sonin.mn
Судан улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн холбооны хамтарсан “UNAMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний II шатны цэргийн эмнэлгийн багийн VIII ээлжийн бүрэлдэхүүний удирдлага, зарим офицерууд өчигдөр эх орондоо ирлээ. Цэргийн багийн бие бүрэлдэхүүнээсээ 38 хоногийн дараа буюу багийн хэрэглэж байсан техник, багаж хэрэгслээ ажиллагаа удирдаж буй байгууллагуудад хүлээлгэн өгчихөөд ирсэн нь энэ юм. 
Онгоцноос газардсан даруйдаа цэргийн багийн захирагч, хурандаа Г.Наранхүү ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваад цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгээд ирснээ илтгэсэн юм. Үүний дараа энхийг сахиулагчид төрийн болон салбарын шагналаар шагнуулсныг нь ЗХЖШ-ын удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор цэргийн багийн захирагч, хурандаа Г.Наранхүү, “Энхийн төлөө” медалиар ахмад Б.Чимэдбалжир, ахлах дэслэгч Р.Бямбасүрэн нарыг, Батлан хамгаалахын сайдын тушаалаар бусад энхийг сахиулагчийг шагналаа. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Юуны өмнө үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн та бүхэндээ баяр хүргэе. Чамгүй урт хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Та бүхнээрээ бахархаж байна” хэмээгээд цаг үеийн асуудлаар товчхон ярилцав.
 
Энэ үеэр цэргийн багийн захирагч, хурандаа Г.Наранхүүтэй цөөн хором ярилцсан юм.
 
-Юуны өмнө үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэнд баяр хүргэе...
 
-Манай цэргийн баг 17 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэлээ. Бид өмнөх цэргийн эмнэлгийн багуудын амжилтыг улам баталгаажуулж, тэр хэмжээгээр үүргээ амжилттай гүйцэтгэсэндээ баяртай байна. Ер нь UNAMID ажиллагаа нь өөрөө хумигдаж байгаа. Тодруулбал, 2017 оны зургаадугаар сарын 29-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаад ажиллагааны цар хүрээг багасгах тогтоол гэж гарсан юм. Үүгээр цэргийн хүчнийг 44, цагдаагийн хүчнийг 33 хувиар бууруулсан. Энэ бууруулах, цомхотгох арга хэмжээ үндсэндээ хоёр үе шаттай явагдаж байгаа. Нэгдүгээр үе шат нь 2017.6.30-2018.1.30-ны хугацаанд үргэлжлэх бол, хоёрдугаар үе шат нь энэ оны хоёдугаар сарын 10-наас эхлэх юм. Ганцхан манай цэргийн баг татан буугдаагүй. Олон орны цэргийн баг татан буугдсан гэж ойлгох хэрэгтэй. Бид цэргийн багийн бүрэлдэхүүнээсээ 38 хоногийн дараа эх орондоо ирлээ. Багийн хэрэглэж байсан зарим өмч хөрөнгө, техник хэрэгслийг ажиллагаа удирдсан байгууллагуудад хүлээлгэж өгөхөд хугацаа багагүй хугацаа ордог юм байна.
 
-Энэ хугацаанд хэдэн хүнд эрүүл мэндийн тусламж, дэмжлэг үзүүлэв?
 
-Энэхүү UNAMID ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэж эхэлсэн долоон жилийн хугацаанд найман цэргийн баг үүрэг гүйцэтгэсэн. Энэ эмнэлгийн багууд маань нийтдээ 35 мянга орчим НҮБ-ын цэрэг, цагдаа, энгийн ажилтан алба хаагч, орон нутгийн иргэд, дүрвэгсэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Манай цэргийн баг гэхэд 6400 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн байх жишээтэй. 38 хүний амь насыг аварч, найман хүнд яаралтайгаар, нэг хүнд төлөвлөгөөт хагалгаа хийж амь насыг нь авран хамгаалсан байна. Эрүүл мэндийн тусламж үзүүлсэн хүмүүсийн олонхи нь орон нутгийн иргэд байгаа.
 
 
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин