sonin.mn
Хоёр ч удаа Өвөрмонголын Хөх хотын Их сургуулийн сэтгүүлч болохоор завдаж байгаа оюутан залуусыг аваад зуны дэлгэр сайхан цагаар Архангай, Өвөрхангай аймгийн түүх дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газар, уржнан их эзэн Чингис хааныхаа төрж өссөн нутаг усаар Онон мөрнийг гаталж, Дэлүүн Болдогоор аялууллаа. Үнэхээр тэд монгол хүн болж төрсөнөөрөө бахархаж, нүдэнд нь оч харваж байхыг харсан. "Эзэн хааны минь голомт шүү, бидний хөгшид насаараа хүсэж мөрөөдөөд очиж чадаагүй юм, хүүхдүүд та нар азтай улс, бидний өмнөөс уул хайрхан, гол мөрөн усанд нь залбирч мөргөөд ирээрэй" гэж захисан гэцгээдэг. Сайхан сэтгэгдэлтэй буцдаг ч нэгэн зүйлийн асар их гомдлыг зүрхэндээ тээсээр буцдаг. Тэр нь юу вэ? гэхлээр очсон газар бүрт, Улаанбаатараас эхлээд сум, аймгийн төв, хөдөөгийн наад захын айлд ороход л "Аа хужаанууд явж байгаа юмуу, хужаанууд, хужаа хүүхэн..." гэсэн үгс дуулдана. Аяны хөтөч болж яваа багш бид тэр бүдүүлэгүүдийн өмнөөс эмзэглэнэ. Хужаа гэсэн үгэнд 21 хоногийн турш эргэлдсээр хээрийн дадлага дуусаж, үдэж өгөхөд ч вокзал дээр сонсоно. Охид их эмзэг. Тэд энэ үгийг сонсоод "Ямар муухай юм бэ? бид чинь адилхан монголчууд шүү дээ, яагаад биднийг ингэж нэрлэдэг юм бэ?" гээд гомдоно, уйлах нь энүүхэнд. Энэ хараал болчихсон үг зүрх рүү их эмзэг шивдэг юм билээ. Урамтай, баяр хөөрөөр цалгиж ирээд усан нүдлээд буцвал хэнд аятайхан байхав. Мөн Шинжааны монголчууд буюу тэндэхийн торгууд чинь Монголын гэсэн түүх соёлоо эрхэмлэн дээдэлдэг, нүд сэтгэл нь наашаа биднээс илүү ёс төртэй монголчууд болохыг мэдэрсэн. Хүн явж байж ойлгоно, ухаажина. Захын хүүхдүүд товшуурдаж, "Жангарыг" хайлна. Морин хуураар чадмаг тоглоно. Үр хүүхдээ Монгол Улсын нийслэл Улаанбаатарт сурч байгаа гэж хэлүүлэх шиг аз жаргал байхгүй гэлцэнэ, тийм хувь ховор бололтой. Бидний АНУ-ын Харвард, Стенфордод сурч байгаа гэдэг шиг л. Дээш, доошоо хөөцөлдөж байгаад яаж ийгээд Монголдоо очсон чинь онгоцны буудлаас л "хужаа" гээд угтсан, буудалд буухад ч, хооллоход ч мөн л нөгөө хужаа гэж дуудна. Бид яахав, өөр аялгаар ярина л даа. Гэвч бидний судсаар монгол цус урсаж байгаа гэдгийг яагаад мэддэггүй юм бэ? гэлцэнэ. Ер нь энэ ХУЖАА гэдэг үгийг дуртай болгон нь амнаасаа унагаж, бүр УИХ дээр ч унагаж л байх юм. Үүнийг хэлснээр хэн юу хожих юм бэ? Ингэснээрээ эх оронч болчихгүй, ингэснээрээ тусгаар тогтнолоо хамгаалах уу? Ялангуяа элэг нэгт ахан дүүсээ шороогоор булж хөөсөнтэй адил юм билээ гэдгийг залуус маань эрхбиш эргэцүүлээсэй. Өвөрмонголын эх орончид 1911 оны үндэсний хувьсгалд мартагдашгүй хувь нэмэр оруулсан. Харчин гүн Хайсан Хүрээнд ирснээр чухал үүрэг гүйцэтгэсэн. Баргын хошууг дагуулаад орж ирсэн Манлай баатар Дамдинсүрэнгээ ярих нь илүүц биз. Ховдыг манжаас чөлөөлөхөд халх, цахар, баргаас эхлээд, торгууд, дөрвөд, баяд гээд Их монголчуудын бүх баатрууд цугларсан. Эрэлхэг баатар Тогтох тайж, харчин гүн Бавуужав гээд тоочоод баршгүй гавьяатан бий. Бавуужавыг хулгайч дээрэмчин, тонуулчин гэж цоллосоор ирсэн, хятадын түүхэнд одоо ч тийм үг байгаа. Харин япончуудын түүхийн номонд Чингисийн дараачийн их баатар гэсэн үг бий. Их Монголоо гэж явсаар л дууссан. Яахав, "Баатар болгон алдаатай, басчиг нүгэлтэй" алдаа байлгүй яахав, догшин ширүүн авиртай байсан ч их Монголдоо бүгд нэгдэх ёстой гэж улайран зүтгэгч, тэмцэгчийн нэг. 1ОО гаруй жилийн өмнө Өвөр монголын 49 хошууны 36 хошуу нь эргэлзэх юмгүй Богд хаант Монголдоо нэгдье гэцгээн тэмүүлж байсныг хэн ч мэдэх байх. "Ах дүү монголчууд маань эдийн засгийн хувьд хүнд хэцүү байна, цагаан сараар монголчуудаасаа бэлэг авцгаая" гэсэн элэг зөөллөм санаа гаргаж л байсан. Ташрамд хэлэхэд, АР МОНГОЛ гэдэг хэллэг чинь аль автономитын үеийн үг шүү.Ингэж ярьж, бичиж болохгүй ээ. 
ХУЖАА гэх үгийг хэн хүн амныхаа зоргоороо хашгирснаар, ингэж цололсноор эх орноо хамгаалж байгаа биш, харин ч эгдүүцэл зэвүүцлийг төрүүлж, хэн хүний сэтгэлд ан цав гаргаж байгаа хараал юм. Ялангуяа элэг нэгт өвөрмонголчуудыгаа...
 
До.Цэнджав