-Юун түрүүнд асуухад саяхан “АН 100 гаруй гишүүнээ намаас хөөсний дотор Р.Амаржаргал, Э. Бат-Үүл Да.Ганболд, Лу.Гантөмөр Х.Тэмүүжин нар багтжээ” гэсэн мэдээлэл соошлаар тарсан. Энэ үнэн үү?
 
-Намаас хөөсөн талаар мэдээлэл аваагүй. Болсон үйл явдал гэвэл өнөөдөр АН-д Үндэсний бодлогын хороо ны /ҮБХ/ гишүүдийн дунд ротаци явагдаж байгаа. Хуучин ч байсан систем. Тэр дагуугаа 100 гаруй хүн ротацид орж байна гэсэн мэдээлэл авсан.  АН-д ямар үйл явдал болоод байна гэхээс илүүтэй Монголын улс төрд суурь шинжтэй өөрчлөлт хийгдээсэй гэсэн нийгмийн хүлээлт байна. Мэдлэг боловсрол гэдэг бол хөгжлийн түлхүүр. Гэтэл энэ улс орныг урагш нь чирж хөтөлж явах ёстой улс төрийн хүчин, улстөрчдийн дүр төрх боловсролоос ангид байх юм бол  улс орны ирээдүй бүрхэг болно. Боловсрол муутай хэн нэгэн эрх мэдэлд хүрснийг өмгөөлж хаацайлахын тулд “Боловсрол ерөөсөө хэрэггүй юм байна” гэдэг ойлголтыг нийгэм рүү цацах нь аюултай. Тиймээс боловсрол, мэдлэгт суурилсан улс төр яагаад явахгүй байна гэдэг хүлээлт олон нийтэд байх шиг байна. Хоёрдугаарт бодлого.
Намууд өөрсдөө байнга ярьдаг мөртлөө огт бодлогогүй, зөвхөн тухайн цаг үеийн эмоци, олон нийтийн сэтгэл хөдлөл дээр суурилсан, олон нийтэд таалагдаж байвал худлаа ч хамаагүй гоё үг ярих хүсэлтэй, алс хэтдээ юу нь хэрэгтэй вэ гэж харахаас илүүтэй “ Өнөөдөр энэ суудал дээрээс юу хэлбэл ашигтай вэ?” гэж хардаг болчихоор бодлогын улс төр үгүйлэгдэж байна. Зөвхөн АН биш, МАН ч ялгаагүй. Сүүл үеийн судалгаануудыг хараад байхад аль аль намын рейтинг уначихлаа шүү дээ. Энэ янзаараа 2020 оны сонгууль хувь улстөрчдийн тоглолт болчихож магадгүй. Зохион байгуулалттай институц, хариуцлагатай, олон нийтийн дэмжлэг авч  чадахуйц улс төрийн намын тухай биш, хувь хүнийхээ хувьд хэн илүү нэр хүндтэй вэ гэдэг өрсөлдөөн рүү орох эрсдэл байна. Хэрвээ тийм өрсөлдөөнд орвол хувь хүний, нэг хүний ааш аягаас Монгол Улсын ирээдүй шалтгаалж эхэлнэ.
 
-Популизм газар аваад байна аа гэж үү?
 
-Популизм аль хэдийн газар авчихсан. Асуудлыг ул суурьтай, ухуулгаар харахаасаа илүү сэтгэлийн хөөрлөөр, хов живээр, мухар сүсгийн шинжтэй үйлдлүүдээр энэ улс орныг залж чиглүүлэх хэмжээнд оччихлоо шүү дээ.
 
-Та жишээ нь АН-аас гарахад бэлэн үү?
 
-Асуудал хэт мөнгөнийх болоод, зөвхөн дарга, цэргийн хэмжээнд АН-ыг төлөөлөөд, АН өөрийнхаа үзэл санаа, үнэт зүйл, зарчмаасаа ухраад эхэлбэл тийм сонголт хийхээс аргагүй байдалд орж магадгүй л юм. Олон жил тэмцсэн хүний эрхийн асуудлаа цаазаар авах ялыг сэргээе гэх попролоор солиод, бизнесийн таатай орчинг бий болгоё, иргэний санаачилгыг дэмжье, хувийн хэвшлүүд татвар төлөх замаар энэ улс орныг авч явья гэж байтал “Цэргээр төмөр зам бариулна” гэвэл энэ бол миний дэмждэг АН биш. Ерэн онд арчилсан хувьсгалыг эхлүүлсэн АН-ын мөр чанар ч биш.
 
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь дээр Цэцийн гаргасан шийдвэр олны анхаарал татаж байна. Та ч энэ тухай “Цэц бол МАН-ын нэг салаа мөчир шүү дээ” гэсэн утгатай үг хэлсэн байсан. Яагаад?
 
-Цэцэд байгаа зарим нөхөд цаг үргэлж улс төрийн захиалга гүйцэтгэж ирсэн. Сонгуулийн хуулиас пропорциональ тогтолцоог халахад С.Жанцан, П.Очирбат гэдэг хоёр хүн хоёр намын даргатай тохироод л хуулийн заалтыг хасах захиалгыг гүйцэтгэж байсан. Би гишүүн байхдаа УИХ-ыг төлөөлж Цэц дээр 30 гаруй удаа очсон. Маргаан болгоны ард заавал нэг захиалагч байдаг. Хуралдаан дээр асуудлыг ярьж байгаа үндэслэлийг харахаасаа илүү “Бид үүнийг ингэж шийдэж, захиалгаа гүйцэтгэж байж энэ суудал дээрээ үлдэнэ” гэсэн атгаг бодолтой нөхөд дийлэнх нь.
Жишээ нь, яагаад “Эрдэнэт”-ийн асуудал Д.Сугар гэдэг хүн дээр очиж байгаа юм? Цэцийн гишүүний халдашгүй байдал гэдэг нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай нэг адил Үндсэн хуулиас давсан эрх дархыг тогтоожээ гэдэг маргаан яагаад халдашгүй байдал нь хамгийн их хөндөгдөх магадлалтай Д.Сугар гэдэг хүн дээр очиж байгаа юм. Энэ нь Цэц тодорхой бүлэг хэсгийн хүсэл зоригийг хангадаг хэрэгсэл болчихоод байгааг илтгээд байгаа юм биш үү? “Эрдэнэт”-ийн 51 хувийг хэсэг хүмүүс гаднын банкинд барьцаад тавиад зээл авчихсан, хувьдаа ашигласан. Гэтэл тэр боломжийг олгосон хүн яагаад 49 хувийнхаа асуудлыг шийдэх гээд, “би энд сонирхлын зөрчилтэй байна, оролцохгүй ээ” гэж хэлэх эрхгүйгээр асуудлыг аваад явж байгаа юм. Нэг нь санхүүгийн далд байсан мэдээллийг ашигласан, Засгийн газрыг давж гишгээд 49 хувийг авчихсан. Гэхдээ гадна байсан өмчийг худалдаж авсан. Гэтэл нөгөө нь дотор байсан 51 хувийг барьцаанд тавиад алдчихсан. Хулгайч, дээрэмчин хоёр хэн нь илүү шударга вэ гэж маргах үндэслэл байхгүй. Хууль хаана байна гэдгийг л бид харах ёстой.
 
-2013 онд “Стандарт” банкны асуудал сөхөгдөхөд та Хууль зүйн сайд байсан. Яагаад энэ хэргийг шийдээгүй юм?
 
-Намайг Хууль зүйн сайд байхад “Стандарт” банкны өрийн асуудал цагдаагийн байгууллагаас рапортоор орж ирсэн. Үүн дээр эрүүгийн хэрэг үүсгэхээс аргагүй байна, “Стандарт” банк манайхаас өрөө нэхэж байна гээд. “Стандарт” банкныхан ч надтай уулзах хүсэлт тавьсан, би уулзсан. Нэр бүхий гурван хүн “Засгийн газар өр төлөх асуудал дээр дэмжлэг үзүүлээч ээ” гээд орчуулагчтайгаа орж ирсэн. Тэгэхэд нь би “Засгийн газарт “Эрдэнэт”-эд баталгаа гаргах эрх байхгүй. Ямар нэг хэлбэрээр энэ асуудалд оролцсон, гарын үсэг зурсан хүмүүс байгаа бол тэд хуулиас давсан байна, хариуцлага хүлээх ёстой. Эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгах шаардлага үүсэх байх” гэдгээ хэлсэн. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаад Д.Сугар нарын хүмүүс дээр очсон, тэд бүгдээрээ “Миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна” гэж хэлж байсн. Намайг сайдаас буусны дараа хэрэг маргаан АТГ луу шилжээд цаашаа явсан.
Яг үүний дараа Н.Алтанхуягийн Засгийн газрын үед, намайг Хууль зүйн сайд байхад ХХБ-н дээр 500 сая ам.долларын баталгаа гаргуулах тухай асуудал ч бас хөндөгдөж байсан. Тэгэхэд Хууль зүйн сайдын хувьд миний барьсан зарчим гэвэл, “Эрдэнэт”-ийн асуудал дээр Засгийн газар баталгаа гаргахгүй гэдэг байр суурь хэвээр байгаа. Энэ удаад ч мөн Засгийн газар хувийн банкинд баталгаа гаргахгүй, ийм гарын үсэг зурагдахгүй. Эдийн засгийн таатай нөхцлийг бий болгох, ам.долларын эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор зөвхөн Н.Алтанхуяг Ерөнхий сайд өөрөө хувийн дэмжлэг гэнэ үү юу гэнэ, хувь хүнийхээ хувьд байр сууриа хэлж болох юм. Хууль зүйн хувьд бол Засгийн газар ямар нэг баталгаа гаргахгүй ээ л гэсэн.
 
-Тэрний төлөө Засгийн газрыг огцруулсан юм уу?
 
-Энэ бүгдийг эргээд харахаар тэр үед улс төрийн эрх мэдэл, эдийн засгийн сонирхол хоёр нийлэх замаар, хууль зөрчсөн байдлаар, мөнгө олж болох ямар л суваг байна тэр бүх механизмууд эхнээсээ ажиллах гэж оролдоод, заримдаа таслан зогсоогдоод явж байсан. Таслан зогсоогдсон үедээ үүнд нь саад болсон улстөрчдийг замаасаа зайлуулж, өөрсдийнхөө хүмүүсийг тавьж аваад цаашаа явдаг энэ дүр зураг одоо ч гэсэн байна. Үүнийг таслан зогсооё гэдэг хүсэл эрмэлзэл улс төрийн хүчнүүд болон олон нийтэд бүрдэхгүй бол зогсоох гэж оролдсон хэсэг нь золигдоод, арчигдаад алга болдог, тэрний ард байсан хэсэг нь дүрээ солиод эрх мэдэл дээр ирдэг энэ дүр зураг өөрчлөгдөхгүй. Н.Алтанхуягтай холбоотой, манай Засгийн газартай холбоотой асуудал дээр Засгийн газрыг унагах гэж улайрч байсан хүмүүс нь дараа энэ асуудлыг яаж шийдэж авч явсан бэ гэдгийг би маш тод санаж байна. Энэ дүр зургийг өөрчлөхийн тулд арай нэг бохирлогдоогүй улстөрчид нь үзэл бодлын хувьд нэгдэж нягтрах ёстой юм шиг байна. Тэр нэгдэл нягтрал дээрээ тулгуурлаад сэтгэлийн хөөрөл, популизмаар биш, арай нэг ажил хэрэгч, шийдвэртэй, зоригтой алхмуудыг тавиад явах цаг болсон байхаа.
 
-Энэ ашиг сонирхлын зөрчил Үндсэн хуулийн Цэцэд хүртэл явчихсан байна гэхээр яалтай ч билээ. Яаж өөрчлөх ёстой вэ?
 
-Цэцийн тухай хуульд УИХ 2016 онд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Цэц энэ өөрчлаөлтийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд маш хурдан хүчингүй болгосон. Орсон нэмэлт өөрчлөлт гэвэл ердөө Цэцийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох л явдал байсан. Цэцийн хуралдааны протоколыг ил болгох тухай байсан. Хүний амь нас, ял шийтгэлтэй холбоотой асуудал шийддэггүй, хууль ямар байх ёстой вэ гэдэг нийтийн ашиг сонирхлын асуудлыг шийддэг учраас Үндсэн хуулийн шүүх дээр “Зөвлөлдөх тасалгааны нууц” гэдэг асуудал дэлхийд байхгүй. Тийм учраас зөвлөлдөх тасалгааныхаа асуудлыг нээлттэй болгооч ээ гэсэн. Цэцийн шийдвэрт Цэцийн гишүүд тус бүрдээ гарын үсэг зурдаг, өөр саналтай гишүүд нь тусгай саналаа бичдэг, тэр нь ил байдаг болъё л гэсэн. Гэтэл Цэц энэ бүгдийн эсрэг зогссон. Яагаад зогссон шалтгаан нь одоо улам бүр ил болж байна. Үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгохоос айж байгаа шалтгаан нь эцсийн дүндээ тэнд улс төрийн захиалга гүйцэтгэдгээс, тэр нь олон нийтэд ил болохоос л үхтлээ айж байгаа хэрэг. Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллага үнэн хэрэгтээ Үндсэн хуулийн шүүх биш юм байна. Үндсэн хуулийн нэрээр улс төрийн захиалга гүйцэтгэдэг хэсэг бүлэг хүмүүс л байна. Нэр бүхий гишүүдийнх нь бүрэн эрх дуусчихаад байхад Үндсэн хуулийн бус аргаар Үндсэн хуулийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүмүүс л тэнд сууж байна.
 
-Цэцийн гишүүн Д.Сугар “Хэрвээ Арбитрийн материалд миний нэр байвал би өөрөө 461-р ангид очьё” гэсэн. Гэтэл саяхан өөр нэг баримт гараад ирсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?
 
-Миний санаж байгаагаар Д.Дорлигжав Ерөнхий прокурор байхдаа 2013 онд 2-3 удаа Д.Сугарын Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хандаж байсан. Яг УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай адил Үндсэн хуулиас давсан халдашгүй байдалтай учраас “Цэц зөвшөөрөхгүй бол хариуцлага тооцуулахгүй” гэдэг зарчим үйлчилсэн. Бүр онигоо шиг юм болсон шүү дээ. “Японд худалдаж авсан обектуудаа ХОМ-тээ бичээгүй байна. Санаатай бичээгүй үйлдэл нь огцрох үндэслэл болж байна” гэхэд Цэцийн дарга нь гишүүндээ “Сахилгын арга хэмжээ авсан учраас наад асуудал чинь хаагдсан” гэж хариулж байсан. Цэцийн дарга Цэцийн гишүүнийг томилдог хүн биш. Томилсон байгууллага нь, УИХ өөрөө Цэцийн гишүүнтэй хариуцлага тооцох тогтолцоотой. Гэтэл тэд Үндсэн хуулийн нэр бариад хуулийг зөвхөн өөрсдөдөө зориулж гажуудуулж хэрэглэж ирсэн. Уг нь Үндсэн хуулийн Цэц төрд байгаа өргөсийг хамгийн шуурхай авч, эмчилж байдаг ганц хэрэгсэл нь. Гэтэл тэр ажлаа хийж чаддаггүй, манаачгүй манаач л бүгдийн дээр гарчихаад байна даа.
 
-Саяхан хэвлэл мэдээлэл болоод соошлээр “14 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол...” гэдэг Эрүүгийн хуулийн заалт дээр нэлээд маргаан явсан. Та үүн дээр ямар байр суурьтай байна?
 
-Дахиад л асуудлыг нягталдаггүй, сургаар хуйларч сенсаацладагтай холбоотой байх  л даа. Нэг телевизээр тийм мэдээ явсан юм шиг байна. Тэрийг нь дагаад твиттер, фейсбүүкээр баахар шуурсан юм шиг байна. Нэг нь ч Эрүүгийн хууль дээр яг ямар заалт байна гээд Legalinfo руу ороод уншихгүй байна. Ядаж мэддэг нэг хоёр хүнээс, ХЗДХЯ, эсвэл УИХ-ын ХЗБХ-ноос очиж асуухгүй байна. Хууль гэдэг бол цагаан дээр хараар биччихсэн, хэн бүхэнд нээлттэй зүйл шүү дээ. Legalinfo дээр хуучин, шинэ хууль хоёулаа байгаа. Интернеттэй газраас гар утсаараа ороод л харчих боломжтой.
Хуучин Эрүүгийн 122 дээр “16 нас хүрээгүй хүнтэй хурьцал үйлдсэн бол торгох болон гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалттай, насны доод хязгаарыг нь зааж өгөөгүй. Энэ заалт 1990 оноос өмнөх Эрүүгийн хуульд ч байсан. Гэтэл 16 нас хүрээгүй гэдэгт 1-ээс эхлээд бүх насныхан орчих гээд байдаг, хууль нь өөрөө ийм бүрхэг. Харин шинэ хууль дээр 14-16 насны хүнтэй бэлгийн харьцаанд орсон бол энэ хүн зөвшөөрсөн ч байсан та ялтай шүү гэж заасан. 14-өөс доош бол шууд хүчингийн хэрэг. Тэр хүн зөвшөөрсөн ч, эс зөвшөөрсөн ч ялгаагүй. Яагаад гэвэл тэр хүн бол өөрөө бие даан “зөв, буруу” гэж шийдэх чадваргүй байгаа. Тиймээс шууд хүчиндэх гэмт хэрэг болно, бүр хүн амины хэрэгтэй адил хүнд ялтай. 14-өөс 18 насны хүүхэд хүчиндвэл хүндрүүлсэн ялтай гэмт хэрэгт орно. Тийм учраас 14-өөс доош насны хүнийг хүчиндэхийг зөвшөөрсөн хууль огт гараагүй. Хууль уншихгүй сургаар ярьдаг, баримт нотолгоо байсаар атал хайхардаггүй, зүгээр л шуурч бужигнадаг энэ байдал маань үүн дээр дөрөөлж тоглолт хийдэг улстөрчдөд хожоо олгож эхэлж байна. Хуулийн завхрал гарсан уу гэвэл гарсан. Гэхдээ энэ зүйл ангитай холбоогүй.
 
-Ямар зүйл анги?
 
-“Эрдэнэт”-тэй холбоотой нэг жишээ ярья. Саяхан Х.Нямбаатар гишүүн их мундаг мэдэгдэл хийж харагдана лээ. 2017 онд Эрүүгийн хуулийг тэд өөрчилсөн, Х.Нямбаатар өөрөө ажлыг хэсийг ахалсан. 2013 онд би сайд байхдаа “Хэрвээ Д.Сугар нарын хүмүүсийн гарын үсэг хуурамч биш гэдгийг арбитраар тогтоовол энэ хүмүүс ямар нэг байдлаар хариуцлага хүлээх ёстой“ гэсэн. Хариуцлага хүлээлгэхэд саад болж байсан зүйл нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа. Иргэдээс маш их гомдол ирж байсан. Зарим нэг хүмүүс хэрэг нь шалгагдаад явж байхад хуулийн байгууллагатай тохироод хэргийн шалгалтыг удаашруулаад тодорхой хугацаа өнгөрсний дараа “хэрэг нь уг нь нотлогдсон, гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гээд хэрэгсэхгүй болгож, ял завшдаг байсан. Бусад оронд бол мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн тохиолдолд хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоодог. Хичнээн удаашралтай байсан ч гэсэн  нэгэнт хэргийн шалгалт эхэлсэн учраас та ял авдгаараа авна, хэзээ ч ял завшихгүй гэсэн зарчимтай. Тийм учраас би 2015 онд Эрүүгийн хуулийг батлуулахдаа “Мөрдөн шалгах ажил эхэлсэн бол хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогсоно” гэдгийг маш нарийн хуулчильж өгсөн. Гэтэл МАН-ынхан, Х.Нямбаатар нарын хүмүүс хөөн хэлэцэх хугацааг буцаагаад хуучин руу нь шилжүүлсэн. Одоо албан тушаалын болон авлигын хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа таван жил байгаа. “Стандарт” банкны асуудалд 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Болсон үйл явц нь 2009-2011 оных. Тэгэхээр одоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан. МАН-ыхан худлаа матрын нулимс унагахаа болих хэрэгтэй. Та нарын мэдлэггүй, хүний үг сонсдоггүй, дээгүүр зантай, “Эрүүгийн хууль хуучин уламжлалаараа явна” гэсэн алдаатай, муйхар бодлооос чинь болоод энэ хүмүүс ял завшлаа. Одоо ирж “Авилгачид, паа пүү” гээд байгаа ах нар чинь хожоод гарлаа. Хүн мэдэхгүй юмаа хүлээн зөвшөөрч сурах нь хамгийн зөв байдаг юм. Одоо бол зүгээр л матрын нулимс унагаж, олон нийтэд таалагдах гэж худлаа шоудаж байна. Гэтэл өөрсдийнх нь хийсэн балгаар ийм боллоо шүү дээ.
 
-Хөөн хэлэлцэх хугацаа үнэхээр дуусчихсан уу?
 
-Дуусчихсан. Эрүүгийн хууль “Найман жил хүртэл хорих ялтай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил” гээд биччихсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа энэ хугацаа тоолох нь зогсоно гээд өөрчилчихсөн. Шүүх хурлаа хийлгэхгүй цаг нөхцөөж хугацаагаа дуусгаад олон хэрэг замхарч, хохирсон нь хохирсоноороо үлдэж, хэргтэн нь ял завшидаг түүх үргэлжилэх нь дээ.
 
-Д.Сугар гэдэг хүн ямар нэг байдлаар гэм буруутай байлаа гэхэд ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү?
 
-Хүлээхгүй. Өөр яах юм. Хуулиар өөрчлөөд буцаааж хэрэглэх үү? Ингэж мэдэн будилж ял завшуулдгаа болих хэрэгтэй.
 
-Шинэ эрүүгийн хуульд 12.4 дээр байсан “бэлгийн дарамт үзүүлэх” гэдэг зүйл ангийг бас шинэ УИХ хүчингүй болгосон. Гудамжинд явж байгаа хэн нэгэн эмэгтэй хүний биед, ялангуяа хүрэх ёсгүй газар нь хүрсэн байлаа ч хуулийн хариуцлагагүй болчихлоо гэж хуульчид ярьж байна?
 
-Бэлгийн дарамт гэдгийг хоёр янзаар үнэлж байгаа юм. Зарим нь эрүүгийн ял шийтгэлтэй байхаас аргагүй үзэгдлүүд байна. Зарим нь зөрчил гэдэг юм уу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй ч гэсэн “энэ чинь буруу үйлдэл шүү” гэж хууль ёсоор буруутгаж харах тийм үзэгдлүүд байна. Жишээ нь гудамжинд явж байхад нь янз бүрийн байдлаар өдөж хатгах, үгээр дайрч доромжлох, биед нь хүрч тавгүй байдал үүсгэх ч юм уу. Үүн дээр заавал эрүүгийн ял шийтгэл байх ёстой гэж хэлж чадахгүй байна. Гэхдээ энэ бол буруу зүйл. Үүнийг боловсролынхоо системээр, нийгмийнхээ хандлагаар хүмүүст ойлгуулж байх ёстой. Магадгүй Зөрчлийн хуулиар торгууль орогдуулж болно. Бэлгийн дарамт гэдэг бол ажлын байранд, сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг. Дээрээс доош чиглэсэн, ирархи шинж чанартай. Байгууллагын дарга, эсвэл багш нь “Чи надтай унтахгүй бол ажилгүй болно”, “Чамд муу тавина” гэх байдлаар тэвчишгүй байдалд оруулах бол бэлгийн дарамт. Гэрээний ажилтан ч ялгаагүй. Гэртээ үйлчлэгч авчихаад, эсвэл оюутан охин хажуу өрөөндөө суулгачихаад “Чи надтай унтахгүй бол тэгнэ ингэнэ” гэдэг байдлаар, давтамжтай харьцаагаар өөртэйгээ унтахыг шаардана гэдэг бол бэлгийн дарамт. Унтаагүй байж болно, гэхдээ энэ бол бэлгийн дарамт. Үүнийг 2015 оны Эрүүгийн хуульд бичсэн байсныг 2016 онд МАН-ынхан хүчингүй болгосон. Өөрсдийнх нь өдөр тутамдаа хийдэг зан үйлтэй холбоотой байсан учраас хуулин дээрээс уншихад хэцүү байсан байж магадгүй.
 
-АТГ-ынхан ярьсан. Зам тээврийн яамны албан ташаалтан тансаг зэрэглэлийн хотхонд 655,9 сая төгрөгрөөр байр худалдаж авсан. Хууль бусаар хөрөнгөжсөн гэдэг нь тогтоогдчихоод байхад хөрөнгийг нь хурааж чадахгүй байна. Хуулийн заалт алга гэж...
 
-АТГ-ын албан хаагчид хуульч биш учраас хуулийн талаар бүрэн дүүрэн мэдлэгтэй байх албагүй. Гэхдээ хуулиа нягтлахгүйгээр сэтгэлийн хөөрлөөр хуурмаг тайлбар хийж болохгүй. Судлаад үзэхээр АТГ-ын албан хаагчид биш, шүүх хуулийг буруу хэрэглэх замаар АТГ-ынхад тийм буруу ойлголт өгсөн юм шиг байна лээ. Хуучин Эрүүгийн хуульд хөрөнгө хураах ял байсан. Тэр нь социализмын үеийн ял. Тэр хөрөнгийг гэмт хэргийн улмаас олсон байна уу, ээж аав нь өвлүүлж өгсөн байна уу хамаагүй, хөрөнгийг нь хураагаад хөрөнгөгүй болгож шийтгэдэг. Хөрөнгөтэй байх нь гэмт хэрэг гэж үзэх хэмжээний үзэл сурталжсан нийгэм байлаа шүү дээ. Энэ бол орчин үед байж болохгүй ял юмаа гэдэг байдлаар бид хассан. Харин хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг бичсэн. Гэмт хэрийн улмаас олсон хөрөнгийг заавал хураана. Хураагаад юунд зарахыг нь ч бас тодорхойлж бичсэн. Хамгийн нэгдүгээрт хохирол барагдуулна, илүү гарсныг улсад авна. Тиймээс Эрүүгийн хуулиар хөрөнгө хурааж болохгүй байна гэдэг худлаа. Үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэдэг нь хууль бусаар олсон хөрөнгө байна аа л гэсэн үг шүү дээ. Эрүүгийн хуулийн 7.5-д “Гэмт хэргийн улмаас олсон, эсвэл гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөнгийг хураана” гэчихсэн байгаа. Эрүүгийн хуульд байгаа энэ заалтыг шүүх яагаад ашиглахгүй байгаа юм. Энэ бол шүүгчдийн мэдлэгийн түвшин хууль хэрэглээнд хүрч байна уу, үгүй юу гэдэг асуудал болохоос биш хөрөнгө хураахыг болиулсан гэж хуулийг гүтгэх асуудал биш. Хуулийн байгууллага өмнө нь хүн гүтгэдэг байсан бол одоо хуулийг гүтгэдэг болж болохгүй. Тийм учраас ХЗЯ болон УИХ-аас хууль сурталчлах ажлыг эрчимжүүлэх хуулийн байгууллагын ажилтнуудын давтан болон үргэлжилсэн сургалтуудыг нэлээн сайн хийх ёстой байх. Хуулиа уншихгүйгээр том том мэдэгдэл хийж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцдог мехнаизмыг бас суулгах хэрэгтэй юм байна.
Жирийн иргэд хууль буруу ойлгоход буруутгахгүй. Тэр хүнд хуулийг уншиж ойлгох арга зүй дутагдаж байж болно. Гэтэл хуулиар хүнийг айлгаж ичээж, амьдралыг чинь шийднэ гэж сүрдүүлдэг нөхөд өөрсдөө хуулиа бүрэн дүүрэн уншихгүй байна гэдэг чинь хууль бол тэдний ажлаа хийдэг хэрэгсэл гэхээсээ илүүтэй хэрэгтэй үедээ айлгадаг зэвсэг болох гээд байна. Энэ асуудлыг дахиад нэг харах хэрэгтэй. Уг нь намайг Хууль зүйн сайд байхад ХЗЯ дээр шинэ гарч байгаа хуулиадтай холбоотой сургалт, мэдээллийн ажил хийх бүтэн хөтөлбөр байсан. Тэр одоо ямархуу байдлаар үргэлжилж байгаа би мэдэхгүй байна л даа.
 
NTV телевиз