sonin.mn
Сэхээрүүлэн ухааруулах дуун
 
МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионы "Жигүүртнээс дээгүүр" ном, цомгийн сэтгэгдэл
 
Т.Бат-Оргил “Жигүүртнээс дээгүүр” ном, цомгийн нээлтээ 12 сарын 16-нд Азхур номын их дэлгүүр дээр 15:00 цагт хийх гэж буй билээ. Уг бүтээлийн талаар
МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион :
“Маш хөөрхөн, уншихад хөнгөхөн, яг дуунууд шигээ ном болжээ. Барьж аваад л салсангүй, нэг амьсгаагаар уншиж дуусгав. Бат-Оргил миний унаган найз “Инээмсэглэл”-ийн Ганхуягийн дүү л дээ. Тиймээс би багаас нь мэддэг. Энэ гэр бүлийн нэг тийм суурь байдаг юм. Суурь хүмүүжил, суурь соёл… Гол icon нь монголчууд бидний билэг тэмдэг болсон Цогзолмаа гуай. Мэдээж энэ номонд гарч буй Буурай, Ц.Намсрай, Д.Цэнджав өвөө нар нь, аав Ц.Төрболд, ээж Н.Сувд гэх Бат-Оргилд нөлөөлсөн ер бусын хүмүүсийн ертөнц. Би энд бусад бүгдийг нь нэрлээд яахав. Ойлгомжтой. Аав нь Кэнни Рожэрсын пянзыг гэртээ эгшиглүүлж бяцхан Бат-Оргилын сонорт хүргэж буй нь, эсвэл ээж Сувд Солонгосоос гитар авчирч өгсөн нь, Буурайгийн зөөлөн аялах бүүвэйн дуу, Хуягаа ахынх нь зааж өгсөн гитарын таталт гэх мэтчилэн Бат-Оргилыг тойрсон оршихуй тэр суурь нь болсон болов уу. Заа тэгээд маш их ном уншиж гэдэг нь зүгээр л хэдэн үг солиход л анзаарагддаг.
Нэг сонин нь Бат-Оргил орос сургуулийн хүүхэд. Тэгсэн мөртлөө яаж ингэж монголоор цэвэр тунгалаг бичиж чадаж байнаа гэж гайхаж байснаа мөхөс би нуугаад яахав. Анх “Аж Богдын харуул”-ыг сонсоод би мэл гайхаж билээ. Миний бие өөрөө орос сургуулийн “бүтээгдэхүүн” учир л ийн ярьж байгаа юм. Энд би хэлний хувьд дурьдаж буй. Энэ бас л нөгөө дээр ярьсан суурь соёл. Дашрамд хэлэхэд орос сургуулийн бид нар зарим нэг цээжээ дэлдсэн “эх орончдоос” илүү Монголдоо хайртай байдаг юм шигээ. Энэ гадны бүх юмыг тахин шүтэх нь яана. Наад зах нь энэ олон гадаад нэр хаяг, эргэн тойрон юу болж байна аа!
Энэ утгаар Бат-Оргил маань зохиосон дуугаараа санаагаа хуваалцаж нэгийг бодогдуулна. Эх орон, үндэстэн ард түмний маань аугаа түүх, уламжлал, өвөг дээдсийн үлдээсэн өв гэх сэдвүүд ерөнхий дэвсгэр нь болж анхааралтай сонсвол бүхэл бүтэн философи дуугарч буй. Энэ бол концептуал цомог гэж би ойлгож байна. Маш нарийн логик дараалалтай, нүдэнд үл үзэгдэх холбоос бүхий хүүрнэл. Философи талаас тэр “ширэнгэ” рүү нь гүн ороод яахав. Дуу бүхнээр нь задаргаа хийгээд яриад байвал яриад байх. Дуу зохиох гэмээн ямар ухамсартай, хариуцлагатай хандана вэ! Тийм ул суурь судалгаатай хандсаны хирээр дуунууд нь их даацтай, амьтай, удаан настай байдаг болов уу. “Аж Богдын харуул”-ыг Нарантуулын захынхан түмэн олноороо дуулж уярч байхыг би нүдээрээ харж, чихээрээ сонсож Бат-Оргил дүүгээрээ бахархаж байсныг мартдаггүй юм. Нарантуул бол Монголын л ард түмэн.
 
Нэг чухал зүйл нь хөгжмийн хэл, урсгал хэв маяг. Бат-Оргил маань Монголд country rock урсгалыг үүсгэж анхны хараацай болсон уран бүтээлч. Кэнни Рожэрс, Боб Дилан, Жоан Баэз, Гарт Брукс, Тоби Кит, Ийглс гэх мэтчилэн нэрс нь цуврах агуу дуучид, хамтлагуудын цогцлоон бүтээсэн энэ том дууны урлагийн цар хүрээ нь Америкийн хавтгайгаас хальж, дэлхийг нөмөрсөн. Монголыг тойроогүй. Бат-Оргил маань чухамхүү өөрийн төрмөл авьяасаа олдмол зүйлтэй хослуулж чадсанаар Монгол country rock дуу өөрийн дурэм, жаяг, хэлбэр, хэмнэлээрээ дуугарах болсон. Энэ урсгалын нэгэн хамгийн чухал хүчин зүйл нь дууны үгэндээ байдаг. Дууны үгээр аливаа үйл, түүх, хүний амьдрал, хайр дурлал, эх орон, ард түмэн гэсэн бүхнийг базаж сэтгэлээ илэрхийлнэ гэдэг бол амаргүй асуудал. Дууны үг гэж ямар чухал юм байдгийг илэрхийлсэн нэг том жишээ бол дэлхийн ухаантнуудад олгодог Нобелийн шагналыг саяхандомогт Боб Диланд хүртээсэн явдал юм. Боб Диланаугаа “Beatles”-д асар их нөлөө үзүүлсэн хүн шүү дээ. За тэгээд Америкийн Пит Сигер, Оросын Высоцкий, Галич, Окуджава гээд лут лут Bard-ууд бий. Эд нар хүний тархиухааныг сэхээрүүлж сэнхрүүлдэг.
Бат-Оргилын энэ дууны цомог, номонд дээрх ухаантнуудын ертөнцийн үнэр ханхалж байна. Дүүгийн үзэл бодол, эх орноо гэсэн сэтгэл, зовнил,бачуурал мэдрэгдэж буй. Өдгөөгийн ороо бусгаа энэ цагт сэхээрүүлэн ухааруулах явдал ямар их хэрэгтэй байгаа билээ. Адгийн наад захын жишээ гэхэд бид ямар хүмүүсийг дэвшүүлж төрөө удирдуулаад байна аа. Гуравхан сая ард түмнээ аятайхан сайхан амьдруулж чадахгүй ямар тарчлангуй нийгэм зонхилно вэ? Дүүгийн бачуурлыг би ойлгоном. Одоо ёстой дуугаараа жинхэнэ сэхээрүүлэх цаг! Урагшаа Бат-Оргилоо!" гэжээ.