sonin.mn
Гурван ес эхэлснийг сануулах мэт үүрийн жавар тачигнаж байх цаг дор манай сурвалжлах баг Арвайхээр хотыг зорилоо. Хааяахан явган шуурга босч, замын хажуугийн хунгарласан цасаар өндөрлөсөн хамгаалалтын далан тодрохоос өөрөөр нүдэнд торох зүйл үгүй. Замын талд ортол бараг машин ч зөрсөнгүй. Хэдэн ч гүвээ давсан зах нь харагдахгүй цагаан тал.Их талыг ярчихсан мэт засмал замаар чилийтэл зургаан цаг гаруй давхисаар Өвөрхангай аймгийн төвд орж ирлээ.
Ийнхүү зорьсон газраа ирснээр зочин руугаа утас цохиж уулзах цагаа товлолоо. Бидний санаа нийлж, зориг шулуудаж зорьж ирсэн хүн бол шинэ оны босгон дээр хөдөлмөр бүтээлээ төр, засагтаа үнэлүүлээд буй ард түмний сайн мэдэх Мянхай баатар. Шинэхэн гавьяат маань Баянгол сумандаа ажиллаж, амьдарч байгаа ч амралтын өдөр баярын цайллагаа хийх гээд ойрмогхон аймагтаа ирж түр суурьшаад байгаа аж.  Биднийг очиход гэрт ач, зээ нар нь бужигнаж, гавьяатын найранд хол ойроос уригдсан хүмүүс утасдаж, зочдыг байрлуулах байр бэлтгээд чөлөө алга. Гэсэн ч хотоос зорьж очсон биднийг уриалгахан угтан авснаар гавьяат жүжигчин Д.Төмөртогтохын “Амьдралын тойрог”-оор аяласан юм. Тэрээр “Мандухай сэцэн хатан”-ы Мянхай баатар, “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын Боорчи, “Аянгат цагийн дууль”-ийн Баянак, “Ану хатан”-ы Булат жанжины дүрээр дэлгэцэнд мөнхөрч, ихэнхдээ зэр зэвсэгэ агссан баатрын дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон байдаг. Түүнчлэн “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэг, “Хазаар цэцэгсийн дуулал”-ын Хантай гээд аавын тухай эерэг, сөрөг талын дүрийг ч чадварлаг бүтээсэн уран бүтээлч билээ. Ид насандаа  Сүхбаатар жанжины дүрийг мөнхлөх тохиол таарсан ч татгалзаж явсан үе бий. Энэ тухайгаа “Сүхбаатар жанжины дүрийг Дашнамжил ах бүтээсэн болохоор би тоглодог байж гэж бодож үзээгүй. Гүйцэж гаргаж чадахгүй дээ гэж боддог” хэмээсэн нь бий.
 
“ГАВЬЯАТ БОЛСНОО ХАМГИЙН ТҮРҮҮНД ААВ, ЭЭЖДЭЭ ХЭЛЭХ ЮМСАН ГЭЖ БОДОГДДОГ ЮМ БИЛЭЭ”
 
Гавьяатын гэрт баярын уур амьсгал намжаагүй байна. Тэрээр “Намайг аль зургадугаар сараас эхлээд гавьяат болох мэдээлэл цацагдсан. Таних, танихгүй олон хүн баяр хүргээд эхлэхээр хоёр шөнө нойр дутуу хоносон шүү. Уран бүтээлч хүн чинь баярлах нь амархан хойно, тэгээд мартчихсан. Сүүлдээ үнэмшихээ ч больсон. Тэгээд арванхоёрдугаар сарын 27-нд мал ахуйгаа ачих гээд том тэрэгтэй аймагт ирчихсэн. Зээтэйгээ байж байтал 26-тай утаснаас залгаад “Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна” гэсэн чинь зурсхийгээд л ороод ирдэг юм билээ. Уг нь ямар ч асуудлаар дуудаж болно шүү дээ. Тэгээд “Та Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Эх Онги” мал эмнэлгийн малын их эмч Дэмидийн Төмөртогтох мөн үү” гэж байна. “Мөн байна” гэлээ. “Та Монгол Улсын гавьяат жүжигчин болжээ. Танд баяр хүргэе. Та 29-ний 11:00 цагт Төрийн ордны гол хаалган дээр ёслолын хувцас, иргэний үнэмлэхтэйгээ бэлэн байж байгаарай” гэсэн. Яг энэ дарааллаар хэлсэн шүү. Энэ үед хамгийн түрүүнд аав ээждээ хэлэх юмсан гэж бодогддог юм билээ. Гэтэл хэлэх хүмүүс нь байдаггүй. Тэгээд эхнэр, ахдаа дуулгасан. Сайхан зүйл олон үзэж байна. Энэ хорвоо дээр уран бүтээл л үнэн юм даа. Нутгийнхнаас эхлээд бүгд л сайхан хүлээж авлаа. Сэтгэл их хөдөллөө” гэсэн юм.
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Баянгийн Салхит, байгалийн үзэсгэлэнт Зэгэстэйн уулын нөмөр нөөлөгт төрж өссөн түүнийг Могойн ар голын усаар угаасан гэдэг. Говийн ус зохимж муутай ч могойн усыг хүмүүс холоос зөөж уудаг. Тиймээс ийм сайхан нутгийн эзэн нь болж төрсөндөө бэлгэшээж, баярлаж явдаг гэнэ. Д.Төмөртогтох гавьяатын аав Дэмид, ээж Цэгмид нь жирийн л малчин хүмүүс байжээ. Тэрээр эцэг эхээсээ дөрвүүлээ. Том эгч, ах нь гавьяаныхаа амралтад суусан бол эмэгтэй дүү нь Налайхад амьдардаг гэнэ. Харин хамтдаа дуулж улсын хэмжээний урлагийн наадамд түрүүлж байсан дүү нь ослоор эндсэн байна. Гавьяатын ээж сайхан дуулдаг нутаг орондоо нэртэй хүн байж. Тэрээр сургуулийн босго алхсан жилээсээ л урлаг, уран сайханд дуртай урлагийн үзлэг, шинэ жилдээ идэвхтэй оролцдог. Сургуульд байхдаа “Хөх боржигон чулуун дээр хүндэт Ленин зогсч байна” гээд л уншдаг байжээ. Тэгээд VII ангиасаа илгээлтийн эзэн болж мал маллаж эхэлсэн ч аймаг, сумынхаа урлагийн наадамд тогтмол оролцоно. Том ах нь хөгжим сайхан тоглодог төдийгүй аймаг, хот руу тэмцээнд шалгарч явсан үе бий. Тэр үедээ аавынхаа авч өгсөн 90 хонийг ээжтэйгээ хоёул төллүүлж мал маллахын сайхан басхүү бэрхшээлийг  биеэр мэдэрсэн гэдэг. Ингэж дөрвөн жил мал маллаад 18 нас хүрч Хилийн цэргийн 0119 дүгээр ангид алба хаахаар хот руу татагджээ. Энэ үедээ цэргийн ангийн бүжгэн дээр эхнэртэйгээ танилцсанаар  сантехникчээр улиран ажиллах болсон тухайгаа “Их, дээд сургуулийнхныг цэргийн ангид авчирч бүжиглүүлдэг байсан. Тэр үед танилцаж 18, 20 настай гэр бүл болцгоосон. Тэгээд эхнэр Хөдөө аж ахуйн их сургуулийг малын их эмчээр төгссөн. Цэргийн ангид 7-8 жил улирч ажиллаад гэр бүлийн хүн сургуулиа төгсч аймагтаа хуваарилагдахад нь дагаж шилжих хүсэлт гаргалаа. Эхнэр Сант суманд малын их эмчээр хуваарилагдсан ч намайг шилжүүлж өгдөггүй. Ардын их хурал, аймаг, сумын депутатаар орж гарын үсэг зуруулж байж шилжихээр болоход аймгийн цагдаагийн байгууллагад оч гэхээр нь очихгүй гэж хөөцөлдсөөр арай гэж сумандаа хуваарилагдаж уурын зуухны механикчаар ажиллаж эхэлсэн” гэсэн юм. Д.Төмөртогтохын дөрвөн хүүхэд аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж урлагийн болон малын эмч болцгоожээ. Том хүү СУИС-ийг дуулаачаар төгсөөд Тарагт сумандаа Соёлын төвийн эрхлэгч хийж байгаа бол бага хүү КУДС-ийг зураглаачаар төгссөн. Магистраа хамгаалахаар Чехэд сурч байгаа. Харин том охин малын их эмч мэргэжилтэй Чехэд ажиллаж амьдарч байгаа. Бага охин нь нийгмийн халамжийн чиглэлээр Солонгост мэргэжил дээшлүүлж байгаа аж. Аавыгаа гавьяат цол авсныг дуулаад хүүхдүүд нь гадаадаас ирж байгаа гэв.
 
МЯНХАЙ БААТРААР ЭХЭЛСЭН УРЛАГИЙН УРТ ЗАМ
 
 
Зочны маань амьдралын тойргийн хамгийн оргил үе бол бидний сэтгэлд хоногшиж, дэлгэцэнд мөнхөрсөн Мянхай баатраар эхэлсэн урлагийн урт зам. Малчны хотонд төрж өсч, цэргийн анги, уурын зуухны механикч хийж явсан түүний амьдрал нэг л өдөр театрын хамт олон, кино урлагтай салшгүй холбогдсон түүхтэй. 1986 онд Өвөрхангай аймагт бүх ард түмний урлагийн II их наадам гэж нэг сумаас 20-30 хүний бүрэлдэхүүнтэй нүсэр арга хэмжээ болжээ. Тэндээс шалгарч хот руу тэмцээнд явахаар шигшигдсэн 25 хүний дунд Д.Төмөртогтох, баазын жолооч хийж байсан дүүтэйгээ шалгарчээ. Хужиртын амралтад 21 хоног бэлтгэл сургуулилт хийлгээд хот руу тэмцээнд явуулсан байна. Чухам энэ л үед түүний жүжигчний карьер эхэлснийг өөрөө ч мэдээгүй явж. Энэ тухай тэрээр “Дүүтэйгээ эхийн тухай дуу дуулсан. Сүүлийн бадгаа дуулж байтал алга ташилт нижигнээд. Огшоод л явсан. Сандраад дуу ч гарахгүй. Хөгжим ч сонсогдохоо больсон. Тэгээд дуугаа төгсгөсөн болгоод ёсолчихоод ортол Н.Жанцанноров “Манай хоёр дүү ч алт сугалчихлаа” гэсэн. 2-3 хоногийн дараа  Циркт шагнал гардуулж дүүтэйгээ алтан медаль авч байсан” гэсэн юм.  Тэр үед баярын жагсаалд алхчихаад тарж байтал  монхор хамартай бор царайтай хүн ирээд “Кинонд тоглох дуртай юу” гээд нэр ус, хаягийг нь бичиж аваад үлдсэн байна. Сүүлд мэдэхнээ гавьяат жүжигчин Баяжихын Пүрэв гэдэг хүн байжээ.
Биднийг очиход гэрт ач, зээ нар нь бужигнаж, гавьяатын найранд хол ойроос уригдсан хүмүүс утасдаж, зочдыг байрлуулах байр бэлтгээд чөлөө алга.
Тэмцээнд түрүүлээд аймгийн Хөгжимт драмын театрт дуучнаар ажиллах томилолт өвөртлөөд буцжээ. Энэ бол 1986 он. Гэр бүлийн хүнээ ч аймагт татсан байна. Тэр үед гол уран бүтээлийг аймгийн театрууд хийдэг. Гавьяат маань “Жүжиг, бүжиг гээд бүх төрлөөр оролцоно. Хөдөө бригадуудаар 1-2 сар явна. Очоогүй аймаг байхгүй. 300-гаад суманд очсон” гэлээ. 1987 онд “Мандухай сэцэн хатан” кино хийх гээд аймгуудаар дүрээ сонгож байна гэж дуулдаж. Гэтэл нэг өглөө “Мандухай сэцэн хатан” киноны пробын багийнхан ирэв. Театрынхан жүжигчид, дуучдаас эхлээд бүгд фото пробод орсон байна. Д.Төмөртогтох “Намайг Өнөболдод проб хийе гэж ярьцгааж байна. Театрт байхдаа ганц хоёр жүжигт л тоглосон төдий. Мэргэжлийн хүн биш шүү дээ. Хүүхэд байхдаа ном их уншдаг байлаа. Зарим номыг уйлаад л уншина. Пробонд орохоос өмнө Балжаа багш “Чиний хамгийн хайртай бүсгүй чинь нүүр буруулахад ямар байдалтай байх вэ” гэлээ. Бодож байгаад л баахан зураг авахууллаа. Нөгөө хүмүүс явсан. Театрынхан ч бүгд кинонд тоглох гэж байгаа юм шиг хэд хоног л ярилцаж байлаа” гэв. Түүнээс хойш хагас жил өнгөрч, пробонд орсноо ч мартчихаж. Гэтэл нэг өдөр театрын дарга нь “Чамайг Кино үйлдвэрээс дуудаж байна” гэснээр онгоцоор 50 гаруй минут нисээд хотод иржээ. Асууж сурагласаар Кино үйлдвэр рүү яваад ортол хувцас хунар, цус нөжтэйгөө холилдсон утаа тоос үнэртсэн хачин орчин угтсан байна. Балжинням багшийг сураад очтол “Пробонд бэлтгэ” гэснээр хувцас өмсүүлж, нүүрийг нь будаж, сахал наасан нь жигтэйхэн таталдаад сүйд болж. Ингэж сэлэм зүүсэн баатрын дүрд “оногдсон” нь өнөөх Мянхай баатар байжээ. Тэрээр энэ тухайгаа “Дамчаа ахтай пробонд орохоор болоход “Мянхай баатрын дүрд 12 хүн өрсөлдөж байгаа шүү” гэж байна. Ихэнх нь таньдаг, нутгийн хүмүүс шиг санагдаад очиж мэндэлчих гээд болдоггүй” гэв. Ингэж хоёр дахь пробондоо орсон ч маргааш нь томилолт бичээд нутаг буцаачихжээ. Тэр үед Д.Төмөртогтох 28 настай байжээ. Түүнээс хойш 3-4 сар өнгөрч байтал дахин театрын дарга дуудаж “Баяр хүргэе. Мянхай баатрын дүрд тэнцсэн байна. Удахгүй явах нь” гэхээр нь шалавхан гүйгээд үүдний утаснаас эхнэр рүүгээ залгаж дуулгажээ. Ингээд дөрөвдүгээр сард киноны зураг авалт эхлэхэд анх удаа камерын өмнө гарч ихэд сандарч найруулагчаасаа “Мянхай яаж алхдаг, ямар дуу хоолойтой хүн бол” гэхэд Мянхай гэдэг чинь Төмөртогтох шүү дээ. Өөрийнхөөрөө л бай гэсэн нь кинонд тоглох их урам хүч өгсөн байна. Анхны зураг авалтын талаар “Давхиад ортол Дамчаа ах, Сувд эгчийг сэлэмдээд алчихсан хэсэгт гэнэт уур хүрч гүйж очоод Дамчаа ахыг багалзуурдаад автал “Чи боль л доо, техниктэй тогло” гээд тэндээс найруулагч “болж байна зөв” гээд байдаг. Хүн алчихсан хүнийг яах вэ гээд л сэтгэл хөдлөлөөрөө гүйж очсон хэрэг” гэлээ. Үүнээс хойш найман кинонд тоглосны “Аянгат цагийн дууль”-ийн Баянакаас бусад нь туслах дүр аж. Тиймээс дүрийг жижиг гэхгүй томруулахыг л зорьдог. Зохиол сайн. Жүжигчид үнэн байвал хүмүүст хүрнэ. Сургуулийг нь төгсөөгүй болоод ч тэр үү. Дотоод сэтгэлээрээ л тоглодог. Хүмүүс дүрдээ амархан орлоо, гарлаа л гэдэг. Би бол өөрөөрөө төлөөлүүлж тоглодог хэмээсэн юм.
 
“ЧИНГҮНЖАВЫН ДҮРД ӨӨРИЙГӨӨ СОРИХСОН ГЭЖ БОДДОГ”
 
 
“Мандухай сэцэн хатан”-ы Мянхай баатар, “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын Боорчи, “Аянгат цагийн дууль”-ийн Баянак, “Ану хатан”-ы Булат жанжины дүрээр дэлгэцэнд мөнхөрч, ихэнхдээ зэр зэвсэгэ агссан баатрын дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон байдаг. Түүнчлэн “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэг, “Хазаар цэцэгсийн дуулал”-ын Хантай гээд аавын тухай эерэг, сөрөг талын дүрийг ч чадварлаг бүтээсэн уран бүтээлч.
Мянхай баатар сүүлд “Хазаар цэцэгсийн дуулал” киноны гол дүр, “Марко Поло” кинонд Жаха хамбугийн дүрд пробонд оржээ. Дараа нь “Марко Поло” кинонд гадаадаас хүмүүс ирээд дуудахад нь ажил гараад очиж чадаагүй гэнэ. Гэхдээ л энэ том уран бүтээлд уригдана гэдэг хувь тавилан хэмээн тодотгосон юм. Түүнээс өнөөгийн кино урлагийн салбар болон бүтээхсэн гэж сэтгэлд нь хадаатай явдаг дүрийн талаар асуухад “Надад дандаа баатрын дүр оногддог. Хувцас хунар, зэр зэвсэг гээд адилхан учраас өөрийгөө аль болох өөрчлөхийг бодож тоглодог. Жилд 50 гаруй кино шинээр гардаг гэсэн. Гадны тусгал их байна. Хэл яриа, жүжигчдийн сонголт гээд шүүмжлэлтэй хандах зүйл гарах ч үзэгчид мэдрэмжтэй болсон. Одоо бол аавын дүрүүдийг сайжруулах юмсан гэж боддог. Харин баатрын дүрд миний нас яадаг юм бол. Би өөрийгөө болоогүй л гэж боддог. Чингүнжавын дүрд өөрийгөө сорихсон гэж боддог. Гэхдээ найруулагчдын нүд айхтар шүү дээ” гэв.
Д.Төмөртогтох гавьяат кинонд тоглохын хажуугаар 1994 он хүртэл театртаа ажиллаж үзэгчгүй, уран бүтээлчид цалин мөнгөгүй болсон хэцүүхэн үед үр хүүхдүүдээ бодоод театраасаа гарчээ. Хархоринд жил гаруй гахай, шувуу маллаж амьдралын төлөө зүтгэсэн ч уран бүтээлээ орхиогүй байна. Театраас гарсны дараахан их хүнд байсан талаараа “Их хэцүү байдаг юм билээ. Хүмүүс улс төрд орсон бол гарч чаддаггүй гэдэг шиг уран бүтээлээ хэзээ ч орхиж чадахгүй юм билээ. Би ер нь үнэнч, шударгаар хөдөлмөрлөхийг л боддог. Худал, хуурмагт дургүй. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр эхнэрийнхээ туслах хийж явсаар сүүлд ХААИС-ийг малын эмчээр төгссөн. 1999 оны хувьчлалаар Баянгол сумын мал эмнэлгийг хувьчилж аваад өнөөг хүртэл зүтгэж байна. Мал бол байгалийнхаа жамаар өсдөг бэлчээрийн амьтан. Сүүлийн үед малын удам угсааг сайжруулах гэж энд тэндээс их зөөж байгаагийн хэрээр малын өвчин дэлгэрч байна. Монгол Улсыг хөгжүүлж байгаа зүйл бол уул уурхай биш мал аж ахуй шүү дээ. Тиймээс малын эрүүл мэндэд анхаарах шаардлагатай. Хууль журам ч батлагдаж байна. Мал эрүүл байна гэдэг мал, малын эмч, малчны харилцан үйл ажиллагаанаас хамаарна” гэсэн юм.
Ярилцлагынхаа төгсгөлд эхнэр Х.Дэнсмаатай товчхон хөөрөлдөхөд “Би аравдугаар ангид байхдаа танилцаж байлаа. Бие биедээ итгэдэг тийм л үе байлаа. Би ханийнхаа дуу хоолойнд татагдсан. Харин манай хүн миний гар их гоё байсан гэж хэлдэг юм. Оюутан болоод анхны охин, хүү хоёроо гаргасан. “Аянгат цагийн дууль” кинонд явахад ээж маань асаргаанд хүнд үе байсан ч киноны зураг авалтад нь явуулсан. Аль болох дэмжихийг л боддог. Миний хань дуу цөөтэй. Их шударга зантай. Анх танилцахад өндөр бор залуу байлаа. Одоо хөвгүүд аавтайгаа их адилхан” гэсэн юм. Ийнхүү  амьдралынхаа 30 гаруй жилийг урлагт, 20 гаруй жилийг хүн амын хүнсний эрүүл мэндийн төлөө зориулж яваа баялаг түүх намтартай, хөдөлмөрч бүтээлч эрхэм хүнтэй нэгэн үдэш хөөрөлдсөн минь энэ.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин