sonin.mn
Одоогоос тавиад жилийн өмнө биднийг сургуулийн дотуур байранд байхад манай сургуулийн нярав байрны комендантаар Лхамдорж ах ажилладаг байв. Уг нь манай нутагт ихэнхи хүмүүсийг авгайлгаагаар нь дууддаг л даа. Тухайлбал,  Даш Гаагаа багш,  Самбуубүжид Онио тогооч,  Гомбосүрэн Гомоо захирал гэх мэтээр авгайлгаар нь албан тушаалтай нь хүндэтгэн дуудна. Харин Лхамдорж ахыг арай залуу болохоор нь ч тэр үү, яагаад ч юм Лхамдорж ах л гэж дууддаг байв. Лхамдорж ах их ажилсаг, шулуун шудрага, өндөр нуруутай, нилээд биерхүү, махлаг бор царайтай, хатуу ширүүн яриа хөөрөөтэй, анд их хорхойтой хүн байж билээ. Лхамдорж ах зөвхөн нярав төдийгүй манай сургуулийн үсчин, усчин, дархан, мужаан, мал нядлагч, анчин, галч гээд л бүхий л хар бор ажлыг нугалж байдгаараа Гомоо захирлын баруун гар аж ахуйн дарга байсан мэт санагддаг юм.  Үе үе сахилгагүйтэж байгаад Лхамдорж ахын алган боовны амтыг хааяа хүртдэг ч хүнсний склад сав/зураг дээр/-ыг нь сайн цэгцэлж янзалж өгснийх нь төлөө Каврышиг боовоор шагнуулж ч явлаа. 
Өвөл болохоор, Лхамдорж ах багш нарын контоорын зүүн талын жижиг цагаан байшинд гал түлж, ус халааж, тааз түмпэн тавин бидний толгой дээрээс халуун бүлээн ус хийж усанд оруулдаг байв.  Гомоо захирал үсээ авхуулаагүй сахилгагүй нөхдийг газар дээр нь барьж аван хурц тонгоргоороо хусч байх үүргийг Лхамдорж ахад өгсөн бололтой. Тэрээр хурц цагаан тонгоргоо байнга бүсэндээ хавчуулж явна. Би хугацаанд нь үсээ авалгүй ахиухан ургуулснаас болж Лхамдорж ахад баригдан хэд хэдэн удаа үсээ хуурайгаар нь шар шар хийтэл нь түүний хурц цагаан тонгоргоор хусуулснаас хойш халшран нөхдийнхөө хамтаар гар машинаар өөрсдөө тайван айван авцгаадаг болсон доо. 
Байрын багш захирал нар биднийг үргэлж бөндгөр халзан толгойтой байлгах нь бөөстүүлэхгүй гэсэн бодолтой юм билээ. Долоо хоног бүр сургууль даяар явагдах ариун цэврийн үзлэг комисс анги ангиар орж хуруу хумс гарын сайрнаас эхлээд үс толгой дотуур хувцсанд дахь бөөс хуурсыг  ч шалгана. Тиймээс ангийн охидуудад шараа болж самбар дээр гарахгүйн тулд байранд чөлөөт цагаараа бие биендээ урьдчилан үзлэг хийж ялангуяа  дотуур хувцасныхаа  дөрвөн замын уулзвар хавийг бүр ч сайн шалгацгаана.  
Шинэ жилээр Лхамдорж ах байрны бүх хүүхдэд нэг нэг хөлдүү алим баярын нэмэгдэл гэж өгнө. Түүнийг хөлдүүгээр нь мэрж идэхгүй бол гэсэхээрээ шүүс нь гойжоод идэхийн аргагүй болдог. Бүтэн сайн бүрд Лхамдорж ах өдрийн хоолон дээр өөрийн биеэр ирж бүхэл мах тэгш хуваан өгч, шөлөнд Самбуубүжид ониогийн чанасан шар будааг цадталаа идэснээр долоо хоногт ямарч гэсэн нэг удаа гэдэс сайн гардаг байв. Мөн сард нэг удаа ааруул өгнө. Тэр ааруул дотроос ингэний ааруул нуугсан, зөөлөн, хамгийн амттай нь байдаг байж билээ.
Хавар болоод сургуулийн зоорины мах дуусахаас ч болсон уу, муудахаас ч болсон уу, эсвэл байрны хүүхдийн хоолонд нэмэр болох зорилгоор ч юмуу, мэдэхгүй, ямар ч гэсэн Лхамдорж ах ангийн буугаа үүрэн сумын урд талын Цагаан Хайрхан уулаас гурав дөрвөн харлаг тэх унаган бидний хоолонд нэмэрлэдэг байв. Тэхийн хавирга гэхэд л бярууны хавирга шиг том байсан санагддаг юм. 
Намар болохоор, Лхамдорж ах Даш Гаагаа багшийн хамт сургуулийн хэдэн хүүхдийг аваад шавганд явна.  Нэг хүүхэд нэг удаа арван тэвэр шаваг түүх үүрэгтэй ч зарим нэг нь шавгийг сэгсийтэл нь тавьж оромдов ч Лхамдорж ахын хараанаас мултрахгүй. Хуурамч арван тэврийг Лхамдорж ах бүгдийг нь нийлүүлэн дээрээс нь ганц дэвсэн нэг тэвэр болгоод машины тэвш руу шидчихдэг байж билээ. Говь газар мод байхгүй тул нэг өвлийг давахын тулд тавь жаран машин шавга түүж сургуулийн зүүн хойд хэсэгт овоолно. Овоолсон шавганы оройд үе үе гарч олдсон идшээ багш захиралаас нуугдан  хуваан идэж үлдсэнийг шавган дотор жоорлоно.
Гуравдугаар ангид байхдаа нэг удаа манай ангийн Гайтав бид хоёр гэрээс нь илгээмж, бас хэдэн төгрөг ирсэн доод ангийн Монхор Бямбадоржыг шордож байгаад сумын дэлгүүрээс загасны консерв авахуулан гурвуулаа шавганы орой дээр гараад задалж идэх юм аядаж байтал тээр холоос сургуулийн захирал Гомоо “Хай тэр шавган дотор толгой нь гоголзоод байгаа нөхдүүд гараад ир” гээд л хашгирч байна. Гайтав бид хоёр хэзээний хашир бурхи мэт доош нуугдмагц, Бямбадорж годос хийн босоод гүйн Гомоо дээр очтол захирал чихдэн өрөөндөө дагуулаад орж байгаа харагдав. Бид хоёр консерваа айван тайван задалж идчихээд нөхрийг яасан бол хэмээн Гомоо захирлын өрөөны цонхоор сэмээрхэн шагайтал Бямбадорж маань захирлын өрөөны ханан дахь том бугын эвэрнээс бүсэлхийгээрээ өлгөөтэй, дөрвөн мөчөөрөө тийчигнэн нус нулимсандаа хутгалдсан байдалтай байхыг хараад хоёул нуг нуг инээн алга болж билээ.
 
 
Зураг дээр: Байрны хүүхдүүд 50-иад жилийн дараа
 
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт