sonin.mn
Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн их эмч, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Г.Үржинхандтай ярилцлаа.
Хоолойны махаа авахуулсны дараа дахин ургахгүй
 
-Сүүлийн үед бага насны хүүхдүүд хоолой болон хамрын махаа авахуулж байна. Энэ талаар манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юү?
 
-Манай оронд хүйтэн сэрүүн улиралд хамар, хоолойн өвчлөл ихэссэн. Хамар, хоолойн өвчлөл дотор гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл буюу хоолойн өвчин ихэнхдээ тохиолдож байна. Хүний хоолойг тойрсон зургаан булчирхай бий. Энэ булчирхай нь захын дархлааны эрхтэн ба эрүүл үед бага зэргийн дархлалын эсийг ялгаруулдаг. Агаарын бохирдол, ахуй амьдрал ядуу буурай, хоолны илчлэг чанар биеийн дархлаа суларснаас энз булчирхай үүргээ биелүүлж чадахгүй өвчилж нян үржсэнээр хор ялгаруулж байна. Энэ хор цусаар дамжин холбогч эдийг үрэвсүүлдэг. Тухайлбал, үеийн холбоос, зүрхний хавхлага гэмтсэнээс хоолойны өвчин үе мөчинд ордог. Үүнээс болж гуйлсэн булчирхайд мэс засал хийдэг. Хорхойтой шүдийг эмчлүүлж, ломбо хийлгээгүйгээс тэнд хоол хүнсний үлдэгдэл орж янз бүрийн нян үржсэнээр амнаас, эвгүй үнэр гардаг.
 
-Тэгвэл энэ тохиолдолд хэрхэн эмчлэх вэ?
 
-Зарим хүн хоолойны мах авахыг буруу гэж эсэргүүцдэг. Ардын, дорно дахины эмчилгээнийхэн “Хоолойны мах хүнд байдаг эрхтэн. Янз бүрийн эс ялгаруулдаг учраас авах  буруу" гэдэг. Хавдар үүсэх нь хоолойны мах ахуулсантай холбоотой гэсэн яриа байдаг. Ардын эмчилгээнд алт, мөнгөн зүү тавьж эмчлэх санал тавьдаг. Хоолойны мах аваагүй байхад ийм байсан, авсны дараа тэгсэн гэсэн судалгаа байдаггүй. Тэгэхээр бид дэлхий нийтээр хэрэглэж байгаа гүйлсэн булчирхайг  мэс заслын аргаар авах эмчилгээ хийж байна. Ер нь энэ эмчилгээнээс татгалзаагүй. Хоолойны махыг хоёр заалтаар авдаг. Нэгдүгээрт, гүйлсэн булчирхай хэтэрхий том хэмжээтэй байх, эсвэл олон дахин үрэвсч  өвдсөн тохиолдолд мэс засал хийнэ. Архаг  үрэвслийн үед гүйлсэн булчирхай өвдөхдөө ойр орчмын эрхтэнг үрэвсүүлэх, байнга өндөр  халуурч, хордлогын шинж тэмдэг илрэх, гүйлсэн булчирхайн өвчний улмаас хичээлээс  завсардах нь жилд хэдэн удаа байна вэ гэдгээс, шалтгаалан мэс заслаар авах заалттай.
 
-Хоолойны мах авахуулсны дараа дахин ургадаг гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү?
 
-Гүйлсэн булчирхай дахин ургана гэж байхгүй. Энэ булчирхай дотроо булчирхайлаг эдүүдээс тогтсон гаднаа капсултай эрхтэн учраас үлдэж болно. Булчирхайг капсулынх нь гадуур авдаг болохоор булчирхайлаг эдээс нь үлдээд өвдөхөөр дахин томордог. Үүнийг манайхан дахин ургалаа гэж ойлгодог. Унтуулгатай мэс засал хийсэн хүүхдийн ам залгиур хэвийн онгойж байгаа үед үлдэнэ гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ гүйлсэн булчирхай хэтэрхий том байвал талыг нь үлдээгээд талыг нь авдаг. Энэ аргыг манайх хэрэглэдэггүй.
 
-Ханиад, хатгаатай үед яагаад хоолойны махыг авахуулж боддоггүй юм бэ?
 
-Хоолойны мах авах ньхүүхдийг архаг өвннөөс нь эрүүлжүүлж байгаа хэрэг юм. Хагалгаанд орохдоо унтуулгатай ордог. Эмч заавал эрүүл, амьсгалын замын өвчингүй, бусад эрхтэн системийн архаг өвннийг эрүүлжүүлсний дараа хагалгаанд оруулдаг. Тиймээс ханиад, хатгаатай хүүхдэд мэс  засал хийдэггүй. Архаг өвчтэй хүүхэд хагалгаанд орвол хүндрэлтэйгээс гадна амь насанд нь халтай.
 
Хүүхдийн хамар битүүрснээс чих өвддөг
 
-Нярай хүүхдийн чих өвдсөнийг яаж мэдэх вэ. Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
 
-Чих өвдсөн хүүхэд тавгүйтэж уйлна, хөхөө хөхөхгүй, сүүгээ залгих үед гэнэт орилох, толгойгоо гэдийж уйлна. Энэ шинж тэмдэг илрэхгүй далд хэлбэрээр үрэвсэх нь бий. Энэ үед нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
 
-Эцэг, эхчүүд анхан шатны ямар эмчилгээ хийх ёстой вэ?
 
-Чих, хамар, хоолой хоорондоо холбоотой. Хоолой ямар нэгэн бактераар өвчилж, хамар битүүрэхэд дунд чих өвдөнө. Чихний хөндий хамартай сонсголын гуурсаар холбоотой байдаг. Энгийн үгээр хэлэхэд хамраар орсон згаар дунд чихний хөндийг агааржуулж  өгдөг. Чих өвдөнө гэдэг хамар битүүрснээс болж  чихний хөндийд агаар очоогүйгээс үрэвсэл үүсч хэнгэргэн хальсан дээр хүчтэй даралт өгснөөр зовиурлахыг хэлдэг. Хүүхдийн хамар битүүрвэл чих өвдөнө гэдгийг залуу эцэг, эхчүүд ойлгох хэрэгтэй. Нярай хүүхэд орчинтойгоо дасах хамгийн эхний үе нь хамраар агаар авах юм. Гэтэл агаарын бохирдолттой ийм нөхцөлд хамрын салст бүрхэвчийг гэмтээдэг. Цаашид дунд чихэнд үрэвсэл үүсч, тархинд очиж байгаа хүчилтөрөгчийн хэмжээ ямар байх нь ойлгомжтой. Энэ нь бидний биш нийгмийн асуудал болж байна. Бид хэчнээн антибиотекоор эмчлээд яах юм, хор шүү дээ. Агаарын энэ хорыг шүүхийн тулд хамар ажиллаж байдаг. Хамрын салст өвдчихвөл агаарыг шүүж чадахгүй. Үүнээс болж дунд чихний үрэвсэл, тархины даралттай хүүхэд олон боллоо. Мөн эрхтэн системийн янз бүрийн гажиг элбэг байна.
 
-Хүүхдийн чих өвдсөн тохиолдолд бүлээн жин тавьдаг шүү дээ. Энэ хэр  үр дүнтэй вэ?
 
-Өвдөлт эхэлж байгаа үед дулааны эмчилгээ хийснээр судас тэлж өвчнийг намдаадаг ч үрэвслийн эсрэг эмчилгээ биш.
 
-Заримдаа хүүхдийн чихнээс булаг гоождог. Энэ нь юутай холбоотой вэ?
 
-Чих  үрэвссэнээс идээ болж, хэнгэрэг цоорсноос  булаг гоождог. Ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Хамгийн энгийн арга бол хуурайшуулах буюу чихнийхээ хөндийг шүдэнзний модонд хөвөн ороож байгаад цэвэрлэнэ. Төгс эмчилгээ нь хэнгэргийн хальсыг нөхөх мэс засал юм. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчлүүлэхгүй бол жил ирэх тусам аажим аажмаар сонсгол суларч дүлий болдог. Хэнгэрэг нөхөх мзс заслыг хийхдээ чихний ямар үрэвсэл байна гэдгийг тодорхойлно. Чихний үрэвсэл дотроо олон янз шүү дээ.
 
Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин