Ж.Оджаргал, Ж.Од нарын хувьчилж авсан хуучнаар Зүүнхараагийн спиртын завод буюу "Спирт Бал Бурам" хувьцаат компани, "Зүүнхараа трейд" хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирал, улмаар "М-Си-Эс" группийн архи, пиво, ундааны үйлдвэрлэл хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Лхагваагийн Элдэв-Очир гэх эрхэм 2014 оны 1 сарын 15-нд Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга болж, их улс төрд орсон билээ.
Харамсалтай нь улс төрд орсноосоо хойш түүний хэлж ярьсан зүйлс дотор хөгжил дэвшлийн тухай санаа гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай сөрөг агуулгатай яриа их байгаа нь харамсалтай. Тодруулбал Л.Элдэв-Очир  2016 оны 6 сарын 18-нд Баянхонгор аймгийн сонгогчидтой уулзах үеэрээ : " Женко бол хир баргийн хүнтэй уулздаггүй хүн. Өөрөө царцааны нүүдэл хийчихээд над руу чихэх гэж байна... Эх орончдын компани яадаг билээ? Татвараа төлдөггүй.." гэх мэтээр ярьжээ.  Мөн тэрээр УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Баянхонгор аймгийн сонгогчидтой уулзах үеэрээ одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг "Эрүүгийн гэмт хэрэгтэн, яллагдагчаар татагдсан, тун удахгүй хэрэг нь  шүүхээр эцэслэн шийдэгдэнэ" гэж ярьж явсан юм билээ. Үүнийгээ ч тэрээр нотолж,  2017 оны 9 сарын 7-нд болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Таны гэмт хэрэгтэн гээд байсан Х.Баттулга чинь Ерөнхийлөгч болчихлоо гээд манай тойргийнхон надад уурлаад байна. Би их ичиж байна" хэмээсэн юм. Мөн 2017 оны 9 сарын 30-нд "ТВ-8" телевизэд ярилцлага өгөх үеэрээ : "Х.Баттулгатай 2016 онд УИХ-ын сонгуулиар цуг явсан хүмүүс Баянхонгорчуудыг "цус ойртсон, тэнэг мангараар нь" дуудсан..." гэж ярьсан. 
 
 
Хамгийн сүүлд гэхэд л 2017 оны 11 сарын 3-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гэхэд л Солонгосчуудад лиценз зарсан, "Рио Тинто", "М-Си-Эс" группуудын эрх ашгийг хамгаалдаг гэх Сангийн Сайд Ч.Хүрэлбаатарыг өмгөөлж, Ерөнхийлөгч Х.Баттулга ба түүний багийнхан руу : "хортой алим шидсэн, хүн гүтгэдэг" гэх мэтээр дайрсан юм.

 
 
Ийнхүү УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир сүүлийн жил гаруй хугацаанд байнга шахуу л Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай тэрсэлдэх болсон шалтгаан нь юу юм бол?
 Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга З.Энхболдын 2017 оны 11 сарын 3-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хийсэн тайлбараар бол "Тавантолгойн ордын нэг хэсэг Ухаа худагийг хувьдаа авсан "М-Си-Эс" группийн эзэд бол Монголын нийгмийн цөөнх олигархи буюу 30 гэр бүлийн хамгийн том төлөөлөл". Тэгвэл тус компаний архины салбар бизнесийг удирдаж байсан, хувьцаа эзэмшигч Л.Элдэв-Очир уг 30 гэр бүлд орох юм биш биз? Үгүй байж мэдэх ч ямартай ч тэр өөрийнхөө хувь эзэмшдэг группынхээ эрх ашгийн төлөө Ерөнхийлөгч Х.Баттулгатай тэрсэлдээд байгаа юм биш биз?
Юутай ч УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын Ерөнхийлөгч Х.Баттулгатай тэрсэлдэх болсон энэ үйлдлийг маш мэдрэмжгүй улс төр гэх дүгнэлт улс төрийн хүрээнийхний дунд яригдах болжээ.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нь Монгол улсаас Канад улсад суух элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа Хууль Зүйн сайд асан Х.Тэмүүжингийн хүүг өргөж аван, сургуульд сургаж байсан гэх дуулианд мөн нэр холбогдож байв. Тэр бүү хэл хууль ёсны шаардлага тавьсан замын цагдаагийн өөдөөс салаавч гаргаж, зөвшөөрөлгүй алт олборлосон гэх хэрэгт холбогдоод байгаа залуу гэхэд л түүний хоёр зээгийнх нь эцэг гэдгийг тэрээр өөрөө баталж байсан юм.
 
П.Энхмандах