sonin.mn
Сургалт бэлтгэл, бэлэн байдал, спорт, уралдаан тэмцээн, урлаг соёл гээд олон талаараа тэргүүн эгнээнд Зэвсэгт хүчний 330 дугаар анги сүүлийн жилүүдэд аймагтаа иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх талд анхаарч арвин ажил хийх болжээ. Тус анги байгуулагдаад 12 дахь жилдээ золгож байгаа бөгөөд энэ хугацаанд аймгийн хөгжил, дэвшилтэд оруулсан тэдний хувь нэмэр маш их юм. Цэргийн алба хаагчдаа үндсэн сургалт, бэлтгэлд нь хамруулахаас гадна орон нутгийн төрийн болон бусад тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах бодлогыг ангийн удирдлагаас дэмжиж ажилладаг гэнэ. Ангийн захирагч, хурандаа Б.Баатар “ЗХЖШ-ын I орлогч даргын тушаалын дагуу Дархан цэргийн хүрээ 2017 онд байгуулагдаж, даргаар нь томилогдсон. Тиймээс Дархан-Уул аймгийн Төрийн цэргийн болон ҮАБХТЧҮББ-ын дундах хамтын ажиллагаа, уялдаа холбоог нэмэгдүүлэх талд анхаарч ажиллаж байна” гэв.
Монгол Улсын Батлан хамгаалах тогтолцооны үндэс нь Төр, захиргааны байгууллагууд, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт юм. Тиймээс шинээр батлагдаж байгаа энэ талын хууль тогтоомжуудыг хөрсөнд буулгахад тус ангийн зүгээс ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа нь харагдаж байлаа.
Тухайлбал, Дархан-Уул аймгийн удирдлага, Төрийн болон бусад тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдыг цэргийн хэргийн анхан шатны сургалт бэлтгэлээр хангахад тус анги гол үүрэг гүйцэтгэж байна. Тэд ч эргээд ангийн бие бүрэлдэхүүнийг хууль, эрх зүй болоод бусад сургалт мэдээ, мэдээллүүдээр ханган ажилладаг ажээ. Энэ ажлын хүрээнд тус анги Дархан хотод гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад орон нутгийн цагдаагийн албатай хамтран үүрэг гүйцэтгэжээ. Энэ тухай ангийн ажиллагааны офицер, хошууч Г.Ганбаатараас тодруулахад; -Ангийн захирагч Дархан-Уул аймгийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”-ийн гишүүн. Иймд манай хамт олон аймгийн Цагдаагийн алба, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бие бүрэлдэхүүнтэй хамтран орон нутагтаа “Эргүүл-хяналт, шалгалт” зохион байгуулсан. Арга хэмжээнд ангийн 160 гаруй цэргийн алба хаагч оролцож, хагас сарын хугацаанд өдөр бүр 18:00-02:00 цаг хүртэл эргүүл, хяналтын үүрэг гүйцэтгэлээ. Энэ бол нийгмийн хариуцлагаа ухамсарлаж орон нутгийнхаа хөгжилд оруулж буй бидний хувь нэмэр юм. Аянд удирдах албан тушаалын ахпагч нарыг түлхүү хамруулснаар доод салбар, нэгжүүдэд байгаа цэргийн алба хаагчидтайгаа туршлага, сургамжаа хуваалцаж, согтууруулах ундааны хор хөнөөлийг ойлгуулах ач холбогдолтой юм. Эргүүл, хяналтын үүргийг гүйцэтгэхэд хүндрэлтэй байсан хэд хэдэн зүйл бий. Хэдий нийгмийн хариуцлагаа ухамсарлан тэрхүү ажлыг хийж байгаа ч гэсэн бидний хуулиар хүлээсэн үүрэг цагдаагийн алба хаагчдаас өөр. Тиймээс зарим иргэд бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй байсан. Тухайн иргэнд гэмт хэрэг, осол зөрчил гарахаас нь урьдчилан сэргийлж шаардлага тавихад үл тоох нь энүүхэнд. Гэхдээ бид үүргээ амжилттай биелүүлж аяны хүрээнд нийт 250 гаруй зөрчлийг илрүүлсэн. Бидний хичээл зүтгэлийг аймгийн удирдлагуудаас сайшааж, өндөр үнэлэлт өгсөн. Мөн төөрсөн хүүхдийг олж, эмнэлгийн байгууллагад хүргэн эмчийн үзлэгт хамруулж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Өвлийн улиралд тус ангийн алба хаагчид Дархан хотынхоо иргэдийг замын хальтиргаа, гулгаанаас сэргийлэхийн тулд төрийн өмчит үйлчилгээний бусад байгууллагатай хамтран замын мөс, цасыг цэвэрлэхэд нь дэмжлэг үзүүлдэг ажээ. Мөн хаврын улиралд “Эрүүл амьдрал” аяныг зохиож, Хараа голын болоод бусад орчин тойрны хогийг цэвэрлэн иргэдийг байгаль, эх дэлхийгээ хайрлахад нь манлайлан оролцдог байна.
 
АЙМГИЙН ЗАЛУУС ЦЭРГИЙН АЛБА ХААХ СОНИРХОЛТОЙ БОЛСОН НЬ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 330 ДУГААР АНГИЙНХНЫ ГАВЬЯА
 
Дархан-Уул аймгийн иргэн Д.ОЮУНЧИМЭГ: -Манай аймагт Зэвсэгт хүчний 330 дугаар анги үйл ажиллагаа явуулж байгаад иргэд бид үргэлж сэтгэл хангалуун байдаг. Би хувиараа бизнес эрхэлж, үйлчилгээний газар ажиллуулдаг. Тийм болохоор өдөр бүр аймгийн иргэдтэй харилцдаг гэсэн үг. Сүүлийн жилүүдэд манай залуусын биеэ авч яваа байдал, харилцааны соёл мэдэгдэхүйц дээшилсэн. Би үүнийг Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн цэргийн алба хаагчидтай холбон ярих дуртай. Учир нь тус ангийн залуус олон улс оронд албан томилолтоор болон энхийг сахиулахаар явж, ёстой л “Гадаадад гарч галуу шувууны мах идсэн” улс болохоор залуусын дунд биеэ авч явах, бусадтай харилцахдаа хувь илүү байгаа нь анзаарагддаг. Өөрөөр хэлбэл, манай цэргийн залуус бүх талаараа үе тэнгийнхэндээ бодит үлгэр жишээ болж, хувь хүний төлөвшил, биеэ авч явах байдалд сайн нөлөө үзүүлж байна. Мөн залуус ч гэлтгүй бүх насны иргэдийг цэрэг-эх оронч үзэлтэй болоход тэд хамгийн гол үүрэгтэй. Мэргэжлийн хүн биш учраас нарийн тоо, баримтын тухайд сайн мэдэхгүй ч аймгийн хэмжээнд цэргийн алба хаах сонирхолтой залуус эрс нэмэгдсэн нь анзаарагддаг. Үүнийг би Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн залуусын гавьяа гэж боддог гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. Ер нь аймгийн иргэдийн дунд ч тэр, байгууллагуудын дунд ч тэр Зэвсэгт хүчний 330 дугаар ангийнхны нэр хүнд жил ирэх тусам өсч байгаа нь илэрхий байв. Саяхан гэхэд л аймгийн Замын цагдаагийн албатай хамтран эргүүл хийж, зам тээврийн осол, зөрчил дутагдлаас иргэдийг хамгаалах үйлсэд тус ангийн алба хаагчид идэвхийлэн оролцжээ. Энэ тухайд хурандаа Б.Баатар ярихдаа; -Өмнөх онд Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтарсан эргүүл зохион байгуулсан. Ингэснээр манай цэргийн алба хаагчид бусад төрийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бэрхшээлийг өөрийн биеэр мэдэрч тэдний алба ажпыг хүндэтгэх соёлд суралцаж байгаа юм. Нөгөөтэйгүүр замын хөдөлгөөнд соёлтой, боловсон оролцож, аливаа зөрчил дутагдлаас өөрсдийгөө сэргийлэх мэдлэгтэй боллоо. Мөн Замын цагдаагийн алба хаагчид бидэнд Замын хөдөлгөөний хууль, дүрэмтэй холбогдсон яриа таниулгыг тогтмол хийж, аймгийн хэмжээнд гарсан зам тээврийн осол зөрчил, мэдээ мэдээллийг цаг тухайд танилцуулсаар ирсэн. Үүний үр дүнд бие бүрэлдэхүүний зам, тээврийн зөрчлийн үзүүлэлт эрс буураад байна. Хамтарсан эргүүл хийж байгаа шалтгаан нь мэдээж гэмт хэрэг, зөрчлийг бууруулах боловч нөгөө талаараа цагдаагийн албан хаагчидтай хамтарч үүрэг гүйцэтгэснээр манай офицер, ахлагч нар тухайн иргэнийг ямар хууль зөрчөөд ямар хариуцлага хүлээж байгааг газар дээр нь өөрийн биеэр мэдэрч хойшдоо  өөрийнхөө биеийг зөв авч явах, дадлыг олж авах юм. Орон нутгийн удирдлагын зүгээс  ангийг маш сайн дэмждэг. Ялангуяа офицер, ахлагч нарын гэр бүлийн хүмүүсийг ажилтай болгоход их тус хүргэдэг гэж ярилаа. Тус анги нь хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд  аливаа гамшиг, ослын үед иргэдийн амь нас, эд хөрөнгийг  хамгаалах үйлсэд дэмжлэг  үзүүлж байдаг. Ялангуяа өвлийн улиралд цасанд боогдсон иргэдэд тусламж үзүүлж, ангийн хүнд даацын машин техникээр тусладаг гэсэн. Мөн Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрүүдээс тэсэрч, дэлбэрэх бодис илэрдэг. Үүнийг Зэвсэг хүчний 330 дугаар ангийн хайгуул устгалын бүлэг аюулгүй болгодог ажээ. Түүнчлэн, аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, жагсаалын дүрэм, галын бэлтгэл, үй олноор хөнөөх зэвсгийн нормативуудыг заах, иргэний хамгаалалтын бусад чиглэлээр Онцгой байдлын газартай хамтран олон арга хэмжээ явуулдаг гэнэ. Цаашдаа салбарууд цэргийн биеийн тамир, жагсаал болон цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, мэдээллээр залуусыг хангахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, хоёр сургуулийг нэг рот хариуцаж, томилогдсон бүрэлдэхүүн ажиллана гэсэн үг. Мөн олон улсын энхийг сахиулагчдын баярын өдрийг угтаад цэнхэр дуулгатнуудынхаа алдар гавьяаг сурталчилж, хүүхэд залууст лекц, яриа таниулга хийхээр болжээ. Тус анги хөгжмийн салаатай болохоор зорьж ерөнхий боловсролынсургуулиа төгсөөд удаагүй байгаа 11 хүүхдийг сонгон шалгаруулж, ангидаа сурган дадлагажуулж байгаа аж. Ангийн захирагч, хурандаа Б.Баатар “Цаашдаа цэргийн хөгжимчин болох дур сонирхолтой хүүхдүүдийг сонгон шалгаруулж, ангидаа хөгжмийн салаа бүрдүүлэхээр сургалтад хамруулж байна. Тэд урлагийн мэргэжил эзэмших хүсэл тэмүүлэлтэй байгаа нь сайн хэрэг. Саяхан болсон Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын үеэр бид баярын нээлт, хаалтын ажиллагаанд эдгээр хүүхдээрээ хөгжим тоглуулсан. Үзэж, сонссон иргэд, ахмад дайчид тэднийг халуун дотноор хүлээн авч, баяр хүргэж байсныг хэлэхэд таатай байна" гэв. Тус хөгжмийн сургалтад хамрагдаж буй М.Мөнхцоожтой знэ үеэр ярилцаж, цэргийн хөгжимчин болох хүсэл, сонирхлынх нь тухайд асуусан юм.
 
ЭНЭ БОЛ БИДНИЙ ХУВЬД АЛДАЖ БОЛОХГҮЙ АЛТАН БОЛОМЖ
 
-Дунд сургуулиа төгсөөд удаагүй байтал найз маань Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас санаачлан хэрэгжүүлж буй цэргийн хөгжмийн сургалт явагдах гэж байгаа талаар надад дуулгасан. Цэргийн хөгжмийн тухайд төдийлөн ойлголт байхгүй ч би багаасаа хөгжимчин болохыг мөрөөдөж ирсэн болохоор надад энэ санал нэг л дотно санагдсан юм. Ингээд л сонссон даруйдаа Зэвсэгт хүчний 330 дугаар анги руу яаран очиж бүртгүүлсэн. Би бүртгэл дуусахаас яг нэг хоногийн өмнө амжиж хөгжмийн салаанд элссэндээ тун баяртай байдаг. Одоо сургалт ид дундаа явагдаж байна. Бид нэг жил зургаан сарын хугацаанд хөгжмийн боловсрол олгох сургалтад хамрагдана. Багш нарын хувьд ҮБХИС-ийг үлээвэр хөгжмийн мэргэжлээр дүүргэсэн ахлагч нар байдаг болохоор бидэнд багш, зарим үедээ дотны зөвлөгч, найз болж чаддаг шүү. Ангийн удирдлагууд биднийг үргэлж урмаар тэтгэж, бүх талаар дэмжиж тусладаг. Тус сургалтад хамрагдаж байгаа бусад хүүхдүүдийн хувьд миний адил хөгжимд сонирхолтойгоос гадна сурлага, спортоороо манлайлсан тэргүүний тодотголтой хүүхдүүд ч бий. Би тэднээсээ их ч зүйлийг сурч байна. Ялангуяа ирээдүйн зорилгодоо хүрэх тэмүүлэл, найзалж, нөхөрлөх зан чанарт суралцаж байна гэж хэлж болох юм. Дархан хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд манлайлагч нь Зэвсэгт хүчний 330 дугаар анги байдаг. Энэ анги иргэн-цэргийн харилцааг сайжруулан бэхжүүлэхэд онцгой анхаарч орон нутгийн иргэд рүү хандсан олон бүтээлч ажил хийдэг. Үүнийг нь дунд сургуулийн сурагчид бид цаг ямагт мэдэрч байдаг юм. Би Дархан хотын уугуул иргэн болохоор цаашдаа тус хотдоо ажиллаж амьдрах чин хүсэлтэй. Цаашдын минь зорилго гэвэл энэхүү хөгжмийн сургалтаа дүүргээд ангийнхаа хөгжмийн салаанд улиран ажиллах сонирхолтой. Энэхүү сургалтын үр дүн нь биднийг хэрхэн сурахаас шалтгаалах учир хичээлдээ тун их мэрийж байгаа. Мөн ангийн удирдлагын санаачилгаар удахгүй бид ҮЖҮНХ-ийн ах, эгч нартай уулзаж, тэднээс мэргэжлийн заавар зөвлөгөө авна. Энэ бол бидний хувьд алдаж болохгүй алтан боломж юм гэлээ. Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн аймаг орон нутаггаа өрнүүлж буй ажлаас цухас дурдахад ийм байна. Тэд хилийн чанадад ч тэр, Зэвсэгт хүчиндээ ч тэр, иргэд олон нийтэд ч тэр үргэлж шилдэг нь байж, үйлс бүхнээрээ манлайлан оролцсоор ирснийг илтгэх тэдний амжилтын нэгээхэн хэсгээс хүргэлээ.
 
 
Ахлах дэслэгч М.Мөнхзориг
Эх сурвалж: "Соёмбо сонин"