sonin.mn
Абелийн шүүх хурал болохоос өмнө түүний өмгөөлөгч Жеимс Донованд зүйл бүрийн шахалт тулгарч байлаа. Хуучин цагийн OSS-д тагнуулчаар ажиллан Дэлхийн Дайнд оролцож байсан түүнийг шинэ цагийн CIA буюу ТТГ-ын ажилтанууд хөндлөнгөөс нөлөөлөн Абелийг АНУ-ын талд ашигтайгаар ажиллахад өөрийн зүгээс туслахыг хүсэхэд Жеимс Донован хариу өгсөнгүй эхлээд Абелийн саатуулагдсан шоронд очиж үйлчлүүлэгчтэйгээ уулзжээ. Олон удаагийн уулзалтаар Рудольф Абелийг хувь хүн талаасаа чухам хэн бэ ? гэдгийг хамгийн сайн ажиглаж мэдсэн тэрээр Абель болон тэр цаг үеийн талаар өгүүлэх "Гүүрэн дээрх үл таних тагнуулчид" нэртэй сонирхолтой ном бичиж байжээ. Сонирхолтой тохиолдол , адармаатай цаг үе , эрс ондоо хувь хүмүүс , дайсагнагч орны тагнуулчид бие , биетэйгээ уулзаж бас нэгнээ ойлгох эхлэлийн үе байлаа. Үйлчлүүлэгч нь АНУ-ын номер нэг дайсагнагч улс болох Зөвлөлтийн цагаач биш бүр дэлхийн түүхэн дэхь хамгийн чадварлаг суурин тагнуулч байхад түүнийг өмгөөлөгч нь мөн л Зөвлөлтийн номер нэг дайсагнагч улс болох АНУ-ын урьдын дайны цагийн OSS-ын офицер байсан нэгэн байлаа. Дайсагнагч улсын хоёр тагнуулч ! дайны үед бие , биедээ буу чиглүүлж сум шүршиж байсан ! Тэдний тус бүрийх нь жижиг мэдээлэлүүд л хайртай хотынх нь дотны найзуудыг аль , аль нь үгүй хийсэн ! Харин Хүйтэн Дайны цаг үед тэд шоронгийн өрөөнд бие , биенээсээ нэг зүйлийг олж харсан юм. Тэр нь Хүйтэн Дайны үе дэхь хахир хатуу хорвоог сөрсөн Эх Оронч унтраагүй гал халуун сэтгэл ! Суурин тагнуулчийн үнэ цэнэт мэдээлэлээр ЗХУ дэлхийн тавцанд нөлөөгөө хадгалж үүнийг нь дагаад Зөвлөлтийн олон зуун сая иргэдийн хувь заяа яз үсэрчихгүй ирээдүй рүүгээ гэрэл гэгээтэй зүйл бодон тайван алхах бололцоог нь Рудольф Абель АНУ-д түмэн дайсны дунд ганцаараа 14 жил ажиллахдаа бий болгосон юм. Өмгөөлөгч Жеимс Донован хэдий дайсан орных нь уучлашгүй Зөвлөлтийн тагнуулч ч гэсэн түүний эх орноо гэсэн сэтгэл мөн хувь хүний сайн чанарыг нь үнэлсэн болов уу ?
ТТГ (CIA) - д туслах саналыг эрс няцааж харин түүнийг бариж өгсөн Реино Хаяханненыг адгийн шаар хэмээн үзэж буйгаа нуулгүй хэлж Абелийг өмгөөлж , бүх талаар хамгаалах ажлаа илүү эрчимжүүлэхээ удаа дараагийн уулзалт бүртээ мэдэгджээ. Ингээд мань эр Абелийг өмгөөлөхөөс гадна ТТГ (CIA)-ын санаандгүй ослоос өөрийгөө хааяадаа хамгаалах хэрэгтэй болжээ. ТТГ (CIA)-тэй хамтардаг Вашингтон , Нью Иоркын бүх сонингууд АНУ даяар Абель болон түүнийг өмгөөлөх Донован нарыг үгийн муухайгаар намнах шинэ аян дайнд мордоцгоолоо. Харин үүнийг нь ТТГ (CIA) мэдээгүй байх жишээний. Үйл явдал өрнөсөөр Нью Иоркын бүх иргэд Жеимс Донован луу үзэн ядалтын харцаар нэвт хутгалж гэр бүлийнхнийг нь зүгээр байлгахаа байлаа. Харин үүнийг нь ТТГ (CIA ) анзаараагүй байх жишээний ! Нэгэн удаагийн оройн хоолны үеэр Донован гэр бүлийнхэнтэйгээ бурханд залбирч байтал гэр лүү нь автомат буутай хэсэг машинтай залуус тэр чигээр нь шүршиж гарах нь тэр ! Донован айж сандарсан гэр бүлийнхнийгээ өрөвдөн тэр дороо хотын цагдаагийн удирдлагад мэдэгдэн цаашлаад ТТГ (CIA) -д бохир ажил нь хэмжээнээсээ хэтэрч байгааг нь санууллаа ! Харин ТТГ (CIA) ер ямарч буун дуу сонсоогүйгээ Бурханы нэрийг барин андгайлж байхад Орон нутгийн цагдаагийн удирдлага үймээн дэгдээгчидийг барихаа амлалаа ! Үүнээс хойш 60 гаруй жил өнгөрөхөд харамсалтай нь АНУ-ын шилдэг Мөрдөгчид одоог хүртэл тэр шөнийн гэр лүү нь буудсан Автоматтай Ковбойчуудыг олоогүй л байна. Бодвол Мексикийн хилийг даваа биз !
Жеимс Донован шоронгийн гадна талд түмэн зүйлийн бэрхшээлийг туулж байхад түүний үйлчлүүлэгч Рудольф Абель шорон дотор төрөл бүрийн сорилтуудыг давсаар л ............ Шүүх хурал болоход харин мань хоёр шүүхийн танхимд зэрэгцэж суугаад шүүсээ шахуулсан хоёр амьтан тойрон бүслэх сөрөг энергитэй нүдний харцны доор үзэл бодолдоо хатуу зогсон итгэл үнэмшилээ хамтран хамгаалахаар зогслоо. Жеимс Донован биеэ барихыг машид хичээж байсан боловч угаас дөлгөөхөн зан араншинтай Абельтэй харицуулахад урьд өмнөх ажилуудаас нь хамгийн бэрхтэйгээс болоод сандарч буй нь мэдэгдэм байлаа.
Энэ талаар түүний <Гүүрэн дээрх үл таних Тагнуулчид> номонд дурьдсанаар "Нэгэн удаагийн шүүх хуралд манай Босс энэ ажилтай холбогдуулан намайг муугаар үнэлж буйгаа илэрхийлээд удаж байсан юм. Шүүх хурал дээр царай минь баргар байхыг ажигласан Абель юу болсоныг асуухад би түүнд үнэнээ хэллээ. Гэтэл Абель үргэлж Боссын зөв байхгүй л дээ ! гэхдээ л Босс бол Босс шүү дээ гэдэг юм байна. Үүнээс дараа өдрийн шүүх хурал болоход тэр ер санаа зовсон шинжгүй сууж байх юм. Би арагшаагаа харлаа бидний толгойг болвол хотын гаднах талбайд дүүжлэгдэхийг харахыг хүссэн олон хүн ард сууж буйг анзаарсан би Абель руу хараад "Tа санаа зовохгүй байна уу ?'" гэхэд Абель "Санаа зовох тустай гэж үү ?" гэдэг юм даа. Тэрээр төрлөхийн тайван дөлгөөнөөр бүхнийг хүлээн авдаг нь хүн бүрт заяадаггүй ховор чанарын нэг байсан юм " хэмээн дурссан нь бий.
Шүүх хурал дээр түүний тагнуулын туслагч байсан Реино Хаяханнен гэрчээр дуудагдан Абелийг Зөвлөлтийн тагнуулч гэдгийг нь зүйл бүрээр нотлохыг оролдсон авч Абель бүгдийг эрс няцааж шүүхийг олон цагаар үргэлжлүүллээ. Хаяханен гэрчээр оролцоод ч нөлөө үзүүлж чадахгүйг анзаарсан шүүгч Мортимер Биерс Абелийн талд 30 жилийн ялыг Атлантагийн хатуу дэглэмтэй гянданд Хоригдол 80016-А дугаараар ял шийтгэгдэхээр яллалаа. АНУ-ын Засгийн газар Ертөнц даяар Зөвлөлтийн балиар завааныг зарлан тунхаглаж , дайны дараах хэлэлцээрүүдэд нам тавиулсан гомдолоо тэр чигээр нь Абелийг ашиглаад гутаан доромжилж гарах нь тэрээ ! Хорвоод Зөвлөлтүүдэд итгэх шиг муухай зүйл байхгүй ! Тэд та нарыг араар чинь тагнах л болно хэмээх мэдээний үер давалгааллаа. Дунд нь Абелийн гэм зэмгүй бөлтгөнөсөн алаг нүд сонингийн эхний нүүрэнд !
Атлантагийн шоронд хоригдол 80016-А ирэхэд түүнийг Атлантагийн уйдсан хоригдолууд угтаж аваад гайхчих нь тэр "Дугаар андуурсан юм болов уу ? Нөгөө Аварга Атомын мэдээлэлийг хулгайлдаг онц аюултай Зөвлөлтийн тагнуул чинь Энэ Жижигээ юм уу ?" хэмээн голонгуй харлаа. Энийг чинь эндэхийн жоом мэрээд дуусгачихаар хариугүй амьтан байна хэмээн шөргөөнө. Ингээд Америк дахь тагнуулын ажилдаа цэг тависан Абель маань Атлантад хоригдолоор өөрийгөө харуулахаар боллоо. Түүнийг хором бүр Атлантагийн хоригдолууд шөргөөж байхад мань эр өөрийгөө хэн болохоо эвээр ойлгуулж чадсан юм. Тэрээр Атлантагийн шоронд дайсан эсвэл овгор болоогүй харин хэн бүхний сайн найз нь болж шоронгийн нөхцөлийг сайжруулах , шоронгийн удирдлага болон хоригдолуудын хооронд эв зүйг нь нээх , логарифмийн бодлого бодох , урлагийн онол судлах , торгон болоод уран зураг зурах эрдмийг эзэмшин авьяас чадвар , зан чанараараа шоронгийн ажилтануудын хайр хүндэтгэлийг , хоригдолуудын итгэмжит найз нь болж түүнийг өмгөөлсөн өмгөөлөгч Жеимс Доновантай захидлаар харилцан "Урлагийн талаар санал бодлоо солилцож" байлаа. Өмгөөлөгч Жеимс Донован ч зүгээр суусангүй Абелийг гаргахыг бүх талаар хөөцөлдөж олон газрын босгыг илээж байсаны нэг нь ТТГ (CIA)-ын шинэ захирал дэлхийн тусгай албадад "Тагнуулын Урлагийн Моцарт" хочоор алдаршсан Аллен Далластай биечилж уулзсан явдал юм. Жеимс Донован ТТГ (CIA)-ын шинэ захиралтай уулзахад Аллен Даллас гаансаа нэрэнгээ "Абель бол дахин давтагдашгүй онцгой суурин тагнуулч ! Хэрэв манай ТТГ (CIA) Москвад Абель шиг дөрөв тавхан суурин тагнуулчтай байсан бол Бүх Оросыг хяналтандаа авах байлаа" хэмээн хэдий дайсагнагч орных эсрэг талын тагнуулч ч гэлээ мэргэжилийн хувьд өндрөөр үнэлжээ. Аллен Даллас үргэлжлүүлэн '"Абель мэргэжилийн онцгой тагнуулчаас гадна хувь хүний нандин чанар нь бөхөөгүй нь түүний эхнэрээс нь нууц сүлжээгээр дамжин хааяа ирдэг захидалуудыг хадгалдаг байсан явдал нь тагнуулын ажлаас болж хүний зүрх нь төмөр болж хувираагүйн нотолгоо юм. Түүнийг илчлэгдэхэд хүргэсэн алдаа бас гол нотолгоонуудын нэг нь эхнэрийнх нь захидал шүү дээ" хэмээн Жеимс Доновантай албан өрөөндөө хуучилсан гэдэг !
Харин энэ үед түүхийн сонирхолтой өөр нэг өрнөл эхлэж байлаа. Энэ бол Америк болон Их Британы тусгай албадын хамтарсан хөтөлбөрөөр Локхийд фирм үйлдвэрлэсэн Агаарын Тагнуулын дэвшилтэд технологи бүхий U-2 агаарын тагнуулын нисэх онгоц юм. 1950-1960 онд агаарт 20.000 метрээс дээш өндөрт нисдэг ямарч техник байсангүй ! Энэ бол тэр үеийн инженерүүдийн цөөн хэдийнх нь төсөөлөлд л арай чамай буух зүйл ! Харин АНУ , Их Британы тусгай албадын захиалгаар Локхийд фирм бүтээсэн тэрхүү онгоц нь тухайн бүс нутгийн дээгүүр нисэн өнгөрөхдөө газар нутгийнх нь юуг ч үл үлдээн зургыг нь тагнуулын схем-зургаар олзворлодог төгс бүтээл юм. Энэхүү U-2 онгоцоор БНХАУ , Куба , Югослав , Ойрхи Дорнодод нислэг үйлдэн газар нутагт нь явагдаж буй бүх зүйлийн зургыг нь авч , авагдсан зургуудыг нь тагнуулын дүн шинжилгээний ажилчид зургыг тайлан уншидаг аргачлалтай байлаа. Нэгэн удаагийн нууц даалгавараар Агаарын тагнуулын нисгэгч Френцис Гари Поверс нь Зөвлөлтийн газар нутгийн дээгүүр нислэг үйлдэж байхдаа 20000 метрээс доогуур нисэж байхдаа Свердловск хотын дээгүүр өнгөрч байхыг нь Зөвлөлтийн Пуужингаар буудан унагалаа (Хожим нь Зөвлөлтийн Пуужин онож унагасан нь худал болсон юм. Учир нь U-2 хэт өндөрт нисдэг онгоц бөгөөд тэр үеийн дэлхийн ямарч зенит , пуужингийн төрөл U-2 онгоцны доод өндөрлөгт хүрч чадахааргүй байжээ).
Дэлхийн нөгөө хагаст Холливүүд маягийн кино Зөвлөлтийн тагнуулчийн гол дүртэйгээр эхлээд өндөрлөсөн бол нөгөө хагаст нь Орос ардын үлгэр харийн сансараас бууж ирсэн Америк хүний гол дүртэйгээр гарчиг тавигдлаа. Свердловскийн жижиг буйд тосгонд мань Френцис Гари Поверс газардчихсан хэдэн алхамын цаана тосгоны лүү архичин гайхасхийн түүн лүү харна. Тосгонд тариа ногооны ажил эхлэчихсэн Социализм урагшаа уриа үл мэдэх хэлээр дуржигнана. Тосгоны эмгэн Катка , улаан малгайт Маша , хүү Паша за даа Орос ардын орчин үеийн үлгэр нэг иймэрхүү л эхлэсэн юм даа. Орон нутгийн тосгоны сэргийлэгч Сергеи гүйгээд ирлээ. Харамсалтай нь түүний мэддэг мэдлээс хэтэрсэн зүйл болох нь тосгоны лүү архичины согтуу нүдэнд ч ойлгомжтой байлаа. Сэргийлэгч маань Дарга руугаа яритал нөгөөх нь бүдүүн гүзээгээ зөөсөөр хүрч ирлээ. Араас нь КГБ-ын онц тусгай салбарыхан дагаад Армийн Сөрөх тагнуулын онцгойгийнхон тоос манаруулсаар Гари Поверсийг бариж аваад ойр орчимыг тусгаарлаад яваад өглөө. Ангайж хоцорсон сэргийлэгч Сергеи түүний дарга хоёр ам нь ангайн хоцорно. Орост согтуу хүмүүс илүү аз жаргалтай байдгыг л ойлгоод авсандаа мань хоёр !
Оросын КГБ гэдэг өөрсдийн иргэддээ ч цагаа тулвал тунчиг энэрэлгүй ханддаг байгууллага даа ! Хүндэт Чекистүүд мань Поверсийг Социалист шударга шүүхэд оруулахын тулд нүд тайлуулж юм юм үзүүлж сонирхуулна. Зөвлөлт маягийн соёл л юм даа байцаалтын өмнө давстай хоол Поверст өгчихнө ам нь цангаад эхлэхээр балга усны төлөө хэтэрхий их үнэ төлж эхлэнэ дээ. Олон цагаар хурц гэрэлтэй камерт алинг нь алдуулна. Түүнийг тойроод папирос татах КГБ-ын офицерууд ээлжлэн жижүүрлэж байгаад зүйл бүрээр Оростой танилцуулна. Шүүсийг нь шахаж Социалист шүүхийн өмнө арилгасан сонгино шиг л өөгүй нэгэн болгож хувиргана.
Зөвлөлт даяар шүүх хуралдааны товыг зарлаж шүүгдэгч Френцис Гари Поверсийг Зөвлөлт даяар шүүж харууллаа. Зөвлөлтийн олон дагуур орны нэр нөлөөтэй эрхэмүүд шүүх ажиллагаанд биечилэн хүрэлцэн ирж сонирхлоо. Тэдний дунд Германы Тусгай албыг 30 гаруй жил удирдсан Европ даяар "Нүүр нь үл харагдагч Тагнуулч" хочоор алдаршсан тусгай албаны гарамгай удирдагч Төмөр Миша буюу Маркус Волф хүртэл ирж сонирхжээ.
Зөвлөлтийн шүүгч "АНУ нисэх онгоцоор тагнуул хийсэн үү ? " хэмээхэд Гари Поверс "Тийм ээ ! Үүнд харамсаж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү" хэмээн хэлжээ. Үүнийг нь Төмөр Миша буюу Маркус Волф хараад амандаа "Тэнэг амьтан" хэмээн шивгэнэжээ.
АНУ-ын Засгийн газар Абелиар жишээлэн Ертөнц даяар Зөвлөлтийн балиар завааныг зарлан тунхаглаж байсан бол энэ удаа Зөвлөлтүүд Поверсийг барицаалж байгаад зөрүүлээд Хорвоогоор нэг АНУ-ын ой гутам , хөгийн муухайг нь гайхан шагширч гутаан доромжилж гарах нь тэрээ ! Дунд нь хүүхдэрхүү царайтай Гари Поверсийн гэнэн цайлган бөлтгөнөсөн том нүд зурагтаар шууд дүрсжигдлээ ! Хэрээ хэрээнийхээ харыг гайхан гуагалалдсаар л дунд нь Абель , Поверс хоёр муугаа үзсээр ...................
АНУ-ын Атлантагийн шоронд Абелийг ялаа эдэлж эхлэнгүүт УАХХ (КГБ) хорвоо дээр ерөөс байхгүй Абелийн Хелен гэдэг эхнэр , үеэл дүү Юрген Дривс (хожмоо генерал Юрий Дроздов болсон) нарыг бий болгочихсон захидлаар харилцаж байлаа. Жеимс Донованд ирэх захидалуудыг Донован Абельд өгч мөн хуулбарыг ТТГ (CIA)-д өгч байлаа. Хорвоо дээр байдаггүй эхнэр , үеэл дүүтэйгээ захидлаар харилцсаар 1960 он гарлаа. Нэгэн өдөр Оливер Поверс гэгч эрхмээс Абель захидал авсан нь Зөвлөлтөд тагнуулын нислэг үйлдсэн Гари Повэрсийн аав байлаа. Захидалд Ноён Оливер хүүдээ маш их санаа зовж байгаа бөгөөд хүү нь Оросын Владимирын шоронд хүнд нөхцөл байдалд хоригдож буйд машид эмзэглэн өөрийн орны Засгийн газраас хүүгээ таниар солилцуулах талаар уриалвал та зөвшөөрөх үү ? гэсэн утга бүхий зүйлсийг бичсэн нь Абельд найдвар төрүүлжээ. Өмгөөлөгч Жеимс Донован нь ТТГ (CIA)-руу холбогдох хүмүүстэй ярилцаж , хуурамч эхнэр Хелен рүү нь энэ талаар захидал бичвэл УАХХ (KГБ) дор нь өлгөн авчээ. Харин АНУ-ын ТТГ(CIA) асуудалд арай хойрго хандан байдлыг харзаналаа. ТТГ (CIA) Абелийг элсүүлчих боломж байгаа болов уу ? гэдэгт битүүхэндээ горидож байсан хэрэг ! Хэрэв Абелийг элсүүлж чадах л юм бол АНУ дахь түүний үүсгэсэн сүлжээгээр нэвтэрч Их Ангуучлал үйлдэж сүлжээг нь бут эвдэх боломж бий болох байлаа. Өмгөөлөгч Жеимс Донован нь үл харгалзан бололцоог эрэлхийлсээр л ............... хэсэг хугацаа өнгөрөхөд АНУ-ын тал солилцоог зөвшөөрчээ.
1.т АНУ хурандаа Абелийг элсүүлнэ гэдэг боломжгүй зүйл болохыг 5 жилийн хугацаанд хүлээн зөвшөөрлөө.
2.т 5 жилийн хугацаанд түүний Атомын талаарх мэдээлэл , мэдлэг нь хангалттай хуучирсан учир ач холбогдолгүй
3.т Абелийн үүсгэсэн тагнуулын сүлжээ нь энэ он жилүүдэд өөр сувгаар ашиглагдаж эхлэх тул тэр бараг хэрэгцээгүй
4.т Абелийг хориж шийтгэх үлдсэн 27 жилийн хугацаанд АНУ-ын татвар төлөгчидийн цент бүр нь дэмий зүйлд урсана.Үүний оронд АНУ-ын өөр таван хүн хориж байвал дээр !
5.т Абель шоронгийн удирдлагад хүндлэгдэж бусдаар хайрлуулаад үлгэр жишээ болчихлоо. Ингэхээр хэрэгцээгүй
6.т Гутамшигтай ч гэсэн АНУ өөрт ашигтай хоёр иргэнээ Зөвлөлтийн нэг иргэнээр сольчихно ! ингээд Ах дүү Кеннидигийн өршөөл үзүүлсэн зарлиг гарлаа. Ах нь Ерөнхийлөгч бол дүү Роберт нь Ерөнхий Прокурор ! бас л дуулиантай хоёр доо !
Өмгөөлөгч Жеимс Донован өршөөлийн зарлигийг сугавчилан Зүүн Берлинд нисч очоод Зөвлөлтийн элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга гэж өөрийгөө танилцуулсан Иван Шишкинтэй уулзаж хэлэлцээр явууллаа. Шишкин Абелийг , Поверсээр солих эрх мэдэл өөрт нь олгогдсон хэмээн тайлбарлаад эдийн засгийн тагнуулын хэргээр Зүүн Германд баригдсан оюутан Фредрик Прайорын хэрэг бол БНАГУ-ын мэдэлд хамаатай гэсэнч асуудлыг нааштайгаар шийдэхийн тулд нэмэлт цаг хугацаа өгнө үү ? хэмээн хариу хэлжээ. Жеимс Донован үүнд нь итгээд АНУ-руу буцахад ТТГ (CIA)-ын албаныхан түүний уулзсан Иван Шишкин нь үнэндээ УАХХ (КГБ)-ын Европ дахь тагнуулын ажилтан болохыг нь олж илрүүлжээ. Жеимс Доновантай уулзсанаас хоёр хоногийн дараа Иван Шишкин асуудлыг зохицуулсан хэмээн түүнд мэдэгдээд Тагнуулчидыг Солилцох газар Зүүн болон Баруун Германыг холбодог Потсдам дахь Глинике гүүрэн дээр солилцох ба оюутан Фредрик Прайор солилцоо явагдах өдөр "Чарли" хилийн шалган нэвтрүүлэх төв дээр эцэг эхийнхээ мэдэлд очно хэмээн мэдэгджээ. Маргааш өдөр нь өөрийгөө Рудольф Абель нэрээр нэрлэсэн Зөвлөлтийн тагнуулч Виллиам Фишер маань Атлантагийн шоронгоос суллагдан өөрийн өмгөөлөгч Жеимс Донован шоронгийн орлогч дарга Фред , Атлантагийн хорих газрын ажилтан Ноу Олдриж нарын хамтаар Зүүн Берлин лүү нисчээ. Яг тэр өдөр нь Зөвлөлтийн Владимирын шоронгоос Москва хүрч тэндээсээ Зүүн Берлиныг зорисон Френцис Поверс УАХХ(КГБ)-ын хурандаагаар дагалдагдан иржээ.
Дэлхийн 2-р дайны төгсгөлөөр Дэлхийг хоёр хувааж үргэлжлүүлээд Хүйтэн дайны үеийн хоёр ертөнцийн үзэл бодлын зөрчилдөөний итгэлцэлийг солилцох ажиллагаа 1962 оны 02 сарын 10 ны өдөр Баруун болон Зүүн Берлинд хоёр талын тагнуулчидыг солилцох үеэр тэднийг таних ажил явагдсанаар эхэллээ. Абелийг түүнтэй хамт ажиллаж байсан УАХХ-ны ажилтан Василий Призов таньж мэдэв. Ингэхдээ Василий түүнээс нүдний шилээ авахыг хүсчээ. Харин Поверсыг түүнтэй хамт нисч явсан Жо Мөрфи танив. Тагнуулчидыг Солилцох үеэр Зөвлөлтийн талыг Иван Шишкин ахлаж үеэл Дривс буюу хошууч Дроздов дагалдан тэдний аюулгүй байдлыг ханган автомат буутай байлдагчид байлцсан бол АНУ-ын талыг Жеимс Донован тэргүүлж байлаа. Хүйтэн цаг агаартай үүрийн заагаар солилцогдох ажилын үеэр Жеимс Донован , Абелиас '"Гэртээ хариад таньд дараа нь юу тохиолдох бол" гэхэд Абель "Сайнаар эргэвэл Гэртээ очоод сайхан Водкагаа ууна" гэж хариулж Жеимс Донован "Муугаар эргэвэл ?" гэхэд Абель огт тоосон шинжгүй "Манайхан намайг алах байлгүй" хэмээн хариулахад Донован "Та санаа зовохгүй юм аа" гэхэд Абель "Санаа зовох хэрэгтэй гэж үү" хэмээн ердийн байдлаараа хариулжээ.
Глинике гүүрэн дээр өглөөний яг найман цаг 22 минутад алсаас таних ажил дуусмагц гүүрний хоёр захаас буюу Зүүн , Баруун талаас хоёр тал өөд өөдөөсөө тус бүр нь гурван хүнтэй хоёр бүлэг болон хөдөлжээ. Гүүрний голд очоод тэд зогссон бөгөөд Шишкин, Донован нар эв найрамдалтайгаар гар барилцжээ. Үргэлжлүүлээд Абель, Поверс нар зөрж явсан бөгөөд тэр хоёр бие , биенийгээ алхах зууртаа харах гэж оролдсон гэдэг. Яг тэр мөчид оюутан залуу Фредрик Прайорыг БНАГУ-ын холбогдох байгууллагынхан "Чарли" хилийн шалган нэвтрүүлэх төв дээр эцэг, эхэд нь хүлээлгэж өгч байлаа.
Хөвөн зөөлөн цас бударсан үүр шөнийн заагаар үргэлжлүүлээд намуухан өглөө эхэллээ. Хоёр тал хоёул сэтгэл ханамжтай байсан бөгөөд Гари Поверс АНУ-ын онгоцонд суугаад "Би урваагүй ! Би тэдэнд юу ч хэлээгүй" хэмээн байдгаараа баярлан хэлсэн ч түүнийг хэнч сонсоогүй гэдэг тэрээр АНУ-д эргэн ирээд Нисэх хүчний салбартаа эргэн ажилласан хэдий ч харамсалтай нь ослоор нас барсан юм. АНУ-ын тусгай албаныхан түүнийг шүүх хурал дээр л буулт хийсэн харин УАХХ(КГБ)-ын байцаалтын явцад чухал зүйлийг хэлээгүй гэдгийг тогтоон хуучин салбартаа ажиллахыг нь зөвшөөрсөнч тэрээр нас барсан юм. Зарим нь үүнийг CIA-ын гэсгээлт гэдэг ! КГБ-ын дэд хурандаа Реино Хаяханенд юу тохиолдсон бол гэж үү ? Тэрээр ТТГ (CIA)-ын гаргасан өндөр хамгаалалтын хөтөлбөрт багтан АНУ-д сайхан амьдарч байсан хэдий ч бас л ослоор нас барсан ! Үүнийг зарим нь КГБ-ын урвагчдыг гэсгээн цээрлүүлэх ажлын өшөө авалт болсон гэж үздэг ! Чөтгөр бүү мэд дээ !
Фишерт юу тохиолдсон бол гэж үү ? Тэр Зөвлөлтөд очоод ...... харамсалтай нь ............... за тоглосон юм даа. Өнөөгийн хэллэгээр бараг л Рок Од болсон шуудангийн марканд нүүр нь гарсан , Зөвлөлтийн удирдагчаас Улаан Тугийн одон авсан , Зөвлөлтийн кино одууд түүнд зориулж бүүр "Тагнуулчийн Дууль" гээд нэртэй кино хийж өгсөн ! УАХХ (КГБ)-ын дарга нар түүнийг бахархалтайгаар хүлээн авсан ! Дайны цагт түүнд бөгсөө өшиглүүлж байсан алдарт тагнуулч Конон Молодыи түүнийг дүүгийн хувиар баяр хөөртэйгөөр угтан авч Нью Иоркод хамт хөглөж байсанаа дурсан санасан ! Виллиам Фишер нь гэр бүлийнхнийгээ сайхан тэврээд ханатлаа Водкагаа ууж хэд хоног шартаж хэвтсэн эхнэр нь асраад л , охин нь ааваараа бахархаад л за яахав дээ хааяа даа хэрүүл гарна. Орос гэр бүл ийм л байдаг даа ! Эхнэр нь хааяа ыг АНУ-д нэг шаргал үстэй сэгсийсэн юмтай яасан бол гэдгээс уур нь хүрч хардана. Харин Виллиам "Элена минь би тэнд ганцхан чамайгаа бодож байлаа" гээд л аргадаж тэврэнэ. Найз нөхөд нь баяр хүргэж гэрээр нь орж гарна. Олон жилийн дараах сэтгэлээ дэвтээнэ. Бяцхан найр хавтгайрч үргэлжилсэн баяр наадам үүсгэнэ. "Сталины үхлийн дараах он жилүүдийг ярина. Өрөвдөлтэй хүү Василийг нь яриж харамсана. Берияг Английн тагнуулаар баривчилсан ..... Молотов буурсаар байгаад бүр Монгол руу элчин сайдаар явж байсан Оросод олон зүйл гунигтайгаар бас сайханаар өөрчлөгдсөн гэхдээ Амьдрал үргэжилж байна" гэсээр дахиад нэг сайхан зуу татна. Зөвлөлтийн УАХХ (КГБ) түүнд хошууч генералын цолоор шагнасан гээд л дахиад найр үргэлжилж Орос чанартай сайхан Водкаг төрөл төрлөөр нь загасаар даруулан ууна. Найрны дараа тэрээр бичгийн ширээндээ суун өмгөөлөгч Жеимс Донованы амьдралд нь сайныг ерөөхийн хамт ховор номны цуглуулгаасаа дурсгал болгож бэлэг илгээнэ. АНУ-ын өмгөөлөгч болон Зөвлөлтийн тагнуулчийн найрсаг сайхан харилцаа хоёр их гүрний зөрчилдөөнөөс үл шалтгаалан насан туршид нь үргэлжилсэн билээ.
 
Амаддай Чонос