sonin.mn
УЛААН-ҮҮД./GAZETA-N1.RU/. 8 дугаар сарын 10-нд Байгаль нуурын асуудлаар хийсэн хэвлэлийн хурал дээр Буриадын Сенатч асан Арнольд Тулохонов цочирдом мэдэгдлийг хийжээ. “Бүгдээрээ л УЦС-ыг барихыг хориглох тухай яриад байх юм. Харин үнэн хэрэг дээрээ бол монголчуудын түмэн зөв. Тэд сайн сайхан амьдрахыг хүсч байгааг нь би дэмжиж байна. Орос хуваалцах ёстой гэдгээ ойлгохгүй байгаа бол УЦС-аа монголчууд барьсан нь дээр” хэмээн Сенатч асан хэлжээ.
 
Эрдэмтэн А.Тулохонов оросууд хөршүүддээ тэгш бус ханддаг, тийм болохоор хамтран ажиллахад яаж бэлэн байх юм бэ гэж өөрийн байр сууриа тайлбарлажээ.
 
“Дэлхий даяар бүгдээрээ л хуваалцаж байна, тиймээс бид ч гэсэн хуваалцах ёстой, тэгээд ч бид усаа Монголоос авч байгаа шүү дээ. Орос улс 1 кВт цахилгаанаа 12 рублиэр Монголчуудад зарж монголчуудыг шулж байгааг харин би ойлгохгүй байна. Тэгсэн мөртлөө Хятадуудад болохоор цахилгаанаа өртгөөр нь зараад байдаг, харин монголчуудаас болохоор ашиг хонжоо хайгаад байдаг. Гэтэл монголчууд чинь ердөө гуравхан сая хүнтэй, Эрхүү мужаас ч бага хүнтэй”. Тэгэхээр дахин хэлье: Оросыг хуваалцдаг болгох хэрэгтэй” гэж Сенатч асан бухимдан хэлжээ.
 
Эрдэмтэн академчийн үзэж байгаагаар, Эрхүү муж цахилгаанаа Монголд нийлүүлэх бас нэг хувилбар байгаа аж.
 
Эрхүү мужийн захирагч Левченко “Бид цахилгаан нийлүүлэхэд бэлэн, гэхдээ нийлүүлэхийн тулд цахилгаан дамжуулах шугам барих хэрэгтэй болно. Эрхүү муж ЦДШ барихгүй, үүнийг холбооны улс хийх ёстой, харин холбооны улс болохоор мөнгөө хэмнээд байгаа. Тэдэнд ЦДШ барихын оронд цахилгаанаа илүү үнэтэй зарах нь амар байгаа юм” гэж хэлснийг Сенатч асан Арнольд Тулохонов иш татан хэлжээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг