sonin.mn
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол түмний авьяас билэгт хүү, нэрт зохиолч, яруу найрагч, багш сурган хүмүүжүүлэгч З.Түмэнжаргал агсны мэндэлсний 65 жилийн ойд зориулсан “Монголын тал нутаг” хүндэтгэлийн тоглолтыг Соёлын төв өргөөнөө энэ сарын 18-нд зохион байгуулахаар болжээ. З.Түмэнжаргал нь Төв аймгийн Угтаал цайдам сумд 10 хүүхэдтэй, Загд хэмээх өнөр өтгөн айлын хоёр дахь хүү болон мэндэлсэн байна. Монголын нийтийн дууны урлагт түүний бүтээсэн “Дэгдээхэй нас” киноны дуу, “Могжоохон даагатай жогжоохон хүү”, “Бага насаа би хайрлаж явна”, “Бөөн баяр”, “Арван найман нас”, “Гэрэлт орчлонгийн залуус”, “Цэцгэн зүйрлэл”, “Хайрын дууль”, “Очоод золгоно доо”, “Монголын тал нутаг”, "Дууны хорвоо”, “Алс алсын даваа”, “Ус мөрөн олон чиг”, “Урьхан цэнхэр хавар”, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу, “Халтар манан хөөрөг”, “Зүрхний хайртай эх орон” зэрэг бүтээл нь мөнхрөн үлджээ.  Хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж буй гэр бүл, найз нөхөд нь өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр тэдний сэтгэгдлийг хуваалцлаа.
 
З.Түмэнжаргал агсны хань дуучин Б.Мягмарсүрэн:
 
-Хань минь амьд ахуйдаа “Ижийгээ баярлуулж яваарай” хэмээх тоглолтыг уламжлал болгон зохион байгуулдаг байлаа. Энэ жил ханийнхаа 65 насны ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах болсондоо баяртай байна. Хань минь “Үгнээс аялгуу ундардаг” гэж байнга хэлдэг байсан. Тиймдээ ч дууных нь үгийг өөрчилж дуулахыг тэсдэггүй нэгэн байлаа. Ханийн минь хүндэтгэлийн тоглолтод олон сайхан уран бүтээлч оролцож ая дуугаа өргөнө. Тухайлбал, Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин дуучин Б.Сарантуяа, Ц.Түвшинтөгс, Монголын хүүхдийн ордны найрал зэрэг 100 гаруй уран бүтээлч оролцоно.
 
Хүү Т.Дүүрэн:
 
-Аав минь гоц авьяастай нэгэн байсан. Түүний уран бүтээлүүд ард түмнийг эерэг сайн сайхан бүхэнд уриалан дууддаг төдийгүй бүтээлээрээ мөнхөрч бидэнтэйгээ үргэлж хамт байдаг. Тэр дундаа хүүхдийн уран бүтээлд аав минь түлхүү анхаардаг байсан. Олон сайхан хүүхдийн уран бүтээл туурвижээ. Бид аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн “З.Түмэнжаргал сан”-г байгуулсан. Энэ сарын 16-нд энэ сангийн байрны шав тавих ёслолын ажиллагаа болно. Уг сангийн байранд хүүхдэд чиглэсэн урлагийн олон талт ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна.
 
Охин Т.Дөлгөөн:
 
-Хамгийн сүүлд 2011 онд “Ижийгээ баярлуулж яваарай” тоглолтоо зохион байгуулсан. Тэр цагаас хойш аавын уран бүтээлийг эгшиглүүлээгүй удсан байна. Бид аавынхаа хүндэтгэлийн тоглолтын үеэр фото зургийн үзэсгэлэн гаргах болно. Энэхүү үзэсгэлэнд гэр бүлийн зургийн цомог дахь ховор нандин зургуудаасаа дэлгэнэ.
 
Найз С.Цогоо:
 
-Найз минь багын авьяастай нэгэн байсан. Түүний бага насандаа бичсэн “Цаначин хүү” шүлгийг “Пионерийн үнэн” сонинд нийтэлж байлаа. Бид ч найзыгаа урлагийн хүн болох нь дээ гэж бодож билээ. Найзын минь сурагч, багш нарт зориулсан уран бүтээлийг одоо ч дуулсаар л байна. Түмэнжаргал 18 настайдаа сургуулиа төгсөөд IV арван жилд багшилж байлаа. Тухайн үед ангид нь Б.Явуухулан гуайн хүү Амар суралцдаг байсан юм. Намайг нэг өдөр ангидаа дуудаж хүлээн аваад шавь нараараа шүлэг яруу найраг уншуулж байсан нь одоо ч тодхон санагдаж байна.
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин