Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Үржин шаддүвлин” хийдийн зурхайч А.Эрдэнэбаттай ярилцлаа. Түүнээс оньсого мэт байдаг зарим зан үйл, нэршлийн талаар тодруулсан юм.
 
“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жил гарах гэж байна. Ер нь жилийг “унжлагат” гэх зэргээр тодорхойлдогийн учир юу бол? Буддын шашинд заасан тогтсон нэр үү?
 
-Жаран жарнаар үндэслэж гаргадаг, тогтсон нэр гэж ойлгох нь зөв. Гэхдээ таван махбодиороо өөрчлөгдөнө. Энэ жил шороон нохой бол дараагийн нохой жил төмөр байх жишээтэй.
 
Унжлагат гэдэг нь юу гэсэн үг вэ?
 
-Бэлгэ дэмбэрэлийн үг. Үгчилбэл өгөөжтэй гэсэн үг л дээ. Улс оронд эдийн засаг нь сайжирч, хүн ам нь өсөж, сайн сайхан зүйлс тохиолдохын ерөөл болгосон бэлгэдэл. Нохой эзэндээ үнэнч, эд хөрөнгөө авран хамгаалдаг амьтан. Энэ утгаар нь авч үзвэл сайхан цагийг илэрхийлсэн бэлгэдэл.
 
12 жилийг хатуу, зөөлнөөр ялгадаг. Энэ нь тухайн амьтны араншинтай холбоотой юу?
 
-Амьтны араншинтай холбоогүй. Олон жилийн давтамжийг харахад хонь хүнд жил байдаг. Хүмүүс бичин жил их хүнд, ган зуд тохиодог гэлцдэг. Гэтэл хонины гайг үйлийн үрийн ёсоор бичин жил үүрдэг. Энгийнээр тайлбарлахад уул уурхайн компаниудын сэндийчсэн газар руу жолооч А мэдэлгүй ороход машин нь эвдэрнэ. Энэ бол өмнө нь тарьсан гай. Гэхдээ хатуу жил бол биш. Олон жилийн давтамжийг харахад тийм байна. Түүнээс хатуу, зөөлөн жил гэж байдаггүй. Нөгөөтэйгүүр манай иргэд сайны ерөөл тавьж эерэг зүйл бодож, хандлага нь зөв байх хэрэгтэй. Бид хүүхэд байхдаа машинтай болж тоглодог байсан бол өнөөдөр айл бүр машинтай болсон байна. Түүн шиг ирэх жил хүйтэрнэ, манай амьдрал улам доройтож байна гэхчилэн бэлгэгүй үг аль болох битгий бодож, бусаддаа битгий хэлж бай. Муу үг хэллэг өөрөө буруу зөгнөл болох шалтгаан болдог.
 
Орон сууцанд амьдардаг зарим хүнд сар шинийн өглөө мөрөө гаргахад зүг чиг нь таарахгүй хүндрэлтэй байдаг. Энэ тухай?
 
-Мөрөө гаргах олон арга бий. Хийморийнхоо зүгт овоо босгоод тэндээсээ гаргаж болно. Эсвэл гэрийнхээ ойролцоох гандан хийдээс гаргах, өөрийн шүтээн уул хайрхандаа очиж гаргах гээд олон арга бий л дээ. Орон сууцанд амьдарч байгаа иргэдийн хувьд зүг таарахгуй бол алсуур даялаад гаргаж болно. Баруун зүгт гарах гэтэл байшин тагласан бол баруун зүг рүү алсуур даяалж алхаад гай барцад, өвчин зовлон холуур байх болтугай гээд таринаа уншина. Энэ бол хүнд асуудал биш. Хамгийн гол нь итгэл үнэмшил, сүсэг бишрэл юм. Хоёрдугаарт, хүн бүр мөрөө гаргах албагүй. Өрхийн тэргүүн гаргахад тэр айлын гишүүд мөрөө гаргасан мэт болно гэж ойлгох хэрэгтэй.
 
Сар шинийн өдрүүдэд заавал баримтлах ёстой ямар зан үйл байдаг вэ?
 
-Газар газарт өөр, өөр. Ерөнхий нийтлэг гэвэл шинийн нэгний өглөө хувхай хоосон хэмээх модон хохимой өдөр тул түүнийг элбэг дэлбэг болгохын тулд идээ цагааг арвин бэлдэн сэтгэл санааны ариунаар их бэлгэ дэмбэрэлтэй өдөр болгодог. Энэ нь жилийн явцад ийм өдөр тохиосон ч түүний хорлолд өртөхгүй байх учиртай гэсэн дом юм. Монголчууд ургаж буй нар, тэргэлж буй сар, дэлгэрч буй цэцэг, ирж буй шувуудыг харах нь хийморлог зүйл хэмээн үздэг. Билгийн улирлын цагаан сарын шинийн нэгний өглөө алганы хээ харагдах төдий гэгээтэй байхад босно. Сар шинийн өдрүүдэд хэрүүл шуугиан хийхгүй, хар буруу санахгүй, сэтгэлээ ариун байлгах ёстой. Архи, дарс ууж болохгүй. Бидний архи уудаг байдал Оросоос дамжиж ирсэн болохоос биш хуучин цагт зайлсхийдэг, муу үйл байсан. Хоёрдугаарт, бэл бэлчингээ харуулахдаа гол нь биш хүн баярлуулж, бэлэг өгч бай. Хүний алгыг дээш харуулж баярлуулах нь зөв. Мөн айл болгон заавал ууц тавих албагүй. Мах шүүсийг ёс ёслолын эрэмбээр нь зум, их бүхэл, дунд бүхэл, бага бүхэл гэж дөрөв ангилна. Сүүлийн гурвыг нийтэд нь гурван бүхэл гэх нь бий. Монголчуудын эрхэм хүндэт зоог шүүсний дотор хонин зумыг эрт дээр цагаас тэнгэр газрын тайлга тахилга, төр ёсны их найранд хэрэглэж ирсэн. Зум гэдэг нь бидний одоогийн нэрлэж заншсанаар боодог юм. Харин их бүхэл гэдэг нь хонины таван түрүү махнаас тэвхэн ууц, өвчүү, толгой, дал дөрвөн өндөр, богино хавирга, шилтсээр зэргийг багтаасан ууц юм. Аав нь ууц тавьсан бол үр хүүхдүүд гэртээ ууц тавих гээд хэрэггүй. Аавтайгаа барьцаж байгаа мэт таатай зүйл биш. Сар шинийн өглөө цаг агаар тогтуун сайхан байдаг учрыг мэдэх үү?
 
Нарийн мэдэхгүй шүү дээ...
 
-Хүн бүр бэлгэтэй зүйл хэлэлцдэг учраас байгаль дэлхий хүртэл уярч байгаа нь тэр юм. Бурханы номонд дайн болсон газрын ногоо амтгүй ургадаг гэдэг шиг сэтгэл сайтай, хар санаагүй, атаа жөтөөгүй, хорсол тэмцэлгүй бол сайны зөгнөл болдог. Байгаль дэлхий ч түүнийг нь мэдэрдэг.
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо сонин"