sonin.mn
МҮЧЗХ–ны болон Н.Рубцовын нэрэмжит шагналт
 
Шведийн Нобелийн шагнал олгох хорооноос 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд монголын зохиолчийг нэр дэвшүүлэх тухайд албан ёсны санал ирүүлжээ. Энэ бол бидний цөөхөн монголчууд, түүний дотор Монголын зохиолчдын хувьд чухамхүү тэнгэрийн умдагийг атгах алтан боломж юм.
Өнөөгийн байдлаар манайд зохиолоо герман, монгол хэлээр бичсэн, томоохон туурвилууд нь бусад хэлээр хамгийн их орчуулагдсан, Дэлхийд нэрд гарсан зохиолч Чинагийн Галсан бэлээхэн байна. Түүний зохиолуудыг аль хэдийн гадаадын зохиолчдын байгууллагаас Новелийн шагналд  дэвшүүлсэн, бүх материал нь Шведийн Нобелийн шагнал олгох хороонд бэлээхэн хүрчихсэн байгаа аж. Одоо гагцхүү Монгол Улсын төр засаг, шинжлэх ухаан, зохиолчдын байгууллага, үзэг нэгт нөхдийнх нь тууштай дэмжлэг л хэрэгтэй байна.
Интернетэд тавигдсанаар 2013 оны байдлаар Ч.Галсангийн роман, тууж, яруу найргийн зохиолын ном нь зөвхөн герман хэлээр 19 удаа, англи хэлээр 9 удаа хэвлэгдсэн бол франц, итали, испани, голланд, еврей, япон зэрэг дэлхийн 40 гаруй орны хэл дээр бүтээлүүд нь хэвлэгдэж, манай зохиолчдоос дэлхийн дэвжээнд “жижигхэн” Монголынхоо нэрийг дуурсгаж чадсан онцгой гавьяатай хүн юм.  
Ер нь зохиолч Ч.Галсан нь монголын утга зохиолд 1970-аад онд орж ирсэн авч түүнийг хаалттай сэдвээр, бас гадаад хэлээр зохиол бичсэн, гадаадад хэвлүүлсэн гэж үзэл суртлын хувьд нэлээд хавчин, гадуурхаж ирсэн түүхтэй билээ. Гэвч даравч далдайж, булавч бултайдгийн хуулиар наян  он гарч анхных нь ном сая монгол уншигчдад нь хүрсэн хэдий ч олон жилийн өмнө бичсэн биш харин өчигдөрхөн л зохиогчийн гараас гарсан юм шиг амьдралын хурц үйл явдал, халуухан бичлэгтэй туужууд шууд олон түмний анхаарлыг татан уншигдаж, төдөлгүй түүний зохиолын баатрууд дэлгэцнээ амилж манай туужчидийг бужигнуулсан билээ. Энэ тухайд БНАГУ–д 1981 онд “Аянгат цагийн тууж болон бусад тууж, өгүүллэг”, мөн БНМАУ–д 1986 онд “Аянгат цагийн тууж” нэртэй хэвлэгдсэн номын өмнөтгөлд эрдэмтэн зохиолч Л.Түдэв нь Ч.Галсангийн бүтээлийг “…Нийтийн үйлсийн төлөө зүтгэсээр хувийн амьдралаа хайхарсангүй явж хал үзэж, халуун чулуу долоосон Жанибекийн дүр бол зохиолчийн ололт төдийгүй, манай уран зохиолд бий болсон шинэ зүйл мөн…” гэж дүгнээд, Галсангийн зохиолуудыг өндрөөр үнэлсэн Эрвин Штриттматтер, Клаус Өмихен, Е.А.Толле нарын шүүмж, сэтгэгдлээс иш татаж, улмаар Германы “Зексише Цайтунг”, Нойе Дойче литератур”, “Зоннтаг”, “Тюрингер Ландесцайтунг” зэрэг сонин, сэтгүүлүүдэд Чинагийн Галсангийн номын тухай захидал шүүмж хойно хойноосоо цувран гарч ирснийг онцлон тэмдэглэжээ.
Мөн утга зохиолын шүүмжлэгч Ц.Энхбат ‹‹Ч.Галсан манай шинэ үеийн үргэлжилсэн үгийн утга зохиолд “Аянгат цагийн тууж” номоороо аянга цахилуулахад уг түүвэрт багтсан “Ноомой эрийн мөрөөр” туужийн гүйцэтгэсэн үүрэг багагүй гэж санагддаг. 1973 онд  анх туурвисан Ч.Галсангийн уг туужийн гол дүр манай утга зохиолд баттай зогсож, өөрийн байр сууриа олсон өөгүй эерэг баатрын дүр төрхийг эвдэж, амьд баатрыг дэвшүүлэн гаргаж ирснээрээ утга зохиолд шинэ амьсгаа оруулж ирсэн›› гэж үнэлээд энэ нь манай туужчдад хүчтэй нөлөөлсөн тухай бичсэн нь дээрхийн баталгаа юм.
Ч.Галсангийн “Аянгат цагийн тууж” номын дараа гарсан “Арван сарын тэнгэр дор” тууж, “Алаг хорвоогийн гэрэл, сүүдэр” нийтлэлийн ном нь мөн л дал, наяан оны эхээр бичигдсэн боловч өнөөдрийн, ерээд оны эгзэгтэй цаг үе, үйл явдлыг харуулж чадсанаараа онцлог бүтээл болсон гэдгийг уншигч, судлаачид хүлээн зөвшөөрсөн билээ. Ийнхүү зохиолч Ч.Галсан зөвхөн өөрийн ард түмний оюун санааг хожуу ч гэсэн хүчтэй цэнэглэсэн төдийгүй өрнөдийн хэр баргийн юм хүлээж авдаггүй уншигчдын гайхлыг төрүүлсэн юм. Чухамдаа Германы доктор Ирмтрауд Гучке “Хэргийн учир ямар хэлээр бичсэнд биш, харин маш сайн бичсэнд л байгаа юм. Биднийг харь хол ертөнцийн түм буман жижиг сажиг зүйлд төөрүүлж самгардуулахгүйгээр зохиолч цөөхөн, оносон, туйлдаа хүртэл цэнэгшсэн үгээр Монгол эх орныхоо өнгөрсөн, ирээдүйн тухай цээжиндээ тээж явдаг бодлоо зураг болгон амилуулж байна…” гэж шүүмжлэлдээ онцолсон нь Ч.Галсангийн уран бүтээл, түүгээр дамжуулан монголын уран зохиолыг өндөр үнэлсэн хэрэг гэж бодоход бахархмаар.
Ч.Галсангийн “Тэнгэрийн зүүд” өгүүллэгийн номын тухайд утга зохиолын судлагч, шүүмжлэгч, доктор Ч.Дагвадорж өөрөө өндрөөр үнэлэн бичсэн төдийгүй “Энүүн  (“Дуу амрах цагаар” тууж) шиг үг, өгүүлбэр бүр нь  оновчтой зүрслэл сайтай ном хэдүйд хамгийн сүүлд уншсанаа би санахгүй байна. Сэтгэлийн утсыг доргион, ухааны үүдийг нээгдтэл хуучлах увдистай хүний л зүг бүгдийн чих дэлдийх яруу сайхны тэр үнэн зөвхөн нүүдэлчний оромжинд л бүрэлдэх бөгөөд тийнхүү эсгий гэрт төрж өссөн нэгэн бээр бидний эх хэлийг зохиолынхоо хэл болгохоор шилж авсан нь германы утга зохиол, магадгүй дэлхийн утга зохиолын хувьд азтай эгшин байжээ гэлтэй›› гэж профессор Харк Бормын “Дий Цайт” сонинд бичсэн, мөн ‹‹“Хөх тэнгэр” роман нь хэл найруулга яруу тансаг, үйл явдал барим тавим, бас цалгим бялхам, хэн нэгэн ид шидтэн холын холоос Германы орчин үеийн утга зохиол руу цоо шинэ салхи илгээсэн мэт…›› хэмээн “Шпийгель” сэтгүүлд бичсэнийг тус тус иш татаад “…Монголын уран зохиолд Нобелийн шагнал хүртэх эзнийг хайж эрэх биш, төрчихөөд удаж байгаа юм биш үү!” хэмээн уулга алдан олзуурхан бичжээ.
Зохиолчийн “Аянгат цагийн тууж” нь хэвлэгдэнгүүт тун удалгүй “Монгол киноны” хамт олон уг туужаар бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээсэн нь манай кино урлагт бас нэг алтан хуудас нээж, үе үеийн кино шүтэгчдийн үзэх дуртай киноны нэг болжээ.
Бас Ч.Галсангийн “Эр хар сур” яруу найргийн ном ч яригдах ёстой л номын нэг яах аргагүй мөн. Гэхдээ түүнийг хүүрнэлт зохиолч гэдэг утгаар нь уг номынх нь тухайд манай уран зохиолчид ярихгүй байгаа юм болов уу?.. 
Германд хатагтай Корнелиа Шрудде “Герман хэлт уран зохиол дахь нүүдэлчин– Чинагийн Галсан “ гэсэн нэг сэдэвт зохиолоор докторын зэрэг хамгаалсан нь 1999 онд Берлин дэх Петр Ланг хэвлэлийн газарт 368 хуудас бүхий ном болон хэвлэгдэж, Европын их сургуулиудын сургалтын хөтөлбөрт орсон нь монгол зохиолчийн бүтээл туурвилыг дэлхийд хэрхэн өндөр үнэлж буйн гэрч юмаа.
Ч.Галсан зохиолч маань эдүгээ утга зохиолын төрлөөр Германы томоохон бүх шагнал, гадаад, дотоодын нэр хүндтэй, нийт хориод шагналын эзэн болжээ. Энэ бүхэн түүнийг өнөөдөр Нобелийн шагнал хүртэх тэр өндөрлөгт аваачсан явдал даруй мөн гэлтэй. Утга зохиолын төрөлд олгодог Нобелийн шагналыг Ази тивээс Энэтхэг, Япон, Хятад улсын зохиолчид хүртчихлээ. Одоо Монголоос маань “Нобелийн шагналтан” төрөх алтан боломж иржээ. Уг нь шагналдаа гол нь биш, Монголын ард түмэн монгол зохиолчийнхоо бэлээхэн биччихсэн бүтээл туурвилыг Дэлхийд үнэлүүлэхэд л хамаг утга учир нь байгаа юм. Нобелийн шагналтай нэг зохиолчтой байхад л Монгол Улсын маань их утга зохиолын нэр хүнд “Дэлхийн дэвжээн дээр” зуун зуунаар өндөрт мандана даа. Шведийн Нобелийн шагнал олгох хорооноос манайд ийнхүү албан ёсны санал ирүүлсэн нь “Танай Чинагийн Галсан гэж зохиолчийн холбогдох материал манайд бэлээхэн ирээд байгаа шүү. Та нар энэ зохиолчоо дэмжээрэй…” гэсэн тодорхой санаа ч байх үндэслэлтэй!..
2018 он Монголын маань их утга зохиолын түүхэнд нэг алтан хуудас шинээр нээж, цөөхөн монголчуудын магнай тэнийлгэж, сайн үйлс дэлгэрэх болтугай!
 
 
Х.ХАНГАЙСАЙХАН
МҮЧЗХ–ны болон Н.Рубцовын нэрэмжит шагналт