sonin.mn
Үргэлжлэл.
...Банхар ойр орчмын хад уулс яргиулан дотор жихүүцэм ульж, хий юмтай хэрэлдсээр шөнийг барсан нь үхэл ёрлосон цондон байж гэхэд, талийгаач хутга бариад өнгөрдөг нь юуны дохио ёр байж таарах вэ? Би эд нарт цухуйлгаагүй болохоос сэвтэй шавтай өөр юм ч дэрдийгээд л байна. Бүх сав суулгандаа гурван ааруул, хурууд хийгээд тавьчихсан байгаа юм. Хоосон юм үлдээхгүй л гэж дээ. Хоёр юмыг үр нь дутав гэдэг. Ер нь манайхан юмыг заавал гурав болбол сая төгс боллоо гэж итгэдэг улс. Нэг мөхөс, хоёр тэгш, гурав төгс гэдэг нь тэр л дээ. Өөринхөө аяганд дүүрэн шар тос царцаагаад орхичихож. Тос хийх савгүйдээ биш, үлдсэн мань мэтдээ дүүрэн чанарын бэлгэдэл оршоосон хэрэг. За энэ бүхнийг үхэхээ мэдэж бэлгэдэл бодсон гэж саная. Гэтэл гэрийнхээ цаана хэсэг газар дугуйлаад засчихсан байх юм. Тэнд банаг( илүү гэр) барьж биеийг нь оруулах юм уу. Эсвэл ажил явдал өнгөрөхөөр гэрийг нь зөөж барих юм уу бүү мэд! Энэ нутгийн тайж угсаа язгуурын сүүлчийн оронцог гэж өөрийгөө шоолдог Жанжаа ээдрээт амьдралаа шоолж инээмсэглэсэн мэт, царай нь хачин амгалан дүртэй хөшиж, ямар нэг идээ зоог хүссэн юм шиг сахал үс сөрвийсөн шүдгүй амаа хагас ангайж, юу ч юм гуйх шиг зүүн гараа сарвайсан үхэл түүний сэтгэлээс салахгүй байлаа. Цагаан сахал дундах хагас ангайсан жимгэр уруулыг нь дүүртэл шар тос хийж эрүүг нь татаж хамхиулаад, босгоноос нь гурван жижиг чулуу авч гарт нь зөв үйл болсон гэж итгэнэ. Хүн гэдэг ИРЭЭДҮЙГ УГТАН БАРЬЖ БҮТЭЭДЭГ, ӨНГӨРСӨН ЦАГТ НЭМЭР ХУВИА ҮЛДЭЭЖ БАЙХ ТАВИЛАНТАЙ юм гэж үхэхийнхээ өмнө " Нэг чөдөр зангилаа оролдож сууна. Уг нь эд мөнх эзэн хэврэг гэдэгсэн! Гарын тамир гэж алга! Шууны яс шархирчянгинаад..." гээд ажилд бяцарсан хэдэн паравгар хуруугаа чичрүүлэн татаж амьсгалаа түгжиж ирээд их л бяд гарган чөдөрнийхөө солог түдүүдийг ( уяа гүйлгэх гогцоо) шүлсдэн чангалж суув даа. 
- Та чинь эд нь хэврэг эзэн нь мөнх! гэж ерөөдөг гээгүй билүү?
- Баянхүү та хоёрын хэрд тааруулж байна. Чи энэ дхл нуруун дээр хэд дараад өгөөч, улаан туг минь! гээд нүдээ аничихсан хоёр чамархай дээрээ хуруунуудаараа нухан зовиуртай царайлан хэхэрхэд
- Жанжаа минь бид Гэндэнгийн хүүхдийн найранд явья, цаг нар нь болохоо байлаа. Өөрөө адайр загнан очихгүй өтлөж хөгширч чадахгүй ааштай гэдэг нь. Дандаа улаан туг л гэх юм. Төр гүрэн маань " УЛААН-ХӨХ-УЛААН" далбаатай байх шүү. Газар сайгүй улаан туг хаана далбаганаж хийсээд байгаа юм? Дээшээ хөөрч даралт чинь ихдэж. Эмээ уу! гэж загнасан. Өвгөн гомдож тунисан шинжгүй нөгөө л улигт ЯЗГУУРЫН УХААН гэдгээ үгүйлэн үглэж
- Уг нь " Улаан залаат хөх Монгол" бэлгэдэлтэй юм бид. Гэтэл одоо " Хөх залаат улаан Монгол" ёрлож нүүрлэж. Нар, сар, гал дүрст дохио тэмдгийн ухаан шигсэн "НАР-САР-ГАЛ" Мөнх гал шүтээнт улаан залаа гэдэг чинь мандан бадрахын бэлгэдэл. Нар сар мандан ахуй гурван цагт Гал Голомт Мөнх гэсэн шүтээн. Хувьсгал, тэмцэл, цус хүсч гал голомтоо хоёр хуваах цондон ёрлон хөх тэнгэрээ түймэрт хавчуулаад нэг л биш ээ. Гал биш  түймэр, ус биш үер аюултай. Тэнгэрээ хоёр галд хавчуулна гэдэг түймэр ёр цондон. Их эзэн ЧИНГИС хаан өөрийнхөө гал голомтыг Их Монгол гэж тулаагүй, тэнгэр заяат Хөх Монгол Гүрний улаан залаат, МӨНХГАЛ шүтээнт үндэс угсаатнаа нэгэн туурганд мандуулсан гэдэг. Хг... ёох ёх, зүрхээр гэнэ гэнэ зүүгээр шивэх шиг хатгуулаад! Алив чи ар нуруун дээр хэд дараад өгчихөөч гэм, хөшөөд байна! Ойрдоо хэнхдэг эгэм хавьд янгинаж, жаахан юм идчихээр элэг дүүрээ цардайж цанхайгаад .. гээд хэхэрсээр хоцорсон. Жанжаа хутга хурцлаж байсан нь, чөдөрнийхөө чагтыг зорох санаатай бол айх цээрлэх юу байхав. Заавал чөдөр зангидаж суудаг нь ч бас юучив! Улаан туг гэж намын гишүүнээр дайруулж намайг төнхөж маажиж байна, өтлөж зөнөж чадахгүй үгний нь хорон ёжтой гэдэг нь...гэж зэвүү хүрч
- Эртээд Наран Айгийн авчирч өгсөн эмийг уугаач! Мартаагүй дээрээ одоо уу! гээд ухасгийгээд гарсан. Эцсийн яриа тэр байж. Хүнд яривал насны ичгүүр элэг доог. Үхэхгүй мөнхөрсөн хүн шиг санаж явж... Овооны залам (Овооны голд хатгасан бургас, Тахилга бүрээр шинэчлэн амилуулж солиму) навсаганан хийссээр. Энэ хорвоо дээр өөрөөс нь өөр хэн ч байхгүй мэт эргэн тойрон анирхан, алслан мэлтийх уулсын цэвдэг төрх, ишгээ голсон зусаг ямааны ааш шиг цаанаа л зэвэргэн хүйтэн хөх салхи. Удаахан суувал уруул ам эвлэхгүй бээрч царцах шинжтэй. Уруулны нь сахал мөстөж шанааны үс цайрч цантаад жавар тачигнасаар л... 
...Аймгаас Есүйжин өнөө маргаашгүй гарна. Хотоос Баянхүү онгоцоор ирэх байлгүй. Унаа тэрэг элбэгжсэн энэ үед дуулуут л ухасхийцгээх биз. Охин хүү хоёр нь хурдхан ирээсэй. Тэр хоёроороо ганц шөнө асруулж чадсангүй. Ирэхээр нь царайг нь яаж харна. Орилж чарлаад баахан сүйд болцгооно. Баянхүү хүний ганц хүү гэхэд нүд анихад нь толгойг нь түшсэнгүй шүү... Өвгөн залуудаа сумын сургуульд галч хийж пийшин галлангаа хичээлд нь сууж байгаад цагаан толгой нүдлэж дөрвөн аргын тоонд түүртэхгүй болсон. Тэр байтухай аян жинд яваад дөрвөн хайрцаг " Эх орон- 52" радио гээчийг тээж авчран " Юм дуулж нүд тайл" гэж ухуулан айлуудад зарж байгаад дамын наймааны хэрэгт холбогдон хураалгаад, дахиад ял авалгүй шиг чөлөөлөгдөж явсан сүйхээтэй толгой. Шинэ цагийн сайныг мэдэж, сайхныг нь сураад ир гэж хамаг байдгаа тэмтэрч хоёр хүүхдээ сургуулийн мөр хөөлгөн хот сууринд тэр чигт нь алдаж хашраад Наран Айг сургуулиас завсардахад " Бүдүүлэг хоцрогдсон тэр эсэргүүгийн нөлөө" гэж багийн хурлын шүүмжлэлийн бай болж бөөн хэл аманд ч орсон... Баянхүү ааваасаа жийрхдэгтээ ойрын хоёр жил нутгаараа үзэгдээгүй. " Зав зай гарахгүй юм. Уг нт нэг ухасхийх санаа байна" гэдэг сураг бэлэг хоёр л ирүүлэх. Оюутны даржин амьдрал, түүхийн хүрээлэнд очоод аманд ч үгүй хамарт ч үгүй тогтмол хэдэн төгрөгийн цалинтай гэж голж ажлаа хаяж мөнгө хөөгөөд овоо хөл дээрээ зогсож байгаа дуулддаг. Өвгөн хүүдээ тус болох санаатай Монголыг анх эзэгнэсэн Кан Си Энхамгалан хаанаас (1662-1722) эхлээд Гуан Ши Бадаргуулт төр (1875-1908) хүртлэх Манжийн хаадыг жагсааж, өөрийнхөө нутаг орны түүхийг мэдэж байг гэж Манжийн үеийн Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт засгийн хошуу, Богдын үеийн Засагт ханы гол хошуу, Ардын засгийн үеийн Хантайшир уулын аймгийн Хантайширт хошуу гэж ямагт Засагт хан аймгийн гол төв нь байсаар ирсэн хошуу нутгийн ноёдынхоо түүхийг шинэ үсгээр алдаатай бичдэг ч худам Монголоос буулган нилээд нухан бэлджээ. Түүнийгээ цаас шугамдаж жагсаасан нь
Пунцагравдан тэргүүн тайж нас 25. 1690- 1711, 47- той хальсан.
Гэлэг-Ямпил ноён нас 51. 1711-1740. 80-хальсан.
Бальдар нас 6. 1740-1770. 35-тай хальсан.
Цэвээнбалжаа нас 35. 1770-1790. 56 настай хальсан.
Буньраднаа нас 56. 1791-1822. 88 настай хальсан.
Манибадар нас 3. 1822-1839. 20- той хорлогдсон.
Цэрэндэндэв нас 30. 1839-1876. 67 той хальсан.
Доржпалам нас 3. 1877-1897. 23 той хорлогдсон.
Содномравдан нас 24. 1898-1912. 38 тай хорлогдсон.
Цэрэнгомбожав 1912-1923 энэ хүний түүхийг тусхайлан бичих буй...Гол харалмаар нь бүгдээрээ Монгол хүн биш Түвдүүд юм шиг харь гадаад нэртэй юм! Бас бүгдээрээ Манжийн хааны цолтой албатай. Тэр үеийн ноёд бүгд Чингүүнжав, Амарсанаа, Галдан бошгот нарыг муу хулгай гэж адлан Манжийн соёмбот шар тугийн цэрэгт хүн хүч, хүнс унаа залгужлж явсан гэх мэтээр тэмдэглэн ухааруулах үг үлдээн өвлийн цагт өглөө бүр бичиг ном шагайж суудагсан. Үүнийгээ ганц хүүдээ хэрэг болох өв гэж итгэн хэдэн жил эрдэмтэн болох шахсан ч Баянхүүд урам нь хугарч шатаах гэхэд нь Наран Ай хумьж авсан гээд урамгүйхэн өгсөн сөн. Өвгөн энэ насандаа орчин тойрноосоо ч гэх үү Соцлийзмаас ганц л шинэ онол орой руугаа ортол ухаарч " Ээ дээ болж л өгвөл хүүхэддээ шинэ цагийн эрдэм ном сурга. Одоо үед ёвроов эрдэмгүй хүн хол явахгүй. Энүүхэн зуурын олдмол арга эв, хиймэл хичээл, зохиомол сурлага хүнээс шаардаж суурин газар хоргодсон суумал бурхад болгоно. Урьтаж санаж, өрсөж амжуулж сурах хэрэгтэй" гэдэг байснаа сүүлдээ энэ санаанаасаа буцсан. Үнэн л байж. Эрдэм сурсан хоёр хүүхдийн нь байж байгаа царайг хараач!гэхээс хотод Их дээд сургуульд сурамшаа аядаж байгаа хоёр хүүхдээ яг өнөөдөр дуудаж авчирч хажуудаа хадчихмаар. Талийгаач саяхан " Дээд сургууль гэдэг чинь амь амьдралаа аргацаах зохиомол, дууриамал номын сургууль юм байна. Төрөлх заяамал эрдэм ухааныг нь бүдүүлэг хоцрогдсон гэж жигшээгээд Монгол биш бэсрэг (одоо давжаа гэсэн утгаар ярих болж. Бэсрэг гэж холимог юмыг хэлнэ. Үнээ гүүний бэсрэг айрга гэх мэт) хүн болгочихоод байна" гэж байсан. Охин хүү хоёроо санаж насны эцэст оронгийн мухарт ганцаардахдаа тэгж тунгаагаа биз?
 
Үргэлжлэл бий.
БЭСҮД.Н.НАГААНБУУ агсаны "АЛТАЙН ТЭНГЭР" романаас.