sonin.mn
Наяад онд Зүүнбаянд 203-р ангид салааны захирагчаар дадлага хийгээд Тамбовын цэргийн дээдийн тавдугаар курсээ төгсөөд Улаанхуаранд Ардын Армийн 289-р ангид салааны захирагчаар дөнгөж томилогдоод сар ч болоогүй байтал Хөтөл руу анги маань нүүх болов оо. Залуухан шинэхэн бодож санах ч юмгүй салаа салбарын офицерүүд Жавзандулам, Нарантулга, Батболд, Цогбямба, Батжаргал, Одбаатар, Чүлтэмжамц, Бүрнээ ах бид хэд ганц хоёр чемодон, гэрийнхээ жаахан юмыг байлдааны хуягласан машин БРДМ дээрээ ачиж аваад авгай хүүхдүүдээ дотор нь суулгаж аваад цуваанд татаад л баруун хойд зүгийг чиглээд Хөтөл руу гарч өгвөө. Хөтөлд шөнө дунд ирээд хамгийн түрүүнд цэргийн хоол 10 гаруй машин төмс хүнсний ногоогоо ар талын орлогч Цэрэндорж хошуучийн удирдлага дор дарга цэрэггүй л буулгаж гүйлдэнэ. Би ч яахав дэслэгч хувцастайгаа салааныхаа цэргүүдийг командлаад төмс ногоогоо буулгаж байтал харин биеэр жижигхэн манай нөгөө салааны захирагч ахлах дэслэгч Одбаатар маань намар нилээн оройтсон хүйтэн шөнө орой тул цэрэг ногоон бекич өмсөн цэргүүдийнхээ дунд орон адилхан шуудайтай төмс үүрэн гүйж байв.
 
Анги дөнгөж шинээр байгуулагдсан бие биенээ ч сайн таньж мэдэхгүй намрын харанхуй шөнө дунд Ар талын орлогч маань Одбаатарыг цэрэг хэмээн бодоод шуудайтай төмс үүрээд зоорь руу гүйхээгээрээ орох болгонд Аа муу шинэ цэрэг өшөө хурдан гүйгээд.., гээд байн байн амбаардахыг хараад миний хөх инээд хүрч байсан ч Одбаатар маань сүүлдээ бүр тэссэнгүй бекичээ тайлж хаяад погоноо гарган үзүүлж Би шинэ цэрэг биш офицер хүн хэмээн уйлагнан гомдоллож билээ.  За тэгээд залуу офицерүүд бид хэд чинь ангийнхаа хашаан дотор авгай хүүхэд цэргүүдтэй хамт баракад амьдрана даа. Нэг өдөр анги бүрэн бүрэлдэхүүнээрээ гадаа жагсаалын талбайд жагсан ангийн захирагч дэд хурандаа Сүрэнхор үүрэг тавьж байхад манай жолооч ахлагч Пүрэвийн дөнгөж л хэлд орж байсан сахилгагүй шар банди жагсаалын урдуур хээвнэг алхаж байх юм. Түүнийг харсан захирагч өхөөрдөнгүйгээр Үгүй энэ Пүрэвийн сахилгагүй шар энд юу хийж явнаа гэхэд хариуд нь Битгий хуцаад байгаарай муу п...да минь. Ална шүү гэхийг сонсоод бүгд нэрхийтэл инээхэд захирагч маань нүүр хийх газаргүй болж билээ. Манай Сүрэнхор захирагч хүний эвийг их олдог хүний төлөө их зүтгэдэг ялангуяа залуу офицеруудаа их дэмждэг хүн байсан. Ямар сайндаа Хөтөл тосгоны захирагч, Цемент шохойн комбинатын дарга АИХ депутат Сампилноров гуайг өдөр шөнөгүй айрагдуулж байж Хөтөл хотоос таван давхрын тохилог арван байр салгаж залуу офицерууд бидэнд авч өгч байхав. Бид хээрийн сургуульд Хөтөлөөс зуу гаруй км хол Тавдугаар армийн нэгдсэн сургалт хэлбэрээр Орхон Хангалын бэлчир дээр өвөл хоёр сар, зун гурван сар гарна. Орос сургагч маань Орхон голд загасанд голдуу явах ч бидний алдаа дутагдлыг байн байн захирагчид матаж олидог тул бид түүнийг Олёщик гэнэ. Үүнийг мэдсэн сургагч маань нэг өдөр захирагчаас Офицерууд намайг Олёщик Олёщик гээд байх юм Олёщик гэж чухам оросоор юу гэсэн үг юм бэ хэмээн асуухад захирагч хариуд нь дэмий л жуумалзахаас өөр хариу өгөөгүй гэдэг.
 
За тэгээд салаа ротын дарга бид хэд чинь гол нь эх орноо хамгаалах эр цэргүүдээ мэргэн буудуулж сургахын тулд окопондоо өдөр шөнөгүй сууцгаан өөрсдөө банзан байгаа барин окопноосоо гараараа цухуйлган АК47-оор 400 метрээс шүршүүлж толгой дээгүүр сум шунгинан окопны чулуу шороо бутрах үед ч нүдээ цавчилгүй гол нь байнд туссан сумны нүхийг л сайтар олж харангаа буудагч цэрэг руугаа ТА-57 хээрийн утсан холбоогоор заавар зөвлөгөө өгөн загнан хашгичаж дахин дахин өөрсөд рүүгээ буудуулсаар байгаад цэргүүдээ бүгдийг нь ОНЦ буудуулж сургадаг байв. Хээрийн сургуульд хэдэн сар болоод пад хар болсон юмнууд байлдааны хуягласан, хуяглаагүй зуу гаруй машин техникээ цуваанд татуулан сүр бадруулан цэргийн ангийнхаа хаалгаар орж ирэхэд ард үлдсэн авгай хүүхдүүд маань баракан байрныхаа гадаа бөөн баяр хөөр болон угтдаг байж билээ.
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт