sonin.mn
 
“Ахуй Төр”-ийг ойлгох асуудалд
 
“Алд бие минь алдарваас алдартугай, ахуй төр минь бүү алдартугай” хэмээн УИХ-ын гишүүд тангараг өргөдөг. Дээдсийн хэлж үлдээсэн захиас УИХ-ын гишүүдийн тангарагийн үг болсон нь тэр.
Ингэхэд Яагаад өвөг дээдэс маань “төр” алдарч болохгүй гэдгийг захихдаа “ахуй” гэсэн тодотгол хэрэглэсэн юм бол гэж бодогдох… Мөхөс би  Монгол төрийг эдийн засгаас, эдийн засгийг Монгол төрөөс салгаж болохгүй гэсэн боловуу гэж сэтгэх…Үүнээс илүү санааг өвөг дээдэс маань дотроо болгоосон байж таараа. Ухаж ойлгож чадахгүй байгаа биднийг өршөө.
УИХ тар энээ тэрээ гэж Төрөө муучлах нь ахуйгаа доройтуулах цондон гэж бодном. Түүнтэй нэгэн адил хамгийн шилдэг татвар төлөгч гадаад, дотоодын компаниудыг тал талаас нь боорлох нь Монгол төрийг сулруулах нигууртай гэж сэтгэнэм.
Төрийн бодлого хэрхэн популизмд автаж эдийн засагт дайсагнах болсон талаарх харах өнцгийг өргөж өгөхийн тулд өнөөгийн глобаль ертөнцөд Төр хэмээх институци тогтолцоо хэрхэн бий болж хувьсан өөрчлөгдсөн хийгээд төрийг боловсронгуй болгохын тулд юу хийх ёстойг одоогоос 3 жилийн өмнө ярьж бичиж байснаасаа товчлон хүргэе. Болгооно уу.
 
Төрийн тухай
Төр гэдгийг хамгийн дөт ойлгоход Пан Америкийн орнуудын хооронд байгуулсан Монтевидеогийн Конвенц тус болж магадгүй. Дөрвөн том шинж тэмдэг дээр тулгуурлажээ. Хүн ам, газар нутаг, өөрийн засаг төр, бусадтай харилцаанд орох чадамж.
 

 
 
 
Төрийн хувьсал
 
Өнөөгийн ертөнцөд тогтсон орчин үеийн Төрийн үүсэл, төрлийг 3 ангилалд оруулж ойлгож байна. Орчин үеийн төрийн анхдагч нь Үндэстэн төр байсан бол тэр нь Либерал төр болж, удаах нь Халамжийн төр юм.
 
Өөр хоорондоо уялдаатай. Нэг нь нөгөөгөөсөө урган гарсан байна. Гол нь Төр амьд организм. Өсдөг, томордог, бойждог, хөгждөг, унадаг амьд организм. Хөгжлийн дотоод эх шалтгаантай. Хэн нэгний хүсэл зоригоос үл хамаарна гэж ойлгож авах нь ихэд чухал санагдаж байна.
Үндэстэн-төр. Томас Хоббс асуудалд хандахдаа хүн бол байгалиас өгсөн өгөгдөхүүнээрээ амьтан гэж үзэж байна. Тиймээс хүний нийгэмд “хүн хүндээ чоно” гэсэн зарчим үйлчилнэ гэж тэрбээр үзэж байна. Манай дээдэс хүний хөгжилд “хижи гөрөөс”, “хүн-адгуус”-ийн үе байсан тухай дурдсан байдаг. Ижилхэн сонсогдож байгаа биз?
 
 
Үндэстэн-Төр. 16-17 дугаар зуун.
 
Хүн хүндээ чоно байх нөхцөлд тэд энэ эрх чөлөөгөө эдэлбэл хүмүүн бие биеэ устгана. Тиймээс “Бусдын эсрэг бүгд дайтах” нь гарцаагүй юм. Хүмүүн бие биеэ устгаад байж болохгүйн тулд тэдний энэ байдлыг Хэн нэг нь зогсоодог байх хэрэгтэй болно. Хүнийг чоно гэж үзэж байгаа тулд Тэрхүү хэн нэг нь хүн биш байх хэрэгтэй болсон. Иймээс Хоббс тэрхүү хэн нэгийг Лефифан гэж нэрийджээ. Монголчилбол “Мангас” хэмээж болох юм. Эндээс Төр хэмээх ойлголт эхлэх бөгөөд Төрийг мангасчлах санаа ч мөн энэ үеэс эхлэлтэй.
 
Хүн өөр хоорондоо дайтахгүйн тулд “Нийгмийн гэрээ” хэрэгтэй гэж.Тэр нь яваандаа хууль эрх зүй үүсэхтэй холбоотой юм. Хүн өөрөө өөрийгөө хуулийн хүрээнд дарангуйлахыг зөвшөөрснөөр Үндэстэн-төрийн эхлэл тавигдсан байна.
Европын анхны үндэстэн-төрүүд шашин хоорондын мөргөлдөөнийг хазаарлаж, тэр ч байтугай хэн нь шашнаас өөрийгөө тусгаарлаж чадсан бэ гэдгээр уралдаж байсан нь сонин юм. Тэр үеэс Төр, шашиныг зааглах зарчим улс төрийн зарчим болж хөгжиж эхэлсэн байна.
 
Либерал Төр. 17-18 дугаар зуун.
 
Хүн төрөлхтний хөгжил дараачийн шат руугаа орлоо. Төр аюулгүй байдлыг хангах эхний үүргээ биелүүллээ. Удаах үед эрх чөлөөг хамгаалах асуудал чухалчлагдав. Энэ нь Либерал төрийн үндэс болсон байна.
 
 
Либерал төр бол нэлээд хувьсгалт үзэл санаа байсан. Том төр эрх чөлөөнд дайсагнах аюултай байгааг харжээ. Дээр нь Аж үйлдвэрийн хувьсгал материаллаг баялгийг урд өмнөх хэмжээнээс хавьгүй их болгож чадсан нь чөлөөт худалдааг номлох бололцоог бий болгосон байна. Төрийн эдийн засгийн хүч чадал урд өмнөхөөс эрс нэмэгдсэн нь гарцаагүй юм. Төрд бүхэл бүтэн аристократ давхрага бий болсон. Тэд эрх чөлөөг хүсэмжлэх хэрнээ материаллаг баялагийг илүү ихээр бүтээхийг сонирхох болсон нь гарцаагүй байх.
 
Халамжийн Төр. 19-20 дугаар зуун.
 
Бараг 20 дугаар зуун хүрч байж Либерал Төр нь Халамжийн Төр болох тал руугаа алхаж эхэлжээ. Биатрес Уэб гэдэг нэгэн англи эмэгтэйн “Хамтралын хөдөлгөөн”, “Нэгдэлжих хөдөлгөөн” ч гэж орчуулж болох бяцхан ном хэвлэгдлээ. Зөрүүтэй бүх санал бодол, улс төр хамтарч нэгдэлжиж болох тухай асуудал хөндөгдөв. Энэ нь өнөөгийн орчин үеийн Халамжийн төрийн онолын үндэс байсан гэх болжээ.
 
 
 
Халамжийн Төр өнөөгийн дэлхий ертөнцийн төрийн хэв загварыг тодорхойлж байна.
Хүн амын өсөлт, хүн амын насжилт боловсрол, тэтгэвэрт зарцуулах Төрийн зардлыг нэмэгдүүлэх бодит нөхцөл болов. Дээр нь баруун, зүүнээр ялгарсан улс төрчид төрийн зардлыг нэмэгдүүлэх өрсөлдөөнийг хурцатгаж байв. Капитализм, социализм гэж дэлхий ертөнц хуваагдсан байдал ч энэ байдлыг дэвэргэж байлаа.
Халамжийн Төр томрох хэмжээгээр эдийн засгийн үр ашиг унаж Халамжийн Төр улам бүр эдийн засагтайгаа зөрчилд орж байв.
 
 
Төрийг урлах шаардлага. 20 дугаар зуун. 
 
Төр эдийн засгаа дарангуйлан томорч Том төр болох, Төр үүргээ гүйцэтгэж чадахгүй болтлоо жижигрэх нь адилхан аюултай юм.
 
 
 
Бүхэлд нь өнгөрсөн 400 жилийн Төрийн түүхийг эргэн харвал Төрийн үүсэл хөгжлийн логикийг ойлгож болно. Төр зогсонги эд биш, цаашид хөгжин боловсронгуй болгох эд гэдэг нь ойлгомжтой юм.
 
Төрийг урлах дэлхийн өрсөлдөөн. 21 дүгээр зуун.
 
Хэрхэн боловсронгуй болох ёстой вэ гэдэг асуудал өнөөгийн тулгамдсан асуудал болж байна. Капитализмыг хуулбарлахад Барууны орнууд үлгэр жишээ болж байсан бол Төрийг хуулбарлахад Дорнийн орнууд арай илүү үлгэр жишээ болж байгаа тухай яригдаж байна. Жишээ болгож Сингапурыг авах нь олонтаа байгаа.
 
 
Төрийг урлах асуудлаас улс орнуудын ирээдүй хамаарч байна. Төрийн албаны боловсон хүчний чадал чансааг дээшлүүлэх асуудал тэргүүн зэргийн ач холбогдолтой болж байна. Нэг л зүйлийг хатуу ойлгох хэрэгтэй. Төрөө урлах өрсөлдөөн дэлхий даяар болж байна. Монголчууд энэ өрсөлдөөнөөс зайлсхийх бус, өрсөлдөөнд орж хожиж гарах хэрэгтэй юм.
 
 
 
Монгол төрийг урлах асуудал ба популизм
 
Монгол улс 1990 оноос өмнө Халамжийн төртэй байсан. Өнөөдөр мөн л Халамжийн төртэй байгаа. Асуудлын гол нь халамжаа үзүүлэх эдийн засгийн бололцоогоо бий болгож чадаж байна уу гэдгээр л социалист болон ардчилсан Төрүүд ялгаатай.
Эдийн засаг хумигдвал Халамж дампуурна. Мөн чанараараа Халамжийн Төр мөн дампуурна. Халамж хамгийн том улс төр байснаас эдийн засгийн хөгжлийн асуудал хэзээ ч том улс төр байсангүй явж ирлээ. Энэ нь улс төрийн тогтолцоотой холбоотой бөгөөд тэр нь төрийн бодлого популизмд автах нөхцлийг бий болгоод байна.
 
 
М.Энхсайхан