sonin.mn
"Салхи дэгдэхийн тоогоор нэгэн зүрх хосолж 
Салхи дэгдэхийн тоогоор шинэхэн хайрын үр сэтгэл зүрхэнд дэлбээлж 
Салхи дэгдэхийн тоогоор гуниг сэдэрч
Салхи дэгдэхийн тоогоор ухаарал нэмсээр 
Бидний хайрын ертөнцөд 20 жил улирчээ 
Үүрдийн дурсамж болон үлдсэн хэлж зүрхлээгүй гуравхан үгний чинь төлөө
 Илчлэхийг хүссэн нандин хайрын чинь өмнөөс бид дуулж байна” хэмээн "Салхи 20” хүндэтгэлийн ойн тоглолтоо амжилттай зохион байгуулсан тус хамтлагийн дуучин Б.Энх-Учралтай ярилцлаа.
 
-Анхны бүхэн мартагдашгүй сайхан дурсамж үлдээдэг. Хамтлагийн анхны клип хэрхэн бүтэж байв?
 
-Хамгийн анхны клип МҮОНРТ-ийн “Студи 600”-д шууд зураг авч хийж байсан.Тухайн үед бид арван жилийн хүүхдүүд байлаа.
 
-Тоглолтод зориулж гаргасан шинэ уран бүтээлээ үзэгчдэд толилуулаад эхэллээ. “Би чамайгаа хэнд ч өгч чадахгүй” дуу хэрхэн бүтсэн бэ?
 
-Бид хамгийн сүүлд “Эрхэмсэг”, “1998” гэсэн цомгуудыг 2015 онд гаргасан. Тухайн үед цомог гаргалаа гээд олон нийтэд мэдээлж, бусадтай адил тоглолт энэ тэр хийгээгүй. Хэдэн дуу клипжүүлсэн ч олон нийтэд нэг их цацаагүй. Тэгээд энэ онд 20 жилийн ойн хүрээнд тоглолт хийх тухай ярилцаж төлөвлөсөн чинь шинэ дуу байдаггүй. 2015 онд гаргасан цомгийн дуунууд хуучирчихсан юм шиг санагдсан. Тиймээс бидний хамгийн гоё гэсэн дуунуудыг зохиож өгсөн хөгжмийн зохиолч, “Айзам 2” хамтлагийн басс гитарчин О.Хүрэлбаатар ахдаа хэлж байгаад “Би чамайгаа хэнд ч өгч чадахгүй” гэдэг дууг авч дуулсан. Шинэ дуундаа “Толгой медиа”студиэр клип хийлгэж цацсан. Хүмүүст их таалагдсан юм шиг байна лээ. “Яг салхи үнэртэж байна”, “Гоё шүү, та нар” зэрэг эерэг сэтгэгдлийг сонсогчдоосоо хүлээн авсан. Манай хамтлагийн хувьд олон хүнээс дуу аваад байдаггүй. Томорч байгаа юм шиг болчих вий дээ. Дуу авахаар болбол“Нью Стар” студийн продюссер хөгжмийн зохиолч С.Гантөр, О.Хүрэлбаатар ахаасаа дуу авдаг. Хоёулаа “Айзам 2” хамтлагийн гишүүн. Ер нь “Салхи” хамтлагийн уран бүтээлийн дийлэнх нь энэ хоёр хүнийх байдаг. Бас 20 жилийн ойн тоглолтын хүрээнд ээжийн тухай нэгэн шинэ уран бүтээл гарсан. Манай тоглолтыг үзэхээр ирсэн үзэгчдэд анх удаа дуулж хүргэсэн байгаа.
 
-Дууны нэр юу вэ?
 
-Яг оноосон нэр өгөөгүй байгаа. Он гараад клиптэй болгож сонсогчдодоо хүргэх бодолтой байна. Манай хамтлагийн хувьд аав ээж, нутаг орны тухай дуу ховор. Ганц нэг бий л дээ. Бид чинь бараг 40 шахаж явна. Анхны хайр дуулах эрхгүй болчихсон улс шүү дээ, бид. Тиймээс аав ээж, нутаг усаа магтсан уран бүтээлийг одоо л гаргахгүй бол хэзээ дуулах билээ.
 
-“Айзам 2” хамтлагтай хэрхэн холбогдож байсан бэ?
 
-Хамтлаг анх 1997 онд байгуулагдсан. Тэр үед манай хамтлагийнхны нэг маань “Айзам 2" хамтлагийн О.Хүрэлбаатар ахтай танил байж таараад “Нэг мундаг ах бий, очиж уулзъя” гээд л анх нүүр тулан уулзаж байлаа. Тухайн үед арван жилийн өсвөр насны хөвгүүд л байж. Бид чинь хөгжмийн ямар нэг сургуульд сурч байсан биш. Нэг орцны л гитарчин нөхөд. Эхэндээ биднийг О.Хүрэлбаатар ах нэг их тоогоогүй. Тэгээд 1997 оны гуравдугаар сарын 27-нд байсан байх, дууны нэг тэмцээнд орж түрүүлж байлаа. Тэр үед О.Хүрэлбаатар ах бидэнд хоёр дуу зохиож өгсөн гарчихсан, олонд танигдаж эхэлж байсан юм. Саяхныг хүртэл хүмүүс Үндэсний телевизийг л үздэг байлаа шүү дээ. Ямартай ч анхны тоглолт минь суудал дүүрэн л хүнтэй байсан. Харин хоёр дахь тоглолтын хувьд үзэгчид багтахгүй заал дүүрэн үзэж байлаа. Өөрсдөө тоглолтынхоо заал руу орж чадахгүй болтол хүмүүс шавчихсан байсан нь саяхан юм шиг л санагдаж байна шүү.
 
-“Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” дуу танай хамтлагийг олонд таниулсан уран бүтээл. Энэ уран бүтээл хэрхэн бий болсон бэ?
 
-Манай хамтлагийн олон хит дуу бий. Энэ дуу бүтэхээс өмнө бид тоглолт хийчихсэн, хит дуу гаргачихсан байсан үе. “Салхи” хамтлагийг цөөнгүй хүмүүс мэддэг болчихсон байлаа. Энэ дууны үгийг “Айзам-2" хамтлагийн басс гитарчин О.Хүрэлбаатар ах зохиосон юм.1997 оны арваннэгдүгээр сард бидний тоглолтоос өмнө “Айзам 2” хамтлагийнхан маань “Аз жаргалын бороо” нэртэй тоглолт хийсэн юм. Тэр тоглолтод “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” гэдэг дууг дуулсан юм. Тухайн үед “Айзам 2" хамтлагийн тоглолтын бэлтгэлийн үеэр дууг сонссоор байгаад дурлачихсан хэрэг. Уг нь эмэгтэй хүнээр дуулуулна гэж байсан юм билээ. Бид гуйсаар байгаад авч дуулсан. Бидэнд энэ дууг авч дуулах нэг л арга байсан. Яг эмэгтэй хүн шиг хоолойгоор дуулах л цор ганц арга байлаа. Тэгээд бид дуулаад сарын дотор л хит болсон доо. Энэ дуу бидэнд асар их нэр хүнд авчирсан. Манай хамтлагийн өнгө төрхийг тодорхойлсон дуу гэж хэлж болно.
 
-Хамтлагийн ахлагч нь хэн бэ?
 
-Хүмүүс намайг гэж эндүүрдэг. Гэхдээ манай Т.Дашдондог 20 жил биднийг түшиж яваа хүн дээ.
 
-Хамтлаг анх хэрхэн нэгдэж байв. Дөрвөн эрэгтэй хүн нийлээд уран бүтээл хийхэд санал бодол зөрөлдөх, маргалдах тохиолдол гарч байсан уу?
 
-Гайгүй шүү. Хамтлаг байхын тулд нэг зүйл чухал гэж боддог. Одоогийнх шиг хамтлаг байгуулахын тулд шилж сонгоод, энд тэнд өөр өөр газар сурч боловсорч байсан хүүхдүүд цуглахаар нэг хамтлаг шиг нэгдэж чаддаггүй юм болов уу гэж боддог. Бидний онцлог нь нэг хороолол, сургууль, байрныхан байсан. Тиймээс үзэл бодлын хувьд ямарваа нэгэн зөрчил гардаггүй байх. Тэгээд ч амьдралын хэмнэл нь ижилхэн юм. Д.Насанбат, Т.Дашдондог хоёрын хувьд багын найзууд, А.Алтанхуяг бид хоёрын хувьд нэг сургуулийнх. Бид найзууд биш байсан бол хамтлаг байгуулж амжилтад хүрэхгүй байсан байх. Найзууд учраас л бидний хооронд зөрчилдөөн бараг байдаггүй. Бид хэрэлдэж, муудалцалгүй их удаж байна шүү. Хааяа уран бүтээл дээр л санал зөрөлддөг. Энгийн үед бидэн шиг найзууд ховор. Би үүнийг юугаар батлах вэ гэвэл, бид жил бүр “Салхи” хамтлагийн шинэ жил гэж хийдэг. Анх 40-өөд хүнтэй шинэ жил зохион байгуулж байлаа. Дан бидний найзууд байсан, Энэ жил “Салхи" хамтлагийн шинэ жилийг 11 дэх удаагаа хийх гэж байна. Одоо бараг 150 орчим хүн оролцож байна. Бид “Ub Palace”-т 3000 хүнд тоглолт хийлээ. Үүний 300 гаруй нь бидний найзууд байгаа. Тиймээс бид найз олонтой хамтлаг. Үүгээрээ их бахархдаг.
 
-Танай хамтлагийн бүтээлүүд удаан хугацаанд оршин тогтнодгийн нууцыг та юу гэж хэлэх вэ?
 
-Сүүлийн үед урлагийнхан аливаа чанартай сайн уран бүтээлийг “сүнслэг амьтай” гэж ярих болжээ. Миний хувьд “Салхи” хамтлагийн дуунуудыг ийм гэж боддог. Мөн манай О.Хүрэлбаатар, С.Гантөр нар яалт ч үгүй сайхан дуунуудыг бидэнд зохиож өгдөг. Гэхдээ гоё дууг гоё дуулах л хэрэгтэй. Жишээлбэл, манай зарим дуучин “наран дээр” гэхийг “нааран дээр” гэж алдаатай дуулаад байдаг шүү дээ. Их муухай сонсогддог. Тэгээд маяг нь дэндээд байдаг юм болов уу гэж боддог. Дээрээс нь шинэ дуугаа үзэгчдэдээ хүргэх гэж байж үгээ харж дуулна. Энэ бол их бүдүүлэг, үзэгч, сонсогчдоо хүндэтгэхгүй байна гэсэн үг.
 
Дууны үгэнд их ач холбогдол өгөх хэрэгтэй шиг байгаа юм. Манай дуунуудын үг их хүнд шүү дээ. Сая сүүлд гарсан “Би чамайг хэнд ч өгч чадахгүй”-гээр жишээ авч болох юм.
 
-Та бүхэнд ч мөн адил уран бүтээлээ хийх явцад олон сайхан дурсамж үлдсэн байх. Тэр цаг мөчийг эргээд дурсвал?
 
-Тэгэлгүй яах вэ. Тухайлбал, “Мартагдашгүй хайр”-ыг дуулж байхад бид өөрсдөө яг тухайн үед яаж зовж байж энэ дууг хийсэн, тэр цаг мөчид юу болж байсан зэрэг олон дурсамж одоо ч тодхон байна. Дуу болгон түүхтэй. Хүн удаан сонсоогүй дуугаа сонсоход тухайн үеийн дурсамж сэдэрдэг шүү дээ. Тийм л үед их гоё, аз жаргалтай байдаг.
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин