sonin.mn
Үргэлжлэл.
- Мартаснаас Дэмид минь ахиж хэрэглэхгүй ожуу ( ачаа тэгнэхэд оньслодог хэрэгсэл) бий юу? Бэлдчихээрээ! Тэгнэхэл хэрэг болно гэж Баньдах тэс өөр юм бодон хэн ч санаагүй юм дуугарав. Гадаа цас шамаргалсаар, тооноор гэнэ гэнэ бөөн цасан хуй орж ирэн халуун зуухан дээр шажигнан хайлж урссаар. Гэндэн дэрвэлзээд байгаа өрх тооно руу хяламхийснээ
- Өвгөнд олоонгоны ( ороонго гөрөөсний) эвэл байх ёстой. Газал авахад хөнддөг юм гэж яльж байсан гэж сануултал Баньдах ясархаг цээжээ хавьчин хуян шар усаа тараах бололтой дал мөрөө хэд займчаад
- Аа тийм. Гэр оронд нь идэшний тос өөх юу байна, боогоод зэхчих! Өмсч хэрэглэж байсан муусайн хувцас хунар, ер нь үлдсэнд нь хэрэггүй хог новш болох юмыг газар дээр нь аваачаад холхон шиг эрэг жалга бараадуулаад шатаачих нь зөв шүү. Нөгөө Есүйжинг нь ирэхээр үүнийг хэлээд янзлуулаарай даа та минь. Энэ л ааюын минь эд, ээжийн минь өв гээд өлгөөд өвлөөд авчих үнэ хүндтэй, удам угсааны хишиг даллагатай юм биш бол түүдгэнд өргөж тэнгэрт утаа болгон залсан нь дээр. Ээ дээ дараа нь нүдэнд үзэгдэх, сэтгэлд эмзэглэх өө сэв үлдээгээд юүхэв, зүгээр галд өргөчих. Үр ххүхдэд нь үлдэх үнэтэй зий зай (маш жаахан ч гэсэн гэх утга) юм байвал одоо л шүмэр галны нь дэргэд залж ариулдаг ёстой юмсан. Даанч Есүйжин, Баянхүү хоёр нь алга даа. Түүнээс биш тиймэрхүү юмнуудыг нь голж шилээд одоо тусгаарлачих нь ононо. Ер нь монгол хүн амьддаа морио шүтэх сүсгээс үүдсэн хий морь гэдэг ид шидийн нийтлэг ганц шидээнтэй, нас барвал тэнгэр болсон өвөг дээдсээ төлөөлүүлж шонхор бүргэд харцаганд үхдэл биеэрээ хоол болох шувуун шүтлэгтэй түмэн юм гэдэг шүү. Тиймээс үхэгсдээ номтой улс ч гэсэн та нар яахав санаандаа авчихаараа... гэж " хөвөнд боосон чулуугаар" түншив. Оюун дүрэлзэн бадрах гал дээрээ тогоогоо тавьж, тарган хонины далбайтал хэрчсэн сүүл хаян шажигнуулан хуурай гурилтай хуурч бантантай цай хийхээр хэн хүний хорхой хүргэсэн халуун үнэрээр гэр дүүргэнэ. Баньдах шуурга чагнан хүлээзнэж шилээ шөргөөснөө
- Дэмид чи багадаа зүггүй байсан ч үгийн солиотой сүрхий залуу болсон. Зоригоо ч ялгаагүй цайлган сэргэлэн хүү, Онгорой гэж аав чинь хочлож бахдаад л. Гэтэл гэнэт л ам хэл нь шөвөг болж, түүнээс өмнө бүтэж бүрэлдэж байсан юм ер байхгүй мэт аашлан олон түмнээсээ Сэнгэнүүр гэдэг алдар хүртлээ. Уржигдар та хоёр энэ Гэндэнгийнд жавар үргээж сайхан найрласангүй, жад илд хайхдаа хүрч байна лээ. Тэгэхэд энэ азай өнгөрч байгааг яаж мэдэхэв, энэ хоёртоо эрдмээ өгсөнгүй дээ гэж харамсаж нэг хэсэг сэтгэлээс гараагүй юмаа. Найрт ирсэнгүйд нь битүүдээ гоморхох сэтгэл төрж, хичнээн их үгүйлж суусан гээч. Оонын эвэр шиг хоёулахнаа орчлонд заяачихаад намчирхаж муудалцаж элэнцгээ хийнэ. Хоёр зөвөө яриач. Хоёр буруугаа бас нэг тунгаа! Битгий ингэж буруу ишилсэн сүх шиг мугуйдла! Дүнсгэр чи миний хадам ах ч болж явав. Намайг ингэж сургалаа гэж юм бодохгүй байлгүй. Бурантаггүй эмнэг тэмээ зайдалчихсан хүүхэд шиг санагдсан шүү та хоёр. Ярианы далимд хэлчихье гэж бодсон юм гэв. Дүнсгэр хүргэн дүү болж явсан түүнээс сургаал сонсоод сууж төвдсөнгүй өөр рүүгээ хандсан ярианы өнгийг өөрчлөх санаатай
- Ардчилал гэдэг юмыг мануус аар саар дээр ч хагаралдах арцалдаан гэж өнгөц хуудам ухаарч. Арав хориод жил аархаж хөөрч хашгиралдлаа. Соцлийзмийн үед хэн ажилгүй, амьдралгүй байсан юм, одоо ямархуу байна? гэж хуучнаа үгүйлэн гансархад түүнийг дэмжих мэт гадаа цасан шуурга ульж хүйтэн салхи салхилсаар. Дүнсгэр яриандаа өөрөө залхсан мэт хөрзийж сууснаа яриагаа үргэлжлүүлж
- Төрөө ард болгоно...ардчилна гэж ер нь яахыг хэлдэг юм? Намчирахсан биш төрчрөхсөн хувьсгал хийхээ мэддэггүй юм байхдаа. Түмэн олонд төр шиг төр, түшмэл шиг түшмэл үгүйлэгдээд байхад? Төрийн сүр сүлд өршөө гэж дээжээ өргөдөг биздээ бид чинь? Гэтэл төрийн төлөө үнэнч сайд дарга хаа байна? Бүгд өнгөө наанаа өргөсөө цаанаа нуусан бирдэгчжингүүд! гэж хүйтэн царайлав. Данзан бодол болон сууснаа
- Дэмид минь чиний дүнсийж бодсон юм тэр байж. Цаад Сэнгэнүүрийн чинь ухаарсан юмс бас өөр. Угтаа хонь өвс идэх ёстой гэж л тэрсэлдээд нэг нь таана, нөгөө хөмүүл гээд зүтгээд байна та хоёр. Энэ азай тэр жил надад нэг их ухаан хайрласандаа. Намайг чөдөр зангид! гэвээ. Гэтэл морины хөлд тас үсрээд тэсдэггүй. Муу сураар хийлээ гэж бодлоо. Ахиад шинийг зангидлаа. Бахь байдгаараа, өгөршсөн дээс шиг малын хөл хорьдоггүй ээ. Төрөлхийн уян хүний хурцалсан хутга ир ир ордоггүй гэдэг шиг мал өрөвддөг хүний зангидсан чөдөр хэврэг байдаг юм болов уу ч гэж эргэлзэв. Тэгэхэд би Есүйжинтэй ханиламшаан болж байсан болохоор хадамдаа үзүүллээ. Тэгсэн чинь 
- Алив наадхаа аваад ир! гэнгүүтээ уур нь хүрсэн үү, далан дундуур хоёр гурав тасхийтэл ороолгоод авав. Өвдөж хорсч байна гэж юүхэв. Юу ч хэлж чадахгүй ярвайн ёолсоор нуруун дээрээ даран өвчнийг нь тарааж үрэмшээ аядтал өвгөн чөдөрний урд хоёр хааг чацуулаад барьчихсан
- Ингэж зангиддаг гэж хэн чамд хэлсэн юм?.. гэж байна. 
- Юу нь яачихсан байгаа юм! яг л ... гээд ээрэгнэвэл
- Аа тийм бий! Гараад миний морийг тушчихаад чөдрийг нь авч үзчихээд ир! гэлээ. Гарлаа, үзлээ. Ялааг зүслэж боломгүй шиг ялгаа алгаа. Авч ороод зэрэгцүүлж байгаад адил ижил болсныг нүдээр нь үзүүлэе гэж бодогдсон ч хүний чөдрийг айлд оруулж болдоггүй байж магад гэж сийрээд буцаж орлоо. Ялгаа алга гэхийг сонсуутаа
- Аа тиым байга уу? Наадхаа аваад гараад ир ! гээд босов. Хоёр чөдрийг зэрэгцүүлж бариад
- Ялгаа алга уу? За чи хар! Чиний чөдөрний урд хоёр хаа тэнцүү байна уу? За минийхийг хар! Ямар байна? 
- Нэг нь хоёр хуруу шахам богино юм биш үү...
- Чөдөрний ухаан энд байдаг юм. Урд хоёр хөл нь адил зайд гишгэж чадахгүй ухаан санаа нь будилж хүч нь сарнидаг юм. Буруу талын хойд хөл чөдөргүй ч зөв талтайгаа тэнцүү гишгэнэ гэж бодож байна уу? Үгүй ээ. Чөдөрт татагдах шиг буруу, чөдөргүйгээ мэдэвч эмх замбараагүй тавигддаг юм. Ингээд дөрвөн хөл нь дөрвөн өөр зайд сарниж хүч нь алдагддаг юм. Чиний энэ чөдөр яаж тэсэх юм. Урд хоёр хөл нь адил зайд гишгэвээс муу ч гэсэн бодын хөл шүү. Тэгш хэмтэй юм чинь хоёр хөлийн тэнцүү хүчинд тас үсрэхгүй яадаг юм. Яаж тэсэх юм! гээд шогширч байна... Данзан дуугаа хураан ширээний өнцөг рүү гөлөрчээ. Дүнсгэрч, Суут ч дуугарах үг байсангүй. Энэ азай буурлыг оршуулаад ор мөргүй болчихгүй, энэ мэт түүх, хууч домог олон жил үргэлжилнэ. Өвгөний амь үгүй болсон ч, бие нь байхгүй ч ухаан нь үлдэх аж..
- Би та хоёрын хэрүүл юм уу чөдөрний тухай ярих гээгүй юм гэж Данзан гэнэт дуугаа өндөрсгөв. Гэндэн гэр мал руугаа яаран тасч ядавч газар тэнгэр нийлсэн их шуурганы чимээнд дарагдан Баньдахын яриаг чагнахаас аргагүйдэн дэвэлзэнэ. Тэгээд ч Баньдах " Үдээс өмнөдөө цасаар шуурч эхлэнэ гэсэн тул хонио ойр билчээн хоргоож байгаад шуурмагц хотлуулчихаараа гэж Дэжидэд захисандаа найдаж Баньдахын ярианд хоргодон суух аж.
 
Үргэлжлэл бий.
 
ТҮҮХЧ,ГҮН УХААНЧ, ЗОХИОЛЧ. БЭСҮД Н.НАГААНБУУ агсаны " АЛТАЙН ТЭНГЭР" романаас.