sonin.mn
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Штабын даргын орлогч,оператив тасгийн дарга, хошууч П.ТӨРБАДРАХЫГ "Залуус"-ынхаа хойморт урьж ярилцсанаа уншигч танд хүргэе.
 
Юуны өмнө өөрийг тань уншигчидтайгаа танилцуулъя. Төрж, өссөн нутаг ус, төгссөн сургуулийнхаа тухайд тодруулна уу?
 
-Би Архангай аймгийн Хайрхан сумын унаган хүүхэд, айлын хоёр дахь хүү. Аавыг минь Ц.Пунцагдаш гэдэг. Ардын Армийн 138, 256 дугаар ангиудад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Миний бага нас Зүүнбаян, Өвөрхангай аймгийн цэргийн ангиудтай салшгүй холбоотой. Аавыгаа дагаад ажил дээр нь очдог байлаа. Тийм болохоор багаасаа цэргийн хүн болох тухай бодож, өдгөө мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг биелүулсэн гэж ойлгож болно. Архангай аймгийн төвийн нэгдүгээр арван жилийн сургуулийг дүүргээд БХИС-д элсч, Төрийн захиргааны удирдлага Ерөнхий цэргийн командын офицерын ангид суралцаж төгссөн. Мөн 2005-2010 онд Япон улсын Үндэсний батлан хамгаалахын Их сургууль, 2013-2015 онд ҮБХИС-ийн БХУА-ийг дүүргэсэн.
 
Ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байв?
 
-Сургуулиа дүүргэчихээд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид салааны захирагчаар томилогдож, хурандаа Д.Отгон-Ерөөлт захирагчдаа илтгээд зогсч байсан мөчөө мартдаггүй. Миний анхны томилолт, ажил, амьдралын минь гараа тэндээс эхтэй. Дөнгөж сонсогчийн ширээний араас гарсан надад бүхий л зүйл шинэ содон байсан төдийгүй, өндөр хариуцлагатай нүүр тулсан. Тийм болохоор сурч, мэдсэн зүйлээ бодит байдал дээр хэрэгжүүлэх гээд л урам зориг, эрч хүч дүүрэн зогсч байсан даа.
 
Япон Улсын цэргийн сургуульд таван жил сурч, цэргийн хэргийн мэдлэг боловсролоо зузаатгана гэдэг олзуурхууштай ч нөгөө талаасаа бас тийм ч амар даваа биш байсан болов уу?
 
-Тийм шүү. Хэл соёл, ёс заншил тэс өөр нутагт таван жил байна гэдэг, тэр тусмаа цэргийн сургуулийн дотуур байранд амьдарна гэдэг тийм ч амар байгаагүй. Хичээлийн ачаалал, цэргийн дүрэм, журам гээд л чанга байсан.
 
Японы цэргийн сургуулийн онцлогоос сонирхуулахгүй юу?
 
-Энэ тухай ярьвал маш их зүйл бий. Сонсогчдынхоо тэсвэр хатуужлыг үнэхээр сорьж чаддаг юм билээ. Би заавал энэ сургуулийг дүүргэх ёстой, би заавал цэргийн хүн болно гэсэн туйлын хүсэл тэмүүлэлтэй, зорилгодоо үнэнч сонсогчид бол өөрөө өөрийгөө ялан дийлээд л аливаа сорилтуудыг нь давдаг. Нэг л жишээ хэлье. Нэгдүгээр курсийн биеийн тамирын бэлтгэл хичээлээр далайд найман километр сэлэх том даваа байдаг. Усанд сэлж огт чадахгүй миний хувьд энэ сорилт үнэхээр хүнд байсан. Түвшин тогтоох шалгалтаар бассейнд ч сэлж чадахгүй байсан учраас гурван сар гаруй хугацаанд тасралтгүй эрчимтэй бэлтгэл хийж, энэ шалгуурыг давсан. Ер нь энэ сургууль, дотуур байрны амьдрал надад олон зүйлийг ухааруулсан. Ёстой л амьдралын их сургууль байжээ гэж үргэлж бодогддог. Хүний үг даах, бусдыг хүндлэх, баг, хамт олноороо нэг зорилгын төлөө тууштай тэмцэж түүндээ хүрэх, үүрэг, хариуцлагаа ухамсарлах, хүн чанартай байх гээд олон зүйлийг гүнзгий ухамсарлуулж өгсөн шүү.
 
БХЯ-нд хариуцлагатай алба хашиж байсныг тань мэдэх юм байна. Энэ талаар дурдахгүй юу?
 
-Зэвсэгт хүчний 326 дугаар ангид ажиллаж байтал ангийн захирагч маань (хурандаа Д.Отгон-Ерөөлт) намайг өрөөндөө дуудаад "БХЯ-нд сонгон шалгаруулалт болно гэнэ, тийшээ оч" гэсэн үүрэг өглөө. Яг юуны сонгон шалгаруулалтыг нь ч сайн ойлголгүй яваад очтол тухайн үеийн Батлан хамгаалахын сайдын туслах, ахмад
Д.Бат-Эрдэнэ БХИС-ийг төгссөн хоёр дэслэгчтэй бид гурвыг хүлээн авч мэдээлэл өгөөд хэд хоног дадлага хийлгэнэ гэлээ. Тэгээд л 14 хоног БХЯ-нд дадлага хийгээд 2011 оны хоёрдугаар сараас Батлан хамгаалахын сайд Л.Болдын туслахаар томилогдсон. Түүнээс хойш Батлан хамгаапахын сайд Ж.Энхбаяр, Д.Бат-Эрдэнэ нарын туслахаар ажиллаж байгаад БХИС-ийн БХУА-д суралцсан. Нэр хүндтэй сайдууд, БХЯ-ны дарга нар, хамт олонтой ажиллаж байснаараа бахархдаг юм.
 
Академи төгсөөд хөдөө, орон нутагт ажиллах шийдвэрт хэрхэн хүрсэн бэ?
 
-Би академиа дүүргээд БХЯ-ны БХЗГ-ын мэргэжилтнээр томилогдсон юм. БХЯ нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бодлогыг боловсруулдаг, хүссэн хүн болгон ажиллаад байдаг газар биш л дээ. Миний хувьд хөдөө орон нутагт ажиллах хүсэлт гаргахад олон зүйл нөлөөлсөн. БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга агсан, хошууч генерал М Борбаатарт зориулж, хурандаа Ш.Сүхбаатарын бичсэн "Бор цэргээс Бороо генерал" номын нээлтийн үеэр Батлан хамгаалахын дэд сайд асан, хошууч генерал С.Баасанхүү гуайн яамны боловсон хүчний бодлогын талаар хэлж байсан үг санаанаас гардаггүй юм.) Тэрээр "Яам, тамгын газарт ажиллаж байсан дарга нарыг тодорхой хугацаагаар орон нутагт томилон ажиллуулдаг байлаа. Бороо генералыг) Зүүнбаянд миний орлогчоор зургаан сарын хугацаатай ажиллуулсан" гэж дурдсан. Энэ туршлагыг сонсоод, мөн залуу хүний хувьд хөдөө орон нутагт цэргийн анги, байгууллагад ажиллаж, бодит байдалтай танилцъя, туршлага хуримтлуулъя гэж шийдсэн дээ.
 
Алслагдсан анги, салбарт ажиллаж буй залуу офицер чамлахааргүй дадлага, туршлага хуримтлуулж байгаа байх...
 
-Тийм ээ. Олон зүйл дээр туршлага, сургамж хуримтлуулж байна. Миний баримталдаг зарчим, аав, ээжийн хүмүүжил бол хариуцсан аливаа ажил албаа унагахгүй, нэг ажлыг эхлүүлбэл эцэст нь хүртэл чин сэтгэлээсээ хийчих юмсан гэсэн эрмэлзэл байдаг. Энд ирснээс хойш багагүй ажлыг хариуцаж ажиллалаа. Ангийн захирагч байсан хурандаа С.Түвшинбаярын санаачилсан усан бассейн, Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Ерөнхий цэргийн саадын зурвас, биеийн тамирын хотхон, сургалт, дадлагын хотхон гээд багагүй зүйлийг хариуцаж ажилласан.
 
Шинэлэг зүйл юу хийв?
 
-Алслагдсан анги учраас Улаанбаатарт болж буй үйл ажиллагаанд төдийлөн хамрагдаад байж чаддаггүй ч өөрсдийн бололцоогоор англи хэлний сургалт, ХЦАХ-дад цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор хувийн цагаар нь монголын түүхийн талаар аудио сонсгол хичээл орж байна. Ангийн захирагч, хурандаа М.Болдбаатарын тушаалаар захирагчийн орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр энэ оны нэгдүгээр сараас томилогдсон. Миний хувьд энэ ажлын цалинг авахгүй гэдгээ илтгээд үндсэн албан тушаалын цалингаа аваад ажиллаж байгаа. Өнөөдөр улс, эх орны төсөв, санхүү, тэр дундаа батлан хамгаалахын төсөв ямар хэмжээнд байгаа билээ. Бага гэлтгүй төсөвт өөрийн хувь нэмрээ оруулъя гэж бодсон. Ж.Энхбаяр гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа "Би үндсэн ажлаа хийж байна" гээд Засгийн газраас тогтоосон Сайдын зөвлөлийн гишүүний цалингийн нэмэгдлийг авдаггүй байсан. Энэ мэтчилэн бага ч гэлтгүй зүйлээс эхлээд хэмнэлт үүсгээд явбал болохгүй зүйл байхгүй юм байна гэж ойлгодог доо.
 
Зэвсэгт хүчнийхээ ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
 
-Аавыгаа дагаад багаасаа цэргийн ангитай ойр амьдарч байлаа. Тэр үеийн мундаг дарга нарын талаар зөндөө сонсч, түүн шиг болох юм сан гэдэг бодол дотроо тээж явдаг. Манай Зэвсэгт хүчний ирээдүй мэдээж сайн сайхан, гэрэл гэгээтэй байж, Монгол Улсын үндсэн хуулиар тунхагласанчлан хэнээс ч хамааралгүй "Өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчин"-ийг төгс утгаар нь бий болгож чадна гэдэгт би итгэж, урам зоригтой ажиллаж, амьдардаг.
 
Цэргийн хүний арын албыг нугалдаг гол хүн нь яах аргагүй гэр бүл байдаг. Гэр бүлийнхээ тухайд тодруулахгүй юу?
 
-Миний хань Ө.Байгалмаа гэж бүсгүй бий. Бид 10 жилийн нэг ангийнх. Эхнэр маань СУИС-д багшилдаг. Бид гурван хүүхдийн аав, ээж болсноор өнөр өтгөн амьдарч байна. Миний ажлын онцлогийг ойлгож, арын албандаа огт санаа зовохгүйгээр ажиллах боломжийг бүрдүүлдэг ханьдаа баярлаж явдгаа хэлье.
 
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
 
-Баярлалаа Та бүхний Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхээ үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулж, уншигч олноо соён гэгээрүүлэх өндөр хариуцлагатай албанд нь улам их амжилт хүсье.
 
 
Ахмад Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо сонин"