АНУ vs ОХУ: Гадаадын агентын асуудлаар сөргөлдсөн нь

Нийтэлсэн: 2017-11-22 15:01:05

АНУ-ын Хууль зүйн яам Оросын “Russia Today” /RT/ олон улсын телевизийн сувгийг “гадаадын агентуудын” тухай хуулийн дагуу бүртгэх шийдвэр гаргасан даруйд Оросын парламент тэр дор нь хариу алхам хийлээ.
 
11 дүгээр сарын 15-ны өдөр Оросын парламентын доод танхим болох Төрийн Думын гишүүд “Гадаадын агентууд болох хэвлэл мэдээллийн хэрэгслүүд”-ийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг баталсан байна. Энэ асуудлаарх хуулийн төслийг парламентын дэд дарга Петр Толстойгоор ахлуулсан ажлын хэсэг маш богино хугацаанд боловсруулжээ.
 
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Орос улсад гадаадын 900 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллаж байгаа бөгөөд дээрх хуульд өөрчлөлт оруулснаар  “Голос Америки”, “Кавказ.Реалии”, “Крым.Реалии”, “Сибирь.Реалии”, “IdeL.Реалии”, “Настоящее время”, “Радио Свобода”, “Фактограф” зэрэг радио, телевизийн сувгууд гадаадын агент хэмээн тооцогдож магадгүй байна. 
 
Гэхдээ хуулинд өөрчлөлт оруулсан нь гадаадын агент болох хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар хязгаарлана гэсэн үг биш юм.
 
Түүнээс гадна Орост нийгмийн сүлжээг хаах гэж байна гэсэн цуу яриа гарсныг Төрийн Думын дарга В.Володин, дэд дарга П.Толстой нар няцаалаа. 
 
“Russia Today”  болон “Спутник”-тэй холбоотой уг үйл явдал хэрхэн өрнөснийг товч дурдвал, энэ оны 9 дүгээр сарын 11-нд АНУ-ын Хууль зүйн яам Russia Today-д албан бичиг хүргүүлж, тус сувгийг гадаадын агентын хувиар бүртгүүлэхийг шаардсан байна. Үүнээс хоёр сарын дараа тус яам “бүртгэлийн эцсийн хугацаа 11 дүгээр сарын 13” болохыг сануулсан тул Russia Today шаардлагыг хүлээн авахаас аргагүйд хүрчээ.
 
Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэхдээ “Оросын мэдээллийн хэрэгслүүд тэр дундаа Russia Today сувгийн эсрэг чиглэсэн илт хяхан хавчих үйлдлийн хариуд манай улс хариу арга хэмжээ авахаас аргагүйд хүрч байна” гэлээ.
 
Түүнээс гадна, хэдхэн хоногийн өмнө Вьетнамд болсон АПЕК-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын Ерөнхийлөгч В.Путин  мэдэгдэхдээ “АНУ-ын эрх баригчдын хийсэн алхамд урам хугарсан” гэдгээ илэрхийлж байв.
 
RT-ийг ад үзэх болсон шалтгаан
 
Russia Today телевизийн суваг нь АНУ-д 2005 оноос хойш ажиллаж байгаа юм. Тус сувгийн нийтлэлийн бодлогын талаарх хэл ам өмнө нь нэлээд удаа гарч байсан бөгөөд ялангуяа Украинд болж буй үйл явдлын талаарх мэдээлэл нь шуугиан тарьж байлаа.
 
Нөгөөтэйгүүр, 2017 оны 1 дүгээр сард Америкийн тагнуулын байгууллагуудаас гаргасан илтгэлд дурдсанаар, Оросын эрх баригчид болон тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд хөндлөнгөөс оролцож, Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Клинтоны нэр хүндийг гутаахад чиглэсэн сөрөг сурталчилгаа явуулж байсан аж. Оросууд сонгуулийн үеэр кибер халдлага үйлдсэнээс гадна Sputnik, RT зэрэг мэдээллийн сувгуудаа “суртал ухуулгын машин” болгон ашигласан гэж америкчууд хардсан хэвээр байна.
 
RT-ийн Ерөнхий редактор Маргарита Симоньяны ярьснаар, гадаадын агент гэж бүртгүүлээгүй тохиолдолд компанийн захирлыг баривчлах эсвэл компанийн дансны гүйлгээг хааж магадгүй байсан учраас аргагүй байдалд орж бүртгүүлсэн байна.
 
Гадаадын агентуудыг бүртгэдэг Америкийн хууль 
 
Чухам юуны учир америкчууд бүр 1938 онд “Гадаадын агентууд”-ын тухай хуулийг батлан гаргахад хүрэв ээ?  
 
Хуулийн ойлголтоор бол, гадаадын агент гэдэг нь хилийн чанадаас санхүүжилт авч, тухайн оронд улс төрийн үйл ажиллагаа явуулж буй ашгийн бус байгууллага юм. .
 
Түүх сөхвөл, дэлхийн II дайны үед Адольф Гитлер асар том суртал ухуулгын машиныг ажиллуулж, Германы тагнуулчид Америкийн технологийн нууцуудыг хулгайлах нь газар авсан тул  АНУ-ын Конгресс эдгээр үйлдлүүдийг зохицуулан хязгаарлахын тулд  FARA /Foreign Agents Registration Act/ буюу гадаадын агентуудыг бүртгэх тухай хуулийг батлан гаргасан байна. Хуульд зааснаар, гадаад улсын засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээр ажиллаж буй байгууллага болон хувь хүмүүс эхлээд Төрийн Департаментад, дараа нь Хууль зүйн яаманд бүртгүүлэх ёстой.
 
 
Дашрамд дурдахад, хуулийн нэрэн дэх “агент” гэдэг үгийг “тагнуул туршуул” гэдэг утгаар нь  орчуулдаг тал бий.  Гэтэл англи хэлний “agent” гэдэг үг нь зөвхөн "тагнан турших" утгыг илэрхийлдэггүй, олон салаа утгатай юм. Ердийн логикоор бодож үзэхэд, тагнуул хийхийнхээ өмнө тухайн улсын Хууль зүйн яаманд бүртгүүлж байна гэвэл инээдтэй сонсогдох биз. Бидний авч үзэж буй энэ тохиолдолд агент гэдэг үгийг “төлөөний этгээд” гэж орчуулах нь илүү зохимжтой болов уу. Тодруулбал, Гадаадын төлөөний этгээдийн тухай хууль гэж орчуулваас оновчтой мэт санагдана.   
 
Дэлхийн 2 дугаар дайны явцад Америкийн шүүхүүд FARA хуулийг зөрчсөн 23 хэргийг авч хэлэлцсэн байна. Улмаар 1966 онд уг хуулийг өөрчилж, түүний дотроос “сурталчилгаа” гэдэг үгийг нь авч хаяад оронд нь “мэдээллийн материалууд” гэдэг хэллэгийг оруулсан байна. Ингэснээр хуулийн үндсэн зорилго нь гадаад орнуудын эрх ашгийг, түүний дотор худалдаа-эдийн засгийн ашиг сонирхлыг лоббиддог хүмүүс, байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулахад чиглэх болжээ. Онцлон дурдахад, тухайн мэдээллийн хэрэгслийн редакцийн бодлогыг гадаад улсын засгийн газраас зохицуулж байгаа тохиолдолд дээрх хууль үйлчлэх юм.  
 
FARA хууль гаргах болсон шалтгааныг АНУ-ын Хууль зүйн яам ингэж тайлбарласан байна. “АНУ-ын улс төрийн бодлого, хууль болон олон нийтийн санаа бодолд нөлөө үзүүлэхээр оролдож буй хүмүүсийн талаар болон тэдний түгээж буй мэдээллийн эх сурвалжийн талаар Америкийн төр засаг, ард иргэд мэдэж байх ёстой”. 
 
Америкийн тагнуулын байгууллагуудын үзэж байгаагаар, RT болон Спутник нь “Оросын төрийн суртал ухуулгын машин”-ы бүрэлдэхүүн хэсэг учраас ФАРА хуулиар бүртгүүлэх ёстой аж. Өмнө нь хуучин ЗХУ-ын үед голлох мэдээллийн хэрэгслүүд болж байсан ТАСС агентлаг, “Правда”, “Известия” сонинуудын АНУ дахь салбарууд уг хуулийн дагуу бүртгүүлж байжээ. Гэтэл Их Британийн ВВС, Германы Deutsche Welle зэрэг агентлаг нь эрх баригчдаас хамаардаггүй төрийн мэдээллийн хэрэгслүүд учраас АНУ-д гадаадын агентуудын бүртгэлд хамрагддаггүй байх жишээтэй. 
 
 
2017 оны эхээр АНУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан мэдээллээр бол, Хятадын China Daily сонин, Японы NHK Cosmomedia телевизийн суваг, Өмнөд Солонгосын KBS телевизийн суваг гэсэн гурван том мэдээллийн хэрэгсэл "гадаадын агент" гэж бүртгүүлжээ. 
 
ФАРА хуулийн дагуу бүртгүүлснээр тухайн мэдээллийн байгууллагуудын хувьд АНУ-д үйл ажиллагаагаа явуулахад ямар нэгэн саад тотгор учрахгүй ба тэдний түгээж буй мэдээллүүдэд ямар нэгэн хатуу нөхцөл шаардлага тавьдаггүй. Тодруулбал, дараах хэдэн нөхцлийг биелүүлсэн байхад хангалттай. Үүнд: улиралд нэг удаа санхүүжилтийн эх үүсвэрийнхээ талаар мэдээлэх, түгээсэн мэдээллийн материалуудынхаа талаар жилд нэг удаа тайлагнах, бусад орны засгийн газрын ашиг сонирхлын үүднээс ажиллаж байгаа гэдгээ мэдэгдэх гэх мэт цөөхөн хэдэн шаардлага тавьдаг байна.
 
Америкийн болон Оросын хуулиудын гол төстэй шинж ба ялгаа   
 
Тэгэхээр Оросын болон Америкийн хуулиуд юугаараа төстэй, юугаараа ялгаатай вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Эхлээд төстэй талыг нь дурдая. 1938 онд баталсан Америкийн хуульд “улс төрийн үйл ажиллагаа” гэдэг ойлголт нь Оросын хуульд заасантай адил бүрхэгдүү байдлаар тусгагдсан байдаг.
 
ФАРА хуульд тодорхойлсноор “улс төрийн үйл ажиллагаа гэдэг нь үндэсний бодлогыг тодорхойлох, батлах, түүнийг өөрчлөх зорилгоор АНУ-ын агентлаг, хувь хүмүүс болон хүн амд нөлөөлөхийн тулд явуулж буй үйл ажиллагаа” аж. 1995 онд уг хуульд өөрчлөлт оруулснаар “улс төрийн үйл ажиллагаа” гэдэг ойлголт улам явцуу нарийн болсон байна.
 
Харин “Гадаадын агент”-ын тухай Оросын хуульд тодорхойлсноор бол, улс төрийн үйл ажиллагаа гэдэг нь “төрийн бодлогыг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагууд, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудыг бүрэлдүүлэх болон тэдгээрийн гаргасан шийдвэр, үйл ажиллагаанд нөлөөлөх зорилго бүхий үйл ажиллагаа “юм. 2015 онд “Төрийн бус байгууллагуудын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар “улс төрийн үйл ажиллагаа” гэдэг ойлголт нь Америкийн хуулийн ойлголттой маш төстэй болсон байна.
 
Одоо хоёр улсын хуулийн зөвхөн ганцхан ялгааг дурдая. Америкийн хуулиар бол, гадаадын итгэмжлэгч, ивээн тэтгэгч нь гадаадын агентын санхүүжилтийг 100 хувь эсвэл ихэнх хэсгийг нь даасан байх ёстой. Гэхдээ ихэнх хэсэг гэдэг ойлголт нь бүрхэгдүү байгаа юм. АНУ-ын засгийн газрын цахим хуудсанд бичсэнээр бол, 20-иос дээш хувийн санхүүжилтийг ихэнх хувь гэж үзэх аж. 2015 оны байдлаар, АНУ дахь гадаадын агентууд бүгдээрээ 10 мянгаас дээш долларын санхүүжилт авчээ.
 
Харин Оросын хуулиар бол, хилийн чанадаас 1 рубль авсан байлаа ч гэсэн гадаадын агент гэж тооцогдох гэнэ.
 
Хамгийн сүүлд гаргасан мэдээллээр, АНУ-д 400 орчим ашгийн бус байгууллагыг “гадаадын агент” гэж бүртгэсэн бол Орос улсад энэ тоо 88 байна.
 
Оросын парламент 2013 онд “Гадаадын агентууд”-ын тухай хуулийг батлан гаргасан бөгөөд уг хуулийн үйлчлэлд хүний эрхийг хамгаалах олон байгууллагууд болон бусад ТББ-ууд хамрагдсан явдлыг барууныхан байнга шүүмжилдэг.
 
2016 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар, Оросын тал гадаадын агентын үүрэг гүйцэтгэж буй ТББ-уудын жагсаалтад 148 байгууллагыг оруулаад байгаа бөгөөд тэдгээрээс 11 нь сайн дураараа бүртгүүлсэн бол 137 байгууллагыг Оросын Хууль зүйн яам албадан бүртгэсэн байна. Гадаадын агентын тухай хууль гарснаас хойш Amnesty International, Human Rights Watch зэрэг хүний эрхийг хамгаалах байгууллагууд болон “Нээлттэй нийгэм”, МакАртурын сан, Ардчиллын хөгжлийг дэмжих сан зэрэг олон улсын ивээн тэтгэгч байгууллагуудыг “тааламжгүй” гэсэн ангилалд оруулах оролдлого гарч байгааг барууныхан шүүмжилсэн хэвээр.
 
Сөргөлдөөний үр дагавар
 
Гадаадын агент гэж бүртгүүлснээр RТ телесуваг нь  нийгэм-эдийн засгийн агуулгатай “ноцтой” контентоо Америкийн Хууль зүйн яаманд үзүүлэхээс гадна дэлгэцэн дээрээ “гадаадын агент” эсвэл “мэдээллийн материалыг Оросын засгийн газрын санхүүжилтээр бэлтгэлээ” гэсэн хоёр бичгийн аль нэгийг байрлуулах ёстой болж байна. Ингэсэн тохиолдолд өдгөө АНУ-д нэг сая үзэгчтэй болоод байгаа тус сувгийн хувьд үзэгчдийнхээ зарим хэсгийг алдах эрсдэлтэй.
 
Түүнчлэн Оросын талын авсан хариу хэмжээний улмаас “Эрх чөлөө”, “Америкийн дуу хоолой” радиостанцуудын сонсогчдын тоо буурах магадлал бий. Цаашдаа сөргөлдөөн хурцадваас дипломатуудаа харилцан хөөдөгтэй нэгэн адил сэтгүүлчдээ хөөж туудаг жишиг тогтож, "Хүйтэн дайн"-тай төстэй зүйл болж магадгүй юм.
 
 
Б.Адъяахүү    
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

8 сэтгэгдэл харуулж байна        

  1. Америкууд манайд Ийгл, Блумберг зэрэг сонгуулийн хорлонтой хар машиныг халхавчлах зорилготой ажиллуулдаг. С.Баяр, Баабар мэтийн агентуудаа дэмжих зорилгоор өчнөөн олон ТТБ-уудыг ажиллуулдаг. Яг үнэндээ манай ардчилалын гол дайсан бол АНУ юм. Америкууд манай иргэдийн сонгох, сонгогдох эрхийг булааж авчихаад эргүүлж өгөхгүй байна.

    Ардчилалын дайсан Америк., 2017-11-22 19:52:03, 202.9.40.237Хариу бичих

  2. Америк манай тусгаар тогтнолын баталгаа. Орос Хятадын бууны нохойнууд юу гээд улиад байна

    Зочин, 2017-11-23 09:29:08, 66.181.179.109

    Яг хэлжээ.

    Зочин, 2017-11-24 00:03:47, 202.9.41.120

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Gadaad ornuudad iim bhad manaid ene met gadaadiin geh todotgoltoi baiguulguudiig hynadag gazar bn uu ?

    mongol, 2017-11-23 02:50:10, 85.111.55.21Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно http://btcclicks.com/?r=95b2c5b7

    bitcoin, 2017-11-23 10:00:44, 202.9.47.177Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Янкууд өөрсдийнх нь тархи угаах зориулалттай байгуулсан Америкийн дуу хоолой мэтийн юмнууд нь юу хийж байдгийг мэдсээр байж л улайм цайм бусад руу үсчээд байдгаа больчихмоор юм.Аль ч улсын мэдээллийн хэрэгсэл өөрийн улсын бодлогоо сурталчилж бусдын тархи угаадгийг хэн ч мэднэ.АНУ-н Энх тайвны корпус гэж энх тайван гэсэн нэрнээс цаашгүй дандаа ТТГ-н ажилтнууд ажилладаг байгууллага байдаг байсан.Соросын сан гэж хаа байгаа газраа дандаа хорлон сүйтгэх ажил хийдгээс Унгар улс нутгаасаа хөөж байгаа шүү дээ.Манайхны хэлдэг "ичиж амьдар" гэдэг үг АНУ-д яг таарахаар болжээ.

    зочин, 2017-11-23 13:02:31, 66.181.189.236Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Ямар ацаара америк манай тусгаар тогтнолыг хамгаалхын, ашгийн төлөө хэнийгч худалдана, амеркийг өмөөрсөн иймэрхүү лалруудыг тийшээн зайлуулж америкчуудын шалын угааж бөгсийн долооло гээд хөөвөл таарна

    lucky, 2017-11-23 18:14:28, 27.123.214.89Хариу бичих

  10. Чи орос хятад хоёрын бөгсийг долоох хэрэг гарах нь дээ

    Зочин, 2017-11-24 01:57:56, 103.212.118.29

    Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: