sonin.mn
"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ы нэхэмжлэл Дээд шүүх дээр ялалт байгуулсан билээ. Иймээс Дээд Шүүхийн тайлбарыг бүрэн эхээр нь хүргэе.
 
“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцлээ
 
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ. 
 
“Монголиан коппер корпорейшн” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 06/2016 тоот “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай” тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон тус хурлаас гарсан 01,02 тоот тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн уг хурлаас “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох, ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Монголросцветмет” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус шүүхэд гаргасан ажээ. 
 
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 06/2016 тоот “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай” тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоож, ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон тус хурлаас гарсан “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөн найруулах тухай” 01 тоот, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай” 02 тоот тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг, мөн уг хурлаас “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн өмчлөлийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тус тус тогтоож шийдвэрлэжээ.
 
Харин  ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хэргийг  хэрэгсэхгүй болгосон байна.  
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2,092 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “....Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн ээлжит бус хурал, түүнээс гарсан “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөх тухай” 01 тоот тогтоол, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” 02 тоот тогтоолыг тус тус хүчингүйд тооцож, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьцааны 49 хувийг эзэмших эрхийг болон  ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 06/2016 тоот “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолыг хүчинтэй хэвээр болохыг тогтоосугай “ гэж өөрчилсөн байна.
 
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн ээлжит бус хурал, уг хурлаас гаргасан “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөх тухай” 01 тоот тогтоол, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” 02 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 06/2016 тоот “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолыг хүчинтэй хэвээр болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэгч  “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилжээ.
 
Шүүх компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн маргаан буюу 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, уг хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгосноор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  хувьцаа эзэмшигч нарыг Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар зохих журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх эрхийг нээж өгсөн байна.