sonin.mn
Миний бие ирэх 7 хоногт болох МАН-ын XXVIII их хурлаар Ардын намын даргад нэр дэвшин өрсөлдөж буй билээ.
 
Би ялахгүй, гэхдээ үгээ хэлэх зайлшгүй цаг, хэрэгцээ ирсэн тул нэр дэвшиж байна...
 
Яагаад би ялахгүй вэ?
 
Яагаад гэвэл бид Жэнко гэдэг "компани" ерөнхийлөгчтэй, Хурц гэдэг чекистийн толгойлсон "эрх баригч"-тай, албан 2 ч (МАНАН) үнэндээ 10 гаруй жижиг эрх ашигт хуваагдсан УИХ-тай, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь өөрийн гэх концепцгүйдээ, эх оронч гэдэг өөрөө ч үл ойлгох хийрхэлд итгэн ерөнхийлөгчөө даган шүтдэг болсон ийм нийгмийн гажуудсан тогтолцоонд ялах магадлалгүй ч яадын гэж сөрмөөр санагдсандаа нэр дэвшиж байна.
 
Цагтаа их гүрнүүдээр тоглож явсан Монголчууд, цагийн эрхээр тэднийхээ шоглоом болон үйлээ үзсээр өнөөдрийг хүрэв. Цаад утгаараа түүхий эдийн нөөц ч наанаа бол социалист нийгмийн жишиг улс болгохоор зориуд загварчилж хөгжүүлж байсан Монгол улс, хувь заяаны егөөдлөөр холын Америкийн 2 том өстөнийхөө дунд ургуулах “загвар Ардчилсан” улс болох хувьтай боллоо гэж хөөрцөглөн шилжилт хийсэн юм. Гэвч үнэгүй шахуу баяслаг л авч сурсан ард түмнийг, зэрлэг капитализм жинхэнэ утгаараа тултал нь шоглож байна. Геополитик яах вэ, хуулийн засаглал хүч дагаж бэхждэг тул эхлээд баяжиж хөлжих хэрэгтэй гэсэн капиталист үзэлтэй Б үсгээр нэр нь эхэлсэн "Битлз"-ийн "пээнүүд" өнгөрсөн жилүүдэд энэ улсыг бүтнээр самрав. Толгойд нь тоглохгүй ч доохон талд нь хүзүүг нь бат барин байршсаар ирсэн тэд өнгөрсөн нийгэм хийгээд, өнөөгийн ирээдүйн бүхий л баялагт чимээгүй хумсаа дүрсэн. Хуурамч ч гэсэн үзэл санаатай, худлаа ч гэсэн хоорондоо эвтэй, нийтээрээ зорих зорилготой, дарангуйлагч ч гэсэн хүчтэй төртэй байсан улс хэдхээн жилийн дотор бүхнээ, бүр бүгдийгээ арилжаж дуусгав. Банк нэртэй хүүлэгчид, баялаг бүтээгч нэртэй луйварчид, улс төрч нэртэй хулгайч нар уул уурхай нэртэй гадны эздийн гар хөл болж үлдэв. Өөрийн үзэлгүй, өрөөлийг үздэггүй, халаас нь хоосон, ходоод нь өлөн, боловсролгүй, дорой, бялдууч болгож орхисон ард түмэн нь одоо хорсол заналаа эх оронч гэдэг хийрхэлээрээ тэжээж, цусгүй дайнд заналтайгаар морджээ. Дээдэс нь цөөхөн ч баялгийн төлөө цусаа үзэхэд бэлэн, доодос нь олон ч ойлгодоггүй эх оронч үзэлдээ төөрөлдсөн энэ улсад гарц байна уу?
 
Мэдээж бий... Монгол арчаагүй дээ биш, хүн төрлөхтөн хөгжлийнхөө явцад үргэлж мухардлыг шийдэх аргын төлөө амьдарсан. Өнөөдөр эцэстээ хүрч, туйлдаа орсон мэт нийгмийн хямрал бол их үсрэлт, их шийдлийн өмнөх энгийн л мухардлын зүй тогтол юм. Гэхдээ хэн, яаж мухардлаас үсрэлт рүү хөтлөх вэ?
Маяктай машинтай байлдаж, Монгол хүн бүрт цахилгаан хүргэн, сургууль цэцэрлэгээр ард түмнээ аргацаан улсын лидер болно гэж гэнэн сэтгэх хоцрогдсон Хүрэлсүх үү?
 
Аль эсвэл ард түмэн нь арга барилыг нь жигшээд холдуулаад байхад л хор шараараа хоол руу зүтгэх хэсгийн төлөөлөл болох хуурамч "эв нэгдэл"-ийн багтай Хаянхярваа юу?
 
Харамсалтай, гашуун боловч одоо "үнэн"-ээс зугтахаа болье МАН-ын гишүүдээ...
 
Энэ нийгэм, шинэ үе буруу харж уйлан, зөв харж инээн биднийг шоглож байна. Энэ бүх аргацаах гэсэн тэнэглэлээс чинь АН хожих ч ард түмэн бол тэсч үлдэхэд бэрх болно. Өнгөн дээрээ 2 хуваагдсан намын асуудал мэт ч үнэн хэрэгтээ бид Украйны яг араас хурдалж байна... Шилжлээ, үзлээ, баяжлаа бас ядуурлаа. Одоо их үсрэлт рүү ТОМ нүүдэл хийе...
 
Надад "их нүүдэл" хийх том зорилго бий... бас том итгэл үнэмшил байна... Том зорилгоо тусгаар улсын 100 жилийн түүхээр баталгаажсан МАН-ынхаа Их хурлын өндөр индэр дээрээс танилцуулах болно...
 
Дахиад хэлье, би ялахгүй байх гэхдээ үгээ хүргэмээр байна...
Та бүхэн дамжуулж, дэмжиж, туслаж өгөхийг хичээнгүйлэн хүсье...
 
МАН-ын дунд үеийн төлөөлөл, бүлэглэлийн эрх ашиггүй, урваагүй гишүүн, 
Нинжийн Дэмбэрэл