sonin.mn
-...Зүүн Сайханы өвөрт хөл тавиад удаж байна уу?
 
-Энд ирээд хоёр сар гаруй болж байна.
 
-Энэ алслагдсан зэлүүд газар, ганц биеэрээ бүсгүй хүн томилолтоор ажиллана гэдэг тийм ч таатай биш байх аа?
 
-Анх Хүрмэн суманд хөл тавихад жаахан хэцүү байсан. Эрүүл, согтуу хүмүүс шөнө дөлөөр хаалга нүднэ. Элдвээр үг хаяж гоочилно. Үг хэл ойлгохгүй юм шиг болохоор нь хэсгийн төлөөлөгчид хандсан. Нэг нөхрийн утасных нь дугаарыг хүртэл өгчихсөн. Тэгээд яасан гээч.
 
-Яасан гэж?
 
-Нам жим болсон. Яг үнэндээ би чинь “Аавын бийд газар үзэж”, нутгаасаа холдож үзээгүй гэнэн хүн байхгүй юу.
 
-Тэгээд л нэг нартай өдөр эрслэн замд мордсон юм уу?
 
-Яахав, амьдрал сэлгэж, хорвоо ертөнцийг шинэ нүдээр харъя гэсэн юм. Нэг өдөр хорооны захирагчид шинэ газар ажиллах тухай хүсэлт гаргатал ёсоор болгосон.
 
-Энд үүрэг гүйцэтгэхээр цалин дээрээсээ хуучных шиг нэмэгдэл урамшуулал авах уу?
 
-Авалгүй яахав. Хилийн бүсийн болон хүнсний нэмэгдэл өгдөг.
 
-Баасансүрэн ахлагч маань Хүрмэний салбарын бие бүрэлдэхүүнд багтлаа. Албан тушаал дэвшсэн үү, эсвэл буурсан уу?
 
-Дэв ахисан гэж та ойлгож болно. Хуучин ангидаа планшетчин байсан бол энд оперативын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ нь сайн, муу хоёр талтай. Саяхан агаарын цэргийн командлалын хүрээнд ажил мэргэжлийн тэмцээн болоход намайг оруулаагүй. Шалтгаан нь юу гэхээр, заавар журмынх нь хүрээнд миний албан тушаал ахадсан гэх үү дээ. Хуучин ажил дээрээ байсан бол өрсөлдөх л байсан.
 
-Эндэхийн тусгай ротод түрүүний хоёр найз болон танаас өөр эмэгтэй албан хаагч байдаг уу, ер нь?
 
-Цэл залуухан долоон бүсгүй энд үүрэг гүйцэтгэж байна. Бид олуулаа байгаа биз дээ. /Бүсгүй бидэнд хоол унд хийж өгчихөөд, өвлийн жаварлаг хүйтэн шөнөөр “Бид сумын төв орох ёстой” хэмээн гадуур хувцсаа өмсөхөөр бослоо/
 
-Та нарт энэ хар шөнөөр сумын төв орох ямар ажил байдаг юм. Тэгээд ч сумын төв эндээс хөөрхөн зайтай юм байна шүү дээ.
 
-Бид алхаад сурчихсан юм аа. Дэгдчихнэ. Би ангийн Соёл, олон түмний зөвлөлийн дарга ухаантай юм. Манай баг тамирчид гар бөмбөгийн тэмцээнд орж байгаа. Тэднийгээ дэмжинэ. Жил бүр болдог спортын арга хэмжээ. Их өрсөлдөөнтэй юм гэсэн.
 
-Та нар сумынхантай хамтарч олон төрлийн ажил зохиодог биз дээ?
 
-Тэгэлгүй яахав, өнөө маргаашгүй сумын төсөвт байгууллагын урлагийн үзлэг явагдана. Саяын гар бөмбөгийн тэмцээнд эрчүүд маань тун дажгүй шүү. Бид дэргэд нь байж олигтойхон хөгжөөн дэмжиж өгөхгүй бол хэцүү л дээ.
 
-Таныг энд томилогдож ирснээс хойш гэр орноос тань хүн амьтан ирээ юу?
 
-Тэднийгээ ирэхээр бөөн баяр хөөр болно шүү дээ. Ээж маань саяхан зорьж ирээд, хэд хоноод буцсан. “Миний охин дажгүй сайхан байгаа юм байна. Мөдхөн дулаан орохоор дахиж ирнэ” гэсэн.
 
-Та нар хагас, бүтэн сайн өдрийг яаж өнгөрөөдөг вэ? Ууланд алхалт хийх үү, эсвэл алсын униар саравчлаад л зогсоод байх уу?
 
-Өө, ажил барагдахгүй. Их цэвэрлэгээ, угаалга хийнэ. Ажил гайгүй бол сумынхаа номын санд очиж, уран зохиолын ном уншина. Сонирхолтой санагдвал номын санчаас гуйгаад гэртээ аваад ирнэ.
 
-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
 
-“Тэнгэрийн цаг болоогүй” гэдэг ном. Дажгүй бичсэн юм шиг санагдсан шүү.
 
-Зүүн Сайханы ширээ рүү өгсөж үзээ юу?
 
-Уул руу зүглэж үзээгүй л байна. Хараад л зогсоод байгаа. Дулаан орохоор найз нартайгаа алхана даа. Хүн ер нь байгалийг гүн гүнзгий шүтэж аж төрөх хэрэгтэй. Адаглаад л хүн хэзээ ч ганцаарддаггүй юм. Би өглөө бүр уул усанд тахил өргөдөг. Бас нэг гоё зүйл танд хэлэх үү.
 
-Тэгээч.
 
-Надад яг бурхан шигээ шүтдэг нэг нандин юм байдаг. Тэр бол миний өөрийнхөө гараар, ур ухаанаа шингээж урласан төрийн сүлд. Түүнийгээ шүтэж, залбирсаар байгаад амь оруулчихсан.
 
-Сүлд гэснээс энд “Соёмбо” сонин дугаар бүрээр ирж байна уу?
 
-Өө, манай хичээлийн танхимд үдэгддэг юм. Ирэх бүрийд нь бид нэг бүрчлэн уншдаг шүү.
 
-Олон залуучуудын дунд албан үүрэг гүйцэтгэх сэтгэл зүйн хувьд ямар байдаг вэ?
 
-Эрчүүдийн дунд ажиллахад дажгүй шүү. Хүүхнүүдийн дунд ажиллахаас хамаагүй дээр. Тэгээд ч би их эршүүд талдаа. Бууны задаргаа дээр ч гэсэн тэдэнтэй уралдвал илүү гарна уу гэхээс дутахгүй. Дээрээс нь би гэдэг хүн дүрэмт хувцсаа өмсчихөөр эрчүүдээс дутахгүй ааш араншинтай. Эртээр манай залуус ярьж байна гэнэ билээ.
 
-Юу гэж?
 
-Бачка эгчид цэрэг хувцсыг нь өмсгөж болохгүй шүү. Ширүүн, захирангуй болчихдог юм гээд л...
 
-Ер нь цэргийн албанд та удаж байгаа юу, эсвэл шинэхэн хүн үү?
 
-17 жил. Танд урт юм шиг байна уу, богино юм шиг байна уу. Хэрвээ хүсвэл гурван жилийн дараа тэтгэвэрт гарна.
 
-Гавьяаныхаа амралтад гарна гэхээс сэтгэл догдолж байна уу?
 
-Би яг үнэндээ цэргийн албандаа хачин дуртай. Дуртай болохоороо тэтгэвэрт гарахын тухайд бодол ч төрдөггүй юм. Хэрвээ би хүсвэл өргөдлөө өгөөд хэзээ ч гарч болно.
 
-Бидний үеийнх шиг шөнийн гурав, дөрвөн цагийн үед байлдааны түгшүүр зарлаж байна уу?
 
-Одоо түгшүүр гэж ярихаа больсон шүү дээ. Цугларах дохио өгнө. Үүр шөнөөр дөрвөн ч удаа зарласан. Саяхан бид 30 км-ын марш үйлдээд ирлээ.
 
-Сонин юм. Түгшүүр гэж хэлэхээ больчихсон юм уу?
 
-Шаардлагатай гэж үзвэл өнөө цагт байлдааны түгшүүрийг Монгол Улсын Ерөнхийлөгч л зарлах эрхтэй байдаг байх шүү.
 
-Энд ирснээс хойш та шинээр юу сурав?
 
-Олон зүйлд суралцаж байгаа. Яг одоо гал түлж сурч байна. Зууханд гал асаана гэдэг эрдэм хэрэгтэй юм билээ.
 
-За за, хоёулаа яриагаа ингээд жаргаах уу?
 
-Баяраа ах аа, М.Мөнхзориг сэтгүүлчид миний мэндийг дамжуулаарай. Бид хоёр чинь Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн дайчин нөхөд. Уулзалгүй уджээ.
 
-За ойлголоо. Өөр танд хэлэх үг юу байна даа?
 
-Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, нэг жил их хол явж, орчлон хорвоотой танилцаад, цээжинд нэг бодол төрсөн шүү. Тэр нь юу гэвэл, үр хүүхэд минь Монгол Улсад төрсөн нь ямар их аз, хувь тавилан бэ гэж үнэн сэтгэлээсээ бодсон шүү.
 
2017.11.24 / Ногоон чулуут
* * *
Тодруулга: Зэвсэгт хүчний ...дугаар салбарын оперативын жижүүр, ахлах ахлагч И.Баасансүрэн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн. БХИС-ийн ахлагчийн зайн сургалтыг төгсчээ. 065 дугаар ангийн мэргэжлийн радистын аварга шалгаруулах тэмцээний аварга. Ангийн “Тэргүүний планшетчин” өргөмжлөлтэй. Байлдааны жижүүрлэлтийн тоот шалгаруулах ажил мэргэжлийн тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртжээ.
 
 
Хөөрөлдсөн Ж.Баяржаргал