sonin.mn
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн  Могойн гол  ХК-ийн нүүрсний уурхай үйл ажиллагаагаа өргөжүүлэн Хятад улсын зах зээлд нүүрсээ гаргаж эхэллээ. Тус уурхай 1971 оноос Завхан болон Хөвсгөл аймгийн хэрэглэгчдийг нүүрсээр хангах  зорилгоор ажиллаж эхэлсэн байна. Уурхайн нөөцийг 12 сая тонн гэж үздэг бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр сая орчмыг ашиглаад байна.
 
Могойн голын уурхайн нүүрс нь илчлэг сайтай хаягдал бага гардаг бөгөөд уурхайн гүнээс төмөр хайлуулах чадвартай нягтаршилтай нүүрсийг ялган экспортолж байна. Төмөр хайлуулах чадвартай илчлэг нүүрсийг өмнөх жилүүдэд уурын зууханд ашигласнаар тогоо цоорох зэрэг эрсдэл гарч байсан юм.
 
Энэ онд Могойн голын уурхай 500 мянган шоо метр хөрс хуулах зорилт дэвшүүлснээс 480 мянган шоо метрийг хуулж 100 мянган тонн нүүрс олборложээ.
Завхан, Хөвсгөл аймгийн хэрэглэгчдэд нүүрсийг тонныг нь 33000 төгрөгөөр борлуулж байгаа бол Хятадын зах зээлд эхний ээлжинд 39000 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд цаашид үнийг нэмэх бодлого барьж байгаа гэнэ. Нүүрсийг Могойн голоос Эрдэнэт хүртэл автомашинаар, Эрдэнэтээс вагонаар зөөвөрлөж байгаа юм.
 
 
Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг