sonin.mn
1980-аад он. Дэлхий ертөнцөд Хүйтэн дайны аюул нүүрлэж, Орос, Хятадын харилцаа тун тааруу байсан үе. Ямар сайндаа л 1979, 1984 онд байлдааны буудлагатай томоохон хээрийн сургуулийг оросууд манайхтай хамтран өмнөд хил дээр хийж байхав дээ. Ах дүү арми зэвсгийн сүр хүчийг үзүүлж, Хятадыг сүрхий сандаргаж буй нь тэр. 
 
1987 онд Вьетнам улс Камбожоос цэргээ гаргах явцыг ажиглахаар нийт 45 орны 450 гаруй цэргийн мэргэжилтнүүд, дипломат ажилтнууд Пномпень хотод хуран цугласан байлаа. Тэд Зүүн Өмнөд Азид арваад хоног саатаж, олон улсын цэргийн ажиглагчийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр үед Камбожийн цэрэг Тайландтай байлдаж байсан үе. Нөхцөл байдал улам хүндрэх үед Вьетнамын Засгийн газар Камбожид туслахаар хуурай замын цэрэг оруулсан байдаг. Тайландын эзэн хаан Камбожийн тал илэрхий хүчирхэгжиж буйг мэдэрч дайн хүрээгээ тэлэхээс болгоомжлон “Эвслийн гэрээ” гэгчийг сөргөлдөгч талтай байгуулж гал зогсоожээ. Байдал харьцангуй намжмал болсон учраас Вьетнамын Засгийн газар Камбожийн нутаг дэвсгэрээс цэргээ буцаан татах нөхцөл бүрэлдэв. 
 
Камбожийн Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Хун Сен олон улсын ажиглагчдыг найрсгаар угтав. Энэ эрхэм одоо ч Ерөнхий сайдаар ажилласаар буй гэх. Юутай ч Камбожийн Зэвсэгт хүчин өөрийн эх орноо гадны халдлагаас хамгаалах чадвартай болсон гэж үзээд, аврагч вьетнамчуудыг нутаг руу нь үдэх ёслолын ажиллагаа болсон юм. Бүтэн өдрийн туршид задгай талбайгаас Вьетнамын армийн, хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн танк, их буу, зенитийн төхөөрөмж суурилсан машинууд, гинжит-дугуйт чирэгч зэрэг хүнд, хөнгөн техникүүд бүхий цэрэг эрс эх нутгаа зорин цуваа татан хөвөрч байлаа. Вьетнамын цэрэг Камбожийг орхиж буй дүрст мэдээллийг нэртэй агентлагууд дэлхий даяар шууд дамжуулан цацаж байсан юм. Ажиглагчдын ахлагчаар Я.Лхагва хэмээх монгол хурандаа ажиллаж байв. Энэ нь учир шалтгаантай. Монголд НҮБ-аас олон улсын энхийг сахиулах ажиллагаанд ажиглагчаа оролцуулах санал тавьж, МАХН-ын ТХ-ны шийдвэрээр Засгийн газрын тусгай тогтоол гарчээ. 
 
Ёндон генерал нисдэг тэрэг унагасан хэргээр цэргийн сургуулийн захирлаар илгээгдэж, БХЯ-ны сайдаар Л.Моломжамц томилогдоод удаагүй байсан үе. Тэр үед Я.Лхагва БНМАУ-ын АИХ-ын депутат, Зүүнбаянгийн дивизийн улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Сайд мань хүнийг бүтэн сайны өглөө албан өрөөндөө дуудахад “Энэ ажилд би тэнцэхгүй байх, сайд аа” гэж эмээнгүй өгүүлтэл хариуд нь “Юу гэнэ ээ, чи бүр олон улсын ажиглагчдын ахлагчаар нь явж байгаа шүү, нөхөр минь. ТХ-ны тогтоол гарсан. Сайн яваад, үүргээ нэр төртэй гүйцэтгэ!” хэмээн хэлээд гарыг нь чанга атган үджээ. 
 
Нам засаг, яам тамгын тушаал юм хойно Я.Лхагва “Буянт-Ухаа” нисэх буудлаас аранзаа үүрээд, гав ганцаараа БНСВУ-ыг зорин мордов. Тийн одохын өмнө мань эрийг дадал суулгах үүднээс манай ГЯЯ-ны байранд хоёр өдөр сургалтад суулгаж, тэндэхийн ёс заншил, ажиллагааны үед биеэ хэрхэн авч явах талаар зөвлөгөө өгч, тэрүүхэндээ сүрхий бэлтгэсэн гэдэг. Тухайн үед Хятадаар дамжин нисэх ямар ч боломжгүй байсан учраас Улаанбаатар, Оросын Москва, Узбекистаны Ташкент, Пакистаны Карачи, Энэтхэгийн Бомбей, Вьетнамын Ханой гэсэн маршрутаар 22 мянган км агаарын замаар аялсны эцэст зорьсон газраа хүрчээ. 
 
Түүнийг Вьетнамд суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, туршлагатай дипломатч Барс хүлээн авч, хамтарч оролцох болсноо дуулгажээ. 
Пномпень хотод долоо хонохдоо бүтэж үхэм халуун орчин, усархаг бороо, гудамжны өмхий үнэр, идэж уухын эцэсгүй “сэжгийн” хоол унд... Усыг нь уувал гэдэс нь дүүрнэ. Амтат зоог үзэгдэвч амтлахын аргагүй. Үнэндээ франц шар айраг, гаазтай ундаа хоёр л хоол болж байлаа. Ус нь нүүр гар ч угаахад хэцүү учир цэвэр ус худалдан авч өөрийгөө арчилна. Монгол хүн удаан тэсэх боломжгүй тийм л газар орон. Нэг орос хэлтэй орчуулагч гаргаж өгсөн ч хүмүүс нь франц хэлийг л гадарлах тул тус болж шальсангүй. Зорьсон хэргээ бүтээсэн Я.Лхагва ажиглагчийг буцахын өмнөхөн Камбожийн БХЯ-ны орлогч сайд болон ГЯЯ-ны төлөөлөгч нь хүлээн авч, гүнээ талархав. Олон улсын ажиглагчдад тэд Азийн гайхамшгийн нэг чулуугаар барьсан 42 давхар зүмбэр сүмээ сонирхуулж, дурсгалын зураг татуулжээ.
 
Я.Лхагва арваад хоног үүрэг гүйцэтгээд эргэн ирэхэд хэн ч угтаж аваагүй байна. Халуун оронд очно гээд шинелийг нь тайлж аваад үдсэн БХЯ-ны Гадаад харилцааны асуудал хариуцсан офицер Сандуйжав ч алга. Шагнал урамшил, цол молоо байг гэхэд БХЯ, ГЯЯ-наас ядахдаа нэг ч албаны хүмүүс талархлын үгс жагсааж, гарыг нь ч атгаагүй байна. Харин Монголд суугаа Вьетнамын элчин сайд нэг өвгөн хүлээн авч “Танд их баярлалаа” гэсэн аж. Я.Лхагва хурандаа хотод нэг хоноод Зүүнбаян руугаа “Аавын хүү үүргээ гүйцэтгээд, ахуй нутгаа зорилоо...” гэж аялаад л явж одсон гэдэг. 
 
Монголын анхны энхийг сахиулагч Я.Лхагва гэгч хэн бэ? 
 
Түүний намтрыг мөшгөн үзвээс Булганы Хутаг-Өндөр суманд төрж, аймгийн төвд дунд сургууль дүүргээд, Архангайн ХАА-н техникумд хуваарилагджээ. Яг сургууль эхлэх үед шүлхий өвчин дэгдэж, хорио тавигдсан аж. Бөөн далим. Хөдөөдөө аргамагийн нуруунд дарцаглаж явтал сумын намын дарга Ламжав дуудаж “Чи хө аймгийн төв рүү ня-бо-гийн курст явна аа” гэснээр мэргэжил эзэмшиж, сумандаа бригадын тоо бүртгэгч хэсэг хийв. Эрийн цээнд хүрч, цэргийн зарлан дуудах хуудас гардлаа. Хархорины Барилгын цэргийн 023-р ангид алба хааж, намд элсэв. Бригадын тоо бүртгэгч байсан болохоор сүрхий тоогдож, ангийн штабт хүнсний ня-бо болжээ. Тэдний анги Буянт-Ухаагийн нисэх буудлын өргөтгөлийг барих үүрэгтэйгээр Улаанбаатарт шилжин байрлажээ. Энэ үеэр ангийн захирагч Чулуун Я.Лхагвыг ихэд үнэлж, Улс төрийн ажилтан бэлтгэх курст илгээв. Онц төгссөн таван сурагчийн нэгэнд багтаж, АА-ийн 50 жилийн ойн медалиар энгэрээ цоолуулж, дэслэгч цолоор шагнуулжээ. Идэрхэн дэслэгч 12 нөхрийн хамт Зүүнбаян тийш хүлгийн жолоо залжээ. Тэнд салбарын улс төрийн орлогч, ухуулах ажлын зааварлагч, ангийн намын үүрийн дарга гээд л шатлан дэвшиж, шилдэг удирдагч гэдгээ батлав. Нэг нартай өдөр захирагч хурандаа Намдаг, Алтангэрэл /хожим генерал болсон/ хоёр дээр давхиж ороод, “Би академид явъя” хэмээн палхийтэл хэлж орхижээ. Хашир дарга нар ёжтой инээмсэглээд “Чи өөрийгөө сурч чадна гэж бодно уу. Хамгийн сүүлчийн араа шүдийг оросоор юу гэдэг юм бэ?” хэмээн асуусан гэдэг. Хариулж чадсангүй. Гэтэл хавар нь штабаас дуудаж, “Тоо, физик, орос хэлээр шалгалт авна. Сурмаар бол бэлд” гэсэн байна. Сүрхий ч давтлага хийж. Ингэсний үрээр Москвагийн В.И.Лениний нэрэмжит Цэрэг, улс төрийн академид тэнцэж, 1974 оны намар Зөвлөлүүдийн орныг зорьжээ. 1978 онд төгсөж ирээд, Бага даргын сургуульд ангийн /батальон/ улс төрийн орлогч, Артиллерийн 120-р нэгтгэлд улс төрийн орлогч, 126-р мотобуудлагын дивизийн улс төрийн хэлтсийн даргын албыг хашиж цагаан морин жилийн хувьсгалтай золгосон байна. Ингээд 1990 оноос Улсын Иргэний хамгаалалтын газрын дэд дарга, УБОК-ын нарийн бичгийн дарга, Амралт үйлчилгээний цогцолборын орлогч даргаар арав гаруй жил ажиллав. Шат шатанд гялалзтал дэвшиж явсан Лхагва хурандаа МАХН-ын ТХ-ны Улс төрийн газрын даргын суудалд хүрэхийн даваан дээр ардчилсан хувьсгал гарч, хамаг зүйл орвонгоороо эргэжээ. Хал үзсэн цэргийн хүний хувьд тусгай албанаас төрийн захиргааны албанд шилжиж, зах зээлийн хүнд хэцүү үед ч улс орондоо түшиг болж явсан байна. Түүнээс хойш цөөнгүй жил улирчээ. Сураг сонсвоос хурандаа маань Эрдэнэтэд аж төрж, урин цагаар төрсөн бууцаа байн байн эргэдэг ажилтай. Тийн явахад нь нэгэн дайчин нөхөр нь Баатар ван Я.Лхагваас “Та Монголоо төлөөлж НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд гар бие оролцсон анхны хүн шүү дээ” гэхэд “Үгүй дээ, намайг одоо мэдэх хүн байхгүй биз” хэмээн өгүүлсэн гэдэг. “Алдар, үхэл хоёрын дундуур ассан гал шиг бадран өнгөрсөн залуу нас” нь хэдийнэ он жилийн шаргал түүх болон сэмэрчээ. 
 
Юутай ч анхны цэргийн ажиглагч Баатар ван Я.Лхагва тэр жил өмнө зүг тэмцэн замд явахдаа ч, аянаас буцаж ирэхдээ ч улс Монголоо төлөөлөх тунчиг хариуцлагатай үүрэг яагаад өөрт нь оногдсоныг бодоод олоогүй гэдэг. АИХ-ын депутат гэсэн утгаар уу, эсвэл орос хэл мэддэгээр нь үү, Зүүнбаянгийн аагим халуунд хат суусан эр цэрэг гэдгээр нь үү, холио солионд нэхэлгүй гэв үү... Юутай ч ямар шалгуураар томилон явуулсан нь оньсого хэвээр үлджээ.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин