгтэй. Одоо бол бүр ч өл залгах лугаа хэрэгтэй.. Хуурч хоргомчлох үг яриа, зан үйл , бас түүнийгээ овсгоо самбаа гэж дэвэргэх , улмаар санаанд оромгүй, хүний үнэргүй ая зан гаргахаас болгоомжилж сэрэмжилж зайлж сур. Өвгөдийн ухаанаар бага наснаас нь чийр суулгаж ,өсөх насанд нь гүйлгүү ухааны шим суулгаваас бие гүйцэж ухаан тэлэхийн  цагт сэтгэлээ жолоодох цөлх  ухаан  хурна
 
Юм бүхэн таатай таашаалтай байх биш дээ. Хүний сэтгэлийг сайн муу аль нэг тийш нь хөдөлгөнө.   Үүний үр дүнд зөвшөөрөх татгалзах баярлах уурлах зэрэг сэтгэл хөдлөлөөр  ч юм уу, үг яриагаар илэрнэ. Сэтгэлийн сөрөг хөдөлгөөн их хүчтэй байх үед бидний одоогоор овоо судалсан даавар – эндофин гэдэг тайвшруулах бодис өөрөөс нь ялгаран  гарч сулруулдаг байна.Эндээс сулрахгүйгээр хамгийн сөрөг хүчтэй гардаг хариуг нь |реакци, стресс| ерөнхийлбөл шунал ба айдас юм.
 
Глобалчлал интерграцлал, хэмжээтэй хэмнэлтэй хэрэглээ, бөөмлөг ба долгионлог , өнчин тархи ба борогцоо булчирхай бие болоод сэтгэл, шунал ба айдас гэсэн хослол ухагдахууныг ойлгосны дараа шунал ба айдсыг давж чадвал цөлх ухаан болно гэж бүрэн ойлгоно. Цөлх ухаан бол болхи ухаан биш, цөлх ухаан бол цөхөрсөн сэтгэл биш-.  Энэ бол сэтгэлээ номхотгох арга   сэтгэл бөхлөх ухаан болно.Цөлх ухаан бол уужуу тайвуу хүлээцтэй тэсвэр тэвчээртэй байхын нэр. Одоо хүн төрөлхтөнд дэлхийн амьдралын болзошгүй нөхцөл байдалд дасан зохицох тэсвэрлэж гарах цөлх ухаан их хэрэгтэй болоод байна.
 
Бидний таван мэдрэхүйн босго өндөршсөөр улам ахин ахисаар өнөө цагийн соёл иргэншлэл , үйлдвэрлэл хэрэглээний энэ хэрийн хэмжээнд хүрч ирлээ. Энэ нь цаашид улам ихэссээр байна гэхэд нөгөө хэмжээтэй хэмнэлтэй баримжаатай дэлхий маань   баримжаандаа таарахгүй болж болох бөгөөд энэ глобал асуудлыг улам хурцатгахад хүрнэ. Энэ нь дэлхий маань дэнхэлзэж ,хүний амьдрал ганхалзаж мэдэх нээ.
 
Шунал ба айдас нь хүнийг хувиа бодсон, аминчхан, амьдралын нугачаанд амархан өртөмтгий давчуухан хүрээнд боймлон хорьдог.Тийм учраас хамгийн арчаагүй арга руу халитарч хулгайч, худалч болгодог. Ямарч байсан үр хүүхдээ худалч хулгайч болгохгүйг бодоцгоо. Жинэхэн тэвчээр, цөлх ухаан бол айдсыг устгадагүй саармагжуулах хүч нэмэгдүүлэх, сулруулах зэргээр сэтгэл залах засах аргуудаар даван туулдаг. Аймхай хулчгар хүний хамгаалах хариу урвал нь хүчтэй ажилладаг, өөр арга ухаан байдаггүй учраас юманд агшин зуурын шийдэмгий хатуу цээрлэл үзүүлэх, устгах  маягаар ханддаг.
 
Шунал хүнийг өөрийг нь яаж дарамталдагийг яст мэлхий шиг өөр дээрээ байшингаа дандаа үүрч явахаас ялгалгүй гэж жишсэн байдаг. Шуналгүй болоход эхлээд таван  мэдэрхүйгээ хянаж сурах хэрэгтэй. Үүнийг  монголчуудын багачуулдаа тэвчээр суулгадаг ”жимийлцэх” тоглоомоос ч эхэлж болно. Шуналын жинэхэн хориг бол хийж бүтээхийн чин эрмэлзлэл буюу өгөөмөр сэтгэл-өглөг , бусдад тус буян хийх, хүнд хэрэгтэй юм хийх явдал мөн.
 
Өнгөрөгч мянганы цагаа дагасан материалаг хэрэглээ нь хүмүүсийн шунаг сэтгэлийг их дэвэргэсэн тал байгаа. Шунал, дуураймал сэхүүн давилуун зан ихсэх төлөвтэй байна. Энэ нь үнэтэй юм үнэгүй юмыг ч ялгах мэдрэмж муудаж байна. Монголчуудын  энэ сайхан газар нутгаа яаж ашиглах нь зүйтэй вэ гэдэгт өөрсдийнх нь  бүү хэл соёлтой туршлагатай хүмүүсийн анхаарлыг татаж байна Миний мэдэхээр “Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолох”  “Чөмөггүй байж туг ширээ” “зуун ямаанд жаран ухна”гэх зэрэг ахуйдаа тохируулсан болгоомжтой сургаалууд их байдагсан.
 
Статистикийн үзүүлэлтээр монголчуудын импортын бүтээгдэхүүн архи тамхи, гуа сайхан үнэртэн сонортон,машин унааны зардал   гээд  их  тансаг хэрэглээний зориулалттай байгаа юм гэнэ лээ. Монголчууд амьжиргаа ныхаа  хэрэгцээнд малаа өрлөж алаад   улаан идээгээ базаах мөртлөө хэрэггүй хорхой шавьжинд гар хүрэхийг цээрлэдэг  шуналгүй өрөвч сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Аливаа юманд хэмжээ гэж байдаг, эрээ цээргүй хүмүүс олшрох нь амьдрах орчноо бузарлаж, шуналын сэдэлтэй муу муухай хэрэг, зан үйл ихсэх  гэмтэй “Усыг нь уувал ёсыг нь дагах нь” энгийн эрхэм сургамжийг дагваас гэмт хэрэг, авар, осол буурахаас эхлээд олон юманд хаалт болж чадна. Мэдлэг, мэдээлэл хэрэглээг  зөв зохистой  ашиглаж сурах нь  шуналыг тогтоон барих нэгэн арга байх учиртай.  “Шунал ихэдвэл шулам болно”  “Гэнэт идэх гэдсэнд цөвтэй, гэнэт баяжих насанд цөвтэй” гэж хэзээний үг байдгийг  санаж явахад илүүдэхгүй .
 
Идэж уухад шунах архинд шунах,  олзонд шунах, , хэтэрхий амирлангуй тансаг, бие амар байдалд шүлэнгтэн шунах нь их болбол монгол хүний нүнжиг муудна. Бас жинэхэн амьдралыг ойлгоогүй, суралцаагүйгээс зам зуурын зугаа цэнгэл амар тайван байдалд ташаарснаас хулгайч, завшигч,үнэт баялгыг цөлмөгч,  уудлан авилгагч, улс орноо худалдагч бүх  ёозгүй муу үйл шунал дагаж шургална Тэдэнд аягүй бол дэлхий ч эзэгнэх санаа төрж, дээлэн тодорхи бие нь ч багадаж мэдэх хүмүүс болно. Өнөөгийн бидний энэ үеийн  амьдралд шунаг сэтгэлийн далай цалгилж байгааг бодохуйд сэтгэл чихүүрхэж тэр бүхнийг тоочихоос зайлхийлээ.
 
Айдас бол бидний дотор тухайлбал дээрхи бичлэгүүдэд дурьдаад байгаа  тархи мэдрэлийн   тодорхой  хэсэгт хургаж байдаг хүний бие хамгаалах үйлийн нэг юм. Үүний хуримтлалыг эрмүүн  хүсэл, зориг тэвчээрээр  саармагжуул на. Айдас гэдэг чухамдаа өөрийнхөө  орчинд сэтгэлзүйн хэлээр бол сөрөг нэгэн янз байдал |археотип| хуралдуул чихаад байна гэсэн үг. Үүнийг монголчууд .”Сэжигээр өвдөж сүжигээр эдгэнэ” ч гэдэг. Дотор сэтгэл чинь ариусвал тэр алга болно  “Айж явбал аминд тустай” гэдэг  нь өөрийгөө хянах нэгэн сэтгэлгээний түвшин юм. Айж явахад аминд тустай нь тархины үйл ажиллагаагаа зөв зохицуулж явах, өөрөө өөрийгөө тайтгаруулж явах хэр хэмжээгээ бодолцож, болох болохгүй үйл рүү хөтлөгдчихгүй байх юм.  Манайхан “ичих булчирхайгүй” гэж ярьдаг даа. Үнэхээр  тархинд айж ичих ,цангах, цадах зэрэг нарийн үйлийг  тус тусдаа тусгайлан зохицуулдаг бөөм байдаг.  Завсрын тархинд ийм лав 50 гаруй бөөм байдаг тэдгээрийн томоохон дээр нь  нарны системийн гарагуудыг байрлуулан үздэгийг дээр дурьдсан. Эдгээрийн зарим бөөмийн үйл ажиллагаан дээр эрдэмийн цол хамгаалсан монгол эрдэмтэд нэг биш бий шүү.
 
Цөлх ухааны нөгөө талд бас өөртөө уян зөөлөн |симпати| байдлыг агуул. Энэ нь орчноо алсын алсад мэдрэх мэдрэмжээ хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Өнөө цагт сэвтээнгүй сэтгэл гэж  бараг үгүй болж. Юмыг өршөөж өгөөмөр бүр буяны сэтгэлээр хандаж сур. Үүнд өстөн дайснаа ч хүндэтгэн хайрлах, эерүү зөөлөн, өмгөрхөх сэтгэл нь аль муу муухайг уятуулж байхыг тэр гэх вэ
 
Харин бидний уян зөөлөн мэдрэмжээ хөгжүүлэхэд хамгийн их саад болдог зүйл бол бардамнал  юм. Энэ нь омогшил бахархалын түвшин хэм хэмжээ  нь буруу тогтношсон хүний зан төлөв болно. Энэ бол цөлх ухааны гажуудал. Өөрөө өөрийгөө өмөөрөх жинэхэн омог бардам өмөг зан бол тайтгарал, хүндлэл ухаарлын өмнүүр  сүүтэгнэх дотроо юу ч үгүй хоосон бардамналаас эрс ялгаатай. Монголчууд ийм үйлэнд хянамгай хандаж  “ Муу эр дайнд хөөрнө…” “Муу эр баахдаа бэртэнэ… “гэж баалдаг юм,  . Ийм хэтэдсэн онгироо сагсуу хүн өөрийгөө хянах чадваргүй болгодог. Бардамнал, басамжлал нь  хүнийг чинийх минийх гэсэн ойрын зайд эргэлдүүлэх нь олонтой.
 
Ер нь бол бахархлын дээд омог бардам зан нь хүнийг илүү ургашлуулж, олны дунд бие даасан, “өөрийн санасан өөртөө зөв” гэдгээр хэдийд ч гэсэн өөрийн гэсэн зөв амьдралтай явахад тустай. Омог бардам,бахархах юмтай “унаж байхад өндийх цаг байх” гэх   цөлх ухаантай байх явдал нь өөртөө вегетатив мэдрэлийнхээ симпатик мэдрэл гормоны – дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны тогтолцоог тогтношуулж  амьдралын эрчимээ хямагдах нэгэн талын том арга барил сууна гэсэн хэрэг.
 
Олон удаагийн дахин давтагдах зочируулгад дасан зохицохгүй бол стресс болж болзошгүй ч үүнээс сэргийлдэг сэтгэл бөхлөх залах засах арга их бий. Энэ аргууд аливаа ард түмний билэгдэл урлаг утга зохиол бие сэтгэлээ чийрэгжүүлэх болоод амьдрах арга ухааны зан үйлд тусгалаа олсон байдаг Миний энэ бичлэг ч энэ  бүхэн дээрээ үндэслэж байгаа.
 
“Гуниг гутрал уйтгар гурав бол төрсөн ах дүүс. Ганцаардлын үр сад. Хамгийн гэнэн цайлган, гэгээн ариухан нь гуниг. Хорлонтой хоржоонтой нь гутрал. Залхуу нь уйтгар.  Гуниг бол энхрий нялх,урьхан танхил. Гутрал бол бүдүүн хатуу. Уйтгар бол тэнэгдүү. Гуниг бусдаасаа шинэлэг. Гутралд он цагийн хөгц ,хуучны нэвширмэл үнэр шингээстэй  байдаг. Уйтгар бол гандуу өгөр даасан зэвхий саарал. Гуниг одохуйг.гутрал хагацахуйг, уйтгар мөхөхүйг зөгнөдөг.Гуниг нь нулимсны халуун илчийг зүрх рүү зөөж байдаг бол гутрал нулимсны шорвог амтаар хүчээ сэлбэхийг эрмэлздэг.Уйтгар бол нулимсыг цээжинд царцаадаг”  төрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр .”Амрагийн тэнгэр”. Стресс яаж биед шунаж шингэж дийлдэшгүй эмгэг гуниг уйтгар гутрал болдогийг, хор нөлөө нь хэрхэн илэрдэгийг бичсэн байна Зохиолчийн энэ мөрүүдийг сайтар ухаж ойлговол  сэтгэлийн архаг зочирдлыг хүний дотоод шүүрлийн гормон – дааврын үйлчилгэээгээр нь бичсэн байгааг ойлгож болохоор байна. Гутрал уналт болтол цээжин дотроо хатаахааса өмнө өөрийнхөө өгөөмөр сэтгэлээр хайлуулж уятуулж сэргийлж татаж  авч бай. Хэрэг болбол миний бичсэн “Бие сэтгэлээ чийрэгжүүлэхүй “ жижиг товхимлыг харж болно доо
 
Цөлх ухааны мэдрэмж муутай хэт аминчхан хүмүүс тансаглаж танхилдах зангаараа гул барьж орчноо тавгүйрхэл айдас хүйдсийн мананд хомроглон татах нь бий Одоо үүнээс хамгаалах аргыг  “дам эрсдэл” ээс хамгаалах гэж ч ярих болсон. Жишээ нь тамхи татдаг хүмүүс орчныхоо хүмүүсийг хордуулах, архичин согтуу хүмүүс ах дүү айл хөршөө үймүүлэх, үйлийн эрхээр өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүс дотны хүмүүстээ  гомдол зовлонгоо тулгаж   төвөг удах зэргийг дам эрсдэл гээд байгаа юм. Ийм хүмүүст өөрийгөө тайвшруулах, өөрийгөө итгүүлэх арга, бясалгалын хүчинд сэтгэл тавгүйрхэх, чихүүрхэх, хардах зэрэг. чилээрхсэн сэтгэл санаагаа саармагжуулж сатааруулж, “айх зовох хэцүү юм алга., энэ нь бидний сэтгэлд байна” гэсэн мэдрэмжтэй болох нь их өгөөмөр сэтгэл, их урам зориг өгнө
 
Өөрөөр хэлбэл ганцаардал, айдсыг өөрөө буй болгож байгаагаа мэдрэхээрээ өөрөө засахад амархан, өөр юу ч хэрэггүйг бүрэн ойлгодог.  Та зүгээр мөрөөрөө байя гэхнээ нь нэг юм чинь дутаад багадаад шунасхийгээд , бас нэг юм болохоо больчих гээд сэтгэл зовиноод айдас төрөөд байна уу Энэ бол зүгээр байх юм шүү дээ Үүнийг завинд салхи хэрэгтэй байдагтай адилтгаад харин салхины хүч ихэдвэл аюултай гэдэгтэй  л жишиж бодож, сэтгэлээ тантаж сур. Үүний адил таныг урагшлуулж хөгжүүлж яваа тав ба зургаа дахь дахь мэдрэхүйн ажиллагааг хангахад авах гээхийн ухаанаар хясал хүслээ тааруулж шунал ба айдсаа давж явах энгийн даацтай ухаан нь цөлх ухаан шүү гэдгийг сануулъя.
 
Сэтгэл ухааны жолоо гэдэг. Сэтгэлийг оюун санааны дархлалын зэвсэг гэвэл цөлх ухаан нь ухаан дархлалын нэгэн гол хэрэгслэл болно.Ийм хэрэгслэлгүй болчихвол оюун дархлалын хомсдол |ОДХ|- ухаангүйдэлд хүрнэ. Энэ нь ДОХ-оос ч илүү аюултай. Дорнын хөдөлгөөний урлагт цөлх ухааныг их нарийн чанад дэгтэй эсэргүүцэлтэй, дээд зэргээр тэвчээр шаардах дасгал сургуулилтаар явуулдаг. Заримдаа хүний биеэ хамгаалах боломжоос хэтэрсэн сорилго шүүлтийг явуулдаг. Эдгээр нь ихэд боловсорч тогтолцоонд орохоороо Энэтхэгийн ёг, Японы самуурай, Хятадын дао, монголын дайчин эрсийн замнал, өвөг хүн төрөлхтний үе үеийн бие хамгаалах болон байлдааны урлагууд болон алдаршиж ирсэн. Япончууд их цөлх ухаантай хүүхдийг их чинад өсгөж хүмүүжүүлдэг. Магадгүй монголчуудын хувьд эр зоригийн хийгээд цөлх ухааны давамгайлал илүү шаардлагатай байх болохоор гол шүтээнээ Очирваань бурхан гэдэг байх аа.
 
Өөртөө итгэлгүй хүн дандаа айдастай явдаг, намайг хүн тэгж хэлэх байх , би тэгж хохирох байх, би тэгж чадахгүй байх, тэр надаас дээр , би хүнд дээрэлхүүлээд байна ч гэдэг юм уу дандаа “айдас “ хуруулж явдаг хүн байна.  Сэтгэлийн тэвчээр тэнхэл муутай, хулчгар, түргэн зантай хүмүүсийг  хүнийг ёс журамтай явуулах нэг төрөл арга нь цөлх ухаан. Хүн  өөрөө байгаа боломж бололцоон дээрээ тогтношиж төрсөн ухаан сурсан дадлаараа өөрөө өөрийгөө танин мэдэж зөв үнэлж зөв зохицуулж сурах, аливааг даван туулах, өөрийгөө хамгаалах сэтгэлийн тэнхээ өөртөө суулгах нь чухал. Бас аливаа хэрэггүй юманд сэтгэлээ зовинуулчихаад гарч чаддаггүй яваад байдаг хүн байдаг. Үүнийг сэтгэл заслын олон арга түүний дотор шашны зан үйлээр засах нь олонтой.
 
Цөлх ухаан сууж, амьдралын эрчимээ тохируулж  хямагдахад  зориг омогшлыг тааруулууштай. Бас үүний жинэхэн зөв зохистой дэнсэнд үндэсний үзэл бодол, улс орны тусгаар тогтнол  хургаж байх бөлгөө.  Хүн энгийн амьдрал дундаа ердөө л жаахан тэсвэрлэчихэд болно шүү дээ. Эндээс гарах цөлх ухаан хатамжилсан омогшил өөрт нь чинь  бэлэн байдаг. Ялангуяа эрчүүдийн хулчгар арчаагүй зан, омогшил дутагмагшсаны нэг гай нь эрчүүдийн бэлгийн сулрал, борогцой булчирхайн дутагмагшил- сэтгэлийн гуниг гутрал  их байгаа нь  холбоотой ч  байж болох юм.  Монголчуудын хувьд энэ онцлоготой  байж болох шүү.
 
Хат  суусан монгол ухаан хүлээцтэй, “Бачуу хүний нудрага, ядуу хүнийг нудрахаас” өөр аргатай.   Одоо бол аливаа юманд хүлээцтэй хандлага муудаж дээ . Өдөр дутам замын түгжрэл, автын осол, цаг бусын үхэл зовлонгийн мэдээ дуулдах нь үүнийг гэрчлээд байгаа юм.  Ялангуяа байглын гамшиг, нийтийг хамарсан аюултай үзэгдэл их болсон энэ үед ард иргэд цөлх ухааны талаар  үг   сонсож     байгууштай   болжээ   Энэ нь  хүмүүсийн өөрсдийн нь хүчийг зохицуулахад хууль дүрэм тогтоол шийдвэрээс илүү өгөөжтэй ч байж болох
 
Бас болохгүй бүтэхгүйд цөлх ухаанаар уужуу тайвуу, шийдвэртэй байх нь заяаны түргэн зантай, цөс ихтэй хүмүүст  алт шиг үнэтэй. Чамайг хэн ч хайрлахгүй, энэ өргөст орчлонгоос өөрийгөө хүлээцтэй цөлх ухаанаар хамгаалж явах нь илүү оновчтой. Хүн бүхэн сэтгэлээрээ зэвсэглэж, цөлх ухаанаараа хатамжлаад жаахан аядуу, хүлээцтэй,  давхар ухаантай бай.  Юу юугүй сайн муу хоёр тийшээ савчаад байж хэрэггүй. Хийх үйлийн үр бүхэн чинь давхар ухаантай байг. Хэдхэн секунд, хэдэн цаг хэдхэн хоногийн, жилийн дараа ер нь хэдийд нь ч юм бэ хүмүүний олон шалтгаант амьдрал чамайг “амжилт чамайг тосож байдаг ч алдаа чамайг отож байдаг “ гэдгээр хэзээ нэгэн цагт  нэгэн янзаар сэгсчиж мэдэх учир тэнжвэртэй тогтвортой бай.
 
Ямарч хүнд ажил амьдрал бүтэлгүй байх гутарч гундах үе гарна Энэ үед дотор хүнтэйгээ сайн зөвшилцөж, арай уужуу зайд гүйлгүү бодож давхар ухаан зарж цаашдын арга зам –программ- хөтөлбөрөө зөв тогтоож бэхжүүлж зөв шийдэлд хүрэх боломжтой хувилбар арга ухаантай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аливаа юмыг хол ойрын хаядалтай нь бодож цэгнэж тааруулж чаддаг бол. Юм бүхний хүн бүхний энэ алсын  оронлог чанар нь биеийнхээ гүн рүүгээ хийгээд  гадагшаа сансар огторгуй. орчлон ертөнц  хязгааргүй тийшээ холбоотой гэсэн сэтгэлийн тухай  ойлголтыг дорнын арга ухаан багаас  нь олгодог. Тэгээд  “Хатуу сэтгэл хань болно” гэж хэлж сургадаг
 
Дэлхийд 2020 иод онд болох сүйрэл -коллапс  нь дэлхийн соронзон орны туйл солигдох тухай яриа байгаа хийгээд соронзон долгионд чанар ихэсэх нь хүний нарийн мэдрэл сэтгэхүй, далд ухамсарт үнэхээрийн нөлөөлөх илүү магадлалтэй гэж үзэж байна. Ийм бүхнийг бодолцвол эцэг эхчүүд үр хүүхдээ сэтгэл хангалуун, бахархах юмтай, зориг бардам, хэрсүү цөлх, ухаантай зөв өсгөх нь амьдралын мөн ч олон саад бэрхшээлийг даван туулна даа.
 
Итгэж  ядсан хүлээлт, гуниг хурсан сэтгэл, арга ядсан  амьдралыг дуулан толгойгоо гудайлгаж явснаас  доторхи бахархал омогшлоороо өөрийгөө өргөж, цөлх ухаан зарж, өөрөөсөө, сэтгэлээсээ өөртөө гэгээлэг ертөнцийг буй болгож амьдралд тэмцэх чадвартай яваарай.  Амьдрал бол тэмцэл.
 
 Д.ДУЛМАА (Судлаач)