sonin.mn
УИХ-д 65 суудалтай эрх баригч намын Их хурал энэ өдрүүдэд болж байна. Улс даяар улаан сарнайтай тугаа намируулсан энэ намыг дотоодын зовлон нь амар суулгалгүй сүүлийн хэдэн сарыг өнгөрөөгөөд байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах явдлаас үүдсэн УИХ-ын гишүүдийнх нь талцал чуулганы танхимд хурц үг, хараал ерөөл болон үргэлжилсээр Их хуралтайгаа золгов. Тиймээс ч тус намын Их хурлын уур амьсгалыг урьдчилан таахад бэрх байсан нь олны анхаарлыг улам ч татсан байж мэднэ. Хэрэв МАН-ын Их хурлаас тодрох намын даргын сунгаа нь эвдрэл, хуваагдлыг улам гүнзгийрүүлж гэмээ нь энэ зөвхөн эрх баригч намын бус Монгол Улсын хямрал болоход тун ойрхон юм. Өнгөрсөн хугацаанд нэг нэгнээ чамгүй “шархдуулсан” “33” болоод “32”-ын албан бус бүлгийн аль нь ч эсрэг талдаа “гал нээж” чадна. 
 
Гэвч өчигдөр МАН-ын дарга М.Энхболдын нээж хэлсэн үг Их хурлын уур амьсгалын чигийг заачих шиг боллоо. Тэрбээр “Талцал бол эвдрэл мөн. Эвдрэл бол мөхөл юм. Тиймээс улс төрийн хүчний хувьд гамшиг гэж хэлж болох энэ үзэгдлээс сэргийлэх, илрэл бүхнийг газар авахуулалгүй нам дотроо илэн далангүй ярилцаж зөвшилцөх, журмын нөхдийн хувиар ойлголцон эвлэрэх нь улстөрчийн ёс суртахууны эрхэм чанар гэж үзэж байна” гээд “Манай намын парламент дахь гишүүд өөрсдөө санаачлан Засгийн газрыг огцруулсан нь намын амьдралд түүхэн сургамж бүхий содон үйл явдал боллоо. Огцруулах шалтгаан болгож тавьсан асуудлууд шалтаг л байж гэсэн дүгнэлтийг намын Бага хурлын IX хуралдаан өгсөн. Харин одоо нэгэнт болоод өнгөрсөн үйл явдалтай эргэж зууралдаад, дахин дахин сэдрээгээд байх хэрэггүй гэж бодож байна. Тэр тусмаа шинээр байгуулагдсан Засгийн газраараа оролдох, үйл ажиллагааг нь үл дэмжих, буруутган сөргөлдөх байдал байж болохгүй гэдгийг сануулан хэлье. Ингэж хэлснээрээ буруу үйлдэл, алдаатай шийдвэр гарвал  хаацайлах, ая тал засах аливаа үйлдлийг өөгшүүлж буй хэрэг биш ээ” гээд шулуухан хэлчихлээ. Намынхаа үнэт зүйлийг тэр эв нэгдэл гэж харж байна. Зөвхөн хэн нь түрүүлж “сэлмээ сугалах” бол гэж шохоорхож, сонжиж өнгөрүүлсэн хэдэн сарын дараа ийм үг сонсох содон байлаа. Түүнчлэн зөвхөн засаг солигдох үйл явцыг хэрэгжүүлэхийн тулд өөрийнх нь хүчин зүтгэлээр төрийн өндөр сэнтийд очсон хүмүүс хэчнээн удаа харлуулж, улайм цайм урваж шарван элдэвлэсэн явдалд хэлсэн хариу нь эв нэгдэл байх юм чинээ хэн санахав. 
 
Мөн тэрбээр “Ялж л байвал ямар ч муу арга хэрэглэж болно гэсэн увайгүй хандлагаас монголчууд ядаж саахалтын зайтай явах ёстой гэж би боддог. Бид цөөхүүлээ. Талцал хуваагдал Монгол үндэстнийг мөхөл рүү чиглүүлж, бусдын идэш болоход хүргэнэ гэж үздэг. Эвийг эрхэмлэх, нөхрийг хайрлах, гүтгэлэг доромжлолын өөдөөс хүлцэл тэвчээрээр хариу барих миний амьдралын зарчим үүнээс эхтэй юм аа” гэв. Ийм үг М.Энхболдоос өөр хүний амнаас гарсан бол эсрэгээр ч сонсогдож мэдэх юм. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдох хийгээд, Засгийн газраа байгуулах бүхий л үйл явцад тэрбээр тулах цэг болсон нь олон хүнийг гайхишруулж байлаа. Тэг дундуураа хагарчихсан намынх нь УИХ-ын гишүүдийн хуваагдлаар тээг саад учруулъя гэвэл бүрэн хүч түүнд байсантай маргах аргагүй. Түүнчлэн ирэх оны төсвийг батлах үеэр сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ч удаа хориг тавьж МАН-ын УИХ-ын гишүүдийн дунд “хэрүүлийн алим” шидэв. Энэ эцэс төгсгөлгүй уран үгтэй, урдах, хойтохоо ярьсан жөтөөрхлийн  аль ч талд авталгүй асуудлыг шийдээд гарсан явдал мөн түүнд хамаарна. Хэрэв өмнөх спикерийн адил гишүүдийн чанга яригчийг хааж, дундуур нь өөрийн сэтгэгдлийг хэлдэг байсан бол УИХ болоод Засгийн газрын байр байдал хийгээд намынх нь нэр хүнд өнөөдөр ямар байх байсныг таахад хүнд юм. Тийм ч болохоор “М.Энхболдоос өөр аль нэг талыг барьсан хүн УИХ-ыг даргалж байсан бол” гэж эхэлсэн яриа түмний дунд гарч байна. 
 
М.Энхболд илтгэлдээ “Намын даргын алба бол эрх мэдэл, эзэн суудал гэхээс илүү асар их хариуцлага, амарч тайвшрахын аргагүй зүтгэл чармайлт, мөр дарж сэтгэл чилээсэн, хүнд хэрнээ хүндэтгэлтэй ачаа байдаг юм аа. Энэ удаад би Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн нам, гишүүдийнхээ даалгаврыг биелүүлж чадаагүйнхээ төлөө өөртөө хариуцлага ногдуулж байна. Унаж, босдог улстөрчийн амаргүй тавилан намайг тойроогүй ээ. Нөгөө талаар эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэдэг. Авч болсон юм, өгч чаддаг байх хэрэгтэй гэсэн үг ч бий. Гэхдээ би эгнээнд нь бойжиж өдий зэрэгт хүргэсэн намтайгаа, халуун журмын анд нөхөд та нарынхаа дунд ямагт хамт байх болно оо” гэснийг анхаарахгүй өнгөрөх аргагүй байв. 2012 онд гэхэд МАН том, жижиг таван сонгуульд дараалан ялагдаад байлаа. Эрх баригч АН-аас “Газрын хөрснөөс арчина” гэсэн аархуу үг сонсож суухад нь М.Энхболд хоёр дахь удаагаа намын даргаар ирсэн түүх саяхных юм. Ялагдлын гашууныг шил шилийг нь даруулан амссан тухайн үед намын даргын албан тушаалын төлөө түүнтэй өрсөлдөх лидер гараагүй билээ. Өнөөдөр тэр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хийсэн мэдэгдэлдээ эзэн болж УИХ-д 65 суудалтай, Завхан аймгаас бусад дээр ИТХ-д ялалт байгуулсан намыг дараагийн даргад хүлээлгэн өгөх гэж байна. 
 
Их хурлын нээлтийн индэр дээр МАН-ын даргын хувиар зөвхөн эв нэгдэл ярьсангүй. МАН-ыг шинэчлэгдэх ёстойг ч санууллаа. Тухайлбал, “Манай намд улс төрийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байна. Шинэчлэл бол нэг удаа хийгээд өнгөрдөг урсгал засварын төдий ажил биш, байнга үргэлжилж байх тасралтгүй үйл явц юм. Гэхдээ шинэ дугуй бүтээхээсээ өмнө алдаагаа зөв оношлох, хэрхэн засаж залруулахаа оновчтой тодорхойлох нь хамгийн чухал юм. Шинэчлэлийн асуудлыг бид байнга ярьдаг. Шинэчилж өөрчилсөн зүйл ч олон бий. Гэхдээ тэдгээр нь хэсэг бусаг шинжтэй, тогтолцоог бүхэлд нь хамарч чадаагүй, тууштай тогтвортой биш, үр дүн ч санасан хэмжээнд хүрэхгүй байгаа нь намын даргаар хоёр удаа сонгогдож ажиллах хугацаанд надад тодорхой харагдаж  бодитой мэдрэгдлээ” гэв. 
 
Түүнчлэн “Намын хамт олон, дэмжигчдийн зүтгэл сэтгэлээр бий болсон амжилт, ялалтанд бялуурч, шударга зарчимч дүр бүтээж тодрохыг санаархах, улстөрчийн ёс зүй, төлөвшлийг эрхэмлэхээсээ илүү өөрөөсөө бусдыг буруутан болгох сэтгэлгээгээр дүрэмдэх, хүндлэл, хүн чанарын наад захын хэм хэмжээг зөрчих зэргээр намынхаа эв нэгдэлд сэв суулгах явдал нэг биш удаа гарч буйд хэн хүнгүй харамсаж байгаа. Намын дэмжлэгээр томилогдсон удирдах албан тушаалтнуудын дунд хүнд сурталтан, ард түмнээсээ тасарсан, авлига авдаг түшмэдүүд болж хувирсан хүмүүс цөөнгүй. Тэдний мэдлэг, чадвар, удирдах арга барил, туршлага иргэддээ гологдож, итгэлийг нь алдах байдал байсаар байна” гэсэн шүүмжлэлийг ч хэлээд авна лээ. Мөн хэлсэн үгнийхээ гарц болгож “Санамсаргүй буюу тохиолдлын чанартай томилгооноос бүрэн татгалзаж, зөвхөн журмын шалгуурыг бүрэн хангасан хүмүүсийг ил тод, шударга шалгаруулалтаар өрсөлдүүлэн томилдог болъё. Ингэж чадвал УИХ, Засгийн  газрын гишүүд төрийн байгууллагын албан тушаалтны томилгоонд хутгалдан оролцдог, “шахаа” хийдэг бэрхшээл, хүндрэл арилна” гэдгийг тодотгов. “Монгол Ардын Нам буруудсаныг засаж, уруудсаныг өөд татна гэж Монголын ард түмэн итгэж, хүлээсээр байгааг мартаж хэрхэвч болохгүй. Өнөөдөр бид мартвал өөр нэг өдөр хатуу сануулга ирэх нь дамжиггүй” гэсэн сануулгыг нь МАН-ын шинэ дарга санаж явахад илүүдэхгүй биз ээ. Тэр дөрвөн жилийн өмнө уруудаж явсан намыг хүлээж аваад үнэмлэхүй эрх баригч болгоод намын даргаасаа бууж байна. Их хурлын нээлт дээр өчигдөр тавьсан илтгэл нь ч  цаашид намынхаа явах чигийг заасан, хурлын уур амьсгалыг эв нэгдэлд чиглүүлсэн түшиг боллоо. 
 
 
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин