sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх зургаан сарын хугацаанд Засгийн газар болон УИХ-ын үйл ажиллагаанд гурван ч удаа хориг тавьж, дээд амжилт тогтоосон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Хамгийн сүүлд Монгол Улсын 2018 оны төсвийн зарлагын хэсэгт хориг тавихдаа арван жилийн сурагч ч ойлгох хэмжээний алдаа гаргаж, олон нийтээс "unlike” хүртэв. Манай улсын жил бүрийн төсөв багагүй хэмжээний алдагдалтай явж ирснийг сүүлийн хоёр жилд бууруулсан. Гэтэл Ерөнхийлөгч 2018 оны төсвийг алдагдалгүй батлах боломжтой гэж үзэн хориг тавьсан гэдгийг түүний Тамгын газрын дарга уламжилсан. ‘‘Үнэхээр тийм боломж байсан уу” гэдэг асуултад УИХ-ын гишүүн, эдийн засагчид өөрсдийн байр суурийг илэрхийлж, үнэн мөнийг тодотгож няцаалт өгсөн.
 
Энэ талаарх байр суурийг хүргэж байна.
 
Ерөнхийлөгчийн энэ удаагийн хоригийг бодлогын үндэслэлтэй байвал ярилцаж болох байлаа. Харамсалтай нь, төсвөө бүрэн уншаагүй, үг үсэг, агуулгын алдаатай, бодлогын гэхээсээ илүү улс төрийн нэг хүчнийг хамгаалсан, өөрсдийн өмнө хийсэн алдаа дутагдлыг өмгөөлсөн шинжтэй байна. Төсвийн реформ хийх тодорхой санал оруулж ирсэн бол хэлэлцэх ёстой. Манай улс төсөвт реформ хийх зайлшгүй шаардлага байгаа. Төсвийн алдагдал 17 хувьд хүрч байсан нь үнэн. Дөрвөн төсөвтэй байсан нь бас үнэн. Сүүлийн хоёр жил зүтгэж байж найман хувьд хүргэсэн. Цаашид төсвийг алдагдалгүй болгох чиглэлд ажиллаж байна. Гэхдээ одоогоор төсвийн алдагдалгүй батлах ямар ч боломж алга. Өнгөрсөн дөрвөн жилд авсан зээлийн төлбөр, хүү, үйлчилгээний төлбөрт жилд бараг хоёр их наяд төгрөг зарцуулж байна. Өнгөрсөн дөрвөн жилд бодлогогүй, их хэмжээний арилжааны зээл авч, үр ашиггүй зарцуулсан. Засгийн газрын үнэт цаасны хүүнд хоёр тэрбум ам.доллар буюу дөрвөн их наяд төгрөг өгч байна. Ийм байдлаар улс орны эдийн засгийг тэглээгүй бол төсөв алдагдалгүй байх байсан. Харамсалтай нь, АН-ын засаглаж байх үедээ гаргасан алдааг одоо хүртэл бид засч байна.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин