sonin.mn
Эх орныхоо баруун хязгаарт
Эхний амьсгалаа авлаа
Эх орныхоо зүүн хязгаарт
Эцсийн амьсгалаа өглөө /Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа. “Экейн булшны бичээс” шүлгээс/
ДОРНО ЗҮГЭЭС ИРСЭН МЭДЭЭ
1935.11.29-ний шөнө: Япон, Манжийн цэрэг Булан дэрсний харуулаар дайрч, хориод хилчдийг хөнөөв.
1935.12.18-ны өдөр: Тэд Улаан худгийн харуулыг довтлов.
1935.12.19-ний өдөр: Дайсны 300 цэрэг Булан дэрсний харуулын 15 хилчний заримыг нь шархдуулж, заримыг нь хөнөөжээ. Тэд 16 цэргийг олзлон авч одов.
1935.12.24- ний өдөр: Булан дэрсний харуулд дахин халдав.
1936.01.22-ны шөнө: Монгол загас, Хар нуурын харуулууд руу довтлов.
1936.01.28-ны шөнө: Цагаан ухаагаар дайсан дахин халдлаа.
1936.02..12-ны өдөр: 25 машин бүхий 500 гаруй цэргээр Булан дэрсний харуулаар довтлов.
1936.03.09-ний өдөр: Дайсны 100 гаруй морьт цэрэг Баянхоолойн харуулыг довтлов.
1936.03.15-ны өдөр: Баянхоолойн харуулыг дахин довтлов.
1936.03.25-ны өдөр: Монгол загасны харуулыг дайрч, хилийн дотор Халхын сүм, Улаантолгой, Булан дэрсэнд дайсан хилийн харуул байрлуулжээ.
1963.03.29ний өдөр: Адаг дулааны чиглэлээр дайсан цэргийн хүчээр дайрлаа.
1939.02-03-р сар: Монгол улсын хилд Япон, Манжийн цэрэг 30-аад удаа халдлаа.
1939.04.12ны өдөр: Бойтогт манханаар 400 моры цэрэг, 12 машин цэрэг дайран ирэв.
1939.05.11-ний өдөр: Японы арми БНМАУ-д гэнэт довтолж, Халхын голын дайн эхлэв.
ДЭЭД ГАЗРААС ӨГСӨН ҮҮРЭГ
1939.07.03-ны өглөөнөөс бүтэн гурав хоног үргэлжилсэн Баянцагааны нуруунд болсон алдарт тулалдаанд Экей эр зоригоороо шалгаран тодорч “Догшин бүргэд” хэмээн алдаршив. Хожим энэ тухай VI дивизийн штабын дарга, ахмад М.Цэдэндаш /сүүлд хурандаа болсон/ “Догшин бүргэд Экей” хэмээх дуулиант дурсамжаа 1969 оны “Үнэн” сонины 151 дугаарт нийтлүүлж байжээ. Тэрбээр сумангийн орос сургагч Иванов, тасгийн дарга Далай, холбоочин Лхасүрэн нарын хамт дайны талбараас чухал мэдээлэлтэй Япон офицерыг олзлон ангидаа хүргэж байсан удаатай. Экейн суман МАХЦ-ийн VI, VIII морьт дивизийн бүрэлдэхүүнд багтаж, Зөвлөлтийн цэрэгтэй хүч хавсран 1939 оны долдугаар сард Халхын голын зүүн эрэгт дайсантай хэд хэдэн ширүүн тулалдаан хийв. Дайснууд 13-ны өдрийг хүртэл VIII морьт дивиз руу хэд хэдэн удаа гэнэдүүлэн дайрсан ч сөрөг довтолгоонд цохиулан Нуурын овооноос хөөгдөн ухарчээ. Л.Дандарын захирсан VI морьт дивиз 24-ний өдөр Хорго өндөрлөг, Гөлөгт манханд дайсан ямар хүч хуралдуулаад буйг байлдан тагнах үүргийг дээд газраас авлаа. Тэр үед Дандарын дивиз 4000 орчим морьт цэргээс бүрдэж байсан гэдэг.
 
ГӨЛӨГТ МАНХАНЫ ТУЛАЛДААН
 
Гөлөгт манхан хэмээх газар нь Халхын голын зүүн эрэгт орших тэрүүхэндээ бургасан төгөл, булаг шандтай талын жижигхэн толгой билээ. Япончууд гурван цагийн турш их бууны галаар сэвтээ чөлөөгүй нүдэж, агаараар дайрч үзсэн боловч урагш гишгэлгүй арга буюу хориглолтод шилжив. Агаарт дохионы улаан пуужин хөөрлөө...
...Сүрлэг уухай тэнгэрт хадаж, монгол цэргийн давшилт эхэллээ. Экейн удирдсан цохилтын суман хамгийн түрүүнд уулгалан ороход сандарч балмагдсан Япончууд эмх замбараагаа алдаж, хаа сайгүй хий буу тавих авай. Хэсэг тулалдсаны дараа дайснууд сэхээ авч манайхны зүг ширүүн гал нээлээ. Японы 12 онгоц агаараас бөмбөгдсөний эцэст их бууны сум, гар бөмбөг энд тэндгүй дэлбэ үсэрч, пулемётын тачигнаа, эрсийн эх захгүй мэт орилоо... Эзэнгүй морьд гөлмөө дэрвүүлэн давхилдаж, манаран пургих галт утаа, тоос шороот манхан хүний хүүрээр хучигдах авай. Амь дүйсэн эгшинд Экей цэргүүддээ хандаж "Байлдагчид аа! Ганц алхам ч ухарч болохгүй. Дайсныг хайр найргүй цохь. Урагшаа’’ хэмээн тэнхээ мэдэн орилно. Тэд дайсны хориглолтын овоолго дээр дүүлэн очиж гардан тулаанд орлоо. Энд тэндгүй цус нөж цацагдан, орилж ёолон амь тавих дуунд зүрх зүсэгдэнэ.
Цэргүүд дайсны бэхлэлтийн эхний шугамыг сэтлэн, хоёрдугаар шугамыг эвдэж эхэллээ. Шахагдсан Япончууд галаа улам нягтруулж, галзуурсан мэт эсэргүүцэл үзүүлсээр. Дайсны их бууны гал түр амсхийхүй Экей ‘‘Байлдагчид аа, дайсанд үхэл. Урагшаа!” хэмээн хашгираад дайрлаа. Тэдний урагшлах замд хөндөлссөн дайсан бүхэн хүүр болсоор. Суман даргаасаа үлгэрлэх эрсийн дайралтыг юу ч тогтоох аргагүй болсон байлаа. Дайсны гинжин нуувчууд эзлэгдлээ. Гэнэт японы алсын тусгалт их буунууд тулалдааны талбар луу гал нээлээ. Дэлбэрэлтэд хүний, өөрийн гэлтгүй бүгд өртөв. Хориглолтоо сэтлүүлж хорсож бачуурсан Япончууд улаан цагаандаа гарсан нь энэ. Ирт мэсүүд гялалзан зөрж, манхны цайвар элс улаан зос болж хувирав. 1939.07.24-ний өдрийн Гөлөгт манханы тулалдаан нь үнэндээ 20 гаруй хоногийн дараахан эхэлсэн ерөнхий давшилтын замыг засаж өгсөн билээ.
 
“ДОГШИН БҮРГЭД” ТЭНГЭРИЙН ЗАЙД ХАЛИВ 
 
Сумангийн дайчид Япончуудыг хайр найргүй тасар цавчина. Экей ч нуувчинд хүрч хэд хэдэн самурайг тонилгов. Сэлэмнийхээ цусыг дайсны хүүрэнд шувтран арчиж, дахин хэдийг өрлөж алав. Түүний ган сэлэмний үзүүрт олон дайсан өртөж үгүй болов. Их бууны сум ч юм уу, онгоцны бөмбөг Экейн дэргэд дэлбэрч, хүлэглэж явсан хээр морь нь годройтон унаж, толгой нь салжээ. Эзнийх нь баруун гар маршалын дурсгалт сэлмээ бат атгасан хэвээр тасарч, цэрэг цамцных нь ханцуйд санжигнана. Ширэмний хэлтэрхий хэвлийд нь зоогдож, цус ихээр алдаж эхлэв. Дарийн утаа, цусанд зуурагдсан шороон дундаас өндийж ирсэн казак эр хөмхий зуун, зүүн гараараа гар буугаа сугалж, даруй хэдэн дайсныг тулгаж буудан тонилгов. Улаан зураа татуулан урагшлах Экей дээр тасгийн дарга Далай, жолооч Гарамханд, холбооны сувилагч Чойжил нар очиход “Би яахав, дайсныг эцэслэн цохь. Энэ бол миний биш эх орны тушаал” гэжээ. Тэд шархыг боож, цусыг нь тогтоох аядав. Экей өвдөлтийг үл тоон улангасч, зүүн гараараа гар буугаа сугалан хэд хэдэн самурайг цааш харуултал сум дуусаж, өрөөсөн гараар буугаа цэнэглэх боломжгүй учир гар буугаа байлдагч Рэнцэнд сарвайж “Май, үүнийг аваад эр хүн шиг тулалд" хэмээн хэлэх чөлөөнд нуувчнаас хоёр самурай гарч ирэн өөдөөс нь орилон дайрав. Экей дэргэдээ хэвтэх япон винтовын хутган жадыг сугалан авч, зүүн гараараа нэгийг нь эгшин зуур сүлбэтэл нөгөөх нь гэдсийг нь сэлмээр хүүлж орхив. Дахин далайх чөлөөнд нь хутган жад самуурайн цээжинд нь ишиндээ тултал орлоо. Экей жадаа ч сугалж амжилгүй эх нутгийнхаа газар шороог өвдөглөн бохирлоо. Цаахан нь амь тавьж байсан Япон офицер гар буугаар түүний цээжинд хоёронтоо буудсан нь тэр юмсанж.
 
ГАРАМГАЙ БААТРЫН ЗӨРҮҮТЭЙ ХҮҮРНЭЛ
 
Эрэлхэг дайчныхаа үхлийг үзсэн Дандарын хилэн галзуурсан барс мэт болж ухасхийтэл гурван Япон цэрэг хөндөлдөн хэрэв. Гарамгай баатрын шадар дайчид тэднийг тасар цавчиж орхив, Тэд өмнөө хөндөлссөн бүхнийг цавчин хяргасаар Экей дээр хүрч очиход хэдийнэ цусаа юүлчихсэн байлаа. Эрэлхэг дайчин, уул Алтайн “Догшин бүргэд” Экейн цогцсыг дайчин эрс нь Гөлөгт манханаас морин тэргэнд ачиж, Халхын голыг гатлан, Баянцагааны нурууны баруун хойд зугт, Их бурхантын хормойд хүндэтгэлтэйгээр нутаглуулж, хээрийн буудлага үйлдэн уй гашуугаа тайлцгаажээ. Гарамгай баатар Л.Дандар гуай “Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчдын дуртгал” номд болсон явдлыг арай өөрөөр ярьж бичүүлсэн байдаг. 1981 онд Намын Төв Хорооны Үзэл суртлын хэлтсийн хатуу хяналт дор хэвлэгдсэн тэр номд “коммунистууд” магадгүй түүнд “шинэ” түүх зохиож ярихыг тулгасан байж болох талтай. Хожим нь Л.Дандар баатар халамцуухан үедээ Төрийн шагналт зохиолч С.Дашдооровт нэг удаа “Миний баатар гэж юу байхав. Халхын голын байлдаанд тодорсон жинхэнэ баатар гэвэл Экей. Түүн шиг дайчныг би дайны туршид олж хараагүй. Тэр гараа таслуулж, гэдсээ яруулчихсан атлаа сүүлчийн дусал цусаа дуустал сумангаа удирдан тулалдсаар л байсан” хэмээн ярьсан байдаг.
 
ЭЭДРЭЭТ БАГА НАС
 
Монгол дахь казак үндэстнээс төрсөн цорын ганц баатар Мазимын Экей гэгч чухам хэн бэ? Тэрбээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг “Бага солом” хэмээх газар 1911 оны цагаагчин гахай жил малчин ард Мазимын гэрт айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ. БХ-ын архивт буй эх сурвалжид тэмдэглэснээр Булган суманд төрсөн гэдэг. Юутай ч төрсөн ах нь энэ суманд олон жил аж төрсний эцэст бие баржээ. Бяцхан Экей найман нас хүртлээ авга ах Отгийн занги Халцгаагийнд, 10 нас хүртлээ Түгелбай баяныд зарцлагдан, мал сүрэг адгуулна. Хүү дутуу гуцуу амьдралд торвижин бага насаа үдсэн байна. 1925 онд ЗХУ-аас мал эмнэлгийн хэсэг мэргэжилтнүүд ирж, Монголын ХАА-н эрчимт хөгжлийг эхлүүлж, орон нутагт Мал эмнэлэг, Ноос угаах үйлдвэрүүд байгуулагдав. Баян-Өлгийд ч ажил өрнөж, залуус орос мэргэжилтнүүдийн удирдлага дор дадлагажих үед Экей ч мөн тэдний нэг сурагч байв. Залуу хөвгүүн Ноос угаах үйлдвэр, Мал эмнэлгийн газар хоёр жил орчим ажиллаад, 17 настайдаа Толбо сумын бага сургуульд элсэж, бичиг үсэгт суралцжээ. Эрдэмд боловсорсон тэрбээр 1930 онд тэнхимээ амжилттай дүүргэн, сумын бага сургуульд багшаар ажиллахын зэрэгцээ хоршооны галч хийж байлаа. 1931 оноос улс орны дотоод нөхцөл байдал бишдэж, ангийн тэмцэл хурццав. Экей 20 нас хүрч, цэрэгт орохыг хүссэн ч талаар болов. Гэвч уйгагүй хөөцөлдсөний эцэст Хужирбулангийн цэргийн хүрээнд алба хаахаар болов. Ийн тэрбээр Монгол дахь казак үндэстнээс цэрэгт татагдсан анхны цэргийн нэг болсон түүхтэй.
 
ӨРЛӨГ ЖАНЖНААС СЭЛЭМ ГАРДСАН ДАЙЧИН
 
М.Экей 1931 онд Сүхбаатарын нэрэмжит Цэргийн сургуульд дэвшин суралцлаа. 1932 онд дэгдсэн Архангайн Тариатын хүрээний лам нарын бослого, Ховдын Булган сумын хил орчмоор дэгдсэн үймээнийг дарж, байдлыг төвшитгөхөөр цэргийн хэрэгт боловсорсон шилдэг залуусыг илгээсний дотор Экей багтжээ. Дайсныг даран сөнөөхөд гавьяа байгуулсны учир хоёр ч алдрын медаль энгэрт нь гялалзаж, түүнийг Бүх цэргийн жанжин Дэмид ган сэлмээр хөхиүлэн шагнажээ. 1934 онд Цэргийн сургуулиа дүүргэсэн Экей Улаанхуаран дахь I морьт дивизийн II хороонд салаан даргаар томилогдов. Цэргийн шилдэг залуу дарга Экей 1934-1939 оны хооронд Улиастайн морьг дивизэд сургагчаар ажиллаж, олон арван аавын хүүдийг цэргийн эрдэмд боловсруулжээ. Ажлын чөлөөгөөр Архангай аймгийн Эрдэнмандал сумын уугуул, өөрөөсөө гурван насаар эгч С.Должин бүсгүйтэй танилцаж, ханилан суусан байна. 1936 оноос япончууд манай улсын зүүн хязгаараар удаа дараа хил зөрчин өдөөн хатгаж эхлэв. Нөхцөл байдлаас үүдэн МАХЦ-ийн ангиуд байлдааны бэлтгэлээ эрчимжүүлж эхэлсэн үе. Тухайн үед Улаанхуарангийн морьт дивиз нь дайн болбол эн түрүүн сум галт хэрэгсэл, зэвсэг техник, цэрэг дайчдыг илгээх, хүч сэлбэх үүрэгтэй нөөцийн хүчин байлаа. Экей гэрийн бараа харах нь цөөрч, цэргийн хүрээн дээрээ хонож өнжин цэрэг дайчдаа бэлтгэнэ. Хааяа гэртээ унтаж байгаад шөнө хагаслан босож, анги руугаа одно. Ханьдаа ам нээхдээ “Бид дайн болж байгаа газар тийш явж магадгүй” гэнэ.
 
УТАА МАНАРАХ ДОРНО ЗҮГТ
 
Дорнод хил хязгаарын байдал улам түгшүүртэй болсонтой уялдан казак залуу 1939 оны тавдугаар фронтод сайн дураар явах өргөдлөө Цэргийн явдлын яаманд өгчээ. 1938 оны сүүлчээр хариуцсан салаагаа жанжны шалгалтаар онц дүнтэй шалгуулсан түүний хүсэлтийг ёсоор болгосон юм. Хаврын нэгэн өдөр Экей гэртээ цайлж сууснаа “Би фронтод явах саналаа өглөө. Одоохондоо яв ч гэсэн хүн алга л даа. Ингэсээр дайн дуусчих ч юм билүү дээ” гээд инээмсэглэв. Бүтэн сайны үүрээр Экей ажилдаа яваад төдөлгүй эргэж ирэхдээ “Бид хөдлөх боллоо. Олон цөөн хоногоор ч гэсэн нэг тийш явах юм шиг байна. Чи минь сайн амарч, биеэ бодож байгаарай. Удахгүй би ирнэ” гээд хамтдаа цайлав. Мань хүн гарч явсныхаа дараа удалгүй ' гүйн орж ирэв. Должин яав ийв гэтэл сэлмээ мартсан байжээ.
Дэслэгч Мазимын Экей 1939 оны зургаадугаар сарын эхээр Тамсагбулагийн VI морьт дивизийн II хорооны “Сэлэмт салааны дарга”-аар томилогдон дэслэгч цолоор шагнуулснаар алдрын түүхэн хуудсаа бичиж эхэлсэн байна.
 
М.ЭКЕЙ БААТРЫН ТУХАЙ ТЭДНИЙ ЯРИА 
 
Гарамгай баатар Л.Дандар өгүүлрүүн: Сумангийн дайчид Экейг “Манай догшин бүргэд” хэмээн эр зоригийг нь бахдана. Баянцагааны нуруунд болсон хатуу ширүүн тулалдаанд тэр Монгол, Зөвлөлтийн дайчдад ямархан дайчин болохоо яруу тод таниулж өгсөн байдаг. Тийм ч учраас хэн хүнгүй Экейг эрхгүй хүндлэх болжээ. Олон удаагийн цуст тулалдаанд мөр зэрэгцэн тулж явсан цэргүүд нь түүнтэй хэдийгээр нас чацуу ч эцэг шигээ, ах шигээ хайрлана. Дайчид хоорондоо “Манай дарга арваад самурайн дунд ганцаараа сэнс шиг эргээд бүгдийг нь хэвтүүлчихсэн” гэхэд бас нэг цэрэг тосон авч “Тэр юу ч биш ээ. Экей дэслэгч Япончуудыг бургас шиг цавчаад, сэлмийнхээ ирийг мохохоор торгон үзүүрээр нь сүлбэж, дээш нь ольж хаяхыг би нүдээрээ үзсэн” гэнэ. Тэдний яриа Мазимын Экей ямархан баатар эр байсныг нь бэлхнээ гэрчлэх мэт.
Гэргий С.Должин өгүүлрүүн: Түүнтэй би Улаанхуаранд цэргийн дарга байхад нь, Норжинсүрэнтэй цуг тэднийхээр орж гарч явсаар танилцсан. Өндөр нуруутай, өргөн хар хөмсөгтэй, баахан алиадуу, нөхөрсөг төрх нь надад таалагдсан юм. Экейтэй ханилж дөрөв таван жил амьдрахдаа нэг ч удаа ам муруйж байсангүй. Тэр минь элдэв зугаатай юм ярьж цэнгэлтэй байдаг сан. Маш их хөдөлмөрч, ажилд махруу хүн байсан. Салааныхаа цэргүүддээ их сэтгэл гаргана. Гутал хувцас нь элэгдэж хуучирлаа гэх ч юм уу, аль эсвэл энэ жил ирсэн тэр гэдэг цэрэг гэрээ санаад байна, яадаг билээ гэж ярина.
Д.Нацагдоржийн шагналт зохиолч А.Шартолгой өгүүлрүүн: Би Гөлөгт манханд байлдаж явсан ахмад дайчинтай уулзсан. Тэр “Дайсны их бууны сум манайханд маш их гарз авчирсан. Өндийх, өндийхгүй байх аль нь ч ялгаагүй. Гачлантай нь их буунууд хаанаас буудаад байгаа нь тодорхойгүй. Далдаас нисэн ирэх сумнууд Монгол, Зөвлөлтийн цэргийг сэхээ авахуулахгүй байсан. Жаахан л удах юм бол бүгд үхэх аюул тулгараад байлаа. Тэр эгзэгтэй эгшинд Л.Дандарын хорооноос 4-р суман аминд орсон. Экейн суман дайсны галын байршлыг тогтоох “торгуулийн суман” болж хувирсан байлаа. Түүний морьт цэргүүд дайсны сум ирэх зүгт уулгалан довтолж. их бууны бай болсон. Улаан зам дээр нь сум дэлбэрч, Экей морьтойгоо агаарт шидэгдэж, хээр морины толгой нь тасарчихсан байсан гээд бод доо. Цэргүүд нь айж балмагдахад Экей “Дайраад, дайраад” гэж хашгираад ганцаараа сөхөрч суугаад үлдсэн. Даргынхаа ард явсан цэрэг мориноосоо үсрэн буугаад очтол Экей халуун ширмэнд хүү татуулсан шороотой гэдсээ буцаагаад чихэж байсныг нь харахад үнэхээр нүд халтирам байсан” хэмээн ярьсан юм.
Найруулагч, бэлтгэл хошууч С.Болд өгүүлрүүн: Тээр жил Төрийн шагналт зохиолч Э.Оюун хэсэг цэргийнхэнтэй Халхын голд очиход Дандар баатар баларшиж бүдгэрсэн нуувчны элс, шороог атган Экей, Олзвой хоёрыг дуудан цурхиртал уйлсан байдаг. Тэр хоёр нь Гарамгай баатрын торгон цэргүүд байсан байх л даа. Дандар баатар надад “Ялалт ямар их үнэ цэнээр олдсоныг л мэдэж яваарай. Экей маань дайсны өмнөөс давшиж байгаад гэдсээ хүү татуулчихсан юм шүү дээ” гэж хэлээд бас л уйлж байсан.
ДМТЗАкадемийн тэргүүн, доктор Д.Одгэрэл өгүүлрүүн: Япончуудын өдөөн хатгалга идэвхжиж, барга манжийн тагнуул, алуурчдыг Монгол руу илгээж байлаа. Хамгийн алдартай нь “Есөн хуруут” хэмээн алдаршсан нэг нөхөр байсан байгаа юм. Нөгөө Чогдон баатрын цэргүүдийг унтаж байхад нь хоолойг нь хэрччихдэг эр. Тэр алуурч харуулын цэргийг устгаад, унтаж байсан цэргүүдийн захаас нэгнийх нь хоолойг хэрчээд, өөрөө химийн баг өмсөөд хэсэг хэвтдэг байж. Цусны үнэрт цэргүүд улам бөх нойрсоно. Тэгээд л ажлаа тухтай тайван хийдэг байсан гэдэг. Сүүлд нь зүсээ хувилгаж яваад Баянтүмэнгийн зах дээрээс баригдсан юм билээ. Тийм л ээдрээтэй үед морьт сумангийн шилдэг захирагчууд тодорсны нэг нь Экей. Анх түр цэрэгт дайчлагдсан мань хүн “Сэлмэн хорооны салаан дарга" гэдгээрээ их алдаршсан. Экей шиг гэрэл зураг нь үлдээгүй олон хүн бий. Тэдний дүрийг мөнхлөх зорилгоор социализмын үед баталист /дайн байлдааны сэдэвт зураг/ зураачдаар хөрөг зургийг нь зуруулж үлдээсэн байдаг. Манайд энэ чиглэлээр УГЗ Л.Дамба, Б.Равсал, Д.Дэлэгням, Ч.Батмөнх зэрэг хуруу дарам хэдхэн хүн бий.
Доктор, хурандаа С.Ганболд өгүүлрүүн: 1930-аад онд казакуудыг цэрэгт татдаггүй байсан. Өөр хэл соёлтой, монгол хэл мэддэггүй, хүн бүл цөөн үндэстэн гэдэг ч юм уу, янз янзын шалтгаан байсан байх. Харин Экейн хувьд яаж яваад цэрэгт орчихсоныг хэлж мэдэхгүй юм. Манай Ерөнхий сургуульд гурван жил сурч төгссөн хүн. Баатрыг нутаглуулсан газарт нь анх дүнзэн бүдүүн гуалин зоочихсон байсан. Хожим Халхын голын байлдааны ялалтын 40 жилийн ойгоор Баян-Өлгий аймгийн удирдлагад санал тавьж, Экей баатрын дурсгалын гэрэлт хөшөөг босгуулсан юм аа.
 
МОНГОЛ ЭР ЗОРИГ ҮНЭЛЭГДСЭН НЬ
 
XVII морьт хорооны 4-р сумангийн дарга, дэслэгч М.Экей цэргүүдээ манлайлан дайсны их бууны галыг монгол морьдын галтай туураар сөрж, аймшиггүйгээр дайрсан нь эр зоригийн үлгэр жишээ болсон хэрэг. Яг л Самбуу дүвчингийн цэрэг Архангайд хуягт тэрэгний өөдөөс гэрийн унинд хутга бэхлэн дайрдаг шиг Экейн суман их бууны галын өөдөөс морьдоор ааглан сэлэм эргүүлж довтолсон байдаг. Монгол зориг гэж үүнийг л хэлдэг биз. Экей баатарлагаар амь үрэгдсэн мэдээг сонссон Должин итгэхгүй байжээ. Дайны дараа Говь-Алтайн Хөхморьт сумын Дорж гэдэг морин жолооч нь ирж, эр нөхрийг нь хэрхэн амь үрэгдсэн тухай бүсгүйд дуулгахад хөөрхий ихэд гашуудан, гэр орноо тэр хэвээр нь орхиод төрхөмдөө буцан, нутагтаа хэсэг мал маллан амьдарч байжээ. Хэдэн жилийн дараа хотод эргэн ирж, ТЗ-ын Соёлын ордонд оёдолчноор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан байдаг. Харин хэдэн хүүхэд төрүүлж өсгөсөн тухай тодорхой мэдээ олдсонгүй. Юутай ч БНМАУ-ын Бага хурлын 1939.09.07-ны өдрийн тогтоолоор Тамсагбулагийн VI морьт дивизийн XVII хорооны 4-р сумангийн дарга, дэслэгч Мазимын Экейн гавьяаг үнэлж Цэргийн гавьяаны Улаан тугийн одон, Халхын голын дайны ялалтын 30 жилийн ойгоор Байлдааны гавьяаны Улаан тугийн одонгоор нэхэн шагнажээ. Гарамгай баатар Л.Дандарын зөвлөснөөр Баян-Өлгий аймгийн намын хороо, АДХГ Захиргаа Экейн тодорхойлолтыг 1979.07.06-нд баталсан тогтоол гарган дээш илгээв. Ийн Халхын голын ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан АИХ-ын Тэргүүлэгчдийн 1979.08.19-ний өдрийн тогтоолоор “Улсын баатар” цол нэхэн олгосон билээ.
 
ДҮРСЛЭХ УРЛАГТ ҮЛДСЭН ДҮР 
 
МХЗЭ-ийн ТХ-ноос гаргасан “БНМАУ-ын баатрууд” хэмээх жижигхэн номд түүний тухай дурсах төдий зүйл орсон байдаг. Батлан хамгаалахын төв архивт хадгалагдаж буй Мазимын Экейн тухай баримт сэлт тун чиг хангалтгүй. Халхын голын дайнд Тамсагбулагийн VI морьт дивизийн XVII дугаар морьт хорооны 4-р суманг даргалж Япончуудтай нэгийгээ үзэж, тэртээ дорно зүгт үүрд үлдсэн баатар эрийн жинхэнэ дүр гэрэл зургийн хальсан дээр ч үлдсэнгүй. Түүнтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан дайчин эрсийн дурсамжаас улбаалан Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран зураач Д.Дэлэгням 1979 оны зун Экей баатрын хар зургийг таталж үлдээсэн нь гэрэлт хөшөөн дээр барлагдан түүхэн хөрөг болон мөнхөрчээ.
 
 
Монгол Улсын Баатар Мазимын Экейн цорын ганц ам зураг
 
Авгаржин Жа.Баяраа
Эх сурвалж: "Соёмбо сонин"