sonin.mn
Эс танихуй уршиг
 
Малаа танихгүй хүн эрэлд явбал яах бол? Мянган тэмээ тархан бэлчсэн уудам цайдамд ороод ийш тийш хараачлан манай хар ат тэнд явна, зогдорт буур маань тэнд тэшиж явна гэж танихгүй хүн мал бүрийн дэргэд очиж харах уу? Хэдэн зуун хонь нийлэхэд өөрийн богуудаа өнчин ишиг, хэнз төлөг ч андалгүй ялгаж авч чадахгүй бол зальтай завшаанч нэгний хоол бэлдэж бах тавыг нь хангана. Газраа мэдэхгүй хүн бол харахгүй бүрэнхэй болмогц төөрнө. Тэнгэр шинжиж од гарагсын хөдөлгөөнөө танихгүй мэдэхгүй бол бүр толгой нь эргэж хаа яваагаа ч төсөөлөхөө байж хүйтэнд бол хөлдөх, бороонд бол осгох, халуунд бол өлдөж цангахын аюулд орно. " Хүн танихгүй бол Гүн алдахын дохио", " Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, Муутай нөхөрлөвөл могойн хорлол" гэгчээр хүний мөн чанарыг шинжиж дохиолж эс чадваас үхэл сүйрэлд ч хүрч болох.( Сүүлийн 28 жилд Монголын ард түмэн ХҮНЭЭ эс танихуйн уршиг, хор хохиролыг биеэрээ, амьдралаараа туулж буй, өнөөгийн бидний ядуу, зүдүү, өрөнд баригдсан, утаанд хордсон гамшигт амьдралаар БАТЛАГДАНА). Тиймээс " Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр" гэдэг хэлц цэц үүдсэн байх. Чухам энэ шаардлагын үүднээс Монголчууд үр хүүхдээ гэгээрүүлэхийг хичээхдээ ХҮН таних, МАЛ таних, ГАЗАР НУТГАА таних ТАНИЛТ ТУНГААЛТЫН УХААН д хар нялхаас нь сургадаг байжээ. Тэгэхдээ гүехнээс гүн рүү, хүн бүхний ХЭР ТАР ЁР ын савны хэрээр гүнзгийрч цэцэн мэргэн ухаан болтлоо түгэх ажгуу. Түүний дэд ахиц нь ТУНГААЛТ ын ЭРДЭМ бөгөад тунгаахуй явц үнэлэмж дүгнэмжүүд нь өвөг дээд үеэсээ удамшсан ОЙ САНАМЖ ХАДГАЛАМЖ ийн чинээгээс нь хамааралтай байдаг.
 
Б. ТУНГААЛТЫН ЭРДЭМ.
Түлхүүр үг: 
" Усыг тунгаавал тунгалаг
  Ухаанаа тунгаавал мэргэн" 
Бэлгэдэл:
" Тунгалаг гэгч Түшмэд ноёдын үндэс
  Тунгаана гэгч Ихэс дээдсийн оноц"
Зөв танихын тулд сайн тунгаах ёстой. " Тунгаасан үг шижир, Түргэдсэн санаа түүхий" гэж урьдын үгэнд буй. Энд бид ардын зүйр үг ардын дуу гэхгүй урьдын гэх буюу эртний гээд байгаа нь ноёд дээдсүүд харин ч их найрладаг дуулдаг, сургадаг судалдаг үнэнийг барьсан хэрэг. Байгал орчин, хүн мал, амьдрал ухаарал сэхээрэл, алдаа оноо болон ахуй, аж байдлаа тунгаахдаа " БАЛАРЛАГ, БААТАРЛАГ, УХААНЛАГ" гурван үечлэлд ангилсан эрдэм ухаантай байсан нь эдүгээ бүр мартагдах нь. Тунгаах гэдэг нь танилтаа амилуулах утга бөгөад аливаа зүйл үзэгдэл юмсын утга учрыг нээх, тухайлбал шинэ туг бүтээгээд тунгаахдаа эртний амьд тугнаас нэгэн туг үс тунгаан шинэ тугандаа сүвлэх бас шинээсээ нэгэн багц авч оронд нь залах гэх мэт үйл бүхий зан үйлд үлдсэн онол эрдэм юм. Тунгаалт гэдэг үг нь харийн ёсны " бясалгал үйлдэх" гэдэгтэй адилдуу үйл бөгөөд энэ үгний Монгол хэлц уг нь БЯСАЛГАЛ биш БЯСЛАГАЛ буюу бяслаг шахах гэдэг шиг хамаг шар ус шүүсийг нь шахаж тунгаах санаа байсан гэж номч өвгөд айлддаг. Бас "Онол" гэдэг үг нь оносон, тунгаагдаж шилэгдэж үлдсэн гэх мэт утга буйг дахин сануулсу. 
БАЛАРЛАГ тунгаалт гэвээс эртний язгуур уг удмын,
БААТАРЛАГ гэвээс хайрлах хадгалах хамгаалах өв соёлын,
УХААНЛАГ гэвээс мэргэд сэцэд, эцэг өвгөдийн сургаал эрдмийг сонсох санах, хүлээх дагах удамшуулах санаа болно. Гэхдээ зөвхөн бодот ахуй, аж төрлийг тунгаах төдий биш бас хийсвэрлэл, сэтгэмжлэл, зохиомжлол, уржуулж утгажуулан, сонирхол төрүүлэх, өөр утгаар сэтгэн өвлүүлэх ухаан эрдэм юм. Оньсго буюу оньс үг нь тунгаалтын эрдэм сэтгэлгээний урлаг утгын нэгэн загвар бодомж байдаг. Жишээ нь " Өдөр гурвалжин Шөнө дөрвөлжин/ өрх/", "Мөсөн дээр мөнгөн аяга/сар/" гэх мэт олон мянган тунгаалт эрдмийн сонгодог жишээ урсгаж болно.
Үргэлжлэл бий.
"Монгол ухаан 9- н эрдэм" номноос.
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү