“Нээлттэй Орос” хөдөлгөөнөөс Берлин хотноо энэ сарын 18-нд хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлгийн хүрээнд В.Путиний засаглалын хугацаанд Орос улсад хүний эрхийг хэрхэн зөрчиж байгааг хөндсөн байна. Энэ үеэр ОХУ-ын “ЮКОС” компанийн захирал асан “Нээлттэй Орос” хөдөлгөөнийг санаачлагч МИХАИЛ ХОДОРКОВСКИЙ “Америкийн дуу хоолой” радиод ярилцлага өгснийг хөрвүүлэн хүргэе.
 
-Та Владимир Путиний шинэ засаглал эхэлсэн энэ үед Оросын хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдлын тухай хэлэлцүүлгийг санаачлан зохион байгууллаа. Түүний засаглалын эхэн үед ОХУ-д хүний эрхийн нөхцөл байдал ямар хэмжээнд хүрч байна. Иргэний нийгмийн хөдөлгөөнүүд цаашид идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломж бий юү?
 
-Сөрөг хүчний болон иргэний хөдөлгөөний үйл ажиллагааг хэрхэн хязгаарлах болсныг энэ сарын 5-нд зохион байгуулсан жагсаал харууллаа. Ард түмэн засаг захиргааны үйл ажиллагааг шүүмжилж өргөдөл, гомдол бичих зэргээр иргэний шинжтэй тэмцлийг сонгодог байсан бол одоо хурц хэлбэрт шилжсэн. Гудамжинд хэдийнэ буудалцаад эхэллээ шүү дээ.
 
-Та тэмцлийн бүхий л хэлбэрийг дэмждэг. Гэхдээ аль арга нь танд илүү үр дүнтэй санагддаг вэ?
 
-Иргэний хөдөлгөөний хувьд гудамжны жагсаал тэмцлийн шилэгдсэн арга ч төрөөс буруу зохицуулалт хийсэн тохиолдолд сөрөг үр дагавар авчирдаг. Ер нь В.Путин л өөрийгөө мөнхийн гэж боддог цорын ганц хүн байх. Бид тав, арван жилийн дараа ямар байх вэ гэдгийг тооцоолж нүүдэл хийх хэрэгтэй. Өнөө хүртэл Оросын нийгэм хуучин бус шинэ Путинг өмгөөлж ирлээ. Энэ бол нэг ёсондоо шинэ сайн хааныг хайсан оролдлого юм. Оросын иргэдийн нийгэмд хандах хандлагыг өөрчлөхийн тулд ард түмний бус системийн шинэчлэл хийх шаардлагатай.
 
-Өнгөрсөн 18 жилийн хугацаанд бэхжсэн Путинизм хэмээх системийн оройд В.Путинг тойрон хүрээлэгчид гарсан гэдгийг бид мэднэ. Энэ системийг өөрчлөх боломжтой юу. “Нээлттэй Орос” хөдөлгөөн В.Путиний засаглалын эсрэг ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
 
-Шинэ систем бүтээхэд ноцтой үр дагавар үүсэх нь дамжиггүй. В.Путинг Петербург хотоос сонгоход эрүүгийн гэмт хэргийн бүлэглэл дэх арбитрчийн үүрэг их байсан. Тэрбээр энэ дүрдээ өнөөдөр ч тоглож байна. Ард түмэн иргэний нийгэмд итгэл хүлээлгэснээр ардчилсан тогтолцоонд илүү тайван замаар шилжинэ. “Нээлттэй Орос” хөдөлгөөнийг дэмжигчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Манай хөдөлгөөнийхөн А.Навальный болон К.Собчакийн сонгуулийн штабад ажилласан. Бид Оросын Үндсэн хуульд иргэний нийгмийн хөдөлгөөний тухай зохицуулалт оруулах шаардлага тавьсан. Энэ шаардлагаа биелүүлэхийн тулд тэмцэх болно. В.Путиний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд эрх мэдэл, хүчирхийллийн эсрэг дуу хоолой болон тэмцэнэ.
 
-Та Алексей Навальныйн сонгуулийн болон олон нийтийн кампанит ажилд идэвхтэй оролцсон. Тэрбээр одоо ч таны холбоотон уу?
 
-Алексей Навальный бол хурц улстөрч. Би А.Навальныйтай бүх талбарт холбоотон.
 
-Бидний ярилцах хугацаа дуусч байна. Сүүлчийн минутыг танд үлдээе.
 
-Би хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай хэдэн үг хэлье. Энэ тэмцээн ОХУ-ын төдийгүй барууны нийгмийг хуваагдалд оруулсан ноцтой асуудал боллоо. Бойкоттой холбоотой аварга шалгаруулах тэмцээний үеэр Орос улсын нүдийг хаах бодлого баримталж байна. Дэлхийн аваргын тэмцээн бол Оросын нийгмийн бодит төрхийг харуулах дамжиггүй. Мөн “Оросыг тойрсон дайсны хүрээлэл” гэсэн томьёог Кремль бий болгосон гэдгийг ард түмэнд батлах боломж олгож байна. Нөгөө талаар гэмт бүлэглэлээр өөрийгөө хүрээлүүлж, туйлын авторитар дэглэм тогтоосон хүнтэй уулзахыг барууны улстөрчид хүсэхгүй л байгаа болов уу.
 
Х.ЭРДЭНЭЗАЯА
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин