sonin.mn
Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих төвийн ахлах багш, хошууч Б.Энхцагийг энэ удаагийн дугаартаа онцолж байна. Ажиллагааны өмнөх бэлтгэл, “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих сургууль болоод НҮБ-ын дамжаа бүрийн ард тэр голлох үүрэг гүйцэтгэж байдаг манай салбарын шилдэг офицеруудын нэг юм.
 
-Монголчууд бид хамгийн эхэнд амар мэндээ асууж, нутаг усаа мэдэлцдэг ёсонтой. Б.Энхцаг хошууч Та аль нутгийнх вэ?
 
-Манай Зэвсэгт хүчнийхний шимтэн уншдаг сонинд намайг урьж оролцуулж байгаад баярлалаа. Би хүчтний өлгий нутаг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат. Төрж өссөн нутгаа хүчтний өлгий гэж тодотгох дуртай. Манай нутгаас алдар цуутай олон сайхан аварга төрсөн учраас ингэж хүндэтгэхээс өөр яах билээ. Аав, ээж маань одоо ч гэсэн сумандаа ажиллаж амьдарч байгаа, нутагтаа аварга малчин, саальчин, хөдөлмөрч гэдгээрээ алдартай сайхан буурлууд бий. Эцэг эхээс есүүлээ. Хамгийн бага дүү 29 настай, бүгд өөр, өөрийн гэсэн амьдралаа зохиосон эрчүүд, бүсгүйчүүд байна даа.
 
-Хугацаат цэргийн албанаас Зэвсэгт хүчний эгнээнд нэгдсэн гэж сонссон. Байлдагч байхдаа цэргийн хүн болно гэсэн төлөвшил суусан байж таарах нь?
 
-Энэ бас их түүхтэй. 10 дугаар ангиа төгсөөд түүхч эсвэл багш болно гэсэн мөрөөдлийнхөө төлөө МУИС-д шалгалт өгөхөд эхний дөрөвт орчихоод байлаа. Сургуулиас эхний гурван хүүхдийг л авсан. Нэгэнт хүссэн мэргэжлээрээ суралцаж чадаагүй учраас дараа жилийн конкурсыг хүлээж гэртээ өнжлөө. Аав, ээждээ тусалж мал маллалаа. Тэр үед манай үеийнхэн хугацаат цэргийн албанд хуйгаараа явцгаасан. Халагдаж ирээд цэргийн албыг бахархаж яриад л. “Чи явбал түрүүч бол найдвартай болно. Яваад үз” гэж ятгаж байна. Оргилуун залуу явсныг ч хэлэх үү, аав, ээждээ хэлчихээд хугацаат цэргийн албанд татагдаж байсан түүхтэй. Архангай аймгийн Батцэнгэл сумаас нийслэл дэх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хуваарилагдаж байсан нь өнөөдрийн цэргийн алба хаагч болох үндэс суурь болсон юм даа. Тэр үед Зэвсэгт хүчний 032 дугаар ангид бригадын генерал Л.Онцгойбаяр ахлах дэслэгч цолтой ротын захирагч, залуухан офицер тосч авсан юмдаг. Ротын захирагч хугацаат цэргийн албанд татагдсан биднийг эгнэн жагсаачихаад эхнээс нь “Чи хүндэт харуул руу, чи харуулын рот руу” гэж хуваарилж байна аа. Над дээр ирлээ. Зориг гаргаад “Би хүндэт харуулын рот руу орж болох уу. Хүндэт харуул л болмоор байна” гэлээ. Тэгсэн сүрхий харснаа “Чиний чих хулгар, хөл майга байна. Хүндэт харуулд таарахгүй. Харин харуулын тасгийн дарга бол” гээд хүндэт харуул болно гэж хөөрцөглөж байсныг маань бодит нөхцөл байдалд нь тааруулж ёстой нэг айхтар дүгнэж билээ. Хөдөө морь унаж өссөн хүүхэд майга, үеийн хөвгүүдтэйгээ барилдаж өссөн хүүхэд хулгар байхаас ч яах билээ. Тэгж л би хугацаат цэргийн албаа хаачихаад хүсэл мөрөөдлөөрөө БХИС-д шалгалт өгч, сонсогч болж байснаа өнөөдөр танд хуучлан дурсах сайхан байна. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн олон сайхан дарга нар, БХИС-ийн багш нараас цэргийн эрдмийн олон зүйлийг сурчээ.
 
-Бусад цэргийн алба хаагчийн адилаар олон анги, байгууллагад томилогдож ажилласан байх. Энэ тухайгаа хуучлахгүй юу?
 
-Харин ч олон анги, байгууллагад ажиллаагүй. 2000-2001 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид байлдагч, 2001-2005 онд ҮБХИС-д сонсогч, 2005-2011 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид, 2011 оноос өнөөг хүртэл Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид томилогдон үүрэг гүйцэтгэж байна. Эргээд харахад миний сурч, ажиллаж байсан бүх үе амьдралын маань сайхан үеүдийн нэг юм. Олон сайхан дарга, багш нартай хамт ажилласан. Одоо ч ажиллаж байна. Хүнд ажил мэргэжилдээ шамдахад, идэвх зүтгэлтэй байхад, санаачилгатай ажиллахад удирдлага, хүрээлэл хамгийн чухал байдаг юм. Зэвсэгт хүчний 186 дугаар ангид олон жил салааны захирагчаар ажилласан болоод ч тэр үү гадуур явж байхад халагдсан цэргүүд таараад “Салааны захирагч аа, танд их баярладаг шүү. Таны удирдлагад байхдаа олон сайхан зүйл сурсан” гэж хүндэтгэл үзүүлээд гар барих нь ямар сайхан гээч. Амьдрал өөрөө тэр чигтээ дурсамж болохоор байлдагч байснаа, салааны захирагч байснаа бодоход сайхан байдаг юм.
 
-Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид хариуцлагатай ажил албыг хашиж байна. Олон улсын сургуулиуд, ажиллагааны өмнөх бэлтгэл зэргийн ард та болоод танай багш нар байдаг?
 
-2011 оноос Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн Энхийг дэмжих төвд багш, ахлах багшаар ажиллаж байна. Мэдээж эндээс их зүйл сурч, олон найз нөхөдтэй ч болж байна. Манай төвд цэргийн алба хаагчдын сургалт бэлтгэлийг явуулаад зогсохгүй олон улсын сургууль, батлан хамгаалах салбарын энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлага явагддаг. Зэвсэгт хүчний Сургалтын төв байгуулагдсан нь Монгол Улсын Зэвсэгт хүчинд багагүй ололт, амжилтыг авчирч байна шүү дээ. Гадаад, дотоодын цэргийн алба хаагчид хамтарч ажиллах, харилцан туршлага солилцох, нэгнээсээ сурах өргөн боломжийг нээж өгч байна. Ач тусын талаар яривал мэдээж их.
Та ч гэсэн санал нэгдэх байх.
 
-Тийм ээ. 
 
-Дээр хэлсэнчлэн манай төвийн багш нар ажиллагааны өмнөх бэлтгэлээс эхлээд олон сургалт, дадлагыг нугалж байна. “Ам нээвэл, уушиг нээ” гэдэг шиг багш нарынхаа тухай яривал их зүйл бий. Миний хувьд гадаад орнуудын тэр дундаа Австралийн энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд зочлоход бүхэл бүтэн институт байсан.
 
Юу гэхээр эрдэм шинжилгээ судалгаа, ажиллагааны болон цагийн байдлын дүгнэлт, сургалтын стандарт, үнэлгээ, дадлага гээд бүгд цогцоороо байсан. Хойшдоо энэ чиглэл рүү хөгжүүлэх ёстой. Хэдийгээр орон тоо батлагдсан байдаг ч бодит байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж чадахгүй, зарим ажлын байр эзэн биегүй байгаа нь нууц биш. Манай улс энхийг дэмжих оролцоогоо нэмэгдүүлэхийн хэрээр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн хөгжилд анхаарах ёстой. 
 
Өнөөдөр манай багш нар цөөхүүлээ ч гэсэн ямар ч гомдол санал гэлгүй чадахаараа л зүтгэж байна. Гэхдээ эцсийн дүндээ багш нар цөөн эсэх нь чухал биш. Зөвхөн ажиллагааны газар оронд аюул, эрсдэл учирвал түүнийг давах чадварыг манай цэргийн алба хаагчид эзэмшсэн байх нь хамгийн чухал. Тэр талаас нь хичээж ажилладаг. “Цэргийн багууд үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ” гэдэг үг бидэнд ямар сайхан сонсогддог гээч. Энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэл бүрийн цаана бидний удирдаж явуулсан сургалт, бэлтгэл байдаг учраас санаа, сэтгэлээ үргэлж чилээж явах юм байна шүү дээ.
 
-Ахлах багш өөрөө энхийг дэмжих ажиллагаанд хэдэн удаа оролцов?
 
-НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд хоёр /Сьерра-Леон, Өмнөд Судан/, Афганистан улсад хоёр удаа үүрэг гүйцэтгэсэн.
 
-Таны англи хэл эзэмшсэн түүх чинь их сонин санагдсан. Уйгагүй зүтгэл бүр амжилт дагуулна?
 
-2006-2007 онд Афганистан улсад явагдсан “Тогтвортой эрх чөлөө ажиллагаа”-нд үүрэг гүйцэтгэхдээ англи хэлийг бие дааж сурсан. Тэр үед энхийг сахиулагчдыг иргэний нисэхээр тээвэрлэдэг байсан болохоор сууж босоход хүртэл орчуулагчийн тусламж хэрэгтэй болдог байсан. Тэгээд залуу хүн ийм байж болохгүй гээд л Афганистанд очоод өдөрт 20 үг цээжилж эхэлсэн. Үүнээс 10 үгийг нь өгүүлбэрт оруулж цээжилнэ. Ингээд ойр зуурхан юм ярьж сурсан. Ажиллагаанаас ирээд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид байхдаа ЗХЖШ-ын Гадаад хэлний төвд үргэлжлүүлэн суралцсан байгаа.
 
-Танай багш нар долоо хоног бүрийн лхагва гаригт англиар ярьдаг юм байна?
 
-Тийм ээ. Энхийг дэмжих ажиллагааны төвд ажиллаж байгаа хүн бүр англиар ярьдаг байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Хэрэв шинээр томилогдож ирсэн бол дотооддоо сургана, дамжаанд хамруулна. Бид өөрсдөө англиар чөлөөтэй ярьж, бичиж байж олон улсын сургуулиудад багшлах нь зүйн хэрэг шүү дээ.
 
-Ярилцлагынхаа төгсгөлд ар талыг тань дааж яваа гэргийгээ танилцуулахгүй юу?
 
-Манай хүн цэргийн хүн. Зэвсэгт хүчний 013 дугаар ангид ажиллаж байгаа, ахлах ахлагч М.Мөнгөнцэцэг гээд бүсгүй бий. Бид хүү, охинтой. Хань маань Хилийн цэргийн дээд сургуулийг төгссөн ч намайг дагаад Зэвсэгт хүчинд өөрийн хөдөлмөр, зүтгэлээ зориулж яваа сайхан эмэгтэй юм.
 
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин