sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монгол Улсад ажиллаж байна. Тэрээр Рио Тинто группын албан ёсны төлөөлөгчийн газрын нээлтийн ажиллагаа болон  “Оюутолгой”  компанийн хамт олонд Аюулгүй ажиллагааны дээд шагналыг гардуулахаар хүрэлцэн иржээ.
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак, МОНЦАМЭ агентлаг болон IKON.mn, Itoim.mn вэб сайт, Өнөөдөр сонины сэтгүүлчидтэй уулзаж, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч, асуултад хариулсан юм. 
Уулзалтад "Рио Тинто" группын гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакаас гадна тус группын Монгол дахь төлөөлөгчийн газрын шинэ захирал Д.Мөнхтүшиг, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес болон бусад албаныхан байлцав.
 
 60 УУРХАЙГААС “ОЮУТОЛГОЙ” АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГААР  ШАЛГАРЧЭЭ
 
Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Би Монгол Улсад 18 сарын өмнө ирсэн. Энэ хугацаанд маш олон бүтээн байгуулалт “Оюутолгой” компани дээр өрнөснийг хараад сэтгэгдэл өндөр ирлээ. Гүний уурхайн үйл ажиллагаа нэлээн ахицтай явж байна. Энд 14 мянган хүн ажиллаж байна.
Рио Тинто группын хүрээнд 60 гаруй уурхай үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр уурхайгаас “Оюутолгой” компани аюулгүй ажиллагаагаараа шалгарч, Рио Тинто группийн гүйцэтгэх захирлын нэрэмжит дээд шагналыг хүртсэн явдал бол асар их хөдөлмөрийн үр дүн юм. Хэдийгээр Оюутолгой компани 5 жил үйл ажиллагаа явуулж буй ч маш богино хугацаанд нэр хүндтэй шагнал хүртлээ. Тус уурхайг ажиллаж эхлэхэд ийм нэр хүндтэй шагнал авна гэдгийг хэн ч төсөөлөөгүй биз ээ. Тэгвэл Рио Тинто группын бусад уурхай, ордууд “Оюутолгой” компанийн туршлага судлах хэмжээнд ажилласан нь хамгийн том амжилт гэж харж байна.
Мөн үеэр “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлэхдээ, “Оюутолгой компанийн үйл ажиллагааны хэсгийн 97 хувийг Монгол ажилтнууд бүрдүүлдэг. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн нь Рио Тинто группын уул уурхайн тэргүүн туршлагыг монголчууд амжилттай нутагшуулж, өөрийн болгосны тод жишээ юм. 
 
РИО ТИНТО ГРУППТ МОНГОЛЧУУД ОЮУНЫ  ХӨРӨНГӨӨ ОРУУЛААД ЭХЭЛЧИХЛЭЭ
 
“Оюутолгой” блокчлон олборлолт хийх технологийг  ашиглаж байна. Үүнийг дэлхийн цөөхөн компани эзэмшдэг нарийн технологи юм. Иймээс “Оюутолгой” ХХК-д бэлтгэгдэж буй залуус 7-10 жилийн дараа Рио Тинтогийн хэмжээний гүний уурхайн хамгийн шилдэг инженерүүд болох гэрэл гэгээ байна. 
Гүний уурхайд ажиллах үеэрээ Монгол инженерүүдийн төлөөлөлтэй уулзлаа.Дэлхийн түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин “Оюутолгой”-д байна гэдэг бол  Монголын  нэг бахархал. Тэрчлэн Рио Тинто группын хувьд мэдлэг чадвартай дэлхийн бусад орны уул уурхайд ажиллах чадамжтай инженерүүд бий болох нь. Рио Тинто группт монголчууд оюуны  хөрөнгө оруулалтаа хийгээд эхэлчихлээ. Манай группын  дээд удирдлагын түвшинд Монгол залуус хувь нэмрээ оруулж байна. Сингапур дахь борлуулалт, маркетингийн төлөөлөгчийн газарт өнгөрсөн долоон хоногт удирдлагын баг ажилласан. Энд Монгол залуус ажиллаж байна. Мөн миний удирдлага дор  Б.Болд, Д.Мөнхсүх нарын залуус гүйцэтгэх захирлын алба хашиж буйг дурдаж болно. 
 
МОНГОЛ УЛСТАЙ ТҮНШЛЭХ ТҮНШЛЭЛ "ОЮУТОЛГОЙ"-ГООР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ 
 
Бид Монгол Улстай урт хугацаанд ажиллах сонирхолтой байгаа.Бидний сонирхол хамтын ажиллагаа түншлэл “Оюутолгой”-гоор хязгаарлагдахгүй, хайгуулын боломж бололцоог эрэлхийлж байна. Мөн Мэдээлэл технологийн ажлыг эхлүүлэв. Монгол Улстай хамтын ажиллагаагаа  бэхжүүлж өргөжүүлэхээр Улаанбаатар хотод шинэ оффис нээж буй бөгөөд энд 80 гаруй монгол ажилтан  ажиллана. Д.Мөнхтүшиг Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдсон бөгөөд тэрээр Рио Тинтогийн шинэ оффисыг удирдах юм. Шинэ оффис нь тус группын хайгуулын хөтөлбөр, технологийн төвд дэмжлэг үзүүлж, Монгол дахь бүх түншлэгч талуудтай харилцаагаа бэхжүүлэхэд анхаарч ажиллана.  Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торресийн багтай уялдаатай ажиллана гэдгийг тус группын Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак тодотгов.
Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал.Д.Мөнхтүшиг ярихдаа, “Шинэ оффист Рио Тинтогийн Монгол дахь геологи хайгуулын баг болох “Рио Тинто Экпслорейшн” /Ар-Ти-Икс/ болон Рио Тинтогийн Мэдээллийн систем, технологийн багийн Монгол дахь салбар болох "Монголиа Дэливэри Центр” /Эм-Ди-Си/ байрлана. “Монголиа Дэливэри Центр” нь Рио Тинтогийн олон улс дахь үйл ажиллагаанд дэмжлэг үйлчилгээ үзүүлнэ” гэв.
 
-Монгол Улсын эдийн засаг агшилттай байгаа энэ үед “Оюутолгой” компаниас үзүүлэх үр нөлөө юу байв гэсэн асуултыг олон нийт их тавьдаг. “Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 7 тэрбум ам.доллар давсан тухай мэдээлсэн. Гэвч энэ үр өгөөж Монголын хөрсөнд шингэсэнгүй гэдгийг Уул уурхайн дэд сайд саяхан мэдэгдсэн. Үүнд  ямар хариулт өгөх вэ?
 
-“Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак: Төлөвлөгөөгөөр 15 мянган хүн "Оюутолгой"-д ажиллана. Үүний 95 хувь нь монголчууд байх юм. “Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэгчдийн тоог нэмбэл Монгол дахь хамгийн том хувийн хэвшил болно. 2017 оны дүнгээр 1.7 тэрбум ам. долларын худалдан авалтыг дотоодын компаниудаас хийсэн. Тиймээс 1.7 тэрбум ам. доллар Монголын эдийн засагт шууд орж ирсэн хөрөнгө оруулалт гэж хэлж болно.
Манай ханган нийлүүлэгч гэрээт компаниуд бүтээн байгуулалтад оролцохоос гадна үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Түүхий эдийн дийлэнхийг бүрдүүлдэг шохойн чулууг Монголын ханган нийлүүлэгчээс авч байгаа. Мөн  ганбөмбөлгийг Монгол компаниас худалдан авдаг. Арьсан бээлийг гаднаас авдаг байснаа больж Монголоос авч эхэллээ. Улмаар төмөр хоншоортой гутлыг монголчууд хийнэ гээд олон ажил өрнөж байна. Энэ бүхэн маань “Монголд үйлдвэрлэв” гэсэн стратегийн нэг хэсэг болж байгаа юм. Эдийн засагт оруулж буй хувь нэмэр гэхээр татвар хураамж, байгалийн нөөц, бүтээгдэхүүний экспортоор хэмжих нь өрөөсгөл юм. 2010 оноос хойш 1.5 тэрбум ам.долларын татвар төлсний зэрэгцээ  уг төсөл дээр 14 мянган хүн ажиллаж буйгаас гадна худалдан авалтын мөнгөн дүнг нэрлэж болно. Үүний цаана байгаа эдийн засгийн эргэлт, ханган нийлүүлэгчдийн бий болгож буй ажлын байр гээд дам нөлөөнүүдийг ярих нь зөв байх. Өмнө нь "Оюутолгой" 7 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гүний уурхайн бүтээн байгуулалтад 5 тэрбум ам. доллар зарцуулсан барилга бүтээн байгуулалт эхлээд 5 жил ажиллаж байна. Бүрэн хүчин чадлыг эзэмшихийн тулд 7 жил шаардана. Тэгэхээр нийгмийн үр нөлөөг хэлэх нь зүйтэй.
 
-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч байна. Энэ таатай нөхцөл “Оюутолгой” ХХК-ийн хэтийн төлөвт хэрхэн нөлөөлнө гэж харж байна? 
 
-Зэсийн  зах зээлийн нөхцөл байдал төсөөлж байснаас илүү сайжирч байна. Тиймээс Гүний уурхайн бүтээн байгуулалт дуусах тэр үед  зэсийн  үнийн таатай нөхцлөөс ашиг хүртэнэ гэсэн хүлээлт байгаа. Зэсийн зах зээлийг өөдрөгөөр төсөөлөх хоёр хүчин зүйл бий. Нэгдүгээрт  эрэлт юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шинэ технологиуд бий болж байна. Хоёрдугаарт цахилгаан машинуудын хэрэглээ  нэмэгдэж байна. Эрэлт байгаа тохиолдолд “Оюутолгой” шиг дэлхийн түвшний уурхайн хувьд том боломж.  Тэгэхээр  эрэлтийг хангах боломж Оюутолгойд байна гэсэн үг.
-Ирээдүйн уурхай хүнгүй болох дүр зураг гарч байна. Дэлхийн  томоохон уурхайнууд  хүний хөдөлмөрөөс илүүтэй кноп дарах автоматжуулалтын систем рүү аль хэдийн орчихлоо. 100 гаруй жил үйл ажиллагаа явуулах “Оюутолгой” ХХК-ийн хувьд дэлхийн энэ жишиг рүү орох нь дамжиггүй. Өнөөдрийн нөхцөлд Монгол Улс хүн амаа ажилтай, орлоготой байлгахыг зорьж байна. “Оюутолгой” хэтийн төлөвлөлтдөө автоматжуулалтын системийг хэдийд нэвтрүүлэхээр тусгав? -Сайхан асуулт байна. Автоматжуулалт чухал. Аюулгүй ажиллагааг хангах энэхүү систем нь  хүний амь нас хамгаалах, учирч болох эрсдлийг хамгаалах гол хөшүүрэг. “Рио Тинто”-гийн бусад салбаруудын туршлагаас үзэхэд автоматжуулалт нэвтрүүлэхэд өөр шинэ ажлын байрууд бий болдог. Эдгээр ажлын байрууд илүү их нарийн ур чадвар, мэдлэг шаарддаг онцлогтой. Нөгөөтэйгүүр дэлхийн өрсөлдөөнт зах зээлд ажиллаж буйн хувьд зардлын хувьд бусад уурхайнуудтай өрсөлдөхүйц байх ёстой. Мэдээж  автоматжуулалт “Оюутолгой”-д нэвтэрнэ Гэхдээ ойрын таван жилд том хэмжээний автоматжуулалтыг нэвтрүүлэхгүй байх гэж харж байна. Австралийн уул уурхайд ямар ч жолоочгүй ачааны машин явж байна. Бүрэн автоматжсан жолоочгүй галт тэрэг уурхайгаас боомт хүртэл явах жишээтэй. Гэхдээ ойрын үед ийм төлөвлөгөө алга байна. Эхний ээлжинд мэдээллийн системийн удирдлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Уурхайн үйл ажиллагааны мэдээллийг цаг тухайд нь авах бол төлөвлөлт, хөрөнгө оруулалтад хамгийн чухал зүйл.
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюутолгой”-н уурхайн технологийн том төсөл бол менежментийн үйл ажиллагааны систем юм. Эл системийн тусламжтайгаар цаг үеийн мэдээллийг шуурхай хүргэснээр ажиллагсдын аюулгүй ажиллагаа болон бүтээмжийг хангана гэж тооцож байгаа. Хэдийгээр туршилтын үе шатанд байгаа ч гэсэн тооцоолсноос илүү үр дүн гарахаар хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл мэдээллийн автоматжуулалтын систем ухаалаг аюулгүй орчныг бүрдүүлэх учир шинэ технологийг богино хугацаанд нэвтрүүлж нутагшуулахаар ажиллаж байгаа.
 
-Оюутолгойн 34 хувийг Монголын тал эзэмшдэг. Монголчууд хэзээ ногдол ашиг хүртэх боломжтой вэ. Энэ асуудал маргаантай хэвээр байна. Мөн зээлийн хүү өндөр байна гэсэн асуудлыг Уул уурхайн дэд сайд тавьж байсан?
 
-Ямар ч бизнесийн байгууллага хувь нийлүүлэгчид ногдол ашиг тараахын тулд ашигтай ажиллаж эхлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 7 тэрбум ам. долларын хөрөнгө оруулаад байна. Үүнээс гадна гүний уурхайд 5 тэрбум ам. долларын хөрөнгө оруулсныг би дээр дурдсан. Хувь нийлүүлэгчдийн сонирхол ижил. “Оюутолгой” аль болох богино хугацаанд ашигтай ажиллаж хувь нийлүүлэгчдэд ногдол ашиг тараах ёстой. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийн 34 хувийг эзэмшихдээ өөрийн хувь эзэмшилд ногдох хөрөнгө оруулалтыг хийгээгүй. Харин ирээдүйд олох ногдол ашгаасаа төлөх сонголт хийсэн. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийхийн тулд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран төслийн санхүүжилт босгосон. Энэхүү төслийн санхүүжилт гаргасан байгууллагууд зээлээ эргүүлж авна шүү дээ. Өнөөдөр та бүхний өмнөөс би харж суугаад хэдэн онд ногдол ашиг хуваарилж өгнө гэж хэлэх боломжгүй. Энэ нь зах зээлийн хүчин зүйлсээс их хамаарна. Нөгөөтэйгүүр “Оюутолгой” хэзээ ашигтай ажиллах вэ гэдгээс ихээхэн шалтгаална. Монгол Улсад өнөөдөр эл төсөл шууд болон шууд бус утгаар өгөөжөө өгч байгааг дахин хэлье. Асуудалд том зургаар, алсын хараатай хандах хэрэгтэй гэж бодож байна. “Оюутолгой”-г дэлхийн хэмжээний уурхай болгосны дараа хувь нийлүүлэгчид өгөөж өгөх асуудлыг хөндөх нь зүйтэй болов уу.
 
-Дубай хотноо байгуулсан гэрээгээр “Тавантолгой”-н цахилгаан станц барих асуудлыг тусгасан. Эл цахилгаан станц барих үнийн саналыг Монголын талд хэзээ өгөх вэ?
 
-Эрчим хүчний асуудалтай холбоотой хэлцэл тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд олон нийтэд мэдээлэх хэмжээний  шийдэл гараагүй байна. Тиймээс урьдчилж мэдээлэл өгөх боломжгүй юм.
 
- Монголын ТЕГ-аас “Оюутолгой” компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнийг хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой үйл ойлголцол үргэлжилсээр байна гэж харж байна. Үйл ойлголцлыг шийдэл болгохын тулд “Рио Тинто”-гоос ямар алхам хийх вэ?
 
-Татварын актын тухайд бизнесийн үйл ажиллагаа явуулж буй компаниудад гардаг л асуудал гэж дүгнэж байна. Бид АНУ, Канад, Австрали гээд олон оронд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр орнуудад ч гэсэн татварын маргаан үүсдэг. Монголын ТЕГ-ын актыг 10 хоногийн өмнө бид хүлээж авсан. Тиймээс “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд Монголын Засгийн газар болон Татварын байгууллагатай ойлголтоо нэгтгэх  уулзалт зохион байгуулахаар ажиллаж байна.
Уулзалтын төгсгөлд дүгнэж хэлэхэд, 18 сарын хугацаанд “Оюутолгой” ХХК-д олон дэвшил гарч, Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулсаар байна. “РиоТинто” группын хувьд Монгол Улс бол Стратегийн гол түнш. Энэхүү түншлэлийг батжуулахад манай төлөөлөгчийн газар ажиллана. Бидний гол зорилго бол “Оюутолгой”-г дэлхийн дээд зэрэглэлийн уурхай болгохын төлөө ажиллана.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг