sonin.mn
“Dreambох” телевизийг хүүхэд, багачууд сонгон үзэх дуртай байдаг. Эцэг, эхчүүд ч тус сувгийг монгол хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйн онцлогт зориулсан нэвтрүүлэг хийдэг хэмээн сайшаадаг билээ. Гэтэл сүүлийн өдрүүдэд “Орилоон” нэртэй аймшгийн киноны сурталчилгааг байнга гаргаж, хүүхэд, багачуудыг айлгаж, цочоох болов. Ядаж байхад тус киноны сурталчилгааны үргэлжлэх хугацаа урт байдаг нь хүүхдүүдийг босч гүйхэд хүртэл хүргэж байгаа юм.
Хүүхдийг ингэж гэнэт айлгаж цочоох ямар үр дагавартай болдог талаар хүүхэд судлаач, зөвлөх багш Д.Ноннагаас тодруулахад “Эцэг, эхчүүд хүүхдийн үзэх дуртай телевизээр аймшгийн киноны сурталчилгаа гарч байгаад ихэд бухимдалтай байгаагаа илэрхийлж байна. Ер нь хүүхэд их эмзэг. Аймшгийн зүйл үзэж цочсоноос болж орондоо шээх, зүүдлэх гээд олон сөрөг талтай. Айж цочсон хүүхэд хэзээ ч гэртээ ганцаараа үлдэхгүй. Тиймээс бага, дунд, ахлах анги, цэцэрлэгийн хүүхдүүдэд танин мэдэхүйн нэвтрүүлэг үзүүлж байх нь чухал. Хүүхэд үзсэн, харсан зүйлээ дуурайх дуртай байдаг. Тухайн киноны сурталчилгааг үзээд насанд хүрсэн хойноо хүн айлгаж сүрдүүлдэг хүн болохыг үгүйсгэхгүй. Иймээс л хүүхдэд дандаа сайшаалын үг хэлж, гэгээлэг ном уншиж, үлгэр ярьж өг гэдэг юм шүү дээ” гэв. Хүүхэд судлаачийн үгийг сонсоход аймшгийн киноны сурталчилгаа яавч хүүхдэд эерэг хандлага төрүүлэхгүй гэдэг нь тодорхой байгаа юм. “Drеаmbох” телевизээр гардаг “Нартай өглөө”, “Бяцхан бүтээлч”, “Үлгэрийн цаг”, “Энэ юу вэ", “Бонгын санамж”, “Сайн жолооч”, “Цэц үг”, “Ээжтэйгээ хамт", “Авьяаслаг багачууд", “Хамтдаа сурцгаая”, “100 баримт”, “Их хотын хөшөө дурсгалууд”, “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь” зэрэг нэвтрүүлгийн нэрийг хүүхдүүд цээжээрээ мэддэг. Тэр дундаа Бонг, Мишээл, Можух гурвын дуулдаг дууг төвөггүй дагаад дуулдаг. Тэгэхээр ийм гэгээлэг бүхний дундуур аймшгийн киноны сурталчилгаа ороод ирэхээр нэг л зохимжгүй байгаа биз дээ. Аливаа юмыг амархан дуурайдаг хүүхдүүд “Орилоон" киноноос санаа авч хөшигний ард нуугдаж нэгнээ айлгахгүй гэсэн баталгаа алга. Сөрөг зүйлд хүүхдүүдийг дуудсан аймшгийн киноны сурталчилгааг цаашид уг телевизээр цацахаа болиосой билээ.
 
 
Б.Даариймаа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин