sonin.mn
Москва /МОНЦАМЭ/. АНУ-ын нийгэм судлалын институт “Gallup”-ийн хийсэн судалгаагаар Ерөнхийлөгч В.Путиныг ОХУ-ын нийт иргэдийн 80 хувь нь дэмждэг нь тогтоогджээ.
 
Энэ сарын 6-ны өдөр Нижний Новгород хотод ажлын айлчлал хийх үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин иргэдийн дунд байсан эргэлзээг тайлж ирэх сонгуульд дахин хүч үзэхээ мэдэгдсэн юм.
 
Тэрбээр энэ тухайгаа “Би ирэх оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн нэрийг дэвшүүлнэ. Үүнээс өөр энэ тухай зарлах тохиромжтой газар, цаг үгүй” хэмээн Горьковийн автозаводын 85 жилийн ойн баярын уулзалт-коцертын үеэр товчхон мэдэгдсэн юм.
 
Одоогийн байдлаар В.Путин бие даан нэр дэвших эсвэл “Единая Россия” намаас нэр дэвших эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгааны албан ёсны тов мөн гараагүй байгаа юм.
 
Дашрамд дурдахад В.Путин 2018 оны 3 дугаар сард болох ОХУ-ын Төрийн тэргүүний ээлжит сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байхыг түүний хэвлэлийн төлөөлгч Д.Песков онцолсон. Тэрбээр “В.Путинаас гадна өөр нэр дэвшигчид ч мөн бий. Гэвч тэдний сонгогдох магадлал тун бага. В.Путинд үзүүлэх иргэдийн дэмжлэг шиг дэмжлэг өөр аль ч нэр дэвшигч авч чадахгүй” хэмээн онцлов.
 
 
Л.Нандиа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг