sonin.mn
Үргэлжлэл.
Нийтдээ 256 шилэн лонх, 1680 кг төмрийн хог, 240 кг яс тушаагаад 653 төг 80 мөнгө цуглуулсан.
Харамсалтай нь Оросын их өрийн дансыг мэдэхгүй тул нэгдлийг тараах, сумын даргыг огцруулж орос хэл мэдэхгүй Намын дээдэд сурч эвдрээгүй, амьдрал мэддэг, шинэ сэтгэлгээтэй малчин дарга сонгох нь зөв. Яагаад гэвэл сумын иргэдийн 80 хувь олонхи малчид учраас...гэсэн сурталчилгаанд цацаад тэгж ингэсгээд данс дугуйлсан. Анхны тэмцлүүд нь амжилт зэхий болсон ч үйл хэргээсээ ухарч няцалгүй өөнтөглөсөөр, санасандаа хүрээгүй бухимдал цухалдал нь энэ найран дээр өнөөдөр цухуйжээ... Иймэрхүү паянг нь мэддэг төрсөн ах Дүндээ нь халгаж явсан хатгийг нь гэнэ гэнэ шахаж даарин дээр нь давс үрж үйлийг нь үздэг ээлжит " дарангуйлал" сая өнгөрч. Мань эрд ч " Алдарт намын чинь араас алгаа тосч, энхрий хайрт гэж худлаа магтан уруулаа дэвсч байдаг цаг тээр хойно хаягдсан" гэж дүвчигнэх далим гарч. Сүрэг мэнд, өн тарган өвөлжөөнийхээ нам гүмийг уяраан найрлаж, түм буман үеийн удам, хэл яриа, дуу хоолой, амь бие шингэсэн уул хайрхдын эзэд лус савдгийг баясаан жаргаах гэсэн саахалт хоёр хот айлын цэнгээнийг тэр сайдын яриа бужигнуулах юм гэж хэн санах билээ...
Гоёлын тоодгор дээлтэйгээ нойрсож буй Энхсаран охины үнэгчлэл, Жанжаа болон хадмууддаа үлдээсэн хоёр сонжуутай гялаан толгой өхөөрдөм ажуу. Орилоон шуугиан арайхийн намдав уу үгүй юу, гэрт харуй бүрий нөмөрч Дэжид ундуй сундуй аяга тавгаа хумин цухалдаж
- Хн! Найр майр гэж баахан хөл болоод эцэстээ ингэж өндөрлөх гэж. Хятад орос муусайн хулхи спиртээр найруулсан хар усны гай. Архи мархиар яах юм, та хэдэд хүрэхээр нэрмэл байгаа гэж би өчнөөн хэлээ биз дээ? Ямар муу ёрын амьтад вэ? Энэ саахалтад байтухай элгэн Монголдоо багтаж шингэхгүй юм болох нь шив...гэж муу ёрлон гомдоллоход Суут Гэндэн хөлчүүрч
- Сарнайж сэгсийчихээд, сүүдэр сүүдэгнэх үеэр усан нүдлэж ямар ёр дуудав? гэх утгатай үг тальтганан эхнэрээ загнаснаа
Сэлгэж унах мольтой
Сэгсэлч өмсөх дээлтэй
Ааваас өвлөсөн голомттой
Авгайгаас төлсөн хүүхэдтэй эл хүн би... гэж Онгоройтой барьцан үг хаяхад хажуулдаж унасан сандал, ачаатай тэмээ туйлчихсан юм шиг идээ будаа хөглөрч новширсон ширээний дэргэд Баньдах гутарсан янзтай зуух руу гөлрөн ярвайж
- Энэ Сэнгэнүүрийн тавтир эцэг тэнгэр өвөг дээдсээс угтай дөвчигнөл яавч биш шүү. " Эх оронч үзэл гэдэг хийрхэл. Одоо л ийм хөнгөн санаа дэгдэх болж. Эх оронч ухаан энэ биш" гэж Жанжаа хэлдэг, яг үнэн юм байна? Энэ авирны ард юу байгаа бол, ээ мэдэхгүй дээ чи! гэснээ толгой сэгсрэн, тайвшрах санаатай аяга хүйтэн нэрмэл залгилан шүдгүй амаа тамшаалж хэсэг сууснаа огиж бөөлжин тэр үдэш тун таагүй өнгөрсөн бөлгөө. Онгорой агсамнасан нь тэр сайдын яриа, Дүнсгэрийн маргаан өнгөн шалтаг. Цаад учир нь өөотэй нь холбоотойг тэнд байсан хүмүүс бүү хэл эр нөхөр нь гадарлахгүй битүү нууц Дэжидэд байсан нь " Би чамаас өмнө хэнтэй ч энээ тэрээ болж байгаагүй" гэж эр нахөртөө итгүүлээд үнэрхж тунирахдаг. Тэр нь үнэгэн заль сүүхээ биш амьдралаа үнэд оруулах ээдрээтэй зангилаас дотроо агуулж, цаанаа хувь заяандаа эмзэглэж явдаг хүүхэн хүний дотоод үнэн, нууцхан цийлэгнэх доголон нулимс авай. Түүнийгээ хэнд ч үзүүлэхгүйг хичээн юм хум цэгцлэн гавшхайлавч, үнээний бөгс үнэрлэсэн бухан бяруу шиг хүүхэмсэх санаа гаргаж тэнэгтсэн Онгоройд зэвүүрхэн уруулаа тас жимийжээ. Охины даахины найр иймэрхүү янзтай өндөрлөж байгаад гомдон нөхрийнхөө нүд хариулж өрөөсөн хацраа сэмхэн арчаад цээжээ уужлах санаатай хангинатал санаа алдлаа. Дэжид, Наран- Ай шиг эр хүн хэн ч эргэж харахаар нүдэнд тусах сайхан хүүхэн биш ч, дурлал мурлал дотроо хадгалсан гүжирмэг монгол бүсгүй бодлоо дотогшоо зэрэглээтүүлж, нууц гомдолтой нөөц дурсамжтай явдаг боргилдуу хүүхэн. Жавар хайрсан цав цагаан цасан дээр тас хар турлиах ирээд суух шиг, эр хүнд итгээд чадагдсан мунаг жаргал бүсгүй хүнд эргээд гэнэ гэнэ хүйтнээр дурсагддаг,
тэр нууцаа уймраа эмгэн шиг үгүйлэн гиюүрэх үе байдаг. Дэөидийн тухайд гэнэн цайлган сэтгэлийг нь ширвээтүүлсэн хар турлиах нь Онгорой. Түүнийг дөрөлж сэтэртэл харуулдаж, зүрхээ сэмэртэл үгүйлсэн үе бий. Гэхдээ цайруу санаатай, гүйлгүүр сэтгэлтэйг нь бодож өшиж чаддаггүй ч хүүхэн хүнийхээ хувьд айхтар мэхлэгдэж бие итгэлээрээ тоглуулснаа мартах аргагүй, сэтгэлийн сорвитой явдаг авай. Халамцсанаа ажилсаг байдлаар нуух гэж нөхөр нь шүдэнз зуран лаа хайж мунгинаж харагдана. Лаагаа олж асаангуут ямар нэг далд хүч түлхсэн мэт
-  Хүний хүч итгэлдээ оршдог юм. Миний хүч чамайгаа хайллах, молио уяж айлагдуулах хоёлт олшдог юм гэж хөлчүүрэн үглэх аж. Нарны зайн гэрэл айлуудад эхлэж түгээсэн ч тэднийд одоо хүртэл олдохгүй байгаа битүү атаархал лааны гэрэлтэй хамт дальдчин аав нь адуу дагасан эзгүй хоногт ад зэтгэрийг айлгана гэх домтой эсгий үнэгний дүрс унины дор санжигнан сүүдэр нь амьтай мэт савчин сүүтэгнэмү. Дэжид Гээеэд анхнаасаа сэтгэлгүй, осолдохгүй л эр эм хоёр хүүхдийг нь төрүүлж мал шиг хоёр төллөсөн. Түүнтэй суухаас өмнө толиноос салахаа байн цээж жадайж, юу хүсээд байгаадаа ичингүйрч, байж ядсан үедээ Онгорлйтой учирч ганц удаа тун халуун хавьтсан. Яг тэр шөнөөс эхлэн санаанд дэлбээлсэн энхэр яргуй, хязгааргүй нандин дурсамж Онгоройгоос үнэтэй юмыг өнгөт орчлонгоос үүрд олохгүй юм шиг санаж бэтгэрч явсан цаг бий. Одоо ч Онгоройг харахаар олон жилийн өмнө сэтгэлд нь соёолсон яргуй хүйтэн цасанд дарагдаад хатаж байгаа мэт хачин санагддаг ч зуудаг нохой шиг царайлан тэгэхээс тэгэх гэж зориуд нүүр өгдөггүй байсан....
Үргэлжлэл бий.
 
Түүхч, Гүн ухаанч Бэсүд. Н. НАГААНБУУ агсаны "АЛТАЙН ТЭНГЭР" романаас