sonin.mn
Үргэлжлэл.
-Өчигдөл тэднийхэн нэг л хачин байсан. Жанжаа арай явчихсан юм биш биз! Эсвэл бие хаа нь муудаад Дүнсгэлийг овоон дээлээ галаад ил! гэж захиад явуулав уу? гэж суут Гэндэн уяан дээрээсээ түүний зүг дурандан мориныхоо олмыг чангалах гэснээ тохом эмээлээ хойш урагш болгосхийн ая эвийг нь сэтгэлдээ тааруулан бөвтнөхөд, зэлэн дээрээ үнээ сааж шуурхайлж асан эхнэр Дэжидмаа нь нь мэдэхгүй юмгүйгээрээ 
- Цөг гэм! Дүнсгэр Дүндээ хүнд үгээ хэлэх биш. Өчигдрийн гаргасан ааш араншин цээр бодож Жанжаагаар гал голомтоо тахиулж дээж зоригийг нь овоонд өргөж яваа биз. Намын гишүүн мишүүн гэж хэнхэглэж нэг их нууц агуулсан царай гарган үгээ хурааж явсандаа санаа нь зовоод овоонд сүжирснээ мэдэгдэхгүй гэж наашаа буухгүй байгаа. Урд руугаа их огцом биз дээ? гээд муу юм бодсон нахрийнхөө санааг цайлгах санаатай Дүнсгэр Дэмидийг худлаа муулах аядав. Гэндэн мориндоо мордох гэснээ больж цулбуураа барин ахин нэг дурандангаа 
- Би тэднийхнээл бууж молдоод илэхээс. Айл саахалт байж элдэв юм болсон бол халалган юм шиг мэдээгүй сууж байвал зүдэг юм болно! гэсээр морио хөтлөн хоёр гурав алхаснаа мордоод шогшчихлоо. Хаширтаа амьд яваа мэт ийм зантай, морь нь номхон гэлтгүй олмондоо цанхалж булгих ч юм билүү гэж эмээллэсэн хойноо заавал ингэж хөтлөад зуршсан юмсанж. Дүнсгэрийнхний баруун дөрөлжөөр давсан огторго ( уул хөндлөн огтлож хэжсэн морин зам) замаар гараад иртэл Жанжаа өвгөний гэрийн өрх бүтээлгээстэйг хараад дотор нь палхийж " Тэгнээ тэр: Сэтгэл доноголзоод нэг л тогтворгүй оргиод байсан юм. Ухаантай тулхтай Монгол энэ хүнээр тасрах нь дээ. Ард нь ахмад гээд үлдэмшээ болж байгаа Баньдах, Дүндээ бид гурвын байж байгаа царай..." гэхээс үнэхэр өөрсдийгөө чамламаар. Дүнсгэрийн царай улам ч бүрхэг болж " Өлөн хир өвчний өртөө, Өлөн элэг түүний тосуул" гэгчээр өглөө гар нүүрээ угаасан байлтай ч нүд нь улайж нуухтан, нүүр нь хөрзийж бүрзиыгээд цаанаа л нэг гунигтай
- Өвгөн гэнэт явчихлаа даа...! гэж хэлэв. Дүнсгэрийн үдээстэй юм шиг ам ийм үг дуугарч түүний зан Гэндэнд халдчихсан мэт хэлэх үгээ эс олж, ажин түжин хэсэг сууснаа аягаа тавьж идээ амсах зуур
- Охин хүү хоёлт нь элтхэн хэл явуулахгүй бол...! гэвээс Дүнсгэр өнгө нь гандаж ар далан дээрээ цайсан нэлэмгэр ногоон хүрмээ тайлан
- Замдаа Яа Ламахыг залаад цаашаа төв рүү дарга нарт хэлж аймаг руу Есүйжинд сураг дуулгаатах! гээд Мөнхийг сая мордууллаа. Баянхүүгийн утас шөрмөсний дугаарыг мэдэх биш. Том л хүн яваа гэдгээс өөр гадарлах юм алга...гээд хүн шиг хэдэн үг солив. Гашуун мэдээ сонсуутаа үргэсэн юм шиг гараад явчилтай нь биш! гэж Гэндэн дэмий л гаанс тамхиа дахин гаргаж хоёр гурав ч нэрж ам нь гашуурсан бололтой тамшаалангаа хуучирч гүйцсэн гутлынхаа ээтэн хоншоор дээр хэд тоншин үнсийг нь унагав. Явах санаагаа илэрхэйлж мөнгөн цохилууртай өнгө гандмал түнхэрцгээ ар бүсэндээ их л гавшхай хавчуулан "Ажил явдалд туслуулах юм байвал хэлээсэй" гэсэн шиг бас жаахан суулаа. Дүнсгэр хумсан дээрээ хамрын тамхи овоолж тунг нь амьсгалаараа тааруулан хоёр гурав хий татангаа найтаах ч үгүй
- Ойрдоо хүйт тачигнаж аягүй бол нүд чихгүй цасаар шуурна шүү! Хайрханы орой битүү сүнгэнэж дүнгэнээд ...гэж хэлэхдээ өчигдөрхөн Мөнхөд талийгаач тэгж хэлж байсныг ярих гэснээ больчихлоо. Дүнсгэр юу мэдэж ингэж хэлснийг Суут гайхан
- Манайхны хавь малын амны цасгүй боллоо. Хайрханы ууган цас энэ жил нэлдээ биш, хүрэмлэж орсон. Сая нядалсан хонины гүзээ хав хар байна. Цас орохгүй, орсон ч шуурна. Санаагаар болдогсон бол энэ тэнгэр Алтай богийн хар туруу цас хайрлачихвал шар тос л болмоор. Ингэж ингэж харын зуд нүүрлэх вий дээ. Сарын шинэдээр аавын овоог тахьюу гэж байтал энд ийм юм болчихож, сүнсийг нь төөрүүлчих байх, дөчин ес хоногийг нь өнгөрөөхөөс...! гэх утгатай Гэндэнгийн яриаг Дүнсгэр дуулаагүй мэт дүмбийж сууснаа Суут өндийсөн тул даган бослоо. Уяан дээр очсон хойно нь Дүнсгэр
- Гэндээн, юу ч гэсэн Яраглаа Ламах зүг чиг өдөр судрыг нь үзэж тэг ингэ гэнэ биз! гэв. Хэлгий мориндоо мордон жолоогоо эргүүлэх зуураа
- Тэгэлгүй яахав ээ. Холынхон нь л хулдхан илээсэй билээ...гэсээр морио давиран яваад өглөө. Дүнсгэр хамаг л жаргал зовлонгоо аминчлан нуршиж, яах ийх тухайгаа баахан зөвшмөөр санагдсан ч Суут хий үнэд орж баахан мэдэмхэйрээд авч ч болохгүй хаяж ч болохгүй юм болж мэднэ гэж хэрсүүрхэн амаа жимийж үлдээд, түрүүнээс хойш дотор нь эргэлдээд байгаа чухал юмныхаа учрыг олохоор гэр рүүгээ гүйн орж 
- Оюун! Энэ гэрийн буйр шиг юмыг өвгөн хэзээ засчихсан юм гэж асуулаа. Наран-Айгаас царай зүсээр хол дутахгүй санаагаар хэрдээ дэгжирхэх дуртай, тэгээд ч сумын төвд өсч гуа сайхны барааны зах зухыг үзсэн хүүхэн намбаар эхнэр нь толины өмнө бүсгүй хүний чимэг болсон урт хонгор гэзгээ самнаж сууснаа гайхан эргэж хараад
- Биднийг Хэлгийгийн хүүхдийн найр руу мордоход тэнд бөвтнөөд үлдсэн биз дээ? Сохор юм уу хаашаа юм. Цаадах чинь хэнээс дуулаад хүрээд ирэв? Сая таныг хойд овоо руу гарахад дурандаж дээ? гэх аж. 
- Донгосолгүй тэр гэрт орж зулыг нь үзээч. Зийхэн гал түлж утаа үнэртүүлсэн юмсан. Тэс хөлдчихвөл...! Энэ гэр орон шуу юмаа шүүрддэг ч болоосой, нохойн хороо гахайн жорлон биш. Ийм юман дунд бас тольдоод байгаа юмаа...гэж үглэснээ эм хүнийг оруулалтай биш гэж сийрч " Надгүйгээр бүтэж бүрэлдэх юм байх биш!" гэж үглээд өөрөө буцаад гараад явчихлаа. Өвгөний гэр гэж ёстой мөсөн хонгил болжээ. Хойморьт нь мандаасан зул бээрэгнэн дальдчиж бараг унтрах шахан дүрвэлзэн анивалзах аж. Ойр ойрхон ахиж орж ирэхээс төвөгшөөн хоногоо даадаг том гуулин цөгцөнд бэлдсэн шүмрийг ( Шүмэр- гал манах зорилгоор дээр үеийнхэн шөнө асаалттай хонуулж асан бяцхан түүдэг. Түвдээр зул. Нангиадаар дэн) давхар асаачихаад " Яраглаа дарга ирж дэргэд нь ном уншин хойтхыг нь уншина" гэж зуухны нь амыг нээн хэдэн аргал зэргэлээд шүдэнз зурлаа. Яндан нь хүнгэнэн татаж гал их л амархан ноцоход баруун орон дээр нь сандайлан сууж энэ тэрийг ажив. Хуучин бүгдээ хэн хүнгүй ад шоо үзэж байхад " Хаях зуурд биш хадгалах үүрд" хэмээн сөрж, өвгөд эмгэдийн ёсоо хуучрахгүй гэж биширч амьдарсан сүүлчийн тайж өвгөний шарил зүүн орон дээр цоо шинэ цагаан даавуугаар хулдаастай гөвийнө. Би Засагт Хан аймгийн Засагт ханы гол хошууны ноён Цэрэнгомбожавтны хадамтан удам, цагаан ястай хиан тайж угсаат хүн! гэх омгорхол нь ертөнцийн жамд дарагдасныг энэ цэв хүйтэн орон, энэ үхэл гэрчлэх. Социализмын үед хоцрогдсон феодлын үлдэгдэл, шарын шашин шүтэгсдэд " номгүй мунхаг" гэж доромжлогдсон энэ эгэл хүнийг шинэ цаг ихэмсэглэн тэс хөлдүү бие болгон санаа амарсан мэт. Тэд Монголоо шинэчлэе гэхдээ өвгөдийн ухаан эрдмийг уламжлахгүй өрнөдийн түүх англи хэлийг чухалчилна, ирээдүй өнөөдрөөс эхлэнэ гээд байгаа... Уг нь ТӨРСӨН БИЕ НЬ УЛАМЖЛАЛ, ТӨӨРӨГ ЗАЯА НЬ ШИНЭЧЛЭЛ юмсан. Хоймрын нь хоёр бор авдар хоёулаа манжийн үеийн арслангийн зурагтай дэл зогдор сүүлний нь туг бүгд галын хээтэй, түүнийг мэдээ ороход байсан янзандаа ажгуу. " Манжийн арслан хүч бөөрөнхий орчлонд байхгүй болсон ч Монголчууд бидний бэлгэдэл соёлд нүүрний мэнгэ шиг тод үлдсэн байгаа юм. Хариунд нь луун шүтлэгээ Нанхиадын наадам тоглоом болгон алдсан" гэдэг сэн... Дүнсгэр босч нүдэнд туссан ундуй сундуй зүйлийг цэгцлэн эргэнэг дээрх тогоо шанагыг нь эмхлэх аядан хумиад гарлаа. Гэрийн нь тооноор утаа эгц олгойдож харагдана. Өвгөн хүн үг ихтэй ч үйлийн нэмэртэй. Өндөр уулс нөөлгө ихтэй ч дулаан нөмөртэй гэдэг үг өөрийн эрхгүй санагдана. Эртэд нэг орой Оюун гэрт нь хоол цай оружлж өгөн, хүртэж өндөрлөхийг нь хүлээн хамт жаахан суухад
- Ноднин намар манайхан адуугаа алдан сураг тасраад байтал дээд арын нэг хархүү хярын оройгоос тууж авчирч өгсөнө өө дөө? Тэгэхэд миний сүнс хулжсан байхаа. Тэр хархүүг дагаад явчихмаар санагдаж бодол санаа нялхраад баруун хойт хөтлөөр давахыг нь хараад жаахан хүүхэд шиг араас нт нулимс цийлэгнэж гүйчихмээр санагдаад байсан. Энэ хэдэн айл адуугаа хөөлгөөд явгарлаа гэж айгаагүй, ажигч гярхай тусархаг төвшин удмаа алдаагүйд нь тэр хархүүд баярласандаа л тэр байх даа... Би удахгүй, энэ өвлөөс хэтрэхгүй дэг ээ..! Ашгүй Монголоо алдаагүй айлд эргэж төрөх юм шиг совин татаад...гээд гиюүрч суусан гэсэн. Яг л байна даа. Жаргалсайхан гэдэг тэр залуу адуу олж авчирч өгснөөс хойш " Монгол хүн энэ л дээ" гэж хэд дурссан. Хөгшин хүн үхэхээрээ хүүхэд уйлахаараа айлгадаг гэж бодоод л өнгөрсөн...
 
Үргэлжлэл бий.
 
ТҮҮХЧ, ГҮН УХААНЧ, ЗОХИОЛЧ БЭСҮД.Н.НАГААНБУУ агсаны "АЛТАЙН ТЭНГЭР" романаас