sonin.mn
2025 он гэхэд кирилл үсэгт суурилсан цагаан толгойг бүрэн халж, латин цагаан толгойд шилжихэд бэлтгэхийг засгийн газарт үүрэг болгох тухай зарлигт Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнгөрсөн оны 10 дугаар сард гарын үсэг зурсан билээ. Шинэ үсэгт шилжих үйл явц нэлээд хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа талаар ВВС агентлагийн сэтгүүлч Абдужалил Абдурасуловын бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.
Кирилл үсгээс латин үсэгт шилжих талаар Казахстаны эрх баригчдын гаргасан шийдвэрийг “Орос улсаас холдон зайгаа барьж буй үйлдэл” гэж олон хүн дүгнэж байна. Цагаан толгойг өөрчлөх нь тус улс дахь хойд хөршийн нөлөөг соёлын талаар ч,  улс төрийн талаар ч багасгана гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Москвагийн гаргасан албан ёсны мэдэгдлүүд нь дипломат ёс жаягийн хүрээнд байгаа бөгөөд бичиг үсгээ өөрчлөх нь Казахстаны дотоод хэрэг гэж мэдэгдэж байна. Гэсэн хэдий ч шинжээчдийн үзэж байгаагаар, иймэрхүү шинэчлэл нь заавал улс төрийн зорилготой байдаг аж. Казахстаны улс төр судлаач Досым Сатпаевын дүгнэн хэлснээр, бичиг үсгийг шинэчлэх гол шалтгаануудын нэг бол Оросын мэдээллийн нөлөөг бууруулах явдал гэнэ.  
 
Цагаан толгой ба улс төр
“Казахстаны хүн амын нэлээд хэсэг нь Оросын хэвлэл мэдээллийн байгууллагуудын нөлөөнд орсон байгаа нь нууц биш. Энэ нь манай мэдээллийн аюулгүй байдалд цохилт болж байгаа бөгөөд зарим талаар иргэдийн тавдахь цувааг Казахстанд бий болгож байна. Эдгээр иргэд Кремлийн суртал ухуулагчдын нүдээр дэлхий болон Казахстанд болж буй үйл явдлыг хардаг” хэмээн Д.Сатпаев ярьж байна.
Украинд болсон үйл явдлын дараа Казахстаны удирдлага дээрх нөлөөнөөс илүүтэй болгоомжлох болсон юм. Сатпаевын үзэж байгаагаар, цагаан толгойг өөрчлөх нь Украины хямрал эхэлсэн 2014 оноос хойш Казахстаны эрх баригчдын явуулж буй мэдээллийн салбар дахь бодлогын нэгэн хэсэг болж байгаа юм.
Гэсэн хэдий ч бичиг үсгийг солих нь улс төрийн шалтгаантай гэсэн үг яриаг эрх баригчид няцаасаар байгаа юм. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев бүр 2013 онд хэлэхдээ “тус улсын геополитикийн тэргүүлэх чиглэлүүд өөрчлөгдсөн гэх үг яриа нь ямар ч үндэслэлгүй” гэж байв.
Назарбаевын батлан хэлснээр, бичиг үсгийн шинэчлэл нь оросоор ярьдаг хүмүүсийн эрх ашгийг хохироохгүй аж.
“Латин үсэгт шилжих нь орос хэл болон кирилл үсгээс татгалзана гэсэн үг биш ээ. Латин үсэг нь юуны өмнө казах хэлэнд хамаатай” гэж Ерөнхийлөгч 8 дугаар сард телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдэж байв.
 
Бичиг үсгийн шинэчлэл хийснээр казах хэл илүү түгээмэл болж, түүнийг сурахад илүү хялбар болох аж. 
“Кирилл үсгийг хэрэглэж байх үед хэлний дүрмүүд солигдож хутгалдсанаас үүдэн казах хэлний хөгжил зогсонги байдалд орсон” гэж Хэл шинжлэлийн хүрээлэнгийн захирал Ерден Кажибек ярьж байна. Тэрбээр шинэ бичиг үсэгт шилжих асуудал эрхэлсэн ажлын хэсгийг ахалж байсан юм.
“Кирилл цагаан толгойд нэг үсгээр олон янзын авиа дуудлагыг тэмдэглэдэг. Энэ нь манай хэлний дуудлагын хэм хэмжээг алдагдуулсаар ирсэн” гэж тэрбээр ярилаа.
Казах хэлийг түгээмэл болгоход чиглэсэн шинэчлэл
“Бид орос хэлээр ихэвчлэн ярьдаг болохоор казах хэлийг хуучин аргаар кирилл үсгээр сурах нь надад амар байдаг. Латин үсэгт шилжихийн утга учрыг би ойлгохгүй байна” гэж Эрик ярьж байна.
Харин Айгулийн хувьд латинд шилжих нь казах хэлийг хурдан сурах эрмэлзлийг түүнд төрүүлжээ.
“Миний хувьд олны ярьдгаар homo sovieticus л даа. Өөрөөр хэлбэл, Зөвлөлтийн цэцэрлэг, Зөвлөлтийн дунд сургуулиар дамжсан хүн. Одоо харин кирилл үсгээс латинд шилжих гэж буй энэ үед казах хэлийг илүү гүнзгий сурах хэрэгтэй юм байна гэсэн бодол надад төрсөн” гэж Айгуль ярилаа.  
Гэсэн хэдий ч шинэ  үсэгт шилжих үйл явц байнга л хүндрэл бэрхшээлүүдтэй тулгардаг байна.
1929 оноос өмнө Казахстанд араб үсгээр бичиж байгаад хожим нь латин цагаан толгойд шилжжээ. 1940 онд кирилл үсэгт шилжсэн байна. Одоо тус улс буцаад латин үсэгт шилжих гэж байгаа бөгөөд эл үйл явц 2025 он гэхэд дууссан байх ёстой.
Латин үсгийг кириллээр дөнгөж сольж эхэлж байсан 1940-өөд оны эхээр ЗСБНКазах Улсын хэвлэлийн газруудын ажилтнууд айдас түгшүүрт автаж байлаа. Учир нь, Ӯ гэдэг үсэгний дээрх зураасыг хэвлэлийн машинууд гаргах боломжгүй байж. Ингэснээр Ӯлы Сталин буюу “агуу их Сталин” гэдэг үг Улы Сталин /хорт Сталин/ болж хувирах аж. Үүний улмаас хэвлэлийн газрынхныг Зөвлөлтийн эсрэг сурталчилгаа хийсэн гэж үзээд ГУЛАГ-ийн шоронд илгээх аюултай байлаа.  
 
Ард олны дундах санал зөрөлдөөн
Өнөө үед шинэ цагаан толгой нь хэвлэлийнхний хувьд дээрхтэй адил эрсдэлтэй зүйл биш болсон боловч тухайн үйл явц өч төчнөөн хүндрэл бэрхшээл дагуулах нь гарцаагүй.
Цагаан толгойг зохиож эхлэх шатанд л бэрхшээлүүд гарч иржээ. Олон нийтэд санал болгосон тэр хувилбар маш хүчтэй шүүмжлэлд өртсөн байна. Ӯ үсэгтэй холбоотой тохиолдлын адилаар казах хэлний тусгай үсгүүд нь санал зөрөлдөөний эх үүсвэр болжээ.
Цагаан толгойг зохиогчид казах хэлний дуудлагын тусгай тэмдэглэгээнүүдийг хэрэглэхгүй байхаар шийдсэн байна.
“Компьютерийн хөгжлийн эрин үед бид компьютер бүрт байдаг үсгүүдийг ашиглахаар шийдсэн” гэж Кажибек тайлбарлалаа.
Гэсэн хэдий ч тоон технологийн эрин үед дасан зохицохын тулд тооцоолол хийж байсан тэд хэд хэдэн чухал хүчин зүйлийг харгалзан үзсэнгүй орхигдуулжээ. Тэд хоёр хувилбарыг судалж байсан бөгөөд эдгээр тохиолдлуудад диграф, апостроф /орхиц/ гэсэн хоёр тусгай тэмдэглэгээг хэрэглэх хэрэггүй байсан юм.
Эхний хувилбар нь авиаг тэмдэглэхийн тулд хоёр үсгийг ашиглах явдал байлаа. Тухайлбал, "ә" гэдэг авиаг "ае" гэсэн үсгийн нийлэмжээр тэмдэглэнэ. Гэтэл иргэдийн зүгээс “энэ нь үгийг урт болгож, уншихад түвэгтэй болгож, ингэснээр утгыг нь гажуудуулж байна” хэмээн дургүйцэх болжээ. Дургүйцэх шалтгаан нь сәбiз/лууван/ гэдэг үгтэй холбоотой байв. Диграф хэрэглэсэн тохиолдолд тухайн үг saebiz гэж бичигдэх ба эвгүй муухай утгатай үгтэй андуурагдан ойлгогдохоор гэнэ. 
Иймээс диграфийг апостроф гэдэг тэмдэглэгээгээр солихоор шийдсэн ба эл хувилбарыг 2017 оны 10 дугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан байна.
Гэсэн хэдий ч уг шийдвэрийг өмнөхөөс илүү ширүүн шүүмжлэх болсон байна. Хэрвээ цагаан толгойг ингэж зохиох юм бол олон үгэнд 2-3, түүнээс дээш тооны апостроф орохоор байгаа юм. Энэ нь тохиромжгүй бөгөөд гоо зүйн хувьд ч эвгүй харагдана. Жишээ нь, иә  буюу “тийм” гэдэг үгийг бичихийн тулд i'a' гэх маягаар хоёр удаа апостроф хэрэглэх болох нь.  
Үүнтэй холбоотойгоор нийгмийн сүлжээний хэрэглэгчид өөрсдийн нэрийг шинэ цагаан толгойд тохируулан бичих болсон нь апостроф хэрэглэвэл “ямар их гаж буруу, хүндрэлтэй зүйл” болох вэ гэдгийг сэрэмжлүүлсэн хэрэг байлаа. 
Үүнд гоо зүйн хүчин зүйлүүд байхаас гадна шинэ цагаан толгой нь орчин үеийн технологийг ашиглахад нэлээд хүндрэл учруулж магадгүй бололтой. Тухайлбал, ухаалаг гар утас хэрэглэгчдийн хувьд үсэгнээс тоонд, тооноос үсгэнд байнга шилжин бичиж байх шаардлага тулгарах нь.
Шинэ үсэг зохиогчдын ярьж байгаагаар, 10 дугаар сард Ерөнхийлөгчийн баталсан хувилбарт өөрчлөлт оруулж магадгүй байгаа аж. “Энэ бүхэн нь шинэ үсэгт шилжих үйл явц дууссан гэсэн үг бишээ, энэ бол шинэ цагаан толгойд дасан зохицох, түүнийг илүү боловсронгуй болгох үйл явцын зөвхөн эхлэл юм” хэмээн Кажибек ярьж байна.
 
Б.Адъяахүү 
Эх сурвалж: Монцамэ агентлаг http://www.bbc.com/russian/features-42254670