sonin.mn
Сар шинийн үеэр хоолны хордлогоос яаж сэргийлэх, хүнсээ хэрхэн зөв хадгалах талаар НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.ТУУЛТАЙ ярилцлаа.
 
-Сар шинийн баяраар иргэд хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэснээс хордлогод орох нь ихэсдэг. Иймд хоол хүнсээ хэрхэн тохируулах болон зохицолдлогооны талаар асуумаар байна?
 
-Хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх хамгийн энгийн зөвлөмж буюу ДЭМБ-ын гаргасан аюулгүй хоол хүнсний талаарх таван зарчмыг эзэгтэй нар өдөр тутамдаа хэвшүүлэх хэрэгтэй. Үүнд, цэвэр байлгах зарчим багтана. Гарын болон хувийн ариун цэвэр сахиж, гал тогооны хэрэгсэл, аяга таваг, халбага сэрээ зэргийг сайтар цэвэрлэх ёстой. Бохир гарт 200 сая орчим нян агуулагдаж байдаг. Хоол бэлтгэх болон хийхийн өмнө, бие зассаны дараа, гар бохирдох тохиолдол бүрт гараа сайтар савандаж угаах ёстой. Гарын ариун цэврийг сайн сахих нь хоолны хордлогын тохиолдлыг 50 хувь бууруулдаг. Түүнчлэн болгосон болон түүхий хүнсийг тусад нь хадгалах хэрэгтэй. Хүнсийг бэлтгэх болон хадгалах үед түүхий хүнс болон тэдгээрийн шүүс болсон буюу шууд хэрэглэх хүнсэнд хүрэхээс хамгаалж тусад нь хадгалдаг. Мөн түүхий мах, ногооны модон ганбанз дээр болсон хүнс хэрчиж бэлтгэхгүй байх нь чухал. Түүхий бүтээгдэхүүнд ашигласан модон ганбанзыг хэрэглэсний дараа халуун усаар, угаагч бодисоор сайтар угаах хэрэгтэй. Хоол хүнсийг гүйцэд чанаж болгохыг хичээгээрэй. Мах, махан бүтээгдэхүүн, буузыг тохиромжтой хэмд гүйцэд болгох нь чухал. Тухайлбал, буузыг 20-25 минут жигнэж болгох шаардлагатай. Хоол хүнсийг гүйцэд болгосноор хүнд аюултай бичил биетүүд устдаг. Мөн хүнс хоолыг зохих хэмд хадгалах ёстой. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, өндөг, майонезээр амталсан бүтээгдэхүүн зэргийг хөргөгч, хөлдөөгчид хадгалах хэрэгтэй. Зочид, гийчидгүй үед салат зуушийг хөргөгчид хадгална. Ууц, өвчүүг аль болох хүйтэн газарт байлгах нь зүйтэй. Хүйтэн орчинд ихэнх өвчин үүсгэгч нянгийн өсөлт зогсдог. Цагаан сарын өдрүүдээр хоол, зуушийг бага багаар бэлтгэж, удаан хадгалахгүй байхад анхаарах хэрэгтэй. Аюулгүй хүнс сонгож хэрэглэх нь юу юунаас илүү чухал. Хүнсний бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангасан баталгаатай эх үүсвэрээс худалдаж авах хэрэгтэй. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргүүртэй нөхцөлд хадгалж байна уу, үгүй юү гэдгийг анхаарна. Хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх, мэдрэхүйн үзүүлэлт хэвийн эсэх, бяцарсан, гэмтсэн бол худалдаж авахгүй байх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж авах хэрэгтэй.
 
-Цагаан сарын үеэр жин нэмэхгүйн тулд иргэд юу анхаарах хэрэгтэй вэ?
 
-Сар шинийн үеэр бууз, мах, нийслэл салат гэх мэт илчлэг өндөртэй хоол хүнсийг хүмүүс хооронд нь хольж хэрэглэдэг. Өөхтэй мах, буузыг майонезээр амталсан зууштай биш, харин шинэ ногооны мөн байцааны гэх мэт ногоон өнгийн ногоо орсон зууш идэх хэрэгтэй. Учир нь, ногоон өнгийн ногоо, цэцэгт байцаа зэрэгт хлорофилл хэмээх ногоон өнгийн будагч бодис агуулагддаг бөгөөд энэ нь илүүдэл өөх тосыг багасгах, биеийг хоргүйжүүлэх, цус төлжүүлэх зэрэг ач холбогдолтой. Мөн байцаа, цэцэгт байцаа, бууцай, яншуй гэх мэт ногоонд кали, төмөр, кальци, фолийн хүчил, аминдэм А, Е, С их агуулагддаг. Эдгээр ногоонд агуулагдах эслэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж хоол боловсруулалтыг дэмждэг. Мөн бие махбодиос хортой бодисууд, холестериныг гадагшлуулдаг тул биеийн жин нэмэгдэхээс сэргийлдэг.
 
-Сүүлийн үед бүсгүйчүүд жин жин нэмэхгүйн тулд их хэмжээгээр ус уудаг болсон. Ер нь усыг яаж зөв хэрэглэх вэ?
 
-Өглөө босонгуут өлөн элгэн дээрээ халуун бүлээн ус уух хэрэгтэй. Зөгийн балтай, нимбэгтэй гээд ямар ч байж болно. Ер нь хүн биеийн жингийнхээ кг тутамд 30- 40 мл ус уухыг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор 60 кг жинтэй хүн өдөрт 2.4 л ус уух жишээтэй. Мөн хоол идэхээс 30- 40 минутын өмнө ус уувал ходоодны шүүс ялгарахыг дэмждэг. Хоолноос нэг цагийн дараа ус уухыг эмч нар зөвлөдөг.
 
-Эмэгтэйчүүд Цагаан сараар жингээ нэмчихээд хасахын тулд мацаг барих эсвэл цагаан хоол идэж эхэлдэг. Энэ хэр үр дүнтэй арга бол?
 
-Хүний бие хоёр, гуравдугаар сард хамгийн ихээр ядарч сульддаг. Тиймээс цагаан хоол идэх, мацаг барих аргыг зун, намрын улиралд хэрэглэвэл илүү тохирожтой байдаг. Ер нь жин хасъя гэж бодож байвал 18.00 цагаас хойш хоол идэхгүй байх аргыг хэрэглэж болох юм.
 
-Хоолны хордлого ямар шинж тэмдгээр илрэх вэ?
 
-Хордлого авсан тохиолдолд гүйлгэх, суулгах, бөөлжих, халуурах, дотор муухай оргих зэрэг шинж тэмдэг илэрдэг.
 
-Хордлого авсан тохиолдолд хаана хандах вэ. Анхны т усламж хэрхэн үзүүлэх вэ?
 
-Хордлого авбал шингэн зүйл сайн уулгана. Мөн шингэн сэлбэх уусмал буюу хросол бэлтгэж өгөх хэрэгтэй. Үүнээс гадна хордлогын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа өрхийн эмнэлэгт хандаж анхны тусламж авна. Эмчийн зөвлөгөө авахгүй дураараа эм бэлдмэл хэрэглэх нь амь насанд аюултайг сануулмаар байна.
 
-Хамгийн их хордлогод оруулдаг хүнсний бүтээгдэхүүний талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгнө үү?
 
-Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг буруу нөхцөлд хадгалж хэрэглэх, дутуу боловсруулах үед хордлого үүсдэг. Үүнд, сүү цагаан идээ, жимс, мах, махан бүтээгдэхүүн, өндөг, майонез гэх мэт хүнс орно. Эдгээр хүнсийг хөргөгчид хасах дөрвөөс бага хэмд хадгалах ёстой. Түргэн муудах хүнс ялангуяа өндөг, майонез их орсон хоол, салат, зуушийг тасалгааны хэмд удаан байлгаж хэрэглэснээс хоолны хордлого болдог. Ер нь болсон хоол хүнсийг тасалгааны хэмд 2-оос илүү цаг хадгалсан бол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Тасалгааны дулаан нь бичил биетэн үржих таатай нөхцөл болдог тул хоол хүнсийг тасалгааны хэмд хадгалахгүй байх хэрэгтэй. Учир нь, бэлэн болгосон хоолонд 30 минутаас нэг цагийн дараа нян үржиж эхэлдэг.
Мөн нэг дор хэт их идэхгүй байх, хурц амттай халуун ногоо, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн их хэрэглэх нь гэдэс ходоодыг цочрооход нөлөөлдөг. Иймээс өөрсдийн бие махбодийн онцлогт тохируулан ходоод гэдсийг цочроох, хямраах хүнс хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ер нь олон төрлийн амттай зүйлийг хольж хооллох нь хордлогод ихээр нөлөөлдөг хүчийн зүйлийн нэг.
Хэт хүнд хооллосноор ходоод өвдөх, нойр булчирхай үрэвсэх гэх мэт шинж илэрдэг. Удаан хугацаанд ийм хэрэглээтэй байвал элэг цөс үрэвсдэг.
Иймээс хоолоо тохируулж хэрэглэх, бага багаар идэх, хоол хооронд шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Гэхдээ хоолтойгоо хамт шингэн зүйл давхар хэрэглэх нь тийм ч тохиромжтой биш юм.
 
-Хоорондоо зохицохгүй хоол хүнс хэрэглэх нь хордлогод нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байх. Сүүлийн үед банштай сүүтэй ц ай хүний биед тохиромжгүй гэх болсон шүү дээ?
 
-Мах сүү хоёр хоорондоо зохицохгүй гэдгийг судалгаа хийж баталсан зүйл одоохондоо байхгүй. Уламжлалт анагаах ухаанд л ингэж яриад байгаа юм. Би хувьдаа дээрх зүйлсийг хамтад нь хэрэглэвэл шингэц удааширдаг учраас зохицохгүй гэж ярьж байгаа байх.
 
-Хордлогод орохгүйн тулд иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
 
-Хувийн болон хүнсний аюулгүй байдлыг сайтар сахих, гараа аль болох угаах, гараа угаах боломжгүй бол нойтон салфеткаар арчиж байх, эсвэл гар ариутгагч ашиглаж байх хэрэгтэй. Мөн хоолоо тохируулж хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Нэг дор хэт их идэхгүй байх, хурц амттай халуун ногоо, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн их хэрэглэх нь гэдэс ходоодыг цочроох нөлөө үзүүлдэг. Иймээс өөрсдийн бие махбодийн онцлогт тохируулан ходоод гэдсийг цочроож хямраах хүнс хэрэглэхгүй байвал хоолны хордлогоос сэргийлж чадна.
 
-Бага насны хүүхдүүд хордлогод ихээр өртдөг. Хүүхдүүдээ хордлогод оруулахгүйн тул эцэг, эхчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?
 
-Баярын үеэр хүүхдүүд нэг дор их хэмжээгээр идэх, ундаа, чихэр гэх мэт амттай зүйлсийг хэтрүүлэн хэрэглэх гээд байдаг. Мөн олон төрлийн хоол хольж хэрэглэснээс хоолны хордлого болох эрсдэлтэй болдог. Иймд хүүхдүүдийн хооллолтод эцэг эхчүүд нь анхаарч, нэг дор хэт их идүүлэхгүй байлгах, амтлаг хүнсний хэрэглээг нь хязгаарлах хэрэгтэй. Шингэн зүйл, халуун бүлээн ус сайн уулгах, ногоон өнгийн ногоо орсон салат, зууш идүүлэх, илчлэг багатай хүнсийг сонгож хэрэглүүлэх хэрэгтэй. Хоол хүнсийг тохируулж, зөв хэрэглэхээс гадна хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарах нь зүйтэй.
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин